Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/07

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч О.Доржмаа,

шүүгдэгч Г.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Гансүхийн Билгүүнд холбогдох эрүүгийн 2210000001196 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой уул уурхайн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхоны 102 дугаар байрны 67 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Гансүхийн Билгүүн, (.................)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Билгүүн нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Мишээл экспо төвд үйл ажиллагаа явуулдаг Омни нэртэй баарны үүдэнд Я.Төртулгын нүүрэн тус газарт нь гараараа цохих байдлаар зодож, эрүүл мэндэд нь баруун дээд 2,3-р шүдний булгаралт, уруулд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Г.Билгүүн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

          Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Я.Төртулга мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр миний найзын хурим болоод хуримаа тараад Билгүүн, Цэндбаатар, Норовбал нарын хамтаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Омни нэртэй бааранд үйлчлүүлж байгаад тухайн бааранд Билгүүн намайг гадуур өмсөж байгаа хувцсаа өгчих, ах нь тусгайгийн залуутай зодолдоно гэх мэтийн зүйл яриад байхаар нь би ахаа, тэгж болохгүй гээд хэлсэн чинь чи юу гээд байгаа юм гээд Мишээл экспо төв дотор миний нүүрэн тус газар 2 удаа цохиж миний 3 шүдийг хугалсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн” гэх мэдүүлэг...” (хавтас хэргийн 17-18 дахь тал)

 

Гэрч Э.Цэндбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 23-ны орой найз Батзоригийн хурим дээр очиж байж байгаад тарахаар нь найз Билгүүн, Төртулга нарын хамтаар Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Омни нэртэй бааранд үйлчлүүлж байгаад баарнаас гарахаар болоод шөнө 03 цагийн орчим баарны гадаа зогсож байгаад танихгүй хүнтэй юм ярьж байгаад эргээд харсан чинь Билгүүн Төртулгын нүүр рүү цохиж байсан. Төртулга газарт унахад тэнд байсан танихгүй хүмүүс салгаж байсан...” (хавтас хэргийн 22-23 дахь тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10-р сарын 04-ний өдрийн шинжээчийн 13430 дугаар “...Я.Төртулгын биед баруун дээд 2,3-р шүдний булгаралт, уруулд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги 10%-аар алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 25-26 дахь тал) гэсэн дүгнэлт

 

Яллагдагчаар Г.Билгүүн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би тогтоолтой уншиж танилцсан яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Я.Төртулгад учирсан гэмтлийг миний бие учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...хохирол нийт 410.000 төгрөг өгсөн...” (хавтас хэргийн 40-41 дэх тал) гэсэн,

          Шүүгдэгч Г.Билгүүний хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 45-49 дахь тал)

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 50 дэх тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

          1. Шүүгдэгч Г.Билгүүн нь 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Мишээл экспо төвд үйл ажиллагаа явуулдаг Омни нэртэй баарны үүдэнд Я.Төртулгын нүүрэн тус газарт нь гараараа цохих байдлаар зодож, эрүүл мэндэд нь баруун дээд 2,3-р шүдний булгаралт, уруулд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Билгүүн, хохирогч Я.Төртулга нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №13430 дугаартай дүгнэлт зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Я.Төртулга эрүүл мэндэд нь “...биед баруун дээд 2,3-р шүдний булгаралт, уруулд шарх, цус хурал...” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги 10%-аар алдагдуулах гэмтлийг шүүгдэгч Г.Билгүүн түүний нүүр хэсэг рүү нь гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Билгүүн, хохирогч Я.Төртулгын эрүүл мэндэд нь “...биед баруун дээд 2,3-р шүдний булгаралт, уруулд шарх, цус хурал...” бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги 10%-аар алдагдуулах хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Билгүүний дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Билгүүн нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

          2. Шүүгдэгч Г.Билгүүн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...шүүгдэгч Шүүгдэгч Г.Билгүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” гэх саналыг шүүхэд гаргасан.

 

          Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 45-49 дэх тал), прокурорын гаргасан санал дүгнэлтийг шүүх харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж тодорхойлжээ.

 

Иймээс шүүгдэгч Г.Билгүүний эдлэх 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Г.Билгүүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Я.Төртулгын эрүүл мэнд биед баруун дээд 2,3-р шүдний булгаралт, уруулд шарх, цус хурал бүхий Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги 10%-аар алдагдуулах хөнгөн  хохирол учирсан ба хохирогч нь гэмтэлтэй холбоотой эмнэлгийн үйлчилгээ, шинжилгээ үйлчилгээ зэрэг баримт мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргаагүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2210000001196 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган, шүүгдэгч Г.Билгүүн нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Гансүхийн Билгүүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Билгүүнийг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Билгүүний эдлэх 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялыг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгчид сануулсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Билгүүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ