| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2019/00210/и |
| Дугаар | 1014 |
| Огноо | 2019-04-10 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 1014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүгч Ш.Оюунтуул, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 73 дугаар байрны 59 тоотод оршин суух, Улсын их хурлын гишүүний зөвлөх ажилтай, регистр ОА73021307, Булгадар овогтой Сайжрахын Мөнхөөлэйгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 302-р байрны 20 тоотод оршин суух, Зөв.мн сайтын захирал ажилтай, регистр АЮ87012106, Боржигон овогтой Ганбаатарын Долгорсүрэнд холбогдох ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, хохирол 22 176 304 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх /үнэмлэх 2417/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өнөрцэцэг, иргэдийн төлөөлөгч Б.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Мөнхөөлэй нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын даргаар ажиллаж байсан, энэ ажиллах хугацаанд 2018 оны 8-р сарын 17-ны өдөр www.zuv.mnсайтаар ЗТХЯ дээр гарсан харамсалтай хэрэг Боловсролын яаман дээр дахин давтагдах уу гарчиг бүхий нийтлэл гарсан. Тус нийтлэлдээ ...тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга С.Мөнхөөлэй гэгч яамныхаа болон харъяа байгууллагынхаа удирдлагуудад ажлаа өг гэж завсар зайгүй шахаж, хууль бус үйлдэл гаргаж байгаа. Мөн ажилчдаа загнан хашгичих, дорд үзэх, доромжлох нь хэргээс хэтэрч, эсэргүүцэл үзүүлсэн, өөрт нь таалагдахгүй байгаа ажилтнуудаа элдвээр дарамтлах, хуурамч бичиг баримт бүрдүүлэх, гүтгэх, захиалгаар бичиг бичүүлэн шахалт үзүүлдэг аргатай нэгэн гэх мэтчилэнгээр бичжээ. С.Мөнхөөлэй нь өөрт таалагдахгүй хүмүүсийнхээ жагсаалтыг гаргачихсан, тэдгээр хүмүүсийг ажлаас нь хал гэж сайддаа танилцуулдаг гэсэн байдаг. С.Мөнхөөлэй, Т.Ням-Очир, Б.Мөнхбат, Х.Галсанхүү, Н.Отгонбаатар нарын албан тушаалтнууд төрийн тендэрээр хэрхэн тоглож, өөрсдийн кармаагаа дүүргэж байгаа талаар яамныхан ярьж байгаа гэсэн нийтлэлийг zuv.mn сайт нийтэлж, Монголком.мн, Онцлох.мн, Чухам.мн, Инфо.мн зэрэг сайтууд мэдээллийг эх сурвалжаа болгон нийтэлсэн. Энэхүү мэдээллээс болж С.Мөнхөөлэйгийн нэр хүндэд нь нөлөөлж, зарим хамтран ажиллах санал ч татгалзсан. Энэ мэдээлэл фэйсбүүк, твиттер зэрэг сошиал хэрэглэгчдийн хүрээнд ч тархсан. Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.2 дахь хэсэгт иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заасан. Хариуцагчийн зүгээс одоогийн байдлаар С.Мөнхөөлэйгийн талаар гарсан мэдээлэл үнэн гэсэн баримт гаргаж өгөөгүй. Иргэний хуулийн 511-р зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж заасан. Нэхэмжлэгч эдийн бус хохирлыг дундаж цалин хөлс болох 1 386 019 төгрөгийг дээрх сайтад мэдээлэл байршсан хугацаа буюу 4 сарын хугацаагаар тооцож, 5 544 076 төгрөгийг тархсан сайтын тоогоор үржүүлж 22 176 304 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иймд С.Мөнхөөлэйгийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээлэл тараасан Зөв.мн сайтаар залруулга гаргахыг даалгаж, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэг, 511.2 дахь хэсэгт зааснаар эдийн бус хохиролд 22 176 304 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өнөрцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөв.мн сайтын нийтлэлд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд гарсан шударга бус үйлдлийн талаар нийтэлсэн бөгөөд бодит байдалтай нийцнэ. Тус яамны удирдлага солигдсон цагаас эхлэн сайд, төрийн нарийн бичгийн дарга болон бусад дарга удирдлагууд нь ажил хэргээ хэвийн явуулахаасаа илүүтэй талцал маргаан, зарга тасралтгүй үргэлжилж байсан нь олон нийтэд илэрхий болсон байдаг. Үүний үр дүнд олон зуун шударга төрийн албан хаагч ажил хийх нөхцөлгүй болж, ажлаасаа халагдаж байсан. Уг үйл явдалд нэхэмжлэгч С.Мөнхөөлэй нь холбоогүй, худал биш бөгөөд одоо бол ажлаасаа чөлөөлөгдсөн байгаа. Хариуцагч татгалзлаа нотлохоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, харъяа байгууллагад ажиллаж байгаад 2017 оны 11-р сараас 2018 оны 9-р сар хүртэл ажил албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, халагдсан албан хаагчдын тушаал, холбогдох утасны дугаар зэргийг гаргуулахыг хүссэн боловч шүүх хангаагүй. С.Мөнхөөлэй нь 2017 оны 11-р сараас эхлэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын даргаар ажиллаж байх хугацаанд түүний талаарх сайтад нийтлэгдсэн мэдээлэл нь төрийн албан хаагчийн зан харилцаа, биеэ авч яваа байдалд нь шүүмжлэлтэй хандсан агуулгатай, захиалгаар орж ирсэн төлбөртэй нийтлэл байгаа. Бидний зүгээс бусдын нэр төрд санаатай халдан ажил хэргийн нэр хүндийг гутаах санаа зорилго агуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Мөнхөөлэй нь Г.Долгорсүрэнд холбогдох ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, хохирол 22 176 304 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх шаардлагыг хангаж, хохирол гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Г.Долгормаа нь Харилцаа холбооны зохицуулах хороонд 2014 оны 10-р сарын 20-ны өдөр Zuv.mn /цаашид Зөв.мн гэх/ мэдээллийн сайт ажиллуулахаар өөрийн нэрээр бүртгүүлэн үйл ажиллагаа явуулдаг байна.
Зөв.мн сайт нь 2018 оны 08-р сарын 17-ны өдөр ЗТХЯ дээр гарсан харамсалтай хэрэг Боловсролын яаман дээр дахин давтагдах уу гарчиг бүхий нийтлэл гаргаж, нийтлэлдээ ...тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга С.Мөнхөөлэй гэгч яамныныгаа болон харъяа байгууллагынхаа удирдлагуудыг ажлаа өг гэмээн завсар зайгүй шахан хууль бус үйлдэл их гаргаж байгаатай энэ нь холбоотой бололтой...ажилчдаа загнан хашгичих, дорд үзэх, доромжлох нь хэрээс хэтэрч, эсэргүүцэл үзүүлсэн, өөрт нь таалагдахгүй байгаа ажилтнуудаа элдвээр дарамтлах, хуурамч бичиг баримт бүрдүүлэн гүтгэх, захиалгаар элдвээр бичүүлэн шахалт үзүүлдэг аргатай нэгэн гэнэ...С.Мөнхөөлэй нь Ц.Цогзолмаа сайдын дархлагдсан хүн тул яамны удирдлага, зарим ажилтнууд нь үг хэлэхээс айж гарынх нь аясаар хөдөлдөг аж.. хамгийн ноцтой нь өөрт таалагдахгүй хүмүүсийнхээ жагсаалтыг гаргачихсан, түүнийгээ сайддаа /юу гэж худал хэлж ойлгуулсан нь тодорхойгүй/ үзүүлэн тэр хүмүүсээ ажлаас нь халах ажлыг нэн тааламжтайгаар хэрэгжүүлж байгаа гэнэ...ажилд томилогдоод жил ч болоогүй байж ...20 гаруй хүнийг дарамтлан ажлаас нь халуулжээ... С.Мөнхөөлэй нарын албан тушаалтнууд төрийн тендерээр хэрхэн тоглож, өөрсдийн кармаагаа дүүргэж байгаа...даргын албан тушаалдаа баттай үлдэхийн тулд өөрийн буюу Төрийн захиргааны газартаа ахлах мэргэжилтэн гэсэн хуурамч орон гарган өөрийгөө томилжээ... гэх мэдээллийг /хх 24-27/ нийтэлжээ.
Дээрх нийтлэлийг гаргахдаа Зөв.мн сайт нь ямар нэгэн эх сурвалжийг заагаагүй байх ба энэ нийтлэлийг Монголком.мн, Онцлох.мн, Чухам.мн, Инфо.мн зэрэг сайтууд мэдээллийг нийтлэхдээ Зөв.мн сайтыг эх сурвалжаа болгон заасан /хх 9-23, 28-34/ байна. Эдгээр нийтлэл нь 2019 оны 03-р сарын 25-ны өдрийн үзлэгээр тухайн сайтуудад байхгүй болсон нь тэмдэглэлд тусгагдсан /хх 85-87/, харин 2019 оны 3-р сарын 29-ний өдөр хийсэн СД бичлэгт хийсэн үзлэгээр эдгээр сайтуудад байршсан байсан нь үзлэгийн тэмдэглэлээр /хх 105-107/ тогтоогдсон байна.
Энэ нийтлэлийг гарах цаг хугацаанд С.Мөнхөөлэй нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2019 оны 02-р сарын 21-ний өдрөөс түүнийг үүрэгт ажлаас нь /хх 120-125/ чөлөөлсөн байх ба дээрх нийтлэлийг нэхэмжлэгч нь үнэн бодит байдалд нийцээгүй худал ташаа мэдээ мэдээлэл тарааснаас ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж маргажээ.
Хариуцагч Г.Долгорсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ яаманд гарсан шударга бус үйлдлийн талаар нийтэлсэн нь бодит байдалтай нийцнэ, төрийн албан хаагчийн зан харилцаа, биеэ авч яваа байдалд нь шүүмжлэлтэй хандсан агуулгатай, захиалгаар орж ирсэн төлбөртэй нийтлэл гэж тайлбарладаг боловч тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байна.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3-р зүйлийн 3.1-д зааснаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээх ба дээрх баримт, тайлбараар хариуцагч Г.Долгорсүрэн нь цахим хуудсаараа тараасан С.Мөнхөөлэйтэй холбоотой мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүй, түүний ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж дүгнэлээ. Иймд С.Мөнхөөлэйгийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, хариуцагч нь нэр хүндийг гутаасан хэлбэр, хэрэгслээр буюу өөрийн Зөв.мн сайтаараа залруулж, няцаалт хийхийг үүрэг болгох нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч нь эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар нэхэмжлэхдээ хохирлыг дундаж цалин хөлс 1 386 019 төгрөгийг нийтлэл байршсан гэх 4 сарын хугацаагаар буюу 5 544 076 төгрөгөөр тооцож, нийтлэл тавьсан сайтын тоогоор 22 176 304 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь энэ нийтлэл гарснаар ажил үүргээ гүйцэтгэж чадаагүй, цалин хөлсөөрөө хохирсон баримт тогтоогдоогүй, нэр төр нь гутаагдсанаас эдийн бус хохирол учирсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 21-р зүйлийн 21.2 дахь хэсэг, 511-р зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сайжрахын Мөнхөөлэйгийн ажил хэргийн нэр төрийг сэргээж, түүний нэр төрийг гутаасан мэдээ тараасан Зөв.мн сайтаараа залруулж, няцаалт хийхийг хариуцагч Ганбаатарын Долгорсүрэнд үүрэгболгож, Г.Долгорсүрэнгээс 22 176 304 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 339 040 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Г.Долгосүрэнгээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Мөнхөөлэйд олгосугай.
Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА
ШҮҮГЧИД Ш.ОЮУНТУУЛ
Х.ЭНХЗАЯА