Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ийшээгийн Ганбат |
Хэргийн индекс | 187/2022/0800/Э |
Дугаар | 2022/ШЦТ/818 |
Огноо | 2022-12-05 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/818
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий /томилолтоор/,
шүүгдэгч Б.Баясах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Чулуун овгийн Бямбасүрэнгийн Баясахад холбогдох эрүүгийн 2210000000908 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 525 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар Улаанбаатар хотын бүсчлэлээс 1 жил 180 хоногийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 07 сар 10 хоногийн ялыг мөн хугацаагаар хорих ялаар сольж, одоо ялыг биечлэн эдэлж байгаа, Чулуун овгийн Бямбасүрэнгийн Баясах (РД: ..............)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Баясах 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх хотхон, 209 дүгээр байрны 2206 тоотоос Б.Түвшинбатын өмчлөлийн Iрhоne 11 рго загварын гар утас, бэлэн хувцас хулгайлж 1.962.610 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Баясах: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Б.Түвшинбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...15 цагт Мөнхжин ганцаараа гарч явсан ба 15 цаг 32 минутад Баясах гарч явсан нь камерт бичигдсэн байсан. Би унтаж байгаад сэрээд утсаа хайтал миний утас байхгүй байсан бөгөөд миний утасны гэрний ард хийдэг банкны картыг шүүгээний дээр гаргаж тавиад явсан байсан. Доод шүүгээг онгойлготол миний үүргэвч бас байхгүй байсан. Мөнхжинд би танай найз Баясах чинь миний утас цүнх хувцаснуудыг аваад явсан байна гэж хэлсэн чинь Мөнхжин надад Баясахын утасны дугаарыг өгсөн. Би Баясахтай 2022 оны 06 дугаар сарын 21-нд холбогдоод утас авч ирж өг гэж хэлэхэд таксинд хаясан юм шиг байна би танд шинэ утас буюу I phone 12 авч өгье, би 5 дах өдөр 2 машин зараад мөнгөтэй болно, шинэ утас авч өгье гэж хэлсэн. Баясах дахиж утсаа аваагүй хааяа мессеж бичиж хариу өгдөг...” (хавтас хэргийн 19-26 дахь тал) гэсэн,
Гэрч М.Мөнхжин мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Түвшинбат ахынд Баясах үлдсэн ба намайг гарах гэж байхад архи олж ууна гэж яриад үлдсэн. Тэгээд 2022 оны 06 сарын 21-нд буюу 4 хоногийн дараа Түвшинбат ах надад танай хоёр найзын чинь нэг нь миний утсыг аваад явчихжээ гэхээр нь би холбогдож асуухаар болоод Баясахаас асуусан чинь авсан нь тодорхой болсон. 2022 оны 06 сарын 25-ны өдөр Баясахтай уулзсан чинь “Түвшинбатын хувцсыг угаалгаад, утсыг нь худалдаж аваад өгчихнө” гэж ярьж байсан боловч одоо хүртэл өгөөгүй юм шиг байна лээ...” (хавтаст хэргийн 28-32 дахь тал) гэсэн,
Цэнгэлдэх хотхон, Ти И Эс Жи харуул хамгаалалтын албаны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...уг бичлэгийн 01 минут 15 секунтэнд Түвшинбатын алга болсон хөх өнгийн цамц, цайвар өнгийн шорт өмссөн эрэгтэй цахилгаан шатны хаалгаар дотогш орж ирэх ба уг бичлэгт хохирогч Түвшинбатын зааснаар Баясах нь шар бичиглэлтэй хар өнгийн саравчтай малгай, хөх өнгийн цамц, цайвар ногоон өнгийн фудболк, цайвар өнгийн шорт, цагаан өнгийн гутал өмссөн байх ба хар өнгийн үүргэвч үүрсэн байсныг Screen shot ашиглаж тэмдэглэлд тусгав. /Зураг1- 01мин15сек-18сек/, Бичлэгийн 01 минут 23 секунтэнд Б.Баясах нь цагаан өнгийн гар утсыг баруун гартаа авч цүнхэндээ хийх ба /Зураг2/ бичлэгийн 01 минут 34 секундэд Б.Түвшинбатын гэх бараан өнгөтэй утасыг цүнхэндээ хийгээд /ЗурагЗ/ дахин цагаан өнгийн утас гарган ирж оролдож байгаа нь /Зураг4/ бичигдсэн...” байна гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн16-18 дахь тал)
Дамно ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ХУ1-22-857 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 43-44 дэх тал),
Яллагдагчаар Б.Баясах мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 06 сарын 17-ны өдөр найз Мөнхжингийн хамт түүний таньдаг ахынх нь гэрт буюу Хан-Уул дүүргийн 15-р хороо, Цэнгэлдэх хотхон, 209 дүгээр байрны 2206 тоотод очсон ба Б.Түвшинбатынх байсан. Б.Түвшинбатынд бид нар 3 шил архи уусан ба маргааш өглөө нь 10 цагийн үед Мөнхжин гараад явсан ба Түвшинбаттай үлдсэн, тэгээд авсан архиа ууж дуусаад нэмж архи авах уу гэж Түвшинбат ахад хэлээд манай гэрийн хажууд байдаг найзынхаа дэлгүүрээс зээлэхээр болсон. Тэгээд утас ярьж болохгүй байсан учир Түвшинбат ахад дэлгүүр орлоо миний утас болохгүй байна гэж хэлэхэд надад утасныхаа кодыг хэлж өгсөн, тэгээд гарахдаа би утасных нь хамт хувцаснуудыг нь халууцаад байсан болохоор сольж өмсөөд гарсан. Авч гараад таксинд суугаад гэрийнхээ гадаа ирсэн ба таксинд утсыг нь хаясан гэж бодож байна. Тэнд очоод таньдаг найзын дэлгүүр лүү орж уулзаж чадаагүй. Тэгээд Түвшинбат ахынд орой 21 цагийн орчимд очиход найз нь хаалгыг нь тайлсан ба тэнд 2 найзтайгаа архи ууж байсан. Би хувцсыг нь өгөх гэж л гэрт нь очсон, ороод найзуудтай нь танилцсан, тэгээд тэнд байсан эмэгтэй найзтай нь ам зөрөөд гэрээс нь 22 цагийн орчимд гараад гэртээ ирсэн. Утсыг нь өгнө гээд өгч чадахгүй удсан болохоор ийм асуудал үүссэн байх. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...I phone 11 рго маркийн утас, сорочикон цамц хөх өнгөтэй, хар өнгөтэй шорт, цайвар өнгийн шорт, арьсан тэлээ, хар өнгийн үүргэвч зэргийг авсан юм. Би I phone 11 рго утсыг нь төлж өгөөгүй байгаа ч хувцаснуудыг нь буцаан өгсөн...” (хавтаст хэргийн 50-51 дэх тал) гэсэн,
Цагдаагийн байгууллагад өргөдөл гарсан хуудас (хавтаст хэргийн 11- дахь тал),
Шүүгдэгч Б.Баясахын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 68-69 дахь тал),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 70 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 78-78 дахь тал)
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ХМШЗ/43 дугаар шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 91-93 дахь тал)
Хан-Уул дүүргийн прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 120 дугаар санал (хавтаст хэргийн 99 дэх тал),
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ЦХШЗ/186 дугаар шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 100-103 дахь тал)
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ЦХШЗ/186а дугаар шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 104-107 дахь тал)
Хохирогч Б.Түвшинбатад хохирол төлбөр барагдуулсан талаарх (хавтаст хэргийн 108-110 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Баясахад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Б.Баясах 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх хотхон, 209 дүгээр байрны 2206 тоотоос Б.Түвшинбатын өмчлөлийн Iрhоne 11 рго загварын гар утас, бэлэн хувцас хулгайлж 1.962.610 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар, хохирогч Б.Түвшинбат нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Б.Түвшинбатад хохирол төлбөр барагдуулсан талаарх (хавтаст хэргийн 108-110 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Баясах нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
2. Шүүгдэгч Б.Баясахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч Б.Баясахыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал прокурорын гэм буруугийн хуралдаанд гаргасан санал дүгнэлтийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Баясах нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ХМШЗ/43 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Бямбасүрэнгийн Баясахад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 525 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 /нэг/ жил 180 /нэг зуун ная/ хоногийн хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 07 /долоо/ сар 10 /арав/ хоногийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 07 /долоо/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэжээ.
Хан-Уул дүүргийн прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 120 дугаар санал (хавтаст хэргийн 99 дэх тал),
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ЦХШЗ/186 дугаар шүүгчийн захирамж (хавтаст хэргийн 100-103 дахь тал)
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ЦХШЗ/186а дугаар шүүгчийн захирамжаар ялтаны шилжүүлэн цагдан хорихоор шийдвэрлэсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас ялтныг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ялын тооцоог тасалбар болгон ялтны шилжүүлсэн ба биеэр 1 сар 21 хоногийн ялыг эдэлжээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 32 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох гэх үндэслэлтэй байна.
Ийм шүүх шүүгдэгч Б.Баясахыг өмнөх тогтоолоос 2 сар 23 хоногийг ял эдэлсэн гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан бөгөөд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг ял дээр өмнөх шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 17 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Түвшинбатын өмчлөлийн Iрhоne 11 рго загварын гар утас, бэлэн хувцас хулгайлж 1.962.610 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан талаарх баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бөгөөд хохирогчид мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр барагдуулсан талаарх (хавтаст хэргийн 108-110 дахь тал) зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 2210000000908 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, хохирогч нь санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чулуун овгийн Бямбасүрэнгийн Баясахыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бямбасүрэнгийн Баясахыг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ХМШЗ/43 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Бямбасүрэнгийн Баясахад 07 /долоо/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялын үлдэх 4 сар 17 хоногийн ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 10 сар, 17 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баясахад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ