Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
Хэргийн индекс | 187/2022/0719/Э |
Дугаар | 2022/ШЦТ/718 |
Огноо | 2022-10-28 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | О.Доржмаа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/718
2022 10 28 2022/ШЦТ/718
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа тэмдэглэл хөтлөн,
улсын яллагч О.Доржмаа,
хохирогч нарын өмгөөлөгч Б.Бадамжаргал,
шүүгдэгч Т.Ч нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М*** овгийн Т.Ч-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210013580846 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М*** овгийн Т.Ч нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, С** плаза төвд зөөгч ажилтай, ам бүл * хамт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, ** хотхоны H6 байрны ** тоотод оршин суух хаягтай, ******** регистрийн дугаартай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).
Т.Ч нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” нэртэй караоке дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ю.Л, Ц.О нартай маргаан үүсгэж, улмаар Ю.Л, Ц.О нарын биед халдан зодож, Ю.Л-ын эрүүл мэндэд тархи доргилт, хамарт язарсан шарх, зулай, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, Ц.О-ын эрүүл мэндэд тархи доргилт, дээд, доод уруул, баруун хацар, зүүн гарын ядам хурууны зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын завжинд цус хуралт, язарсан шарх, дээд зүүн 2 дугаар шүдний эмтрэл, 2 гарын шуу, зүүн бугалга, цээж, хэвлий, зүүн гарын ядам хуруунд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулж, нийт 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Т.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай нэг найз Н бармен хийдэг, тэрний караокед очоод уусан, нэг ах гарч ирсэн, тооцоо нь уншуулж болохгүй байсан, тооцоо нь уншихгүй байна гэхэд тэнэг бацаан гээд намайг хойш татсан, карт нь болохгүй, пос нь болж байсан, нэлээн согтуу байсан, намайг түлхээд самардаад тэнэг бацаан муудалцлаа гэсэн, би уур хүрээд О-ыг гэдэс рүү өшиглөсөн, түүнээс Л-ыг дотор байхад цохиж зодоогүй, намайг авч гараад цагдаа ирээд аваад явсан, би тэр хүнийг мэдэхгүй, өрөөнөөс гарч ирээгүй, гар хүрээгүй гэв.
Эрүүгийн 2210013580846 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Ц.О-ын эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийн баримтууд.
1.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 03:49:36 цагт “хүмүүс зодолдоод асуудал үүсгэлээ” гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),
1.2 Хохирогч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өдөр өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн ** хороо В** караокед 21 цагийн үед байхаа А** ХК-ийн ажилчин болох гүйцэтгэх захирал С, хүний нөөцийн дарга О, эдийн засагч Г, техникийн албаны дарга Л, дотоод хяналтын дарга Б, үйлдвэрийн дарга А бид нар орж караокены өрөөнд орж үйлчлүүлсэн. Бид хэд үйлчлүүлж байхад 00 цагийн үед О, Г хоёр гэр лүүгээ яваад өгсөн бөгөөд 01 цаг өнгөрч байхад захирал С бас гэр лүүгээ явсан юмаа. Караокед Б, А, Л бид дөрөв үлдээд үргэлжлүүлж сууж байхад хаалгаар хүмүүс шагайгаад яваад байсан ба А өрөөнд тасраад унтаж байсан бөгөөд 03 цагийн үед Л, Б бид гурав тооцоо хийх гээд текэн дээр очоод би картаа уншуулах гэхэд пос машин уншихгүй байхад нэг танихгүй залуу ирээд Л-той хэрүүл маргаан хийгээд карт уншихгүй байсан чинь та нар мөнгөгүй байгаа юм уу, Л-г чи хужаа байна ш дээ гэхээр нь наад хүн чинь Монгол хүн гэж хэлээд би тооцоогоо хийх гээд явж байсан. Б интернэт банкаар мөнгө шилжүүлэх гээд кодоо блоклосон. Тэгэхэд Л цагдаад дуудлага өгөхөд цагдаа нар ирээд Л-ыг аваад явсан хойгуур Б бид хоёр тооцоогоо хийх гээд байж байхад нөгөө залуу гэнэт гарч ирээд текний хажууд хэл амаар доромжлоод хужаагийн янхан гээд үсдээд нүүр ам руу цохиод газар унагаад өшиглөөд дэвсэхээр нь айгаад их сандарсан байсан учраас яаж салаад гараад явсан талаараа мэдэхгүй, нэг мэдэхэд зам дээр такси барих гээд зогсож байхад А гарч ирээд хамт явсан. Б-ыг хэзээ, яаж явсан талаар нь мэдэхгүй байна. Нэлээн согтуу байсан. ...Би текэн дээр тооцоо хийх гээд байж байхад Л-той тэр залуу маргалдаад байсан. Цохиж, зодолдсон талаар нь огт хараагүй. Би караокены өрөөнд нэг хэсэг унтаж байгаад босож ирсэн. Унтаж байх хооронд цагдаа ирээд явсан гэж байсан. Унтаж байгаад сэрсэн учраас бүх зүйлийг сайн санаж байна. Л, Б нарыг хэр их согтолттой байсныг мэдэхгүй байна. Бид гурав ямар ч байсан инээлдээд тооцоо хийх гэж гараад энэ асуудал үүссэн. ...Гомдолтой байна, зодуулснаас болж гэмтлийн эмнэлэгт долоо хоног хэвтсэн, ямар нэгэн яс хугарсан зүйл байхгүй, зөөлөн эдийн гэмтэлтэй байсан, ажилдаа 14 хоног яваагүй өвчтэй байсан, холбогдох баримтыг гаргаж өгнө. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),
1.3 Гэрч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 17 цагт В ажил дээрээ байж байхад утсаар ярьж караокены өрөө захиалаад 21 цагийн үед8 хүн орж ирээд үйлчлүүлж байхад 2 эгч эхний тооцоогоо хийчхээд энэ хүмүүс удахгүй 2 цаг орчим болоод гарчих байхаа гээд яваад өгсөн. Үлдсэн хүмүүс нь цаг сунгуулаад дахиад уух юм авсан, 5 хүн үлдсэн байсан санагдаж байна. Манай караокед найз Ч 23 цагийн үед ирээд текэн дээр суугаад архи ууж байхад нөгөө хүмүүсийн нэг ах нь текэн дээр ирээд манай тооцоо хэд болсон юм гэхээр нь биллийг нь гаргаж өгөөд харуулсан чинь наадхаа бичээд өг гэхээр нь бичээстэй байна ш дээ ахаа гэж хэлсэн чинь чи муу яаж харьцаад байгаа юм гээд текэн дээр байсан электрон тамхи, малгай болон гарт нь таарсан юмнуудаа над руу авч шидээд зүй бусаар үгээр доромжлоод надтай 20-30 минут маргалдаад байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгөхөд ирээд гэмт хэргийн зөрчилгүй байна гээд явсан. Тэр хүмүүс өрөөндөө цаг хэртэй болоод уух юмнуудаа дуусаад бүгд гарч ирээд 2 хүн интернэт банкныхаа нууц дугаарыг мэдэхгүй байна гээд нэг эмэгтэй хүнийх нь карт нь уншихгүй, бас нэг хүн мөнгөгүй байна гэж байсан. Би гарсан тооцоог нь хэлж тайлбарлаад сүүлд нэмж авсан зүйлүүдийг хэлэхэд ойлгохгүй байсан бөгөөд найз Ч цаад өрөөнд сууж байгаад гарч ирээд нөгөө хүмүүст тооцоог нь тайлбарлаж өгсөн чинь текэн дээр маргалдаад байсан нүдний шилтэй ах Ч-тай маргалдаад элдвээр хэлээд байхаар нь амнаас чинь өмхий үнэртээд байна гэж хэлсэн чинь Ч-ыг мангасдахад сууж байсан сандалтайгаа унаад босож ирээд нөгөө ахыг зөрүүлээд хавирч газар унагаад зандахаар нь би текний араас гарч ирээд салгаад тооцоогоо хийгээд эсвэл барьцаанд юм үлдээгээд явчих аа гэхэд намайг сонсохгүй Ч-тай нөгөө нүдний шилтэй ах маргалдаж байгаад цагдаад дуудлага өгөхөд цагдаа нар ирээд нөгөө нүдний шилтэй ахыг аваад явсан. Тэгээд явсныхан дараа нэг эгч миний карт болон гар утас алга болчихлоо гээд элдвээр хэлээд миний карт алга болчихлоо хулгай гээд байсан, нэг ах ь өрөөнөөс огт гараагүй, маргаанд оролцоогүй, тэр хүнээ үлдээгээд нэг эгч, ах хоёр гарахад Ч хамт гарсан байхаар нь тооцоогоо хийхгүй явчихлаа гээд сандраад араас нь гараад нэг ахтай нь тооцоогоо хий гээд яриад байж байхад нөгөө эмэгтэйтэй Ч маргалдаад байхаар нь хараад тэр эгч газар явган суусан, Ч шилэн хүзүү дээр нь дарсан чи, энэ хужаагийн эрхтнийг хөхдөг юм уу гэхэд нөгөө эгч тийм ээ гээд байж байхаар салгаад Ч-ыг аваад караоке дотор ороход нэг ах тасарсан унтаж байхаар нь сэрээгээд танай хэд яваад өглөө тооцоогоо хийхгүй явсан гэхэд ах нь интернэт банкны кодоо буруу хийгээд блоклоод хаячихлаа гэхээр нь утасны дугаарыг аваад явуулчхаад хэсэг хугацааны дараа Ч-ыг таксинд суулгаад явуулсан чинь цагдаагаас залгаад дуудахаар нь Ч-тай хамт очиж мэдүүлэг өгсөн. ...Ч нүдний шилтэй ахыг хавирч унагаахыг хараад очоод салгасан, би текэн дээр карт уншуулах гээд байж байсан болохоор цохисон үгүйг хараагүй. Тэгээд очиход нөгөө ах газар уначихсан Ч зандсан байхаар нь салгахад тэр ахын нүдний шилтэй хамрынхан хажуу талд жоохон шалбарсан харагдаж байсан. Нүдний шилнийхэн хамран дээр байдаг тулгуур нь хамрыг шалбасан байх. ...Би хараагүй, нэг ахаас нь тооцоогоо асуугаад зогсож байхад Ч тэр эгчтэй маргалдаад байхаар нь очиход газар суусан шилэн хүзүү дээр нь Ч гараараа дарсан байдалтай байхаар нь салгасан. Цохиж, гар хүрсэн талаар нь хараагүй, надтай юм яриад зогсож байсан ах харсан байх, би эсрэг тийшээ хараад зогсож байсан. ...Би цохиж, зодолдож, хүнд гар хүрсэн зүйл огт байхгүй. ...Ч-тай 2021 оны өвөл танилцаж байсан. Миний хуучин ажиллаж байсан газар орж ирж үйлчлүүлдэг байсан бөгөөд энэ караоке дээр ажиллаж байхад найз нартайгаа орж ирээд дараа ирнэ гээд миний утасны дугаарыг аваад тус өдөр над руу яриад ганцаараа ирсэн. ...Манай В-д хяналтын камер байдаг. Маргааш засвар хийнэ гээд 00 цагаас хаах байсан бөгөөд засвар хийх гээд хяналтын камерыг нь салгасан байсныг нь сүүлд мэдсэн. Нэмж ярих зүйл байхгүй, хэлсэн ярьсан зүйл үнэн. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),
1.4 Шүүгдэгч Т.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: Би 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө ВХ нэртэй караоке дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үнэн бөгөөд тухайн хүмүүс тооцоогоо хийгүй асуудал үүсгээд байхаар нь шаардлага тавиад ууж идсэн юм бол тооцоо төлбөрөө хийчихэд яадаг юм бэ гэсэн чинь Л гэх хүн намайг чи чацааг минь дуугай бай гээд намайг гараараа цохисон юм. Тэгээд унахад О гэх эгч намайг салгаад аваад гарсан юм. Тэгээд гадаа тэр эгч над руу агсан согтуу тавиад байхаар нь би түлхсэн чинь тэр эгч унаад өгсөн юм. Тэгэхээр нь ганц, хоёр өшиглөсөн юм. Би гэм буруу дээрээ маргаан байхгүй бөгөөд бусдад учруулсан хохирлоо барагдуулах болно. ...Бүгд согтуу байсан, гэхдээ болсон зүйлийн талаар санаж байна. ...Л, О нарын эрүүл мэндэд гэмтлүүдийг би учруулсан байгаа. Би хохирлоо барагдуулах болно. Гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Би анх удаагаа гэмт хэрэгт холбогдож байна. ...Би бусдад учруулсан хохирлоо барагдуулаагүй байгаа. Баримтын хэмжээнд барагдуулах болно. Би хүүхдийн зууд Сөүл плаза төвд зөөгч хийж байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл бүгд үнэн. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас),
2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: Прокурорын тогтоолтой уншиж танилцсан, хүлээн зөвшөөрч байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 129 дүгээр хуудас),
Хэсэг газрын үзлэгт: Дээд, доод уруул хавдсан, дотор салстад цус хурсан, язарсан шархтай, дээд зүүн 2-р шүдний ирмэг ташуу эмтэрсэн, баруун шуунд 3х2см, 4х1.5см, зүүн шуунд 7х3см, 5х4см, 6х3см, зүүн бугалганд 8х2см, цээжний зүүн дээд хэсэгт 3х2см, хэвлийн зүүн хажуу хэсэгт 4х2см хөх өнгийн цус хуралттай, баруун хацар хавдсан, баруун тохойд 2х1см өнгөц зулгаралттай, зүүн гарын ядам хуруу хавдсан, улаан өнгийн цус хуралттай, хөдөлгөхөд эмзэглэлтэй.
Дүгнэлт:
1. Ц.О-ын биед тархи доргилт, дээд, доод уруул, баруун хацар, зүүн гарын ядам хурууны зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулын завжинд цус хуралт, язарсан шарх, дээд зүүн 2-р шүдний эмтрэл, 2 гарын шуу, зүүн бугалга, цээж, хэвлий, зүүн гарын ядам хуруунд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр, 2022 оны 05 дугаар сарын 25-ны 03 цагийн үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
/шинжээч эмч С.Чулуунсүх/. ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас),
2. Ю.Л-ын эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд.
2.1 Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 03:49:36 цагт “хүмүүс зодолдоод асуудал үүсгэлээ” гэх дуудлага бүртгэгдсэн тухай лавлагаа (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),
2.2 Хохирогч Ю.Л-ын мөрдөн шалгах ажиллагаанд өдөр өгсөн: Би 2022 оны 05 дугаар сарын 24-өөс 25-ны шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11-р хороо, В дотор үйлчлүүлэхээр ажлын газрын О, А, Б, О, Г нарын хамт ороод үйлчлүүлж байхад О, Г, С нар хэсэг хамт байж байгаад түрүүлээд яваад өгсөн. Тэгээд О, А, Б бид дөрөв үлдээд нэмж ус, ундаа, архи захиалаад караокены өрөөндөө сууж байгаад би халууцаад өрөөнөөс гарсан чинь текний урд нэг залуу сууж байсан бөгөөд намайг хужаа гээд доромжлохоор нь маргалдаад байж байхад цагдаа хүрээд ирсэн, хэн цагдаа дуудсан талаар мэдэхгүй, ямар нэгэн зодоон, цохион болоогүй, би буцаад өрөөндөө орж дуулж байгаад тооцоогоо хийх гээд Б, О, бид гурав гарсан, А унтаж байсан. тэгсэн текний урд сууж байсан залуу дахиж надтай маргалдаад тооцоогоо хийж чадахгүй гээд О-ыг хужаагийн авгай гэх мэтчилэн үгээр доромжилж байгаад миний нүүр рүү 52-3 удаа цохиход унаад тэр залуутай зууралдаж байгаад салаад өрөөндөө ороод би цагдаад дуудлага, мэдээлэл өгөхөд цагдаа ирээд намайг авч явах гэхэд манай хоёр намайг явуулахгүй гээд зууралдсан, тэгээд би цагдаатай хамт яваад эрүүлжүүлэгдсэн. ...Надад учирсан гэмтлийг текний урд сууж байсан, анх надтай маргалдаад байсан залуу нүүр, толгой руу цохиж учруулсан. ... Би тухайн залуутай маргалдсан, зууралдаад түлхсэн зүйл байгаа. Харин цохиж, зодсон зүйл огт байхгүй. ...Миний согтолтын зэрэг хэвийн байсан, болсон зүйлийн талаар сайн санаж байна. ...Намайг цагдаа аваад явсны дараа О-ыг нөгөө залуу цохиж, зодсон юм шиг байна лээ. Нэг газар нуугдаж байгаад цагдаа явсны дараа гарч ирсэн. Нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйлүүд үнэн. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),
2.3 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №7710 дугаартай дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Хамрын зүүн хажуу хэсэгт 0.6х0.1см язарсан шархтай, 3х2см улаан өнгийн цус хуралттай, зүүн нүдний дээд зовхины дотор хэсэгт улаан өнгийн цус хуралттай, зүүн нүдний доод зовхи, зулайн зүүн хэсгийн хуйх бага зэрэг хавдсан.
2022 оны 05 дугаар сарын 26-ны Медтравм эмнэлгийн толгойн КТГ хариунд: Гавал ясанд гэмтэлгүй, тархины эдэд голомтот өөрчлөлтгүй, ховдлууд хэвийн, гол бүрдэл хазайлтгүй, зүүн нүдний ухархайн дотор хана цөмөрсөн хуучин хугаралтай, хамар ясанд хуучин хугаралтай, таславч баруун тийш мурийлттай, 2 талын дух болон хоншоорын хөндийн салст зузаарсан, зүүн зулай хэсгийн хуйхан дор болон зүүн нүдний доод зовхины зөөлөн эдэд бага зэргийн хавантай.
Дүгнэлт:
1. Ю.Л-ын биед тархи доргилт, хамарт язарсан шарх, зулай, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр 2022 оны 05 дугаар сарын 25-ны 03 цагийн үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
/шинжээч эмч С.Чулуунхүү/. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 50--51 дүгээр хуудас),
3. Бусад баримтын талаар:
3.1 Гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өөрийн ажлын хамт олонтой Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ВХ-т 20 цагийн үед орсон байх. Бид тэндээ дуулаад шөнийн 03 цагийн үед тооцоо хийх үед тухайн газрын пос машин ажиллахгүй байсан. Тэгэхэд нэг залуу манай ажлын залуу Л-ыг хотод хятад хажууд явсан О-ыг Хятадын янхан гэх мэтээр дуудаад, бид тухайн залууд боль бид монголчууд байна гэхэд зогсохгүй хэл амаар доромжлоод байсан. Би тэр залууг миний дүү тэгж болохгүй гэхэд хэлсээр байсан.
Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Маргааш нь би гэртээ сэрсэн. ...Тухайн үед миний архи гараагүй байсан. Өглөө босоход уруулын дотор жижиг шалбархай байсан учраас би мэдүүлэг өгөхдөө цохиулсан юм байх гэж бодоод мэдүүлгийг өгсөн. Би өөрөө унаж юм мөргөсөн ч байж магадгүй, би урьд өдөр нь буюу 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан учраас зарим зүйлийг санахгүй байсан. ... Миний хувьд шүүх эмнэлэгт үзүүлэхээр гэмтэл байгаагүй учраас би үзүүлээгүй. ...Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 126 дугаар хуудас),
3.2 Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 75 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 70 дугаар хуудас), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас), болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М*** овогт Т.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М*** овогт Т.Ч-ыг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Ч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ч-аас 1,376,130 (нэг сая гурван зуун далан зургаан мянга нэг зуун гуч) төгрөгийг гаргуулж хохирогч Ю.Л-д 130,000 (нэг зуун гучин мянга) төгрөг, Ц.О-д 1,246,130 (нэг сая хоёр зуун дөчин зургаан мянга нэг зуун гуч) төгрөгийг тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч нарын нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.О, Ю.Л нар гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардалд нэхэмжилсэн цалин хөлсийг бусад холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Ч-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА