Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2024/0654

 

 

 

Х.С*******ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Х.С*******

Хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга

Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр алба

Гуравдагч этгээд Ч.Б*******

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/310 дугаар захирамжийн Ч.Б*******д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, нэгж талбарын 1333011216 дугаар бүхий Х.С*******ын эзэмшлийн газрын мэдээллийг цахим санд 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 07 минутад дуусах хугацаа өгч идэвхигүй болгосон нь хууль бус болохыг тогтоож бүртгэлийг сэргээхийг даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 128/ШШ2024/0612 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н*******, Б.Б*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 128/2023/0477/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х.С*******аас Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд тус тус холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/310 дугаар захирамжийн Ч.Б*******д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, нэгж талбарын 1333011216 дугаар бүхий Х.С*******ын эзэмшлийн газрын мэдээллийг цахим санд 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 07 минутад дуусах хугацаа өгч идэвхигүй болгосон нь хууль бус болохыг тогтоож бүртгэлийг сэргээхийг даалгах”-аар маргаж байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2024/0612 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2.2, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/310 дугаар захирамжийн Ч.Б*******д холбогдох хэсэг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, нэгж талбарын 1333011216 дугаар бүхий Х.С*******ын эзэмшлийн газрын мэдээллийг цахим санд 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 07 минутад дуусах хугацаа өгч идэвхигүй болгосон нь хууль бус болохыг тогтоож бүртгэлийг сэргээхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 411 дүгээр захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрт "Шар хоолой булгийн ам" гэх газарт газар эзэмшиж улмаар хугацаа сунгах хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны А/65 дугаар захирамжаар тус дүүргийн *******,******* хаягт байрлах нэгж талбарын 1333011216 дугаар бүхий 700 м.кв газрыг "Гэр, орон сууцны хашааны газар" зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-2204004835 дугаарт бүртгэж 000084919 дугаар гэрчилгээ олгож 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр газрын мэдээллийн санд бүртгэлийг үүсгэсэн боловч хариуцсан төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр уг мэдээллийн санд бүртгэлгүй болгосон байна.

Уг асуудлаар 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, нийслэлийн болон Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба зэрэг холбогдох байгууллагуудад албан ёсоор хандсаны үр дүнд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Х.С*******ын өргөдлийг шийдвэрлэх талаар ирүүлсэн шийдвэрийг хэрэгжүүлээгүй. Иймд Х.С******* 2022 оноос хуулийн байгууллагад хандан шийдүүлэхээр хүсэлт гаргасан байдаг.

Баянзүрх дүүргийн ******* "Шар хоолой булгийн ам" гэх газарт газар эзэмших эрх олж авч уг газраа хашаа барьж эзэмшиж байгаад 2019 онд эзэмших эрхээ сунгуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогддог. Газрын мэдээллийн санд газар эзэмших эрхийн дагуу кадастрын зураг хийлгэн бүртгүүлсэн бөгөөд уг мэдээллийн санд мэдээлэл байхгүй болсноор маргаан үүсэж холбогдох газруудад гомдол гаргах явцад Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулагч уг газрыг эзэмшигчтэй гэдгийг мэдсээр байж Ч.Б*******д газрыг давхцуулан олгосон. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба Х.С*******ын бүрдүүлж өгсөн нотлох баримтуудыг санаатайгаар устгасан, тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон албан хэрэг хөтлөлтийн баримт бичгийг хуурамчаар үйлдэж 2019 онд гаргасан Х.С*******ын өргөдлийг 2023 онд шийдвэрлэж хуулийн хугацаа зөрчиж биднийг хохироосон.

3.2.Ч.Б*******д олгосон газар нь Засаг даргын захирамжаар "Шар хоолой" гэх газарт байх бөгөөд газар эзэмших гэрчилгээнд "Шар хоолой ам" гэж заасан, Их ам, Булгийн ам гэсэн нэршлийн алийг ч заагаагүй байхад анхан шатны шүүх үнэлж шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.1-т Ч.Б*******ы 2018 онд гаргасан хүсэлтэд хавсаргасан 2011 оны хувийн компанийн кадастрын зургийн хаяг гэсэн хэсэгт харгалзах "Богино ам" гэсний дээр "Их ам" гэж гараар бичсэнийг маргаан бүхий газар гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа газар юм гэж дүгнэсэн, мөн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5 дахь хэсэгт *... Б.С*******т анх газар эзэмшүүлэх үед түүний хүсэлт гаргасан газар нь Булгийн ам биш Их ам нэртэй байсныг мэдэж байсан, мэдэх боломжтой байсан" гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8.1-т “өмнө нь гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих болон хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар үнэ төлбөргүй газар эзэмшиж байгаагүй иргэний хүсэлтийг жагсаалтын эхэнд, цахим системд хүсэлт гаргасан огноогоор”, 29.8.2-т “энэ хуулийн 29.8.1-д зааснаас бусад иргэний хүсэлтийг цахим системд хүсэлт гаргасан огноогоор” гэж заасныг зөрчин гуравдагч этгээд Ч.Б*******д давхардуулан газар олгосон.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны А/65 дугаар захирамжаар олгогдсон нэгж талбарын 1333011216 дугаар бүхий 700 м.кв газрыг Э-2204004835 дугаараар бүртгэж 000084919 дугаар гэрчилгээ олгож 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр газрын мэдээллийн санд бүртгэл үүсгээд 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр мэдээллийн сангаас устгасан нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан “газар эзэмших эрх дуусгавар болох”-д нийцэхгүй, үндэслэлгүй гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-т “нэгж талбарын дугаар гэж газар өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг газрын улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон дахин давтагдахгүй дугаарыг" гэж заасны дагуу тухайн газрыг газар орны нэршлээс гадна дахин давтахгүй нэгж талбарын дугаар тодорхойлох учир энэ дугаарыг баримтлан шийдвэр гаргахыг хүсэж байна.

Маргаан үүсгээд байгаа Шар хоолойн амны Булгийн ам, Их ам гэдэг нэршил хэзээ бий болсон талаар шүүх шалгаж баримтаар тогтоогоогүй атлаа нэхэмжлэгчийн бодитоор эзэмшиж байсан газрыг гуравдагч этгээдийн эзэмшил мөн, нэхэмжлэгчийн эзэмшил газар Булгийн ам нь гуравдагч этгээдийн эзэмшил Шар хоолойн ам, нарийвчилбал Их ам юм гэдгийг баримтаар нотлон тогтоогоогүй учир шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж 2007 онд захирамжаар олгогдсон нэгж талбарын 1333011216 дугаар бүхий 700 м.кв газрыг эзэмших эрх үүсгэж цахим системд бүртгүүлэх талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэмэлт ажиллагаа хийж дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

1.Нэхэмжлэгч Х.С*******аас өөрт нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 411 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн, 2020 оны А/65 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан, эрхийн улсын Э-2204004835 дугаарт бүртгэгдсэн мөн оноос хойш эзэмшиж байсан 700 м.кв газартай нь давхцуулж иргэн Ч.Б*******д 2023 оны А/310 дугаар захирамжаар 496 м.кв газар эзэмшүүлсэн гэж маргасан, гэтэл шийдвэрт нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн эзэмшил газар хоорондоо давхцалгүй, тэр тусмаа “…шүүхийн энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийн нэгж талбарын 1333011216 дугаартай, тус дүүргийн *******, Булгийн ам хаягт байрлах 700 м.кв газартай холбоотой аливаа эрхийг хэрэгжүүлэхэд саад болохгүй…” гэж дүгнэжээ.

Гэтэл Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/641 дүгээр албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгч Х.С*******ын нэгж талбарын 1333011216 дугаартай 700 м.кв болон гуравдагч этгээдийн нэгж талбарын 1333027242 дугаартай 497 м.кв газар бүхэлдээ давхцалтай, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагч нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н*******аас нэгж талбарын хувьд эдгээр газар давхцалтай болохыг хүлээн зөвшөөрч буй энэ тохиолдолд шүүх нотлох баримтаар авагдсан дээрх зураг болон хариуцагчийн энэ талаарх тайлбарыг хэрхэн үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа маргаангүй газар чухам хаана байгааг тогтоолгүйгээр зөвхөн “…захирамжид Шар хоолойн Булгын ам, Шар хоолойн Их ам гэж өөр, өөр нэрээр эзэмшүүлсэн байна” гэж дүгнэсэн нь шүүх хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтыг цуглуулах үүргээ хангалттай хийгээгүй гэж дүгнэх үндэслэл болно.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас өөрийн үйлчлүүлэгчийн эзэмшил газар нь одоогийн гуравдагч этгээдийн эзэмшилд кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн газартай давхцалтай, өөрөөр хэлбэл шүүхийн дүгнэсэнчилэн байршлын хувьд тусдаа өөр газар байхгүй гэж, мөн Х.С******* өөрийн эзэмшлийн газраа анх бусдаас тусгаарлаж хашаалсан байсан боловч 2020 онд Ч.Буяндэлгэр хашааг нь буулгаад өөрийн хашаагаа барьчихсан, маргаан бүхий газар одоо ч хүн амьдардаггүй гэх зэргээр маргаж байхад маргааны гол үйл баримт болох нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газрыг тогтоолгүйгээр, ийнхүү тогтоох ажиллагааг хийлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэхгүй.

2.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан, энэ тохиолдолд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тус тусын 700, 497 м.кв газрын эзэмших эрхийг аль алиныг шүүхээс үгүйсээгүй атлаа харин эдгээрийг давхцалгүй гэж дүгнэх болсон үндэслэл нь хэт хийсвэр болжээ. 

Мөн шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн үзлэгээр маргаан бүхий газарт ямар нэг үл хөдлөх эд хөрөнгө байхгүй. Тухайн газрыг хашаалсан байдалтай, хашаа хоорондоо тусгаарлаагүй болох нь тогтоогдсон, гэвч ийнхүү хашаалсан газрын бодит хэмжээ тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч болон гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газрын нийт хэмжээтэй харьцуулан дүгнэх боломжгүй, үзлэгээр авсан фото зургаас үзэхэд хашаа 700 м.кв-аас ихийг хамаарсан байх магадлалтай байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 612 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч Б.Х*******ын давж заалдах гомдлыг хангаж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.   

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                        ШҮҮГЧ                                                 Н.ДОЛГОРСҮРЭН

 

                          ШҮҮГЧ                                                 Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧ                                                    Э.ЛХАГВАСҮРЭН