| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2022/0858/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/15 |
| Огноо | 2022-12-26 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Чинзориг, шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Б.Баттөр, хохирогч С.*******, түүний өмгөөлөгч Л.Бурмаа, нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 2203005760550 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Рашаант суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнсний эрүүл ахуйн инженер мэргэжилтэй, “*******” ХХК-д үйлдвэрийн менежер ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *******, ******* байрны ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ******* овгийн *******ы ******* /РД: *******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 09 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн гудамж, “Хос-Өргөө” хотхоны хойд замд “Хонда Фит” загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх заалт “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч-д .../...зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.*******г мөргөж, улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг:
Хохирогч С.*******: “...2022 оны 09 дүгээр сарын 19-ний өгөө даралтаа үзүүлээд эмнэлэг рүү явсан, гарцаар гарч байгаад машин ирэхийг харсан. Саарал өнгийн приус загварын машиныг өнгөрөөгөөд замаар гарсан. Тухайн үед хол зайтай машин ирж байсан. Гарц өнгөрөөд гарах гэж байхад ардаас мөргөсөн. Намайг газар 4 хөллөөд байж байхад та босооч ээ гэж хэлсэн. Би түргэн дуудаач гэхэд уддаг юм аа гээд машинд оруулсан. Машинд суугаад гэмтлийн эмнэлэг явах тэр хугацаанд би их зовсон. Шүүгдэгч намайг эмнэлэгт байж байхад машины урдуур гүйгээд орж ирсэн гэж ярьсан. Би хэд хоногийн дараа өвдөлтийн шокноос гарч хэргийн газар очиж энд ингэж мөргүүлсэн гэж хэлсэн. Шүүгдэгч намайг эмнэлэгт хэвтэж байхад тоохгүй, алга болсон, би нэг удаа ууртай утсаар ярьсан, намайг эргэж тойроогүй, утсаар яриагүйд их гомдолтой байна. Би хүүхдүүддээ утсаар яриарай, эмчилгээ хийлгэнэ гэж хэлээрэй гэхэд хүүхдүүд яриад мөнгө байхгүй гэж байна гэж хэлсэн. Би насан туршдаа хүүхдүүддээ зовлон боллоо. Би нэг хүүхдээ ажилгүй болгочихлоо. Би гомдолтой байна. Би санаатай мөргөчихлөө гэж хэлээгүй. Давсагны өвчин хэцүү байна. Үргэлж шээс гоожиж байна. Шинжилгээ өгөхөд мэс засал хийх шаардлага байхгүй, аяндаа засарвал засарна, үгүй бол үгүй гэж хэлсэн. Мөн мөнгөгүй болоод MRI шинжилгээ хийлгэж чадаагүй. Зүрх судасны эмч олон эмч бичиж өгсөн. Тэр болгоныг авч чадаагүй. Шүүгдэгчид их гомдолтой байна. Намайг орж ирэхэд сайн уу эгч ээ гэж дуугарахгүй байна. Энэ хэргээс болж миний охин ажилгүй болсон. Намайг асарч байх хооронд ажлаас нь халсан. Ажилгүй байсан хугацааны мөнгө, эмчилгээний мөнгийг гаргуулмаар байна. Би улсын байгууллагад 38 жил сувилагчаар ажилласан. Намайг хүн гэж тоож харьцахгүй байна. Сэтгэл санаа, эрүүл мэндийн хохирол учруулсан гэж бодож байгаа зүйл байна уу. Тийм зүйл харагдахгүй байна...” гэв.
Шүүгдэгч Э.*******: “...Урьд өгсөн мэдүүлэгтэй зөрөх зүйл байхгүй. Би зөрчил гаргаж хүн шүргэсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч С.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн өдөр 09 цаг 15 минутын орчимд гэрээсээ өрхийн эмнэлэг орохоор гарсан. Тэгээд явганаар явсан хүний замаар “Хос өргөө” хотхоны хойд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн тийш явган хүний гарцаар гарч байтал миний ар нуруу хэсэг рүү машин мөргөсөн ба мөргүүлснээс болж би дөрвөн хөллөөд унасан. ...Эмнэлэг дууд босож чадахгүй байхад эмнэлэг удаж ирнэ, машинд суучих эмнэлэг явъя гээд намайг машиндаа суулгаад ослын газраас хөдлөөлд явсан. ТУхайн машин баруунаас зүүн чиглэлд явж байгаад намайг явган хүний гарц дээр мөргөсөн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/ гэсэн,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би эхнэр *******гийн хамт 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө 09 цаг 20 минутын орчимд Хонда Фит загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Алтай хотхоны урд замаар, ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг манай эхнэр ******* жолоодоод би жолоочийн зүүн гар талд буюу урд суудалд суугаад ...”Хос Өргөө” хотхоны зүүн талын зам руу ертөнцийн зүгээр урагшаа буюу баруун гар тийш эргэх үед машин гэнэт тоормослоод зогссон ба би тэр даруйд нь юу болсон юм бол гэж бодоод машинаас буутал ахимаг насны эмэгтэй хүн машины урд талд 4 хөллөөд унасан байдалтай байж байсан. Тэгээд би яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай юм байна гэж бодоод тэр эмэгтэйг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Би тухайн үед гар утсаа оролдоод явж байсан ба хальт харахад нүдний буланд явган зорчигч ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зам хөндлөн гарч байх шиг байсан, явган зорчигчийн зам хөндлөн гарч байсан хэсгийг явган хүний гарц байсан эсэхийг тодорхойлж хэлж мэдэхгүй байна. Машин гэнэт зогсох үед ямар нэгэн мөргөх дуу чимээ мэдрэгдээгүй би эхнэр *******г явган зорчигчийг мөргөсөн гэж мэдээгүй юу болсон юм бол гэж бодоод машинаас буусан тэгтэл 4 хөллөөд газарт унасан байсан ослын газар дээр цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөгүй. Гэмтлийн эмнэлэг дээр очоод гэмтлийн эмнэлгийн цагдаад ослын талаар мэдэгдсэн...” /хавтаст хэргийн 46, 49 дэх тал/ гэсэн,
Иргэний нэхэмжлэгч С.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн Даатгалын сангаас 593,000 төгрөгийн зардал гарсан болох нь хохирогчийн мэдүүлэг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 04/5222 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Э.*******гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” /хавтаст хэргийн 53 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Э.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би ослын талаар камерын бичлэгээр баталгаажуулъя гэж бодсон. Тухайн үед машинд ямар нэгэн мөргөсөн доргилт, чимээ гараагүй. Тийм болохоор би өөрийгөө мөргөөгүй гэж бодсон ба өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгт худал мэдүүлэг өгөөгүй. Би камерын бичлэгийг үзээд явган зорчигчийг тээврийн хэрэгслээрээ мөргөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...Би өөрийн буруутай үлдлээс болж явган зорчигчийг мөргөсөн...” /хавтаст хэргийн 94 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12932 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. С.*******гийн биед цээжний 12 дугаар нугалам, бүсэлхийн 1 дүгээр нугалмын их бие ууцны 3-5 дугаар нугалмуудын хугарал, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” /хавтаст хэргийн 68-69 дэх тал/ гэсэн,
“Авто тээврийн үндэсний төв”-н Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 999496 дугаартай дүгнэлтэд: “...1. Уг тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангахгүй байна. Урд их гэрэл ойр, хол дээрээ тусгалын хүч стандарт хэмжээнд хүрэхгүй байна.
2. Дээрх гэмтэл, эвдрэл ашиглалтын үед үүссэн байх магадлалтай хуучин эвдрэл, гэмтэл байна.
3. Уг тээврийн хэрэгслийн тоормосны систем шингэн дамжуулгатай, ABS-тэй тоормостой байна. Тоормос болон гар тоормосны эд ангиуд хэвийн ажиллаж байна.
4. Тус тээврийн хэрэгслийн жолооны механизмын ажиллагаа хэвийн байна.
5. Хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй.
6. Honda маркийн Fit загварын ******* УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2021, 2022 онд Ховд аймгийн авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна...” /хавтаст хэргийн 75-81 дэх тал/ гэсэн,
- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №1168 дугаартай магадалгаанд: “... 1. Явган зорчигч С ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
2. Honda Fit маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө: гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна....” /хавтаст хэргийн 84-85 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-13, 17-19 дэх тал/,
- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дэх тал/,
- Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 15 дахь тал/,
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгний нэг ширхэг си ди /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 29-43 дахь тал/,
- Шүүгдэгч Э.*******гийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 99 дэх тал/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 101 дэх тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 102 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 100 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 103 дахь тал/, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 104 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 105 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Э.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 09 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн гудамж, “Хос Өргөө” хотхоны хойд замд “Хонда Фит” загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1 дэх заалт “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч-д .../...зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.*******г мөргөж, улмаар түүний эрүүл мэндэд цээжний 12 дугаар нугалам, бүсэлхийн 1 дүгээр нугалмын их бие ууцны 3-5 дугаар нугалмуудын хугарал, нуруунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч С.*******гийн “...Би тухайн өдөр 09 цаг 15 минутын орчимд өрхийн эмнэлэг орохоор гэрээсээ гарсан. Тэгээд явган хүний замаар “Хос Өргөө” хотхоны хойно ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн тийш явган хүний гарцаар гарч байтал миний ар нуруу хэсэг рүү машин мөргөсөн ба мөргүүлснээс болж би дөрөв хөллөөд унасан. ...Эмнэлэг дууд босож чадахгүй байхад эмнэлэг удаж ирнэ, машинд суучих эмнэлэг явъя гээд намайг машиндаа суулгаад ослын газраас хөдлөөлд явсан. ТУхайн машин баруунаас зүүн чиглэлд явж байгаад намайг явган хүний гарц дээр мөргөсөн..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/ гэсэн, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Н.*******ийн “...Би эхнэр *******гийн хамт 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өглөө 09 цаг 20 минутын орчимд “Хонда Фит” загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Алтай хотхоны урд замаар, ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг манай эхнэр ******* жолоодоод би жолоочийн зүүн гар талд буюу урд суудалд суугаад ...“Хос Өргөө” хотхоны зүүн талын зам руу ертөнцийн зүгээр урагшаа буюу баруун гар тийш эргэх үед машин гэнэт тоормослоод зогссон ба би тэр даруйд нь юу болсон юм бол гэж бодоод машинаас буутал ахимаг насны эмэгтэй хүн машины урд талд 4 хөллөөд унасан байдалтай байж байсан. ...Машин гэнэт зогсох үед ямар нэгэн мөргөх дуу чимээ мэдрэгдээгүй би эхнэр *******г явган зорчигчийг мөргөсөн гэж мэдээгүй юу болсон юм бол гэж бодоод машинаас буусан тэгтэл 4 хөллөөд газарт унасан байсан ослын газар дээр цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөгүй. Гэмтлийн эмнэлэг дээр очоод гэмтлийн эмнэлгийн цагдаад ослын талаар мэдэгдсэн...” /хавтаст хэргийн 46, 49 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Э.*******гийн “...Тухайн үед машинд ямар нэгэн мөргөсөн доргилт, чимээ гараагүй. Тийм болохоор би өөрийгөө мөргөөгүй гэж бодсон ба өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгт худал мэдүүлэг өгөөгүй. Би камерын бичлэгийг үзээд явган зорчигчийг тээврийн хэрэгслээрээ мөргөсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...Би өөрийн буруутай үлдлээс болж явган зорчигчийг мөргөсөн...” /хавтаст хэргийн 94 дэх тал/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12932 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: С.*******гийн биед цээжний 12 дугаар нугалам, бүсэлхийн 1 дүгээр нугалмын их бие ууцны 3-5 дугаар нугалмуудын хугарал, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хавтаст хэргийн 68-69 дэх тал/ гэсэн,
- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны өдрийн №1168 дугаартай магадалгаанд: “...2. Хонда Фит загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө: гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна....” /хавтаст хэргийн 84-85 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-13, 17-19 дэх тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгийн нэг ширхэг сиди /хавтаст хэргийн 22-23 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Шүүгдэгч Э.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгч үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэв.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч С.*******гийн эрүүл мэндэд цээжний 12 дугаар нугалам, бүсэлхийн 1 дүгээр нугалмын их бие ууцны 3-5 дугаар нугалмуудын хугарал, нуруунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан хохирогчоос мөрдөн шалгах ажиллагааны явцад 3,786,303 төгрөгийн баримт, шүүхийн шатанд эмчилгээний зардал 2,625,925 төгрөг, асаргааны зардал охин Л.Бадамгаравын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 29-ний өдрийн хүртэл 10 хоногийн, 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдрийн хүртэл 33 хоногийн цалингүй чөлөө авсан, түүний ажилгүй байсан хугацааны зардал 2,866,600 төгрөг, охин Л.Мөнхцэцэгийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 5 хоногийн чөлөө авсан, түүний ажилгүй байсан хугацааны зардал 239,000 төгрөг, охин Л.Бадамгарав ажлаас удаан хугацаагаар чөлөө авсан гэдэг үндэслэлээр 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс ажлаасаа чөлөөлөгдсөн тул өнөөдрийг хүртэл үндсэн цалин 1,400,000 төгрөг, нийтдээ асаргааны зардалд 4,505,600 төгрөг, эмчилгээний зардал 6,412,228 төгрөг, бүгд 10,917,828 төгрөгийг нэхэмжилсэн болно.
Шүүхээс хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой нэхэмжилсэн эмчилгээний зардлын баримтаас 31 дүгээр талд авагдсан 2 гэж дугаарласан 108,400 төгрөг, 32 дугаар талд авагдсан 4 гэж дугаарласан 22,150 төгрөг, 33 дугаар талд авагдсан 1 гэж дугаарласан 30,000 төгрөгийн баримт, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтуудаас 4 гэж дугаарласан 100,000 төгрөгийн (108,400+22,150+30,000+100,000=260,550) шилжүүлгийн мэдээлэл гэсэн баримтууд нь тус тус ямар эм, эмчилгээ, үйлчилгээ авсан нь тодорхойгүйн дээр хуульд заасны дагуу нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр нийт 260,550 төгрөгийг хэрэгсэхгүй болгох,
иргэний нэхэмжлэгч С.******* эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролтой холбоотой 593,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд эрүүл мэндийн даатгалын санд учирсан дээрх хохирол нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.*******гийн эмчилгээнд зарцуулсан эсэх нь тодорхойгүй, хэзээ ямар эмчилгээ авч, тухайн хохирол Эрүүл мэндийн даатгалын санд учирсан нь ойлгомжгүй байх тул шүүх хангахгүй орхиж, хохирогч С.*******гийн нэхэмжлэлээс гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохиролтой холбоотойгоор зарцуулсан баримттай зардал болох 6,151,678 төгрөгийн (6,412,228-260,550=6,151,678) нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогчид 3,800,000 төгрөгийн төлсөн, баримттайн дээр энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нар маргахгүй байх тул хасаж тооцон (6,151,687-3,800,000=2,351,678), үлдэх 2,351,678 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогч С.*******д олгож, хохирогч С.******* өөрт учирсан хохиролтой холбоотойгоор асаргааны зардалтай холбоотой 4,505,600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын нотлох баримт хангалтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.******* эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал, асаргааны зардлын нотлох баримт, Эрүүл мэндийн даатгалын сан мөн өөрт учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан, “Хонда Фит” загварын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Нямдоржийн ******* (хавтаст хэргийн 116 дахь тал) байх бөгөөд Н.******* нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч Э.*******д зөвшөөрч өгсөн, гэмт хэрэг гарах үед хамт явж байсан байх тул хохирогч С.*******д учирсан хохирлыг иргэний нэхэмжлэгч Н.*******оос гаргуулж олгох хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн 2203005760550 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы *******г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.*******д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш дөрвөн сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* хохирогч С.*******д 3,800,000 /гурван сая найман зуун мянга/ төгрөг төлснийг дурдаж, иргэний нэхэмжлэгч Н.*******оос 2,351,678 /хоёр сая гурван зуун тавин нэгэн мянга зургаан зуун далан найм/ төгрөг гаргуулж, хохирогч С.*******д олгож, хохирогч С.*******гийн нэхэмжлэлээс 260,550 /хоёр зуун жаран мянга таван зуун тавь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч С.******* өөрт учирсан гэмтлийн улмаас асаргаа авсан зардалтай холбоотой 4,505,900 /дөрвөн сая таван зуун таван мянга есөн зуу/ төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн 593,000 /таван зуун ерөн гурван мянга/ төгрөгийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.******* гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний болон асаргааны зардлын талаарх нотлох баримтаа, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сан мөн өөрт учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн 2203005760550 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР