Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 12

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох

Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 01-ний өдрийн Б/90 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ц.Б нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын Б/39 тоот тушаалаар Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээллийн ажилтнаар нэг сарын хугацаатай туршилтын журмаар ажилд ороод ажиллаж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/43 тоот Засаг даргын тамгын газрын даргын тушаалаар Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны Хэвлэл мэдээллийн ажилтнаар үндсэн ажилтан болсон. Увс аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/315 тоот захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх Хэвлэл мэдээллийн албыг 5 орон тоотойгоор байгуулж, Ц.Б намайг тус албаны Хэвлэл мэдээллийн ажилтнаар 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн аймгийн Засаг даргын Б/21 тоот захирамжаар томилсон. Миний бие ажиллаж байх хугацаандаа алдаа, дутагдал гаргаж сахилгын шийтгэл огт авч байгаагүй болно. Гэтэл орон нутгийн сонгуулийн дараа Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 тоот захирамжаар намайг Хэвлэл мэдээллийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах гэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан ямар үндэслэлээр чөлөөлөөд байгаа нь тодорхойгүй байгаа тул намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж байна.

Миний бие дээрх аймгийн Засаг даргын захирамжийг гардаж аваад хуулийн хугацаандаа Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэж 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 382 тоот шүүгчийн захирамжаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон тул захиргааны хэргийн шүүхэд хандаж байна. Би ажлаас чөлөөлөгдөх үедээ 1 нас 11 сартай хүүхэдтэй байсан. Иймд Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Ц.Б нь аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/21 дугаартай захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх Хэвлэл мэдээллийн албаны Хэвлэл мэдээллийн ажилтнаар томилогдсон байна. Аймгийн Засаг даргын дэргэдэх Хэвлэл мэдээллийн албыг аймгийн хэмжээнд хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг иргэд, олон нийтэд сурталчлах, иргэдийн санал хүсэлтийг нэгтгэх, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргэх зорилгоор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Б-ны 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/315 дугаартай захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10 дахь заалтыг үндэслэн байгуулсан болно. Аймгийн Засаг Даргын Тамгын Газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай Засгийн Газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолын дагуу тус Хэвлэл мэдээллийн алба нь аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцэд хамаардаггүй бөгөөд албаны ажилтнууд нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10 дахь хэсэгт заасан аймгийн Засаг дарга буюу улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх чиг үүрэгтэй улс төрийн албан тушаалтны ангилалд хамаардаг ба тус албаны үйл ажиллагааны зардал, ажилтнуудын цалин хөлсийг аймгийн ЗДТГазраас бус Захиалагчийн техникийн хяналтын зардлаас тухайн үед олгодог байсан байна. Хэвлэл мэдээллийн алба байгуулах тухай аймгийн Засаг даргын 2019 оны А/315 дугаартай захирамж, Ц.Быг хэвлэл мэдээллийн ажилтнаар ажиллуулах тухай аймгийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Б/21 дугаартай захирамж болон аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон иргэн Ц.Б нарын хооронд 2019.05.22-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний үндэслэх хэсгээс тус тус үзвэл иргэн Ц.Б нь аймгийн Засаг дарга Д.Б-ны бүрэн эрхийн хугацаанд үйлчлэх чиг үүрэгтэй улс төрийн албан хаагч байх бөгөөд Засаг дарга Д.Б-ны бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон нь иргэн Ц.Бын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох шууд үндэслэл болж байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн дагуу улс төрийн албан хаагч болох иргэн Ц.Б-ын хэвлэл мэдээллийн ажилтнаар ажиллах хугацаа нь “Засаг дарга Д.Б-ны бүрэн эрхийн хугацаа”-р тодорхойлогдох ёстой байтал Засаг дарга Д.Батсайхан болон иргэн Ц.Б нар нь Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж, хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан байна. Хөдөлмөрийн гэрээ нь хэлцлийн нэг төрөл болохын хувьд хэлцэл хийхэд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан байх ёстой. Иймд иргэн Ц.Б болон Засаг дарга Д.Батсайхан нарын хооронд Төрийн албаны тухай хуулийг зөрчиж, хугацаагүй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийн дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Мөн манай байгууллага үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 02 сарын 23-ны өдрийн А/14 дугаар тушаалаар батлагдсан хяналтын дагалдах хуудсыг захиргааны шийдвэр бүрд хавсаргадаг болно. Нэхэмжлэгч Ц.Б-ыг ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийн төслийг аймгийн ЗДТГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн П.Н боловсруулж, шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хяналтын дагалдах хуудсаар аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Я.У-аар хянуулсан бөгөөд тус шийдвэрийн хяналтын дагалдах хуудас дээр Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Я.У нь “Төрийн албаны тухай хуулийн 11.1, 11.1.10 дахь хэсэг нэмэх” гэсэн тэмдэглэлийг хийсэн боловч Хүний нөөцийн мэргэжилтний хайхрамжгүй үйлдлийн улмаас хяналтын дагалдах хуудаст бичсэн хуулийн зүйл, заалтыг шийдвэрийн төсөлд нэмж бичихгүйгээр албан бланк дээр хэвлүүлж, шийдвэрийг албажуулж гаргуулсан байна. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын зүгээс илэрхий алдаатай шийдвэр гаргасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 хэсэгт заасны дагуу алдаагаа засварлаж аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 дугаартай шийдвэрийн захирамжлах хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, 11.1.10 дахь заалтыг тус тус нэмж, аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 захирамжийг шинэчлэн гаргаж, нэхэмжлэгчид гардуулсан болно.

Иймд хэргийг тал бүрээс нь бодитойгоор хянан шалгаж, нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Б нь аймгийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/91 тоот захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх Хэвлэл мэдээллийн албаны хэвлэл мэдээллийн ажилтнаар томилогдсон байдаг. Хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаалын статус нь Төрийн албаны тухай хуульд зааснаар улс төрийн албан тушаалтан юм. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар Улс төрийн албан тушаалтан болох хэвлэл мэдээллийн ажилтан, туслах гэх албан тушаалтнууд нь тухайн улсын төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд ажиллах чиг үүрэгтэй байдаг тул бусад албан тушаалтнаас онцлогтой байдаг. 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр Увс аймагт Ардчилсан нам болон бие даагчдын зүгээс ардчилал шударга ёс эвсэл байгуулж аймгийн Засаг даргаар Ардчилсан намаас сонгогдсон Ч.Чимэд томилогдсоноор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Б-ны бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон.

Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Б-ны бүрэн эрхийн хугацаа сонгуулийн үр дүнгээс шалтгаалан дуусгавар болсонтой холбоотойгоор түүний бүрэн эрхийн хугацаанд ажиллах чиг үүрэгтэй байсан Хэвлэл мэдээллийн албыг аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/91 дугаартай захирамжаар татан буулгаж хэвлэл мэдээллийн ажилтнаар ажиллаж байсан Ц.Б болон аймгийн Засаг даргын туслах зэрэг тухайн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд ажиллах чиг үүрэгтэй улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгосон байгаа.

Нэхэмжлэгчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт заасан заалтыг барьсан атлаа мөн хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтыг огт үндэслээгүй байна гэж тайлбар гаргасан. Энэ нь аймгийн Засаг даргын Тамгын газар захиргааны шийдвэр гаргах бүрдээ Захиргааны шийдвэрийн хяналтын дагалдах хуудас хавсаргадаг ба тухайн үед Ц.Быг ажлаас чөлөөлөх захиргааны шийдвэрт хяналтын дагалдах хуудсыг хавсаргасан байсан. Хяналтын дагалдах хуудас дээр хуулийн зөвлөгөө эрх зүйн системчлэл хариуцсан мэргэжилтэн болох миний бие Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг нэмэх нь зүйтэй гэж үзэж тэмдэглэл хийж өгсөн байдаг. Гэвч хүний нөөцийн мэргэжилтэн нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг захирамжийн үндэслэх хэсэгт заахгүйгээр гаргасан алдаа гаргасан учир захиргааны байгууллагын зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд зааснаар захиргааны байгууллага өөрийн алдаагаа засах эрхтэй гэж заасан заалтыг үндэслэн алдаа засаж Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10 дахь хэсгийг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 дугаартай захирамжийн захирамжлах хэсэгт нэмж гаргасан байдаг. Нэхэмжлэгч Ц.Б нь улс төрийн албан тушаалтан учраас аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Батсайхан даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноор түүнд үйлчлэх чиг үүрэгтэйгээр ажиллаж байсан хэвлэл мэдээллийн ажилтан болох Ц.Бын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох үндэслэл болсон гэж үзэж байна” гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 01-ний өдрийн Б/90 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан хэвлэл мэдээллийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн зүгээс “нэхэмжлэгч хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн байхад үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  ямар үндэслэлээр чөлөөлж байгаа нь тодорхойгүй, намайг 1 нас 11 сартай хүүхэдтэй байхад ажлаас чөлөөлсөн” гэж  марган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцов.

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “ Ц.Бын эрхэлж байсан албан тушаал нь улсын төрийн албан тушаал учраас Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10-т заасны дагуу хуульд нийцүүлэн захирамжаа гаргасан” гэж  тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Маргаан бүхий акт болох Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/90 дүгээр захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.4 дэх заалтыг тус тус үндэслэн Ц.Быг аймгийн Засаг даргын Хэвлэл мэдээллийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Б-ын хувьд анх Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 08 сарын 04-ний өдрийн Б/39 дугаар тушаалаар Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтнаар туршилтын хугацаагаар ажиллахаар болж 2017 оны 09 сарын 04-ний өдрийн Б/43 дугаар тушаалаар Засаг даргын тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны хэвлэл мэдээллийн ажилтнаар томилогджээ.

Увс аймгийн Засаг даргаас Төрийн албаны хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, 11.3-д заасныг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/315 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх Хэвлэл мэдээллийн албыг Хэвлэл мэдээллийн албаны дарга, Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч, хэвлэл мэдээллийн ахлах ажилтан, хэвлэл мэдээллийн ажилтан гэсэн таван орон тоотойгоор байгуулж, нэхэмжлэгч Ц.Б нь Увс аймгийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/21 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын хэвлэл мэдээллийн ажилтнаар томилогдон,Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллажээ.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т төрийн албыг төрийн улс төрийн алба, төрийн захиргааны алба, төрийн тусгай алба, төрийн үйлчилгээний алба гэж 4 ангилсан ба мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-т Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарахаар заасан ба мөн зүйлийн 11.1.9-т зааснаар бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын орлогч, 11 дүгээр зүйлийн 11.1.10-т зааснаар улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтны албан тушаал улс төрийн албан тушаалд хамаарахаар зохицуулсан байна.

Энэ ч утгаараа Увс аймгийн Засаг даргын зүгээс 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн А/315 дугаар захирамждаа Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, 11.3-д заасныг үндэслэн Засаг даргын дэргэдэх хэвлэл мэдээллийн албыг байгуулсан бөгөөд ажилтнуудын цалин хөлсийг аймгийн Засаг даргын тамгын газрын цалингийн сангаас биш хөрөнгө оруулалтын техник хяналтын зардлаас санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн Увс аймгийн Засаг даргын 2019 оны 05 сарын 20-ны өдрийн А/311 дугаар “Санхүүжилт хуваарилах тухай” захирамж,түүний хавсралтаар хөрөнгө оруулалтын техникийн зардлын санхүүжилтийн 30 хувийг хөрөнгө оруулалт,бүтээн байгуулалтын ажлыг олон нийтэд хүргэх,мэдээлэл сурталчилгаа болон хөрөнгө оруулалт,бүтээн байгуулалтын ажилтай холбоотой бусад зардалд зарцуулахаар үүнээс 45.000.000 төгрөгийг мэдээлэл сурталчилгааны албаны цалингийн зардал гэж төсөвлөн шийдвэрлэсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн эрхэлж байсан аймгийн Засаг даргын хэвлэл мэдээллийн албаны ажилтны албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10-т зааснаар төрийн улс төрийн албан тушаалд хамаарч байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэж заажээ.

Улс төрийн албан тушаалд хамаарах хэвлэл мэдээллийн ажилтны эрх зүйн байдлыг хуулиар тусгайлан тогтоогоогүй байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10-т заасны дагуу түүний ажиллах хугацааг аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаатай адил тооцох үндэслэлтэй юм.

Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргын хэвлэл мэдээллийн ажилтнаар ажиллаж байгаа ажилтны ажлын байрыг байнгын ажлын байрт тооцохгүй тул нэхэмжлэгчийн “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  ямар үндэслэлээр чөлөөлж байгаа нь тодорхойгүй, намайг 1 нас 11 сартай хүүхэдтэй байхад ажлаас чөлөөлсөн” гэж маргаж буй нь үндэслэлгүй байна.

Иймд  нэхэмжлэгчийн “Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 01-ний өдрийн Б/90 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хариуцагчаас “ Ц.Б-ыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийн  төслийг хянахад хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Я.У нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.10 дахь хэсгийг нэмэх гэсэн саналыг тусгаагүй шийдвэрийг албажуулсан тул Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасны дагуу алдаагаа засварлаж аймгийн Засаг даргын 2020.12.01-ний өдрийн Б/90 дугаартай шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.10 дахь хэсгийг нэмж шинэчлэн гаргасан “ талаар тайлбар гарган  өөрчилж гаргасан захирамжийн хувийг хэрэгт хавсаргуулсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т “захиргааны актын бичилт болон тооцооны алдаа,түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт,утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэжээ.

Хариуцагчаас хүний нөөцтэй холбоотой захиргааны шийдвэр нь маргаан бүхий байхад хуулийн холбогдох заалтыг орхигдуулсан гэсэн үндэслэлээр захиргааны актыг дахин өөрчилж гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй ба хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 01-ний өдрийн Б/90 дугаартай захирамжийг маргаан бүхий актаар тооцоогүйг тэмдэглэв.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.                                                                                                                  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.10, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын шүүхэд гаргасан “Увс аймгийн Засаг даргын 2020 оны 12 сарын 01-ний өдрийн Б/90 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ