Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 488

 

 

 

 

 

 

 

 

Н.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/04096 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.Т-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Ц-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг, хохиролд нийт 3 000 ам.доллар буюу 7 336 980 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

           

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Ц- нь 2007 оны 12 дугаар сарын 24-ны өдөр надад 31 717 ам.доллар олж өгөөч би алтны ордныхоо лицензийн төлбөрийг төлмөөр байна3 гэхэд өөрийн найз М.Балжиннямаас 1 717 ам.долларыг сарын 8 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар зээлэн авч Ц.Ц-ы алтын ордны газрын лицензийн төлбөрт ашигт малтмалын газрын дансанд хийж төлбөр төлсөн баримтыг Ц.Ц-д өгсөн. Ц.Ц- өөрийн компанийхаа албан бланк дээр зээлсэн мөнгөө хэрхэн төлөх талаар баталгаа, гэрээг надад өгсөн. Ц.Ц- ярихдаа би энэ ордыг худалдаад таны н.Балжиннямаас зээлсэн мөнгийг үнийн 10 хувьтай тэнцэх урамшууллын хамт өгнө гэж амласан юм. Гэтэл гэрээнд заасан хугацаандаа зээлсэн мөнгөө төлөөгүй. Харин би түүнд өгсөн лицензийн төлбөр төлсөн баримтыг ашиглан 1 717 ам.долларыг хувьдаа 2008 оны 12 дугаар сарын 23-нд авсан байсан. 2009 онд Ц.Ц-тай уулзаж өгсөн мөнгөө нэхэхэд авсан мөнгийг төлж өгнө гэсэн боловч өгөөгүй, 2010-2015 онуудад төлбөрөө өгөөгүй. 2010 онд Баянгол дүүргийн шүүхэд мөнгөө нэхэмжилж өргөдөл өгөхөд Ц.Ц- олдохгүй байна гэдэг хариу өгсөн. 2016 онд дахин шүүхэд хандаад эрэн сурвалжлах тухай шийдвэр гарсан. Цагдаагийн байгууллага 2016 оны 1 сард одоогийн хаягыг олж өгөөд би очиж уулзсан боловч одоо болтол төлбөрөө төлөөгүй байна. Иймд н.Балжиннямаас түүнд зээлж авч өгсөн 1 717 ам доллар, түүний хүү алданги бүгд 3 000 ам.долларыг гаргуулж өгнө үү. Анх өгсөн 1 717 ам.доллар, түүний алданги 858.5 ам доллар, дээр нь хүнээс зээл аваад төлсөн хүүг нэмээд 3 000 ам.доллар болж байгаа. Үүнийг хэрэгт байгаа ам.долларын ханшаар тооцож нэхэмжилнэ. Монгол мөнгө авсан гэж байгаа боловч би ашиг малтмалын газрын касс дээр доллар төлсөн. Албан бичиг дээр зээлийг удаана гэж ойлгоогүй тул төгрөгөөр бичсэн гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2003 оноос Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт алтны шороон ордны лиценз эзэмшиж байсан бөгөөд 2007 оны лицензийн ээлжит төлбөр болох 2 080 000 төгрөгийг 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Н.Т- гуайгаар төлүүлсэн. Уг лиценз нь голын эрэг дагуу голдиролын дотор, мөн төлбөр хоцроож хийсэн гэх шалтгаанаар цуцлагдсан юм. Лиценз цуцлагдаж хураагдсанаас хойш бизнесийн үйл ажиллагаа зогсож түүнчлэн орлогогүй болж маш их эрсдэл хүлээн хэцүү байдалдтай амьдарч байгааг маань Н.Т- гуай өөрийн нүдээр харж уулзаж учирсан. Амьдралын төвшин дордож чадвар боломжгүй байгаа байдлыг маань харгалзаж үзнэ үү. Зээлсэн 2 080 000 төгрөгийг ямар нэг байдлаар төлөхийг зөвшөөрч байна. Харин хүү, алдангийг төлөх боломж чадваргүй. Би нэхэмжлэгчээс 2 080 000 төгрөг авсан. Энэ нь тухайн үеийн ханшаар 1 717 ам.доллар болох бөгөөд лицензийн төлбөрийг доллараар төлдөг тул доллар болгож тушаасан. Иймд 3 000 ам.долларыг төлөх үндэслэлгүй. Би тухайн үед бага багаар мөнгө өгч байсан боловч баримт алга. Иймд хүү, алданги зэргийг өгсөн бөгөөд үндсэн 2 080 000 төгрөг төлөхөд татгалазахгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Ц.Ц-аас 2 080 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 256 980 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 48 320 төгрөг гаргуулж, улсын орлого болгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Т- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “... Ц.Ц- нь “Марко трейд” ХХК-ийн албан бланк дээр зээл төлөх талаарх баталгаа гэх баримт нь зээлийн гэрээ юм. Харин шүүх энэхүү баримтыг зээлийн гэрээ биш гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар зээлийг буцаан шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь буруу болсон. Учир нь Ц.Ц- нь 2007 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийг авсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байхаар заасан байна. Мөн миний бие 2010 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн шүүхэд, 2012 онд Хан-Уул дүүргийн шүүхэд Ц.Ц-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Ингээд эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ч тодорхой хаяггүй гээд хүлээн аваагүй. Ц.Ц- нь шүүх хуралдаан дээр надад бага багаар мөнгө төлж байсан гэж тайлбарласан боловч мөнгө өгч байсан гэх нотлох баримт байхгүй гэдгээ хүлээсэн. Надад нэг ч төгрөг өгч байгаагүй. Шүүх нэхэмжлэгч нь М.Балжиннямаас зээл авч Ц.Ц-ы алтны газрын лицензийн төлбөрийг төлсөн гэж бичсэн байна. М.Балжиннямаас мөнгө зээлж авах тухай гэрээ хэрэгт авагдсан, харин гэрээгээр мөнгө бодит байдлаар олгогдсон, гэрээний дагуу хүү, алданги төлсөн гэх баримтууд авагдаагүй байна гэжээ. М.Балжинням 25-ны өдөр ашигт малтмалын газарт мөнгийг надад өгөхөд нь Ц.Ц-ыг дэргэдээ байлгаж байгаад тус газрын дансанд бэлнээр тушааж, эх баримтыг нь Ц.Ц-д өгсөн. Ц.Ц- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас миний бие М.Балжиннямд 1 123 200 төгрөг төлсөн. Уг мөнгөний алданги болох 561 600 төгрөг, үндсэн зээл 2 080 000 төгрөг, нийт 3 764 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

                                     

            Нэхэмжлэгч Н.Т- нь зээлийн гэрээний үүрэг, хохиролд нийт 3 000 ам.доллар буюу 7 336 980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            2007 оны 12 сарын 24-ний өдөр хариуцагч Ц.Ц- нь нэхэмжлэгч Н.Т-гаас 2 080 000 төгрөгийг зээлдэж авсан байх бөгөөд тэрээр буцаан төлөөгүй нь зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ бусдаас 1 717 ам.долларыг, 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдэн авч Ц.Ц-д зээлдүүлсэн тул хүү, алдангийг хохирлын хамт нэхэмжилнэ гэх боловч талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хүү, алданги төлөх талаар бичгээр тохиролцоогүй байх тул энэхүү шаардлага үндэслэлгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

            Хэдийгээр талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч хариуцагч Ц.Ц- нь 2 080 000 төгрөг зээлдэн авсан, түүнийг төлөх талаар тайлбар гаргасан ба нэхэмжлэгч нь хариуцагчийг үүргээ зөрчсөнөөс хохирол учирсан гэдгийг баримтаар нотлоогүй тул хариуцагчаас 2 080 000 төгрөг гаргуулж нэхэмжлгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасантай тус тус нийцнэ.

 

            Зээлийн гэрээний харилцаа 2007 онд үүссэн боловч хариуцагч Ц.Ц- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээ байгуулсанд маргаагүй бөгөөд зээлдэж авсан 2 080 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “... хариуцагч Ц.Ц- нь “Марко трейд” ХХК-ийн албан бичгээр хүү, алданги төлөхийг зөвшөөрсөн” гэсэн боловч хэргийн 9 дүгээр талд байгаа дээрх баримтаас үзвэл М.Балжиннямаас 2 080 000 төгрөгийг, 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдэж авсан, 0,2 хувийн алданги төлөхөөр дурдсан байх бөгөөд нэхэмжлэгч Н.Т-д хүү, алданги төлөх утгыг агуулаагүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болно.  

 

            Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/04096 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

              

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ

           ШҮҮГЧИД                                                    С.ЭНХТӨР

                                                                               Г.ДАВААДОРЖ