| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2022/0796/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/806 |
| Огноо | 2022-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/806
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч А.Алтангэрэл,
шүүгдэгч С.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Сарантуяагийн Чинбатад холбогдох эрүүгийн 2210019251189 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 833 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт Сарантуяагийн Чинбат (РД: ХГ86081535)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Чинбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын автобусны буудлын урд талд нь иргэн Э.Мөнхтөртэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Э.Мөнхтөрийн нүүр хэсэг рүү нь гараараа цохиж түүний биед эрүүний зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч С.Чинбат: “...Би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Намайг хэрэглэсэн гэж гүтгэсэн. Би хоолны газар ажиллуулдаг. Манай хажууд хоолны газар ажиллуулахаар цахилгаан хулгайлдаг. Тиймээс хүчин чадал хүрдэггүй. Мөн манай эхнэр рүү дайрсан. Тиймээс би маргалдсан. Тухайн үед миний 4 талаас намайг цемент дээр унагаасан. Манай эхнэр боль гэхэд манай эхнэрийг чирсэн. Тэгээд би цагдаа дуудсан. Намайг согтуу байгаа гэж хэлэхэд нь драйгер үлээлгэсэн. Тухайн үед цагдаа дээр хоёулаа гомдолтой байсан. Мөрдөгч хэрэг аваад 1 сар амарсан. Мөрдөгч шинжилгээ хийлгээгүй. Бид хоёр шинжилгээ хийхгүй юм байна Гэмтэл явъя гээд явж байтал нэг залуу залгаад бид нар та хоёрыг зодсон, одоо контейнероо аваад явлаа гэж хэлсэн. Бид хоёр цагдаа дээр очоод энэ хүмүүс эвлэрье гэж байна гэхэд хоорондоо зохицсон бол яах вэ гэж хэлсэн. Гэтэл энэ хүмүүс шүүх эмнэлэгт үзүүлсэн байсан. Тэд нар хоёулаа биш 8 залуу байсан. Би аргагүй хамгаалалт хэрэглэсэн. Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн даргад шүүх эмнэлэгт үзүүлье гэж хүсэлт гаргахад зургаараа үзүүлж болно, мөрдөгч амарсан байна гэж хэлсэн. Бид хоёрын хэргийг Болор-Эрдэнэ мөрдөгч авч маргааш нь ээлжийн амралт авсан. Би мөрдөгчтэй ярьж хохирогч талаас цагдаа болоод яах вэ, бид нар олуулаа зодсон гэж хэлж байна гэхэд хоорондоо зохицсон бол болно гэж хэлсэн. Манай эхнэр бид хоёр энэ хэргийг хаячихсан байж байтал сарын дараа цагдаагаас залгаад энэ хүмүүс шүүх эмнэлэгт үзүүлсэн байна гэж хэлсэн. Би тухайн үед би согтуу байгаагүй. 2 дугаар хэлтэс дээр драйгер үлээсэн. Хохирогч намайг согтуу байсан гэж гүтгэсэн...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Э.Мөнхтөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 07 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо замын баруун талын автобусны буудал дээр дүү Чулуунтөгсийн хамтаар тухайн буудал дээр 20 тонны контенар буулгасан бөгөөд удалгүй цаанаас машинтай хүн ирээд манай дүү Чулуунтөгсийг цохиод байхаар нь би дүүгээ аваад холдтол цаана байх замын брожур аваад манай дүүг цохих гээд байсан юм. Тухайн хүнийг харахад архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тээврийн хэрэгсэл барьж байсан. Тэгээд ямар шалтгаанаар бид нартай маргалдаад байгаа талаар асуухад “бид нарын үйл ажиллагаа явуулдаг газар” гэх зэргээр тухайн газрыг өөрийн өмчөөр худалдан авсан юм шиг аашлаад байсан. Тухайн залуу машиндаа суугаад ойрхон машинаа байрлуулаад ирэх замдаа юүдэнтэй цамцны халаасанд нь чулуу хийсэн байдалтай бид нар руу шидэхэд бид нар бултсан юм. Тухайн үед тэр залууг бариад дуудлага өгсөн. Хаанаас ч юм мэдэхгүй энгийн хувцастай хүн гарч ирээд цагдаа байна гэх зэргээр болсон асуудал асууж байтал хажуу талаас нь согтуу залуу миний зүүн талын шанаа хэсэг рүү баруун гараа атгаж байгаад 1 удаа цохихоор нь миний буйл өвдөөд шанаа хэсэг хавдсан юм” гэх мэдүүлэг...” (хавтас хэргийн 54 дэх тал)
Гэрч Ш.Чулуунтөгс мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай хүргэн ах Мөнхтөр нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа 2 хорооллын урд талын автобусны буудал дээр чингэлэг байрлуулъя гээд дуудсан юм. Тэгээд бид нар тухайн чингэлгээ буулгахаар очоод буулгаж байсан чинь нэг танихгүй эмэгтэй ирээд маргалдаж эхэлсэн бөгөөд би тэр эгчтэй ярилцаж ойлголцоод цаашаагаа явуулсан юм. Тэгээд ажлаа хийж байсан чинь нэг машинтай залуу ирээд та нар яагаад энд юм буулгадаг юм бэ? гээд шууд над руу ирээд миний нүүр рүү нэг удаа цохисон. Тэгээд би өөдөөс нь ойртоод эсэргүүцэх гэсэн чинь тэр залуу ухраад замын тоосго аваад шидэх гээд байсан чинь манай ах Мөнхтөр тэр залууг тэврээд авсан чинь тэр залуу ахын нүүр рүү цохиод байх шиг байсан. Тэгсэн өмнө нь ирсэн эгч гарч ирээд ахиад хэрүүл үүсгээд байсан бөгөөд тэр залууг манай ах тавьсан чинь тэр залуу машинаа унаад яваад өгсөн юм. Тэгээд удалгүй нөгөө эгч яваад өгсөн бөгөөд халаасандаа дүүрэн чулуу хийчихсэн ирсэн ба бид нарыг янз бүрээр хэлээд шууд халаасандаа хийсэн чулуугаа бид нар руу шидэж эхэлсэн...Мөнхтөр ах тэр залуугийн араас гүйж очоод тэврээд авах гэтэл нүүр рүү нь бас ганц хоёр удаа цохисон юм. Тэгсэн чинь цаанаас энгийн хувцастай залуу ирж бид нарт цагдаагийн байгууллагын үнэмлэх үзүүлсэн. Тэгээд тэр Мөнхтөр ахыг цохидог залуу нь тэр цагдаагийн хажууд нь зогсож байгаад гэнэт манай ах Мөнхтөрийн эрүү хэсэг рүү хүчтэй цохисон” гэх мэдүүлэг...” (хавтас хэргийн 56-57 дахь тал)
Зөрчлийн хэрэгт гэрчээр Г.Гантуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 07 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед манай хоолны газрын хажууд байдаг ТҮЦ ажиллуулдаг Чимгээ гэх эмэгтэй залгаад танай хоолны цэгийн хажууд үл таних хүмүүс шинэ хоолны цэг байрлуулах гэж байна гэсэн. Тэгээд ямар хүмүүс ирж юм байрлуулах гэж байгаа юм бол очоод уулзъя гээд манай нөхөр болох С.Чинбат бид 2 буудал дээр очсон...Би нэг хүнд хандаж “та нар ямар зориулалтын газар энд байгуулах гэж байгаа юм. Зохих байгууллагаас нь зөвшөөрөл авсан уу” гэж асуухад нэг залуу нь “Ийм юм ажиллуулахад зөвшөөрөл гэж юу байсан юм. Чамд ямар хамаатай юм бэ” гээд нар руу уурлаад холд гээд түлхээд миний биед халдсан...Тэр үед бор өнгийн фудвоктой залуу нь манай нөхөр С.Чинбатыг заамдаад бариад авсан. Тэгэхээр нь салгах гээд дундуур нь ортол намайг бас бариад авсан...Намайг нэг эрэгтэй цамцнаас зуураад барих үед ирж салгасан. Тэгээд тэр эрэгтэй манай нөхрийг цохих үед нь зөрүүлээд барьж авсан” гэх мэдүүлэг...” (хавтас хэргийн 13 дахь тал)
Яллагдагчаар С.Чинбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын автобусны буудал дээр ТҮЦ ажлуулдаг. ...манай ТҮЦ-ны хажууд өөр хүмүүс шинээр ТҮЦ буулгаж харагдсан. Тэгээд би очоод тухайн хүмүүст хандаад ТҮЦ-ээ аваад яв бид нар энд үйл ажиллагаа явуулдаг талаар хэлсэн чинь тэнд байсан намхан махлаг цагаан фудволктой залуу нар руу дайраад байсан. Намайг тэвэрч аваад газар унагасан бөгөөд би босож ирсэн чинь над руу дайраад байсан залуу шанаа руу цохихоор нь би зөрүүлээд ба 2 удаа цохисон...” (хавтас хэргийн 79-80 дахь тал) гэсэн,
Шүүгдэгч С.Чинбатын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 60-64 дэх тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 65 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 68-71 дэх тал)
Хохирогч Э.Мөнхтөр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх тэмдэглэгээ бүхий СиДи бичлэг (хавтаст хэргийн 83-84 дэх тал) зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1 Шүүгдэгч С.Чинбат нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа 2 хорооллын автобусны буудлын урд талд нь иргэн Э.Мөнхтөртэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар Э.Мөнхтөрийн нүүр хэсэг рүү нь гараараа цохиж түүний биед эрүүний зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Чинбат, хохирогч Э.Мөнхтөр нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн 10280 дугаартай дүгнэлт зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч С.Энхтөрийн эрүүл мэндэд нь “...биед эрүүний зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал...” бүхий гэмтлийг шүүгдэгч С.Чинбат түүний нүүрэн тус газар цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Чинбат, хохирогч С.Энхтүвшиний эрүүл мэндэд нь “...биед эрүүний зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч С.Чинбатын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч шүүх хуралдаанд “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй гэх ч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаагүй, согтууруулах ундаа хэрэглээгүй, харилцан зодолдсон...” гэж мэдүүлж байх боловч энэ нь Эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх зарчим нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх ба энэхүү эрхээ эдлэх хэмжээ хязгаартай ба хуульд заасан эрхээ эдлэхдээ үүргээ ухамсарлаагүй, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлгээр түүнд холбогдох хэргийг үгүйсгэх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрхийг эдлэхийг хүссэн тохиолдолд “мэдүүлэг өгөхгүй байх” эсхүл “дуугүй байх” эрх гэж үзэж заавал хангах ёстой бөгөөд харин мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн бол мэдүүлэг нь үнэн зөв байхыг шаардах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит үнэнийг тогтоох зорилгод нийцэх ёстойг анхаарах нь зүйтэй.
2. Шүүгдэгч С.Чинбат нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...Хэрэгт эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх байхгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Чинбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” саналыг шүүхэд гаргасан.
Эрүүгийн хуульд заасан Шударга ёсны зарчимд Эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой ба шүүгдэгч С.Чинбат нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх хэдий ч шүүхийн хэлэлцүүлгээр энэ байр суурь тодорхойлогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, өнөөдрийн шүүх хуралдаанд оролцсоныг, прокурорын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан дүгнэж, эрх хэмжээнийхээ хүрээнд 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Чинбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар С.Чинбатад оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Мөнхтөрийг эрүүл мэндэд нь биед эрүүний зөөлөн эдийн няцрал, 1 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардалд эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ зэрэг баримт хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 2210019251189 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргах, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.Чинбат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сарантуяагийн Чинбатыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чинбатад 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Чинбат торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.Чинбатад оногдуулсан 600 (зургаан зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.Чинбат нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Чинбатад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ