Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/725

 

   2022           11            01                                        2022/ШЦТ/725

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул тэмдэглэл хөтлөн,

улсын яллагч Н.Нямдорж,

хохирогч Б.С, түүний өмгөөлөгч Б.Чинбат,

шүүгдэгч Г.И, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б*** овогт Г.И-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000000954 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б*** овогт Г.И нь Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүгийн шинжээч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл* , эцэг, эх, * дүүгийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн * хороо, үйлдвэрчдийн гудамж ** дугаар байрны ** тоотод оршин суудаг, ******** дугаарын регистртэй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Г.И нь Б.С-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж “БНХАУ-аас үнийн уян хатан нөхцөлтэй квадрат төмөр нийлүүлэх боломжтой” мэтээр итгүүлэн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Бараа худалдах, худалдан авах гэрээ”  байгуулан гэрээгээр халхавчлан 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 136.590.000 төгрөгийг Хаан банкны өөрийн эзэмшлийн ******** дугаарын данс руу Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлэн авч хохирогч Б.С-д 136.259.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Г.И шүүх хуралд мэдүүлэхдээ Б надтай холбоо бариад надаас хамгийн багадаа хэдэн төгрөгөөр төмөр өгөх боломжтой вэ гэж асуусны дараа би ойролцоогоор 7 хоногийн хугацаанд 3-4 байгууллагаас асууж байгаад хамгийн боломжтой үнийн саналаа гаргаж өгсөн. Авах нь тодорхой гэж хэлсэн байсан учраас цаад компанитайгаа яриад тохирсон байсан. Ойролцоогоор 710.000.000-750.000.000 төгрөгийн бараа орж ирсэн. Надаас болон өөр бусад урьдчилгаанд өгсөн мөнгө нийтдээ 240.000.000 төгрөг болж байсан. Урьдчилгаанд өгсөн байсан мөнгийг Тэнжин хотод байрлах Хятад компанид өгсөн байсан. Давхар тээвэрлэлт хийж байгаа хүн нь тухайн компанитай харилцдаг байсан учраас төмөр хот руу орж ирсний дараа үлдэгдэл мөнгөө өгөөгүй байна гэх шалтгаанаар төмрийг буцаан олгох боломжгүй гэж надад хэлсэн гэв.

            Хохирогч Б.С шүүх хуралд мэдүүлэхдээ Би И-г огт танихгүй. Би Б-р дамжуулж 6 дугаар сард танилцсан. И 5 дугаар сард судалгаа хийж байсан гэж хэлж байгаа ч би энэ хүнийг танихгүй байсан. Би төмөр авах гэж И гэж хүнд хэзээ ч хандахгүй байх байсан. Сайн төмөрт компаниас худалдан авалтаа хийж байсан. Б Иг манай найз, бүх юм бэлэн гэж хэлээд надад бодох боломж өгөхгүйгээр мөнгө авсан. Явснаасаа хойш И надтай мессежээр өөр танд авах зүйл юу байна гэж байнга харьцаж байсан. Б ч гэсэн Иг ашиглаад төмөр авч байгаарай гэж хэлсэн. Гэхдээ И нь 2010 оноос хойш өөрийн компанийн нэр дээр нэг ч удаа төмөр оруулж ирж байгаагүй юм байна гэдгийг мэдсэн. Сүүлд 35.270.000 төгрөгийн төмөр өгөхөд нь эхний ээлжид авч байя гээд авсан боловч наадмын өмнөх өдөр байсан учраас 18-ны өдөр Сайн төмөр компаниас манайх руу яриад танай компани наадмын өмнө авсан төмрийнхөө мөнгийг өгөхгүй юм уу, дансаар шилжүүлсэн гэсэн ч орж ирэхгүй байна. Үүнийгээ шалгаж өгнө үү гэж хэлсэн. Манай компаниас төмөр авч байгаа гэж хэлээд төмрийг авсан байсан учраас би хууртагдсан байна гэдгээ ойлгосон. И-аас өөрөөс нь асуухад байнга үл үзэгдэх компанийн талаар ярьдаг. Хэрвээ мөнгө төгрөгөө алдсан бол хамтдаа хөөцөлдье гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн нотлох баримт үзүүлдэггүй. Төлбөрийг бага багаар өгөөч гэсэн ч өнөөдрийн байдлаар 1.000.000 төгрөг ч өгөөгүй. Б руу мөнгө шилжсэн өдөр 6.000.000 төгрөгийг авсан. Дараагийн удаа бараа ирчихлээ гэж хэлээд Б руу 8.000.000 төгрөг өгсөн байсан. Хүмүүст өртэй болоод өрөө төлсөн гэж байгаа боловч мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй, нэмж нотлох баримт гаргаж өгөөгүй, төлсөн төлбөрийг харахад задгай дүнтэй байгаа учраас өр төлбөр төлсөн гэхэд маш эргэлзээтэй байдаг. Төлбөр барагдуулах асуудал дээр маш их санаа зовж байгаа учраас эдгээр хүмүүсийг шалгуулах хүсэлтэй байна. Мөн Б ч гэсэн И-аас зээлсэн мөнгөө авсан гэж хэлж байгаа боловч өмнө нь мөнгө зээлсэн гэх ямар ч баримт байдаггүй. Би хохирлоо яаралтай авч үйл ажиллагаагаа явуулахгүй бол маш хүнд байдалтай байна. И нь төмөр гаалиар орж ирсэн байна, би өөрөө хараад зогсож байна гэж бичиж байсан чатууд нь байгаа гэв.

Эрүүгийн 2210000000954 дугаартай хэргээс:

1. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.С-ын гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

2. Хохирогч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би “Н.П.Т” ХХК-ийн захирлаар 2016 оноос хойш ажиллаж байна. Манай компани барилгын пасат угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд энэ оны төслийн ажил хэрэгжүүлэхэд шаардлагатай квадрат төмрийг эрэлт хэрэгцээг олж харсан архитектор Б нь өөрийн сайн найз Г.И-гаар дамжуулан шаардлагатай төмрийг төлбөрийн уян хатан нөхцөлтэй оруулж ирэх саналыг надад тавьж, шаардлагатай байгаа төмрийн хэмжээг асууж, мэдэж авсан. Түүний дагуу И нь 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр манай оффис буюу Хан-Уул дүүргийн ** хороо, Р.С ** тоотод ирсэн. Тэгээд надад 100 боодол төмрөөс 54 боодол төмрийг 321,000,000 төгрөгөөр нийлүүлэх саналыг надад тавьсан, тэгээд төлбөрийг уян хатан нөхцөлөөр гэх урьдчилгаа 80,000,000 төгрөгийг төлснөөр төмрийг 100% Монголд оруулж ирсний дараа үлдэгдэл мөнгө болох 200,000,000 гаруй төгрөгийг хуваан төлөх нөхцөлтэй гэрээ хийж, манай компаниас урьдчилгаа 80,259,000 авахаар болсон, тийм учраас би өөрийн Голомт банкны ******** гэх дугаарын данснаас Хаан банкны ******** гэх дугаарын Г.Игийн данс руу шилжүүлсэн. Тэгээд түүнээс хойш 06 дугаар сарын 22-ны өдөр төмөр Монголд ирчихлээ, одоо гаалийн тээврийн зардлаа төлөхөд мөнгө дутаад байна гэж хэлээд 06 дугаар сарын 22-ны өдөр 6,000,000 төгрөг, 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 24-ний өдөр 20,000,000 төгрөг, 27-ны өдөр 20,000,0000 гэх маягаар 7 удаагийн гүйлгээгээр 136,259,000 төгрөгийг хууран авсан. Тэгээд үүний дараагаар төмөр гаалийн хашаагаар гарч байна, та ажил дээрээ байж байгаарай гэсэн боловч нэг ч төмөр ирэлгүй маргааш нь болсон. Тэгээд маргааш нь яасан талаар асуухад гаалийн ажилчид гар хараад байх шиг байна, та өнөө орой байж байгаарай гэж хэлсэн боловч бас ирээгүй. Тэгээд юу болсон талаар асуухад нэг хүнтэй хамтарч төмөр захиалсан боловч нөгөө хүн нь арай их мөнгө гаргасан учраас давуу эрхээр төмрийг бүгдийн авч нэг хашаанд хураасан гэж хэлсэн боловч тэр бас худал байсан. Тэгээд аргаа бараад чи үнэн хэлж байгаа бол вагоны зургаа явуул гэсэн болов ч юу ч ирээгүй, дараа нь 07 дугаар сарын 09-ны өдөр 14 боодол төмөр манай хашаанд аваад ирсэн, тэгээд үлдэгдэл төмрийн би араас нь явуулъя гээд ирээгүй. Тэрнээс хойш хэд хэдэн удаа холбоо барьсан боловч төмөр болон мөнгийг минь эргүүлэн өгөөгүй. ...2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр квадрат төмөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хоёр талаас тамга дарсан, түүний дараа нөхцөл байдал өөрчлөгдсөн учир дахин шинэчилсэн гэрээг байгуулсан. ...Одоо нийт 136,000,000 төгрөгийн хохирол учирсан байгаа. ...Надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү, хуулийн дагуу шалгуулмаар байна. гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 69 дүгээр хуудас),

2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дахин өгсөн:

Урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярихад хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү. Би Г.И-аас дансны хуулгыг нь авч надаас авсан мөнгийг хэрхэн юунд зарцуулсан талаар тодруулж үзэхэд мөнгийг бараа, материал авахаар шилжүүлээгүй, харин ямар ч хамаагүй найз нөхөд, аав, ээж, дүү нар луу шилжүүлж. Мөн өөрийнхөө зээлийг төлсөн шилжүүлгүүд байсан. Г.И нь анхнаасаа ямар нэгэн ажил хийдэггүй байж намайг хуурч 10 вагоны эрх надад байгаа үүнээс 20 вагонд нь танай компанид квадрат төмрийг оруулж ирье урьдчилгаа 80,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрийг төмөр ирсний дараа өгчхөөрэй гэж ярьсан. ...Би “Н.П.Т” ХХК-ийг 2016 онд барилгын металл, пасат угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1 хүний эзэмшилтэй үүсгэн байгуулж, түүнээс хойш өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа юм. 2022 оны 06 дугаар сарын эхээр манай компани гэрээт ажлуудад квадрат төмрийн хэрэглээ өндөр байгааг хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг архитектор Ч.Б надад тусалж байгаа нэртэй Иг авчирч танилцуулж И-гаа БНХАУ-аас арматур оруулж нийлүүлж зардаг, итгэлтэй сайн найз гэж танилцуулснаар би И-тай холбогдож ярилцах үед өөрийгөө 2-3 жилийн хугацаанд арматур, хар панер гэх мэт барилгын материалыг БНХАУ-аас захиалга хийж барилгын компаниудад нийлүүлдэг гэж яриад, миний хажууд хятадаар яриад вагонд квадрат төмөр шууд тавьж болох эсэх талаар асуугаад ярилцаж байснаа төмрийг БНХАУ-аас арматурын вагонтой хамт нэг дор авчирч болох юм байна гэж хэлсэн. Ингээд би Ид итгэж 321,000,000 төгрөгийн квадрат төмөр авахаар тохиролцож, урьдчилгаа 80,259,000 төгрөгийг Игийн хаан банкны ******** тоот дансанд 2022 оны 06 дугаар сарын 06 өдөр Хан-Уул дүүргийн ** хороо, Р.Р ** тоот албан өрөөнөөс 2 удаа хуваан шилжүүлж, квадрат төмөр нийлүүлэх гэрээг 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулан, гэрээнд заасан төмөр 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нийлүүлэхээр тохиролцсон байсан. 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр И нь захиалсан төмөр ирчихлээ, дотоод тээврийн зардалд мөнгө шаардлагатай байна гэж хэлээд 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 6,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гаалийн төлбөрт мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 20,000,0000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2 дах вагоны гаалийн төлбөрийг хийх шаардлагатай байна гэж хэлээд 20,000,000 төгрөгийг ******** тоот дансанд нийтдээ 136,259,000 төгрөгийг шилжүүлэн авч намайг залилсан. И-тай байгуулсан гэрээний дагуу надад захиалсан ямар ч төмөр өгөөгүй байж, төмөр өгөх гэж байгаа юм шиг та ажлын байрандаа байж байгаарай, төмөр очиж буулгана гэж 5 хоног ярьж, хүлээлгэсэн бөгөөд төмөр байгаа эсэхийг очиж харья гэхэд төмөр байгаа гэдгийг харуулах төмөр байгаагүй, төмөр ирсэн эсэхийг тодруулахад ирсэн гэж ярьдаг. ... Нэмж ярихад И-аас яаралтай төмрийг өг гэж удаа дараа шаардахад 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 35,280,000 төгрөгийн үнэ бүхий квадрат төмрийг авчирч өгөөд үлдэгдэл төмрийг удахгүй өгнө гэж хэлэхээр нь Игийн үгийг баталгаажуулахаар шинэчлэн байгуулсан гэрээг дахин байгуулж, 100,979,000 төгрөгийн үнэ бүхий төмрийг авахаар байгуулсан юм. Гэтэл 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “С.Т” ХХК-аас манай компанийн нэрийг барьж 14 боодол 35,280,000 төгрөгийн төмрийг авсан хэзээ мөнгөө шилжүүлэх вэ гэж асуухаар нь би танай компаниас ямар нэгэн төмөр аваагүй гэдгийг хэлж И нь манай компанийн нэрийг барьж залилсан талаар мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр хуудас),

3. Гэрч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би 2021 оны 04 дүгээр сараас эхлэн “Н.П.Т” ХХК-тай хамтран ажиллаж байгаад 2022 оны 05 дугаар сараас эхлэн компанийн үндсэн ажилтнаар томилогдон ажиллаж байсан. ...Би И-тай одоогоос 4 жилийн өмнө найзынхаа хүрээллээр дамжуулан танилцах үед нягтлан бодогч ажилтай байсан бөгөөд түүнээс хойш холбоотой байсан бөгөөд өнгөрсөн жилээс онлайн шоп ажиллуулдаг, тээвэр зуучийн газар ажилд орсон талаар хэлэхэд нь тээвэр зуучийн ачаа, бараа хаана яваа талаар тодруулж асуухад надад мэдээд өгдөг байсан юм. 2022 оны 01 дүгээр сараас өөрөө барилгын бараа материал оруулж ирж байгаа талаар хэлж, барааг нь хүртэл би харсан бөгөөд сүүлдээ арматур төмөр оруулж ирж байгаа талаар хэлсэн юм. “Н.П.Т” ХХК-д шаардагдах бараа материал болон бусад зүйлийг компанийн үйл ажиллагааг 5 хүн хариуцан явдаг байсан бөгөөд сүүлийн үед Б.С захирал компанийн үйл ажиллагаа доголдож байгаа талаар хэлж миний хувьд хэдийгээр компанийн ажилтан боловч ажлын байргүй болчих байх гэж санаа зовоод компанийн инженер Цэрэн, бид хоёр хоорондоо бага зардлаар ямар хэмнэлт хийх боломжтой талаар ярилцаж байхад квадрат төмрийн талаар ярилцаад Б.С захиралд квадрат төмрийг хэдэн төгрөгөөр авдаг талаар асуухад надад 13,000 төгрөгөөр гэж хэлсэн тул арай бага үнээр олдож болзошгүй гэж хэлээд өөрийн хүрээллийн 2-3 хүн рүү залгаж асуусны нэг нь И байсан бөгөөд өөрийгөө арматур төмөр оруулж ирж байгаа гэж хэлэхээр нь квадрат төмөр хэдэн төгрөгөөр орж ирэх талаар үнэ судлаад өгөөч гэж гуйсан чинь И квадрат төмрийг метрээр биш тонноор зардаг гэж хэлсэн тэр үедээ 2 вагон квадрат төмөр оруулаад ирье гэхээр нь И болон Б.С захирал хоёрыг хооронд нь уулзуулж, хоорондоо ярилцаад гэрээ хийсэн боловч гэрээнд заасан хугацаанд төмөр ирээгүй бөгөөд энэ хоёрын хооронд ямар яриа хэлэлцээр болсныг мэдэхгүй байна. Миний мэдэж байгаагаар Б.С нь төмөр авахаар урьдчилгаа 80,000,000 төгрөгийг Ид өгсөн бөгөөд И БНХАУ-аас нэмэлт квадрат төмөр авах захиалга хийнэ гэж хэлээд авсан байдаг. ...И нь гэрээнд зааснаар ямар ч төмөр нийлүүлээгүй, БНХАУ-аас төмөр ирсэн байна гэж ярьсан боловч ямар ч төмөр нийлүүлээгүй. ...И надаас өмнө нь бараа, материал ирж байна хэдэн төгрөг дутаад байна, олоод өгөөч гэж хэлэх үед нь би мөнгө олж шилжүүлэн өгч байсан бөгөөд надад буцаан өрөө төлж 9,000,000 гаруй төгрөг өгсөн. Түүнээс биш И, Б.С нарын хооронд гэрээ хийлгэж нэг ч төгрөг аваагүй. ...Би дандаа дансаар өгч байсан тул хуулгыг нь гаргаж өгье. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дүгээр хуудас),

4. Гэрч П.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Надад тайлбарласан эрх, үүргийг ойлгосон. Г.И нь миний төрсөн охин  тул би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Нэмж ярихад И нь насанд хүрсэн бөгөөд хүмүүсээс бараа материалыг нь захиалж, авчирч өгөөд байдаг болохоор өөрөө өөрийнхөө ажлыг мэдэж байгаа гэж боддог, би ажил төрөлд нь оролцоод явдаггүй болохоор ямар ажлыг ямар хүмүүстэй нийлж хийгээд байгааг нь мэдэхгүй байна. ...И-гийн хувийн байдлын талаар мэдүүлэг өгөхөд надад татгалзах зүйл байхгүй. Г.И нь **** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотын 3 дугаар төрөхөд төрсөн, бага насаа Баянгол дүүргийн ** дүгээр цэцэрлэгт хүмүүжин, 2003 онд Баянгол дүүргийн ** дугаар дунд сургуульд элсэн орж, ахлах ангидаа ** цогцолбор сургуульд суралцан 2013 онд төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн, 2015 онд СЭЗИС-ийн 2х2 хөтөлбөрт хамрагдан 2 жил Монголд сураад, сүүлийн 2 жилийг БНХАУ-ын Далян хотод суралцаж төгсөж ирээд засгийн газрын тэтгэлэгт хамрагдан БНХАУ-д суралцаж байгаад өвлийн амралтаар ирээд буцах үед ковид өвчин гарч буцаж явалгүй, өнөөдрийг хүртэл хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Г.И нь зөөлөн сэтгэлтэй, шударга зан ааштай, элдэв муу зуршилгүй, өөрөө хөдөлмөр эрхэлж амьдралын төлөө явдаг биеэ даасан хүүхэд учир хийж байгаа ажилд нь санаа зовдоггүй хүүхдэдээ итгэдэг юм. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дугаар хуудас),

5. Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“С.Т” ХХК нь 2020 оноос эхлэн өнөөдрийг хүртэл хугацаанд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 44 нэртэй газрын төмөр 3 дугаартай газарт барилгын хэрэглээний төмрийг БНХАУ-аас импортоор оруулж ирж Монголын зах зээлд нийлүүлж байна. ...2021 оны 12 дугаар сараас хойш “Н.П.Т” ХХК-ийн захирал С нь манай компаниас барилгын квадрат төмрийг худалдан авч байсан бөгөөд ойролцоогоор 60 тонн орчим төмрийг авсан бөгөөд одоогийн байдлаар төмөр худалдан авсантай холбоотой ямар нэг төлбөрийн тооцоо байхгүй. Би С-ыг бол танихгүй, харин И нь 2022 оны 07дугаар сарын эхээр наадмын өмнө манай төмөр зардаг газар ирээд арматур төмөр авъя гэж хэлээд урьдчилгаа 10,000,000 төгрөгийг компанийн данс руу шилжүүлэн төмрөө ачаад өгчих үлдэгдэл мөнгийг одоо шилжүүлнэ гэхээр нь итгээгүй мөнгөө нэг мөсөн шилжүүлчих гэж хэлээд машин дээр ачсан төмрөө буцаан буулгаад шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Маргааш өдөр нь дахин И утсаар яриад квадрат төмөр авъя гэж хэлээд 10,00,000 төгрөг шилжүүлээд мөн үлдэгдэл мөнгийг шилжүүлнэ гэж хэлээд хүлээлгэсэн боловч мөнгө нь орж ирээгүй тул квадрат төмрийг өгөхгүй Игийн шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж өгсөн бөгөөд энэ үед би өөрөө төмөр зардаг газраа байсан бөгөөд наадмын үеэр хөдөө яваад ирэхдээ манай ажилтнаас “Н.П.Т” ХХК-д квадрат төмөр нийлүүлнэ гэж хэлээд 44,000,000 төгрөгийн бараа авч урьдчилгаа төлбөр төлөөд үлдэгдэл 24,755,200 төгрөгийг банк хооронд шилжүүлсэн гэж худлаа яриад авсан байсан тул 2022 оны 07 дугаар сард Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдлоо гаргасан байгаа. гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 86 дугаар хуудас),

6. Гэрч Б.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

Би Г.И-тай 2018 оны үед ресторанд хоол идэж байгаад танилцаж байсан, түүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд найз нөхдийн холбоотой явж байна. Би И-тай хамтран ямар нэгэн ажил төрөл хийж байгаагүй. Би И-аас мөнгө төгрөг зээлж авч байсан удаагүй. ...И нь өөрийгөө хувиараа бизнес эрхэлдэг гэж танилцуулж байсан бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өөрийн бизнесийн ажилд мөнгө хэрэгтэй байна, хүүтэй мөнгө зээлье гэж хэлэхээр нь өөрийн найзаасаа 20,000,000 төгрөг зээлж аваад И-гаас авах 2,000,000 төгрөгийг хасаад 18,000,000 төгрөгийг Игийн хаан банкны данс руу шилжүүлэн өгсөн 06 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөгийг найзаасаа зээлж түлш авахаар хүнд шилжүүлсэн боловч түлшийг тогтоосон хугацаанд надад авч өгч чадаагүй тул хүү болгож 1,000,000 төгрөг нэмж тэр үедээ надтай холбоо барьж чадахгүй И-тай холбогдож түлшний мөнгө өгөхдөө 11,000,000 төгрөгийг Ид өгч И миний данс руу шилжүүлж өгсөн. Нийтдээ 20,000,000 төгрөгийг аваад хүүтэй буцаан өгөхдөө 22,000,000 төгрөг болгож өгсөн, нийтдээ 33,000,0000 төгрөгийг шилжүүлж авсан. Мөн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 2 удаагийн шилжүүлгээр 40,000,000 төгрөг, мөн 06 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг нийтдээ 50,000,000 төгрөгийг 11 дүгээр сар хүртэл хугацаанд зээлж авсан байгаа. Өөр төлбөр тооцоотой холбоотой ямар нэгэн асуудал байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 191 дүгээр хуудас),

7. Шүүгдэгч Г.И-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

            Би Ч.Түмэн-Өлзий прокурорын 2210000000954 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд энэ талаараа өмгөөлөгч Н.Намжилцогтыг оролцуулан мэдүүлэг өгье. ...Би С гэх хүнтэй холбогдон барилгын квадрат төмөр оруулж ирнэ гэж 136,259,000 төгрөгийг увуулж, цувуулж авсан. Прокурорын надад сонсгож байгаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би барилгын материал оруулж ирсэн туршлагатай байсан учир Б.С надад гэрээнд заасны дагуу төлбөрөө өгсөн бол квадрат төмрийг оруулж ирэх боломжтой байсан, харин Б.С гэрээнд заасан төлбөрийг өгч чадаагүй учир квадрат төмрийг оруулж ирж чадаагүй юм. Би Б.С-аас авсан мөнгийг шилжүүлээгүй хувийнхаа хэрэгцээнд зарцуулж дууссан, би Б.Сад 38,000,000 төгрөгийн бараа материалыг Б.С-д хүлээлгэн өгч акт үйлдсэн, үлдэгдэл төлбөрийг барагдуулах гээд явж байна. ...******** тоот данс бол Ганцэцэг гэх хүнээс ойролцоогоор 30,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд тэр мөнгийг увуулж, цувуулж өгсөн, ******** тоот Х-гийн данс, ******** тоот Э-ний данс, ******** тоот данс нь М-ынх бөгөөд эдгээр хүмүүст би өр төлбөрийн асуудал байсан тул төлбөрийг төлж барагдуулсан юм. Х ********, М ******** нарын дугаарыг мэднэ, бусад хүмүүсийн дугаарыг олоод танд өгье. ...Би Б.Сад нийлүүлэх квадрат төмрийг БНХАУ-ийн Тянжин хотод үйл ажиллагаа явуулдаг компаниас авахаар үнийн санал болон чанарын талаарх баримтыг авч байсан. Б.Сад танилцуулж байсан, төмөр авахаар ямар нэг компани руу мөнгө шилжүүлж байсан удаа байхгүй. ...Би 2018 онд Боль группд барилгын төслийн 150,000,000 төгрөгийн макет нийлүүлж гэрээг дүгнэн ажиллаж байсан. Мөн 2019 онд 200,000,000 орчим төгрөгийн тавилгыг компанид нийлүүлж байсан бөгөөд компанийн нэрийг санахгүй байгаа тул урьд өмнө нь байгуулж тооцоо нийлж дуусгавар болсон талаар гэрээ, хэлцэл баримт бичгийг гаргаж өгье. Ер нь өөрийнхөө хийж байсан ажлын гэрээнүүдийг ажил дуусгавар болж байсан талаарх баримтыг гаргаж өгье. ...Би өөрийнхөө “ЭТ” ХХК болон өөрийнхөө нэрээр ямар нэгэн бараа материал оруулж ирж байгаагүй, харин бараа материал захиалагч компанийн нэрээр оруулж ирж байсан тул гэрээгээ хараад тодорхой хэлье. гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 94 дүгээр хуудас),

            8. Б.С, Г.И нарын хооронд байгуулсан 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №011 дугаартай “Бараа худалдах, худалдан авах гэрээ”(1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

            9. Б.С, Г.И нарын хооронд байгуулсан 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдийн №НПТ-012 дугаартай “Квадрат төмөр худалдах, худалдан авах гэрээ” /шинэчлэн байгуулсан гэрээ/(1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

            10. Б.С нь Голомт банкны 1809058324 тоот данснаас Г.Игийн Хаан банкны ******** тоот данс руу квадрат төмөр гэх гүйлгээний утгатай шилжүүлж байсан цахим гүйлгээний баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 38-45 дугаар хуудас),

            11. “Н.П.Т” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар хуудас),

            12. “Н.П.Т” ХХК-ийн дүрэм (1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар хуудас),

            13. “ЭТ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),

            14. “Н.П.Т” ХХК болон “ЭТ” ХХК хоорондын бараа материал хүлээлцсэн акт (1 дүгээр хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

            15. Б.С, Ч.Б, Г.И нарын хооронд байгуулсан “Батлан даалтын гэрээ”-ний хуулбар (хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас),

            16. Шүүгдэгч Г.И-гийн Хаан банкны ******** тоот дансны 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх дансны хуулга.(1 дүгээр хавтаст хэргийн 51-64 дүгээр хуудас),

            17. Шүүгдэгч Г.И-гийн Худалдаа хөгжлийн банкны 406109471 тоот дансны 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх дансны хуулга.(1 дүгээр хавтаст хэргийн 133-141 дүгээр хуудас),

            18. Шүүгдэгч Г.И, Ч.Б-той харилцаж байсан мессежнүүдийн зургууд (1 дүгээр хавтаст хэргийн 153-188 дугаар хуудас),

            19. Ч.Б-ийн гаргасан Г.И-гийн Хаан банк-ны данс руу мөнгө шилжүүлсэн, буцаан авсан дансны хуулга. (1 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар хуудас),

            20. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 121 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 120 дугаар хуудас), их сургууль төгссөн бакалаврын дипломын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 115-119 дүгээр хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б*** овогт Г.И-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б*** овогт Г.И-г 4 (дөрөв) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.И цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт хавсаргаж ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И-аас 100,979,000 (нэг зуун сая есөн зуун далан есөн мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Б.С-д олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Г.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.И-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.АЛТАНТУЯА