Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 1020

 

                                                           

                                                                                   

 

 

 

 

    2019        10            15                                           2019/ДШМ1020

 

 

Д.Б, А.Мнарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Бадрал,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЗ/1274 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Бадралын бичсэн 2019 оны 9 дугаар сарын 24-ний өдрийн 22 дугаартай прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч                                              Д.Б, А.Мнарт  холбогдох эрүүгийн 1811008280686 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А.М, Д.Б нар нь бүлэглэн 2018 оны 3 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кореа Март “ дэлгүүрт хувилж авсан түлхүүр ашиглан нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 230.000 төгрөг, 192.000 төгрөгийн үнэ бүхий жимсний бэлдмэл хулгайлсан,

мөн шүүгдэгч А.Мнь “ЭММЭ” ХХК-д худалдагчаар 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажиллахдаа нийт 3.012.865 төгрөгийн бараа материал завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: А.Мы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Б, А.Мнарт холбогдох хэргийг хэргийг хянан хэлэлцээд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн:

Учир нь, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б, А.Мнарыг хорих ял оногдуулах ялтай гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч Д.Б нь ам бүл 5, өөрийн төрсөн эх, 2011 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Т.Сайнзаяа, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Т.Сайндөл, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Б.Соёл нарын хамт амьдардаг болох нь тогтоогдсон.  

Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна...”, мөн конвенцын 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “...Гэр бүлийн орчноосоо түр буюу бүрэн хагацсан, эсхүл ийм орчинд байх нь хүүхдийн дээд ашиг сонирхолд нийцэхгүй бол хүүхэд улсаас онцгой хамгаалалт, туслалцаа үзүүлнэ...” гэж зааснаар шүүгдэгч Д.Бийн хүүхдүүдийн асрамжийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэтэл 2 сартайгаас 8 насны гурван хүүхдүүдийн асрамжийн асуудал тодорхойгүй үлдэх нөхцлийг үүсгэж байх тул шүүгдэгчийн хүүхдүүдийн асрамжийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр шүүгдэгч А.М, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1811008280686 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Бадрал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх уг хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон буцаасан нь ойлгомжгүй, хуулийг ноцтой зөрчсөн. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ.” гэж анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг тодруулан хуульчилсан байхад хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм.

Мөн шүүгчийн захирамжид дурдсан “...шүүгдэгч Д.Бийн хүүхдүүдийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэтэл 2 сартайгаас 8 насны гурван хүүхдүүдийн асрамжийн асуудал тодорхойгүй үлдэх нөхцөл үүсгэж байх тул шүүгдэгчийн хүүхдүүдийн асрамжийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтэн, яллагдагч, шүүдэгчийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг томилох, шийдвэрлэх, энэ талаар ажиллагаа хийх талаар хуульчлаагүй бөгөөд Гэр бүлийн тухай хуульд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолыг үндэслэн шаардлагатай ажиллагаануудыг Засаг дарга хэрэгжүүлэхээр байна. ... Иймд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЗ/1274 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Бийн хүүхдүүдийн асрамжийн асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тодорхойлон хуульчилсантай нийцэхгүй,  хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэх нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх аливаа гэмт хэргийг шийдвэрлэхдээ болсон үйл баримтыг материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээтэй нийцүүлэн дүгнэлт хийхээс гадна шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа оролцогчийн гаргасан тайлбарыг зөвхөн хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэдэг учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас гадна шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох, шүүх хуралдаанаас боломжит асуудлуудыг шийдвэрлэх талаар тодорхой хуульчилсан бөгөөд ингэхдээ шүүхийн шийдвэрийн эх сурвалж болж байгаа нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, хуульд заасан арга, хэрэгслээр цугларсан, бэхжүүлсэн эсэхийг тал бүрээс нь бүрэн, бодиттой шинжлэн судлаж, тэдгээрт хууль, эрх зүйн дүгнэлт хийх зэрэг хоорондоо нягт уялдаа холбоо бүхий ажиллагаанууд шүүхийн шийдвэр гаргах үйл явцад хамаардаг онцлогтой.

Эдгээр байдлуудыг нэгтгэн дүгнэвэл анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх” зорилтод нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлтэд тулгуурлаж, хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Дээрх үндэслэлээр прокурор Э.Бадралын бичсэн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ШЗ/1274 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч А.М, Д.Б нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч А.М, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

 

 

ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

 

                        ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ