Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 264

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Оюунгэрэл, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Болормаа,

иргэдийн төлөөлөгч С.Бямбадорж,

улсын яллагч Д.Ширэндэв,

шүүгдэгч У.Энхбат, Д.Баянжаргал, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:   

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт Уранчимэгийн Энхбат, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчу овогт Даваагийн Баянжаргал нарт холбогдох эрүүгийн 201401020285 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, ах, дүүгийн хамт Дорнод аймаг, Хэрлэн сум, 7-р баг, 30 байр 01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил тэнсэн хянан харгалзсан,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 588 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2801 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 сар 26 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 572 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2013 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Хатагин овогт Уранчимэгийн Энхбат, /РД:ЖЯ87061076/,     

2. Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 2-р баг, Эрүүл мэндийн гудамж 1-2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Харчу овогт Даваагийн Баянжаргал, /РД:ЕО85072078/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч У.Энхбат нь Э.Ариунбаяр, Д.Баянжаргал нартай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын хойд талд иргэн Б.Бүрэнтөгсийг шалтгаангүйгээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

мөн Э.Ариунбаяртай бүлэглэн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 04 дүгээр хороо, 30-А байрны орцонд иргэн Я.Эрдэнэбилэгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж түүний куртик, гар утас, түрийвч, бэлэн 50.000 төгрөг зэрэг эд зүйлийг дээрэмдэж түүнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Д.Баянжаргал нь У.Энхбат, Э.Ариунбаяр нартай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын хойд талд иргэн Б.Бүрэнтөгсийг шалтгаангүйгээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Энхбат нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Д.Баянжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч У.Энхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ариунбаяр, Баянжаргал, Ууганбаяр бид 4 уулзаад архи ууцгаасан. Ууганбаярыг гэрт нь орхиод Ариунбаяр, Баянжаргал нарын хамт гараад явж байхад үл таних залуу намайг унагаасан, араас Ариунбаяр, Баянжаргал нар ирээд намайг унагаасан залууг зодсон. Би босоод бас хөлөөрөө бөгс рүү нь өшиглөсөн, хэдэн удаа өшиглөснөө санахгүй байна. Мөн би тэр залуугийн нүүр рүү гараараа цохисон. Би тэр залуугаас эд зүйл аваагүй, ямар ч байсан зодсон нь үнэн. Цагдаад баригдаад биедээ үзлэг хийлгэхэд надаас болон Баянжаргалаас эд зүйл гарч ирээгүй...” гэх мэдүүлэг. /11 хх 24-25 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Баянжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Энхтөр, Ариук бид 3 уулзаад 3 шил архи ууцгааж, би нилээн согтчихсон байсан. Нэг газар явж байгаад хаалгаар гарах гэж байгаад унатал нэг хүн босгосон. Тэгтэл Энхтөр /Энхбат/ намайг явъя гэж хэлээд аваад явсан. Тэгээд машин зам руу гартал цагдаагийн ажилтан бид хоёрыг машиндаа суулгасан. Маргааш нь билүү нөгөөдөр нь Энхтөр, Ариук хоёртой уулзтал Ариук Энхтөрийг “чи л тэр залуугийн толгой дээрээс дэвсээд байсан биз дээ” гэж хэлтэл Энхтөр “сайн санахгүй байна” гээд байсан...” гэх мэдүүлэг. /8 хх 162-172 дугаар хуудас/,

            Хохирогч Б.Бүрэнтөгсийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гэрээс гарах үед нэг залуу миний урд явж байгаад хашаанд бүдрээд уначихаар нь би хойно нь явж байгаад “өө яасан бэ” гээд араас нь очоод татаад босгох гэтэл гэнэтхэн миний араас хүн татаад хоолой боож цохисон. Тэгэхээр нь би “би яагаа ч үгүй, харин танай энэ хүн чинь явж байгаад газар уначихлаа ш дээ” гэж хэлэхэд миний үгийг огт сонсохгүй гарашийн хажууд нийлж зодсон. Гараш руу зугтаж ортол гарашийн том хаалга бүхэлдээ онгойгоод намайг зодож байсан гурван залуу ороод ирсэн. Тэгтэл гарашийн манаач ирээд “та нар гарч учраа ол, больцгоо” гэж хэлэхэд дахиад намайг гарашаас гаргаж нөгөө гурван залуугийн хоёр нь цохиж зодсон. Би зөвхөн нүүрээ дарж доошоо тонгойсон. Ухаан алдсан байсан болохоор хэн нь яг яаж цохиж зодсоныг сайн мэдэхгүй байна. Гурван залуу намайг гурвуулаа газар унагааж байгаад өшиглөөд байсан. Түрийвчээ маргааш нь олж авсан...” гэх мэдүүлэг. /1 хх 41-49 дүгээр хуудас/,

Хохирогч Я.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Орцныхоо үүдэнд ирээд хаалганы код хийх гээд зогсож байхад араас нэг хүн үснээс зулгаагаад нэг залуу урдуур орж ирээд намайг хойш нь татаад орцны хажуу талын подвалийн шатан дээр унагаагаад хоёр талаас өшиглөсөн. Нэг залуу нь миний куртикны энгэрийн халаасанд байсан Жи мобайлийн цагаан өнгөтэй хар өнгийн гэртэй мэдрэгчтэй гар утас болон хар өнгийн дэлгэгддэг түрийвч зэрэг эд зүйл авсан. Түрийвчинд бэлнээр 50.000 төгрөг, иргэний үнэмлэх, банкны картууд зэрэг эд зүйл байсан. Хэд хоногийн дараа миний гар утсыг хүлээлгэж өгсөн. Би эхэлж мэдүүлэг өгөхдөө 3 залуу байсан байх гэж андуурч өгсөн...” гэх мэдүүлэг. /1 хх 138-142 дугаар хуудас/,

Гэрч Г.Одонтунгалагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бүрэнтөгс урьд өмнө толгой, нүдэндээ гэмтэл авч байгаагүй. 2014 оны 01 сарын 07-ны өдөр үл таних 3 залууд зодуулаад гэмтэл авсан. Гэмтэл авснаас хойш 2014 оны 01 дүгээр сарын 08-17-ны өдрийн хооронд гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед би нөхрөө ухаан алдчихсан байхад нь гарашны булангаас олж авсан. Ухаан орсны дараа юу болсон талаар нь асуутал “ус авахаар ганцаараа явж байтал миний урд талд явж байсан хүн унасан. Араас нь очоод татаад босгох гэтэл араас хэн нэгэн гараараа боож унагаагаад зодсон” гэсэн. Өөрийнх нь ярьж байгаагаар 3 хүн зодсон гэсэн...” гэх мэдүүлэг. /1 хх 50-51 дүгээр хуудас/,

Гэрч О.Эрдэнэбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Петровисын ШТС-ын хойд талд хүн зодуулсан байна гэх дуудлагыг аваад шууд очиход Б.Бүрэнтөгс гэх залуу 3 залууд зодуулаад ухаан алдсан байсан. Хэргийн газрын ойр орчимд байсан хүмүүсээс асууж тодруулж байгаад 3 залуу явж байхаар нь 2 залууг нь барьж эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн юм. Эрүүлжүүлэгдсэн 2 залуугийн Д.Баянжаргал нь бичиг баримттай, харин нөгөө залуу нь ямар нэгэн бичиг баримт байгаагүй. Бичиг баримтгүй залуу нь өөрийгөө Уранчимэгийн Энхбат гэхээр нь хэлсэн овог нэрээр нь эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг. /1 хх 52-53 дугаар хуудас/,

Гэрч Б.Баярсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гарашаа галлаж байтал шөнө 23-24 цагийн хооронд Б.Бүрэнтөгс ирээд ус буцалгаад аваад. Дахин ирж ус тавьчихаад ганцаараа гараад явсан. Б.Бүрэнтөгс гарч яваад удалгүй бөөн дуу чимээ гараад хаалга цохиод Б.Бүрэнтөгс орж ирсэн ба араас нь үл таних гурван залуу орж ирээд 2 залуу нь Б.Бүрэнтөгсийг чирж авч гарсан. Намайг гаргахгүй нэг залуу нь хорьчихоод юм яриад байсан. Намайг хорьсон залуу нь бол нөгөө хоёр залуугаас өндөр залуу байсан. Үүдэнд нөгөө хоёр залуу нь Б.Бүрэнтөгсийг гар, хөлөөрөө цохиод цаашаа аваад явсан. Намайг саатуулсан залуу бол намайг харж байхад Б.Бүрэнтөгсийг зодоогүй ...” гэх мэдүүлэг. /1 хх 54-56 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹130 дүгнэлтэд:

1. Б.Бүрэнтөгсийн биед зүүн нүдний ухархайн доод, дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, дух, зүүн нүдний зовхинд цус хуралт, нүүр, баруун чихний дэлбээнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /1 хх 77-78 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн ¹4999 дүгнэлтэд:

1. Эрдэнэбилэгийн биед зүүн чихний дэлбэнгийн язарч сэтэрсэн шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, нурууны зулгаралт, баруун гарын сарвуу, зүүн гарын 1-р хурууны язарсан шарх, баруун гарын 4-р хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /1 хх 147 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /1 хх 148 дугаар хуудас/,

У.Энхбатаас хохирогч Я.Эрдэнэбилэгийн гар утсыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх 137 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /8 хх 173 дүгээр хуудас, 3 хх 169 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /8 хх 174 дүгээр хуудас, 11 хх 102 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч У.Энхбат нь Э.Ариунбаяр, Д.Баянжаргал нартай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын хойд талд иргэн Б.Бүрэнтөгсийг шалтгаангүйгээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан,

мөн Э.Ариунбаяртай бүлэглэн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 04 дүгээр хороо, 30-А байрны орцонд иргэн Я.Эрдэнэбилэгийн эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж түүний куртик, гар утас, түрийвч, бэлэн 50.000 төгрөг зэрэг эд зүйлийг дээрэмдэж түүнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Д.Баянжаргал нь У.Энхбат, Э.Ариунбаяр нартай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын хойд талд иргэн Б.Бүрэнтөгсийг шалтгаангүйгээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан нь гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч У.Энхбатад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, Д.Баянжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тус тус тохирсон байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар У.Энхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялаас тус бүр хоёр жилийн хорих ялыг хасч,

мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас хоёр жилийн хорих ялыг хасч,

Д.Баянжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялаас хоёр жилийн хорих ялыг тус тус хасч шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч У.Энхбатад ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд,

шүүгдэгч Д.Баянжаргалыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч У.Энхбатад ял оногдуулахдаа урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон ял хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлж,

Шүүгдэгч Д.Баянжаргалд ял оногдуулахдаа түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч У.Энхбат, Д.Баянжаргал нартай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн Э.Ариунбаярт холбогдох үйлдлийг мөрдөн байцаалтын шатанд тусгаарласан болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Баянжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч У.Энхбатын цагдан хоригдсон 638 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.