Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 491

 

 

 

 

 

 

 

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/00015 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “УБЦТС-” ТӨХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, 9 хоног ажилласан цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.А-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “УБЦТС” ТӨХК-ийн Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд 2014 оны 3 сарын 10-нд авлага барагдуулагчаар анх ажилд орж, ажлаас чөлөөлөгдөх хүртэл ажилласан. Ажиллах хугацаандаа ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй удаа дараа компани мөнгөн шагналаар шагнагдаж байсан ба 2015 оны салбарын аврагаар шалгарч байсан. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 04-ний өглөө ажилдаа ирэхэд биднийг драгер үлээлгэж шалгасан. Би урд орой нь гэртээ найзын маань төрсөн өдөр тохиож бага зэрэг архи уусан байсан тул өглөө нь шалгахад 0,29 хувийн согтолтын зэрэг гарсан. Ингээд 10 цагийн үед ажлын байранд согтуу ирсэн гэж шуурхай зөвөлгөөнөөр оруулж төв рүү мэдээлж ажлаас хална гэсэн. Ингээд би үргэлжлүүлэн ажлаа хийсээр 2017 оны 10 дугаар сарын 19-нд манай хүний нөөцийн ажилтан тушаал чинь 10 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгосон гэж хэлсэн. Тушаалыг надад 2017 оны 10 дугаар сарын 24-нд компанийн зөвлөх надад өгч гарын үсэг зуруулсан. Намайг ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан гэснийг би зөвшөөрөхгүй. Ажлын бус цагаар найз нөхөдтэйгээ урд орой нь ажил тараад хэрэглэсэн. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд маань эргүүлэн томилуулж ажилгүй байсан хугацааны цалин болон 2017 оны 10 дугаар сарын 10-аас 19-нийг хүртэл ажилласан хугацааны цалингийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.А- нь Сонгинохайрхан дүүрэгт хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн монтёр авлага барагдуулагчаар ажиллаж байсан. 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус төвөөс албан бичиг, хурлын тэмдэглэл ирсэн. Тус албан бичигт Б.А- 2017 оны 10 дугаар сарын 04-ний өглөө буюу ажлын өдөр согтолтын зэрэг хэмжигч багажаар шалгахад ажлын байран дээр согтуу байсан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг цуцлах санал ирүүлсэн. Дээрх нөхцөл байдал болон гаргасан зөрчилд гүйцэтгэх захирлын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/521 дугаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар арга хэмжээ авсан. Б.А- нь компанийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул зөрчилд тохирох шийтгэлийг ногдуулж, Хөдөлмөрийн тухай хууль болон уг журам, гэрээг үндэслэн ажлаас халсан тул ноцтой зөрчилтэй хүнийг ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй хугацааны цалинг олгох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан Б.А-ийг “УБЦТС-” ТӨХК-ийн Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн монтёрын /авлага барагдуулагч/ ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар 7 хоногийн олгогдоогүй цалинд 395 052 төгрөг, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалин олговорт 2 765 364 төгрөг нийт 3 160 416 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 65 517 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.А- нь 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр архи уусан байсан нь хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан “… 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр архи уусан байдалтай согтуу байсан тул ажилд гаргаагүй. Учир нь хүчдэлтэй аюултай нөхцөлд ажилладаг /2017 оны 10 дугаар сарын 04-ний хурлын тэмдэглэлд тусгагдсан/, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өглөө ажил дээр согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсныг тус төвийн дарга, инженер хэсгийн ахлагч нар мэдсэн бөгөөд уг асуудлыг нэгжийн хурлаар оруулж хэлэлцсэн бөгөөд дарга нь “яагаад архи уув” гэж асуухад дуугараагүй бөгөөд уг асуудлыг согтууруулын зэрэг шалгах багажаар нарийвчлан шалгасан тухай мөн өдрийн 16 тоот хурлын тэмдэглэлд тодорхой тэмдэглэсэн. Б.А- нь удаа дараа архи ууж, зөрчил гаргаж байгаа бөгөөд хэрэглэгчтэй болон цахилгаан эрчим хүч, хүчдэлтэй зэрэг аюултай аваар осолд өртөх, амь нас, эрүүл мэндээр хохирох, бэртэж гэмтэх, хөдөлмөрийн чадвараа алдах, хэрэглэгчтэй зүй бус харьцах, шугам тоноглолыг эвдэж гэмтээх зэрэг нөхцөл байдал үүсэж байгаа тул ажлаас халсан. Шүүхийн шийдвэрт шүүгч драгер нь эвдэрхий байсан энэ асуудлыг няцааж чадаагүй, согтуу байсныг тогтоогоогүй гэсэн. Тухайн асуудалд хурлын тэмдэглэл болон согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл үйлдсэн бөгөөд тухайн өдөр 9 цаг 10 минутаас 9 цаг 40 минутын хооронд 32 ажилтныг байлцуулан шалгахад 5 ажилтанд согтолттой гарсан. Байгууллагын зүгээс учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн бөгөөд хэрэв хэмжигч багаж гэмтэлтэй байсан бол бүгд буюу 32 хүн дээр алдаатай гарах байсан. Түүнчлэн энэ тусгай багажийг дурын этгээд худалдан борлуулдаггүй бөгөөд эрх бүхийн байгууллагаас буюу цагдаагийн байгууллагаас зөвшөөрөлтэй, баталгаажсан багаж авсан болно. Тус байгууллага нь 1 800 ажилтан албан хаагчидтай бөгөөд монтёр 1 000 гаруй байдаг ба архи согтууруулах ундаатай хатуу тэмцдэг бөгөөд энэ ажлын байр нь аваар осолд өртөх, амь нас эрүүл мэндээр хохирох хамгийн эрсдэлтэй ажлын байр тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

                                     

            Нэхэмжлэгч Б.А- нь “УБЦТС-” ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, 9 хоног ажилласан цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Б.А- нь 2014 оны 3 сарын 10-ны өдрөөс “УБЦТС-” ТӨХК-ийн Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд авлага барагдуулагч албан тушаалд томилогдон ажилласан бөгөөд ажил олгогчийн 2017 оны 10 сарын 19-ний өдрийн Б/521 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 4.42, 11.2.1, 11.2.5.3, хөдөлмөрийн гэрээний 2.4.3-т заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх-ийн 20 дугаар тал/

 

            Талууд хөдөлмөрийн гэрээний 2.4.3, хөдөлмөрийн дотоод журмын 11.2.5.3-т ажлын байранд болон ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн, мансуурсан нь нэгжийн тодорхойлолт, мэдээллийн мөрөөр хийсэн шалгалт, бусад нөхцлөөр тогтоогдсон бол ноцтой зөрчилд тооцон, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тохиролцжээ.

 

            Ажил олгогч нь ажилтан Б.А-ийг 2017 оны 10 сарын 4-ний өглөө ажлын байранд согтуу байсан нь тогтоогдсон гэх боловч тухайн үйл баримтыг тэмдэглэсэн этгээд нь ямар эрхийн актыг үндэслэж, ямар хугацаанд шалгалт хийх эрхтэй нь тодорхойгүй, Б.А- нь ажлын байранд, ажлын цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн нь нотлогдоогүй, тухайн тэмдэглэлийг  нэхэмжлэгчид танилцуулаагүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

            Иймд нэхэмжлэгч Б.А-ийг “УБЦТС-” ТӨХК-ийн Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, 7 хоногийн олгогдоогүй цалин, ажилгүй байсан хугацааны цалин олговор нийт 3 160 416 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2018/00015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 520 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

                                

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                                             

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ

 

                                                ШҮҮГЧИД                                                    С.ЭНХТӨР

 

                                                                                                         Г.ДАВААДОРЖ