| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2022/0052/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/798 |
| Огноо | 2022-11-28 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Нандин-Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/798
2022 11 28 2022/ШЦТ/798
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ,
хохирогч,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2110016701237 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* оны******* дүгээр сарын*******-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан суманд төрсөн,******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ривер гарден рестораны ерөнхий тогтооч ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт******* дүүргийн******* дүгээр хороо,******* дүгээр байрны*******9 тоотод оршин суудаг, урьд:
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар******* сарын хугацаагаар баривчлах ял,
-Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн (................)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дэлгүүр орж худалдан авалт хийлгэхээргийн өгсөн картыг авч, Хан-Уул дүүргийн******* дүгээр хорооны Анар хотхоны 801 дүгээр байрны АТМ-ээс түүний эзэмшлийн Хаан банкны дугаартай данснаас 3 удаагийн гүйлгээгээр 3.600.000 төгрөг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч *******: “...Ямар нэгэн зорилгоор аваагүй. Би эгчид байр түрээсэлж амьдардаг гэж хэлж байсан. Түүний төлбөрийг төлсөн. Миний буруу...” гэв.
Хохирогч “...Би машин бариулах гэж *******г дуудсан. Тухайн үед АТМ-ээс мөнгө гарсныг мэдээгүй. Доод зогсоолд машинаа тавиулсан. Зогсоолд орсны дараа 2.000.000 төгрөг гарсныг мэдсэн. Дансаа шалгах гэхэд утаснаас мессеж мэдээ устгасан байсан. Өөртэй нь холбогдож ярихад авснаа хүлээн зөвшөөрсөн. Цалингаасаа өгье гэж хэлсэн. Сүүлд утас нь холбогдохгүй болсон тул цагдаад мэдэгдсэн...” гэв
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Мөнх-Амгаланг дуудаж манай гэрт хүргээд өг гэж хэлсэн. Би тухайн үед согтуу байсан болохоор машин бариагүй, Мөнх-Амгалангаар бариулаад явж байсан. Тэгээд би Мөнх-Амгаланд Хаан банкны картаа өгөөд нууц кодоо хэлээд дэлгүүр оруулсан байсан. Мөнх-Амгалан миний Хаан банкны картын нууц кодыг мэдээд миний данснаас 800.000 төгрөгөөр 2 удаа зарлага гаргасан байсан. Дараа нь Нисэхийн байрны буудал дээр байдаг Хаан банкнаас 2.000.000 төгрөг авсан байсан. Би тухайн үед мэдээгүй байж байгаад 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр миний данснаас мөнгө гарсан гэдгийг мэдсэн. Би гайхаад Хаан банк руу залгаад асуутал 800.000 төгрөгөөр 2 удаагийн давтамжтайгаар Мөнх-Амгалангийн гэрийн ойролцоо Хаан банкны АТМ-ээс, манай гэрийн хажуу талын байрны Хаан банкны АТМ-ээс 2.000.000 төгрөг нь гарсан байсан...” (хавтас хэргийн 20, 22, 107 дахь тал) гэсэн,
Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 8 дугаар сарын 22-ны өглөө залгаад Баянзүрх дүүргийн буудалд хүрээд ир гээд тэнд хэсэг юм ярьж суусан. Тэгээд надад машиныхаа түлхүүрийг өгөөд би жолоо барихаар болсон. Даваасүрэн гэртээ харихгүй гэхээр нь би гэрийнхээ гадаа очоод зогссон. Тэгээд гэрийн гадаа бид хоёр машинд сууж байсан чинь дотор дахиад пиво ууж эхэлсэн. Даваасүрэн хэсэг машинд унтахаар нь би гэр рүүгээ орсон. 1 цагийн дараа гарч ирээд машинаа асаах гэж байгаад би Даваасүрэн эгчээс мөнгө зээлээч байрны түрээсийн мөнгө хэрэгтэй байгаа дүүдээ 2.000.000 төгрөг зээлэх талаар хэлэхэд надад банкны картаа нууц үгтэй нь өгсөн. Тэгээд гэрийн хажуу талын АТМ-ээс 1.600.000 төгрөгийг 2 хувааж авсан. Тухайн үед 1.500.000 төгрөгийг нь аваад 100.000 төгрөгийг нь өөрт нь өгсөн. Тэгээд Хан-Уулд байдаг гэрт нь очихоор явсан. Тэгээд би дахиад Даваасүрэнгээс 2.000.000 төгрөг зээлээч гэж гуйсан. Тэгсэн чинь ав ав би чамд 1 сарын хугацаатай зээлж байна чи хугацаандаа өгөөрэй гэж хэлээд банкны картаа өгсөн. Тухайн гэрийнх нь хажуу талын АТМ-ээс 2.000.000 төгрөг авсан. Дараа нь гэрт нь оруулж өгөөд харьсан юм. Маргааш нь Даваасүрэн над руу залгаад би чамд 1.500.000 төгрөг зүгээр тус болоод өгсөн. Харин 2.000.000 төгрөгийг яаралтай өгөөрэй гэж хэлсэн. Манай эгч чам руу залгавал намайг чамд зээлсэн гэж хэлээрэй гэсэн. Хэд хоногийн дараа эгч нь гэх хүн залгаад чи Даваасүрэнгээс мөнгө зээлсэн юм уу, хэзээ өгөх вэ гэхээр нь би хэсэг хугацааны дараа өгнө гэж хэлсэн. Дараа нь Даваасүрэнтэй фейсбүүкээр холбогдох гэсэн боловч блок хийсэн байсан бөгөөд утасных нь дугаарыг мэдэхгүй байсан. Би одоо Даваасүрэнд 3.500.000 төгрөгийн өртэй гэсэн үг. Гэхдээ 1.500.000 төгрөгийг тус болж байна гээд өгсөн...” (хавтаст хэргийн 129-130 дахь тал) гэсэн,
Хохирогчгийн Хаан банк дахь тоот дансанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 55 дахь тал) зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч ******* нь 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр дэлгүүр орж худалдан авалт хийлгэхээргийн өгсөн картыг авч, Хан-Уул дүүргийн******* дүгээр хорооны Анар хотхоны 801 дүгээр байрны АТМ-ээс түүний эзэмшлийн Хаан банкны дугаартай данснаас 3 удаагийн гүйлгээгээр 3.600.000 төгрөг завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч болон шүүгдэгч ******* нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Хохирогчгийн Хаан банк дахь тоот дансанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 55 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, мөн бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.
Завших гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.
Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгож болно.
Дээрх гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой.
Энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн зүйлчлэл, гэм буруу, ялын асуудал зэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******, дэлгүүр орж худалдан авалт хийлгэхээр 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хохирогчгийн өгсөн картыг авч, Хан-Уул дүүргийн******* дүгээр хорооны Анар хотхоны 801 дүгээр байрны АТМ-ээс түүний эзэмшлийн Хаан банкны дугаартай данснаас 3 удаагийн гүйлгээгээр 3.600.000 төгрөгийг итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулж бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг ...хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******гийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал дүгнэлтийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар *******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг,*******97 дугаар зүйлийн*******97.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******, хохирогчд 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирол төлбөрөө барагдуулсан талаар шүүхийн хэлэлцүүлэгч гомдол саналгүй, хохирлоо авсан гэх хүсэлт, мэдүүлгийг гаргаж байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн 2110016701237 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
1. Шүүгдэгч Боржигон овогт Дархандаваагийн Мөнх-Амгаланг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч ******* торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *******д оногдуулсан 2700 (хоёр мянга долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ