Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/808

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

 улсын яллагч А.Алтангэрэл,

 шүүгдэгч, хохирогч  А.Баасансүрэн,

 шүүгдэгч, хохирогч Б.Мөнхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Дуут овгийн Аюулгүйн Баасансүрэн, Чимэддоо овгийн Балганы Мөнхзаяа нарт холбогдох эрүүгийн 221000000250 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Эвсэг ХХК-д мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүнгийн 5-9 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй Дуут ургийн овогтой Аюулгүйн Баасансүрэн, (..............),

 

2. Монгол улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, Мужаан мэргэжилтэй, Эвсэг ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Дөрвөлжин сум Тавантолгой багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй Чимэддоо ургийн овогт Балганы Мөнхзаяа, (............)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Баасансүрэн нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо 186-2-29 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Мөнхзаяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, түүний биед дээд баруун 5,7 дугаар шүдний эмтэрэл, баруун хацар хамрын үзүүр, хүзүүнд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

 

Шүүгдэгч Б.Мөнхзаяа нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо 186-2-29 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.Баасансүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, түүний биед зүүн зовхины шарх, хамрын нуруу, эрүүний зөөлөн эдийн няцрал, завжны шарх, уруул, баруун чихны ар хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү баруун шуу, цээжний зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч, хохирогч А.Баасансүрэн “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүгдэгч, хохирогч  Б.Мөнхзаяа“...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

         

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Мөнхзаяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 23-ны орой манай ажлын газрынхан болох Бямбаа, Баасансүрэн, Очбаяр, Мөнхтогтох Мөнхтөр нарын хамт Очбаярын гэрт 1 литрийн “Эдэн" гэх архи 2 ширхэг том пиво уусан. Тэгээд бид уугаад сууж байтал Баасансүрэн нь намайг цохиход миний баруун талын арааны хэсэг эмтэрч унасан. Тэгэхээр нь би бариад авахад манай найз нар салгасан. Тэгээд сууж байхад Баасансүрэн нь хоёулаа угаалгын өрөө ороод уулзаад учраа ольё гэхэд нь би дагаад явсан. Тэгээд явж байхдаа би айсандаа ширээн дээрээс заазуур аваад заазуурын ар хэсгээр Баасансүрэнгийн баруун шанаа хэсэгт нэг удаа цохисон. Тэгтэл Бямбаа ах миний нүүр лүү гараараа намайг цохиж мөн дээрээс дэвссэн. Тэгээд Бямбаа ах Баасансүрэнг бас зодсон. Тэгээд би тэр гэрээс гараад явсан...” (хавтас хэргийн 15-16 дахь тал) гэсэн,

 

Хохирогч А.Баасансүрэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 23-ны оройны 20 цагийн үед би ажлын газрын ах болох Очбаяр луу залгаад манай нөгөө хэд уулзсан байна 2-лаа яваад очъё гэж хэлсэн. Тэгээд би Очбаяр ахтай уулзаад нөгөө хэд дээр яваад очсон. Тэгээд бид хоёрыг очиход Эрдэнэбямба, Мөнхзаяа, Мөнхтогтох, нар пабд сууж байсан. Тэгээд би 2 очоод бөөндөө пиво ууж эхэлсэн. Бид нар тус тусдаа 1 ширхэг пиво уусан. Тэгээд бид нар гараад Очбаяр ахынд ирсэн. Бид нар ирээд мах чанаж идэж, мөн “Эдэн” гэх нэртэй 0.75 граммын архи 1 шил, 2 том пиво уусан. Тэгээд бид нар уугаад сууж байтал Мөнхзаяа бид хоёр хоорондоо үл ойлголцож хэрүүл хийсэн. Тэгээд бид хоёр хоорондоо бие биенийгээ барьж аваад заамдаж эхэлсэн. Тэгээд би Мөнхзаяаг нэг удаа нүүр хэсэг рүү алгадаад тэгтэл Мөнхзаяа архины шил аваад над руу далайсан. Тэгээд бид хоёрыг манай ах нар салгаад бид хоёр хоорондоо эвлэрээд байж байтал гэнэт Мөнхзаяа миний хажууд сууж байснаа гартаа нэг сэрээ барьчихсан байж байгаад “энийг чиний гүрээ рүү шууд шаанаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр сэрээг нь аваад “чи хөгшөөн одоо болио" гээд сэрээг нь газар тавьсан. Тэгэхээр нь би “хоёулаа угаалгын өрөө ороод хоорондоо ярилцъя” гэж хэлтэл Мөнхзаяа босож ирээд миний нүүр лүү ширээн дээр байсан заазуур аваад шууд цохисон. Тэгээд Мөнхтөр, Мөнхтогтох нар Мөнхзаяаг надаас салгаад цааш нь аваад явсан...” (хавтас хэргийн 9-10 дахь тал) гэсэн,

 

Гэрч Эрдэнэбямба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 23-ны орой манай ажлын газрынхан болох Баасансүрэн, Очбаяр, Мөнхтогтох, Мөнхтөр, Мөнхзаяа нарын хамт Очбаярын гэрт 1 литрийн “Эдэн” гэх архи 2 ширхэг том пиво уусан. Тэгээд бид уугаад сууж байтал Баасансүрэн нь Мөнхзаяатай маргалдаж эхэлсэн. Тухайн маргааныг Баасансүрэн эхлүүлсэн. Баасансүрэн нь эхэлж Мөнхзаяагийн нүүр рүү нь цохисон. Мөнхзаяаг дээрэлхээд байсан. Тэгэхээр нь бид нар хоорондоо маргалдаад яах юм бэ гээд тэр 2-г салгаж эвлэрүүлсэн. Тэгтэл Баасансүрэн дахиж Мөнхзаяаг өдөөд байсан. Тэгээд Баасансүрэн өөрөө Мөнхзаяаг угаалгын өрөө орж учраа ольё гэж хэлсэн. Тэгтэл Мөнхзаяа Баасансүрэнг шууд заазуураар зүүн талыг нь цохиж гэмтээсэн. Тэгээд бид нар салгаж Мөнхзаяагаас заазуурыг нь авч байх хооронд Мөнхзаяаг Баасансүрэн цохиод байсан. Тухайн үед хэдэн удаа цохисон гэдгийг нь би сайн мэдэхгүй байна...” (хавтас хэргийн 19-20 дахь тал) гэсэн,

 

Гэрч О.Очбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд бид нар хамт сууж байхдаа 5 шил Сэнгүр уучхаад манайд очихоор болсон. Тухайн үед манай ажилчид ажлаасаа гарна гэсэн яриа яриад байсан болохоор би тэд нарын ажлыг цаашид хийлгэх санаатай, мөн бөөндөө сууж ярилцах санаатай бүгдийг нь гэртээ урьсан юм... Тэгээд бид нар хоолоо идчихээд авсан архиа ууж байтал Баасансүрэн Мөнхзаяаг үгээр доромжлоод байсан. Тэгтэл Баасансүрэн уурлаад Мөнхзаяагийн нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохиход Мөнхзаяа шууд заазуураар Баасансүрэнгийн зүүн шанаа хэсэгт цохисон. Тэгтэл Баасансүрэнгийн зүүн шанаанаас цус их хэмжээгээр гарсан...” (хавтас хэргийн 22-23 дахь тал) гэсэн,

 

Гэрч С.Мөнхтөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгтэл Баасансүрэн Мөнхзаяаг эхлээд цохисон, тэр хоёр хоорондоо барьцалдаад авахаар нь бид нар дундуур нь орж салгасан. Тэгээд байж байтал хэсэг хугацааны дараа хоорондоо харилцан зодоон хийсэн.Тэгтэл Мөнхзаяа угаалгын өрөө орох гэж байгаад дахин маргалдаж Баасансүрэнг заазуурны ар талаар цохисон. Тэгээд бид нар дахин салгахад Эрдэнэбямба орж ирээд Мөнхзаяагийн нүүр рүү нэг удаа, Баасансүрэнгийн нүүр рүү нэг удаа цохисон...” (хавтас хэргийн 25-26 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9-р сарын 29-ний өдрийн шинжээчийн 13305 дугаар “...Б.Мөнхзаяагийн биед дээд баруун 5,7 дугаар шүдний эмтэрэл, баруун хацар хамрын үзүүр, хүзүүнд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 36-37 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9-р сарын 29-ний өдрийн шинжээчийн 13183 дугаар “...А.Баасансүрэнгийн биед зүүн зовхины шарх, хамрын нуруу, эрүүний зөөлөн эдийн няцрал, завжны шарх, уруул, баруун чихний ар хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү баруун шуу, цээжний зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 32-33 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч А.Баасансүрэнгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 42-51 дэх тал),

Шүүгдэгч Б.Мөнхзаяагийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 63-69 дэх тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52, 61 дэх тал)

Хохирогч Б.Мөнхзаяа өвчний түүх, хохирлын баримтууд (хавтаст хэргийн 154-173, 179-188 дахь тал),

Хохирогч Б.Мөнхзаяа, А.Баасансүрэн нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 94-95 дахь тал) зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч А.Баасансүрэн нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо 186-2-29 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Мөнхзаяатай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, түүний биед дээд баруун 5,7 дугаар шүдний эмтэрэл, баруун хацар хамрын үзүүр, хүзүүнд зулгаралт, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Мөнхзаяа болон шүүгдэгч А.Баасансүрэн нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №13305 дугаартай дүгнэлт, Хохирогч Б.Мөнхзаяагийн хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, хохирлоо барагдуулсан гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 95 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгч Б.Мөнхзаяа нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны орой 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо 186-2-29 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн А.Баасансүрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар харилцан зодолдож, түүний биед зүүн зовхины шарх, хамрын нуруу, эрүүний зөөлөн эдийн няцрал, завжны шарх, уруул, баруун чихний ар хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү баруун шуу, цээжний зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч А.Баасансүрэн болон шүүгдэгч Б.Мөнхзаяа нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №13183 дугаартай дүгнэлт, Хохирогч А.Баасансүрэнгийн хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, хохирлоо барагдуулсан гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 94 дэх тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Баасансүрэн нь Б.Мөнхзаяатай  маргалдан эрүүл мэндэд нь “...биед дээд баруун 5,7 дугаар шүдний эмтэрэл, баруун хацар хамрын үзүүр, хүзүүнд зулгаралт, хүзүүнд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол,

Мөн шүүгдэгч Б.Мөнхзаяа нь А.Баасансүрэнтэй маргалдан улмаар эрүүл мэндэд нь “...биед зүүн зовхины шарх, хамрын нуруу, эрүүний зөөлөн эдийн няцрал, завжны шарх, уруул, баруун чихний ар хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү баруун шуу, цээжний зулгаралт, цус хуралт...” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Баасансүрэн, Б.Мөнхзаяа нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Баасансүрэн, Б.Мөнхзаяа нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч А.Баасансүрэн, Б.Мөнхзаяа нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч А.Баасансүрэн, Б.Мөнхзаяа нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тус бүрийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Баасансүрэн, Б.Мөнхзаяа нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар А.Баасансүрэн, Б.Мөнхзаяа нарт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мөнхзаяа, А.Баасансүрэн нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нар гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт хавтас хэргийн 94-95 дахь талд авагдсан байх тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн 221000000250 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч А.Баасансүрэн, Б.Мөнхзаяа нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         

          1. Шүүгдэгч Дуут овогт Аюулгүйн Баасансүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

             - Шүүгдэгч Чимэддоо овогт Балганы Мөнхзаяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баасансүрэн, Б.Мөнхзаяа нарыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга)  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.Баасансүрэн, Б.Мөнхзаяа нарыг торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Баасансүрэн, Б.Мөнхзаяа нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай. 

 

6. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ