Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар  2023/ШЦТ/19

 

 

 

 

                                                       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Ц.Оюун-Эрдэнэ,

            хохирогч: Б.Г,

шүүгдэгч: С.Э , Д.Э /өөрөө өөрсдийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Э-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, С.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн 00000000000 тоот хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                              

                

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Б овогт С-ын Э /РД:0000000/,

Монгол Улсын иргэн, ****оны *** дүгээр сарын ***-ний өдөр ***** аймгийн***** суманд төрсөн, ***настай, эрэгтэй, дээд боловсролтой, цөмийн физикч мэргэжилтэй, У ХХК-нд үйлдвэрийн дарга ажилтай, ам бүл 4, аав, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хороо 0 дүгээр байр 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

  1. У Э овогт Д-ийн Э /РД:000000000/,

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Д” ХХК-нд барилгачин ажилтай, ам бүл 4, хүүхэд, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо 0-0 тоотод оршин суух хаягтай,

-Ховд аймаг дахь Сум дундын 2 дугаар Эрүүгийн хэргийн шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 000 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих,

-Ховд аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн эрүүгийн хэргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 000 дугаартай Шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00 дугаар зүйлийн 150.1-д зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.Э нь 2022 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” эмийн сангийн орчим “миний найзын гарыг хугаллаа” гэх шалтгаанаар хохирогч С.Э тай маргалдаж улмаар түүнийг түлхэж унаган цохиж “тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт, нуруунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” эмийн сангийн орчим “танилцсан эмэгтэйн гар утасны дугаарыг авахад саад боллоо” гэх шалтгаанаар хохирогч Б.Г-той маргалдаж улмаар түүнийг түлхэж унагаж “баруун шуу ясны дистал булууны хугарал, баруун богтос ясны шөвгөн сэртэн хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

2022 оны 10 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” эмийн сангийн орчим шүүгдэгч С.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “танилцсан эмэгтэйн гар утасны дугаарыг авахад саад боллоо” гэх шалтгаанаар хохирогч Б.Г-той маргалдаж улмаар түүнийг түлхэж унагаж “баруун шуу ясны дистал булууны хугарал, баруун богтос ясны шөвгөн сэртэн хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

тухайн үйл явдалд шүүгдэгч Д.Э “миний найзын гарыг хугаллаа” гэх шалтгаанаар хохирогч С.Э тай маргалдаж улмаар түүнийг түлхэж унаган цохиж “тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт, нуруунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

               -2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дуудлага, мэдээллийн лавлагаа /хх-ийн 1-р хуудас/,

               -Хохирогч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 07-ны орой ажлын газрын Ж, Ц, З, хуучин хамт ажиллаж байсан Ж гэх багш, манай найз Э нарын хамтаар ...”Вест” бааранд орсон. Тухайн бааранд бид нар нэг шил архи, хүний 1 шил пиво уусан. Бид нар бүжиглэж байтал нэг бие томтой залуу Жавзаа багшийн дугаарыг асуугаад байсан. Тухайн үед манай найз Э тухайн залуутай ярилцсан. ...04 цаг өнгөрч байхад манай найз Жавзаа багшийг хүргэж өгөх гээд түрүүлээд гараад явсан. Үүний дараа Золоо, Цэцэгмаа, Жаргалсайхан бид 4 баарнаас гараад хойшоо явж байтал бааранд Жавзаагийн дугаар асуугаад байсан залуу нэг залуугийн хамт араас ирээд над руу дайрсан. Тэгээд би Жагаа ахад “араас хүн дагаад байна” гэж хэлээд би түрүүлээд зугтаахад араас гүйцэж ирээд миний хөл рүү өшиглөж гараараа түлхэж намайг цементэн дээр унагаагаад толгой, хавирга руу хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэр үед гар эвгүй болчихоор нь “гар хугарчихлаа” гэж хэлэхэд тухайн залуу больсон. Тэгтэл миний араас Ц, Ж, З ах ирээд намайг түлхэж унагаагаад намайг өшиглөсөн залууг барьж авахад, хамт явж байсан залуу нь зугтаагаад яваад өгсөн. ...Тэгтэл Ж хүргэж өгсөн найз Э ирсэн. Э ирээд намайг цохисон залууг гарыг нь ар талд нь боогоод цагдаагийн хэлтэс рүү авч ирсэн. Бүдүүн залуу нь намайг араас хавирч түлхэж унагаагаад миний толгой болон гар хэсэг рүү өшиглөсөн. Нөгөө залуу нь миний нуруу өгзөг хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд би “гар хугарчихлаа” гэж хэлэхэд нилээд орилж байгаад больсон...” гэх /хх-ийн 20-22-р хуудас/,

               ...“J ХХК-нд оёдолчноор 1 өдөрт 40 ширхэг бээлий нэг бүрийг 20.000 төгрөгөөр 1 өдөрт 80.000 төгрөгний бээлий оёдог тухай мөнгийг нэхэмжилж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 113 дугаар цэцэрлэгт сарын 733.981 төгрөгийн цалин авдаг. Миний бие бээлий оёж одоогоор 2.880.000 төгрөгийн алдагдалд, мөн 2 сарын цалин 1.467.962 төгрөг, нийт 4.393.962 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

               -Гэрч /иргэний нэхэмжлэгч Д.Ж-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...үл таних хоёр залуу ирээд махлаг залуу нь Г ийг өшиглөж газар унагаагаад түүний дараа тэр хоёр нийлээд дээрээс нь өшиглөөд байсан. ...тухайн үед үл таних залуу /Э/ нүүрлүү нэг удаа гараараа цохисон. Тэр үед харааны нүдний шил хагараад хамар зүсэгдээд цус гарсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Миний харааны нүдний шил ямар нэгэн брэнд биш бөгөөд Тод нүдний шилээр 130.000 төгрөгөөр хийлгэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/,

               -Гэрч Б.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г-ийг махлаг биетэй залуу нь араас нь өшиглөж унагаагаад хамт явж байсан залуутайгаа хамт бие болон бусад хэсэг рүү нь өшиглөөд байсан. ...Тухайн үед Г  “гар хугарчихлаа” гэж хэлсэн ба харахад баруун гар нь нилээд хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55-р хуудас/,

               -Гэрч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед би архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй байсан. ...ах очоод намхан залуутай маргалдаж байгаад тэр ах гарцаар замын эсрэг тал уруу гарсан. Тэгсэнээ “чи чаддаг юм бол бариад аваач” гэж хэлэхэд, ах намайг “тэр залууг бариад ав” гэхээр нь би зам гараад араас нь хөөгөөд бариад авсан. Тэгээд ах араас нь нэг удаа өшиглөхөд тэр залуу цементэн дээр унасан. Тэгээд тэр ах “гар хугалчихлаа” гэж хэлээд босоод ирсэн. Тэр үед би “таны би ерөөсөө зодож цохиогүй” гэж хэлсэн...” гэх /хх-ийн 65-67-р хуудас/,

                 -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Г-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000 дугаартай:  

               “...Б.Г-гийн биед баруун шуу ясны дистал булууны хугарал, баруун богтос ясны шөвгөн сэртэн хугарсан гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

               3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

               4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

               5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-73-р хуудас/,

               -Шинжээч эмч Ж.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... тухайн гэмтлүүд нь хохирогчийн гарыг дарж унах үед болон гар луу нь өшиглөхөд үүсэх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79-р хуудас/,

               -”Т” эмийн сангийн гадна байрлах хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-14-р хуудас/,

               -“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний Ц-1575 дугаартай тайлангаар “Хамелон цилиндертэй харааны нүдний шил 130,000 /нэг зуун гучин мянга/ төгрөг /хх-ийн 94-95-р хуудас/,

               -Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 08-ны шөнө 01 цагийн үед хамаатны дүү М-ийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вест” нэртэй бааранд орсон. Тухайн бааранд дүүгийн хамтаар сууж би 2 лааз пиво уусан. Би бааранд орохоос өмнө найзынхаа ажлын нээлт дээр очиж виски уусан байсан. Бааранд орохдоо өөрийгөө удирдах чадвартай байсан. ...бааранд байж байгаад нэг эмэгтэйтэй танилцсан. Тэгтэл нэг залуу “чи яах гээд байгаа юм бэ” гэх зэрэг зүйлс хэлэхээр нь “уучлаарай” гэж хэлчихээд баарны гадна гараад тамхи татаад байж байтал нөгөө эмэгтэй дахиад гарч ирээд надтай юм ярьж байтал “чи одоо зайлчих” гэж хэлчихээд нөгөө эмэгтэйгээ аваад таксинд суугаад явсан. Тэгтэл баарны үүдэн дээр ахимаг хоёр эмэгтэй болон хоёр эрэгтэй байсан. Тэгтэл ахимаг насны эмэгтэй нь хажуудах залуудаа хандаж “энэ нэг юм яах гээд байгаа юм бэ?” гэж над руу хандаж хэлэхээр нь би тэр хүмүүстэй маргалдсан. ...би дүүгийн хамтаар араас нь алхаад явж байгаад нэг залууг нь “байж бай” гэж хэлэхэд тухайн хүмүүс зогссон. Тэгэхээр нь очоод “чи түрүүн юу гээд байсан бэ” гэж арай өндөр эрэгтэйд нь хэлсэн. Тэгээд бид нар тухайн газарт маргалдаад намхан залууг нь хойноос нь хавираад түлхэхэд тухайн залуу замын хайс хэсэг рүү унасан. Тэгээд хэвтэж байхдаа “гар хугарчихлаа” гэж хэлсэн. Тэр үед манай дүү “ахаа наадах чинь гар нь хугарчихлаа гэж байна, та боль” гэхээр нь нөгөө залуутай нь очиж маргалдаад нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл хоёр эмэгтэй нь болиулсан. Тэгээд хэрэлдээд байж байтал таксигаар нэг залуу ирсэн. Тэр үед намайг нэг нь хойш татаад унагаасан. Энэ үед манай дүү зугтаагаад явчихсан байсан. Тэгтэл тухайн залуу миний хоолойноос боогоод толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиод, дээр гараад суучихаад толгой болон нуруу руу өвдөгөөрөө өвдөглөөд байсан. Тэгээд тэдгээр хүмүүс намайг Цагдаагийн газарт авч ирсэн. Тухайн үед таксинаас бууж ирсэн залуу намайг зодсон. Нөгөө хоёр залуу нь миний биед гэмтэл учруулахаар зодож цохиогүй. ..Миний биед учирсан гэмтлийг тухайн залуу учруулсан бөгөөд “гар хугарчихлаа” гэж хэлсэн болон түүнтэй хамт явж байсан залуу миний биед гэмтэл учруулахаар зодож цохиогүй...” гэх /хх-ийн 32-34-р хуудас/,

               -Гэрч Б.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед Г ийн найз нь гэх залуу ирээд “миний найзын гарыг хугалчихлаа” гэж хэлээд гараараа толгой руу нь хэд хэдэн удаа цохисон. Тэгээд өргөж шидээд газарт унахаар нь дээр нь дараад сууж байгаад цагдаа дуудсан...” гэх /хх-ийн 53-55-р хуудас/,

               -Гэрч М.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...баарнаас гараад Г, Ж, З бид 4 гэрлүүгээ явах гээд зам гараад явж байтал Г  “араас хүн дагаад байна” гэж хэлж байсан санагдаж байна. Тэгээд Г  найзаа дуудахад нэг залуу ирсэн бөгөөд Г ийн найз нь ирээд тэр залууг газарт унагаагаад дээрээс нь дараад суучихсан байсан...” гэх /хх-ийн 58-59-р хуудас/,

               -Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...С.Э ы биед учирсан тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88-р хуудас/,  

               -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ө.С-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000дугаартай:

               “... 1.С.Э ы биед тархи доргилт, хүзүүний зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд цус хуралт, зулгаралт, нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

               3. Шинэ гэмтлүүд байна.

               4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх  шинжээчийн дүгнэлт /хх-ийн 82-83-р хуудас/ гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.  

Өөрөөр хэлбэл хохирогч гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч С.Э ы яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 08-ны шөнө В бааранд дүү М-ийн хамтаар шөнө 02 цагийн үед ороод гурван шил пиво аваад хоёрыг нь уусан. Тэгээд бүжиглэж байгаад нэг эмэгтэйтэй танилцсан бөгөөд дугаарыг нь асуухад хамт явж байсан хоёр гурван залуу яах гээд эмэгтэй хүний дугаар асуугаад байгаа юм. Чи зүгээр цаашаа яв гэж хэлээд бид нар маргалдсан. Тэгээд тухайн үед 04 цаг өнгөрч байхад баар хаагаад баарнаас би дүүгийн хамтаар гарсан. Тэгтэл дотор танилцсан хүүхэнтэй юм ярьж байтал нэг залуу гарч ирээд “чи зүгээр явчихаа” гэж хэлээд тэр эмэгтэйг дагуулаад такси бариад явсан. Тэгтэл тухайн хоёр хүнтэй явж байсан хүмүүстэй баарны үүдэн дээр муудалцаад салцгаасан. Тэгээд би хойшоо алхаад явж байтал хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй урд мөн алхаад явж байсан. Тэгтэл цагаан цамцтай залуу нь зүүн тийшээ зам гараад наашаа гараад ир энд учраа ольё гэхээр нь би дүүгээ бариад ав гэж хэлэхэд дүү очоод барьж авсан. Тэгээд би тухайн залууг очоод барьж автал миний цээж, мөр лүү тэр залуу гараараа хоёр удаа цохиод зугтаах гэхэд нь би хөлөөрөө араас нь өшиглөхөд хөл алдаад газарт унасан. Тэр үед нь би гар болон мөр хэсэг рүү өшиглөж, дэвссэн. Тэгээд гар хугарчихлаа гэхээр нь би больсон...” гэж /хх-ийн 108-109-р хуудас/ мэдүүлж байсан,

Шүүгдэгч Д.Э-ийн яллагдагчаар өгсөн: “...Би тухайн шөнө гэртээ байж байтал манай найз Г  хүрээд ирээч манай ажилчдыг хүргээд өгөөч гэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вест бааранд очсон. Намайг тухайн бааранд очиход Г  түүний ажлын газрын хүмүүс байсан. Тухайн бааранд би 43 нэгэн хүнтэй маргалдаагүй бөгөөд Г ийн ширээн дээр үл таних эрэгтэй ирээд ажлын газрын нэг эмэгтэй нь утсыг нь өгчих гээд тэр хэд маргалдаад байсан. Тэгэхээр нь би нэг найзыг нь такси бариад хүргэж өгчихөөд гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ ороод байж байтал Г  залгаад зодуулаад гараа хугалуулчихлаа гэхээр нь би хаана гэж асуухад баарнаас гарч яваад гэж хэлсэн. Тэгээд би дөхөж очоод такси бариад тэр авч хэдийг авч явах гээд очиход таксины жолооч нь тэр хэдийг харчихаад би ийм хүмүүс авахгүй ах гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд би буугаад очиход Г  буланд сууж байсан бөгөөд түүний ажлын газрын хоёр эрэгтэй, нэг эрэгтэй үл таних залуутай маргалдаад байж байсан. Тэгэхээр нь очоод өөрийнхөө утаснаас цагдаа дуудахад нөгөө залуу явах гээд байсан. Тэгээд би явуулахгүй гээд бид хоёр маргалдаад явах гээд дайраад байхаар нь би тэр залууг хавсарч унагаагаад дээр нь гарч суугаад гарын хойш татаад боосон. Тэр залуу эсэргүүцэл үзүүлээд нилээд ноцолдсон. Тэгээд арай хийж тухайн залууг гарыг нь 1 нь боогоод цагдаагийн хэлтэс рүү авч очсон...” гэж тус тус мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

-Шүүгдэгч С.Э ы хувийн байдлын талаар: “У” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 134-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 135-р хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 136-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 137-р хуудас/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 133-168-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 130-р хуудас/,

-Шүүгдэгч Д.Э-ийн хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 171-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 172-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 173-р хуудас/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 174-р хуудас/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 175-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 176-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 178-183-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

 

Хохирогч Б.Г  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2022 оны 10 дугаар сарын 07-ноос 08-ныг шилжих шөнө бааранд бага зэрэг маргалдсан шалтгаанаар хойшоос ирээд зодсон. Би ажлын газрынхаа 3 хүнтэй харих гээд алхаад явж байсан. Танилцуулсангүй гэх шалтгаанаар хойноос хоёулаа гүйж ирээд С.Э  намайг өшиглөсөн. Би 6 хүүхэдтэй ээжтэйгээ амьдардаг. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Нодлин бээлийнийхээ захирлаас урьдчилаад ажлын хөлс 10,000,000 төгрөг авсан байсан. Тэр орлого байна тасарсан. Би бас хувиараа унадаг дугуйны түрээс ажиллуулдаг. Цалин 1,460,000 төгрөг, эмчилгээний зардал 200,000 төгрөг, олох ёстой байсан орлого 2,540,000 нийт 4,200,000 төгрөг нэхэмжилж байна. Эрүүл мэндийн хувьд гар хуруунууд сайн ажиллаж эхэлж байгаа эргэх хөдөлгөөн асар муу байгаа. Хугараад мурий эдгэсэн учир цаашид хагалгаанд орох магадлалтай гэсэн...” гэв.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Э  нь дээд боловсролтой, шүүгдэгч Д.Э нь бүрэн дунд боловсролтой монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ө.С-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000000дугаартай дүгнэлтээр хохирогч С.Э ы биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ж.Г-ийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000000 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Г ийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч С.Э  нь хохирогч Б.Г ийг түлхэж, унагаж өшиглөж, шүүгдэгч Д.Э нь хохирогч С.Э ы түлхэж унагаж цохиж байгаа нь тус тус хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд шүүгдэгч Д.Э-ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” шүүгдэгч С.Э ы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.  

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, шүүгдэгч С.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Б.Г  нь шүүгдэгч С.Э аас 800,000 төгрөг авсан, одоо 4.200.000 төгрөгийн олох ёстой байсан орлого зэрэг зардлыг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтуудыг судлахад хохирлын баримтын бүрдүүлбэр дутуу, нэхэмжлэлийг хангах үндэслэл болж чадахгүй байх тул хэлэлцэхгүй орхив.   

Харин хохирогч Б.Г т учирсан гэмтэл, эрүүл мэндийн байдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй.” гэж зааснаар хохирогч Б.Г  гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Хохирогч С.Э  нь гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Э, С.Э  нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Э , Д.Э нар нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч С.Э  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 07-ноос 08-ныг шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт анх бааранд нэг эмэгтэйтээ танилцсан. Улмаар эмэгтэйгээ хамт явж байсан ажлын газрын Б.Г-той маргалдаж, гадаа гарч маргаан үргэлжилж Б.Г ийг хавсарч унагаагаад түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан. Д.Э нь манай найзын гарыг хугалчихлаа гээд С.Э ыг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Тухайн үед байсан Д.Жаргалсайхан, Б.Золзаяа, Д.Мэгзэм нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр Б.Г , С.Э  нарын эрүүл мэндэд гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байна. Хохирогч С.Э  нь нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн учраас бусдаас нэхэмжлэх зүйлгүй гэж үзэж байна. Харин хохирогч Б.Г ийн гаргаж өгсөн баримт шаардлага хангахгүй байгаа тул иргэний хэргийн шүүхэд жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч С.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Д.Э-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 (долоон зуун тавин мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргуулах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй.

 

Хохирогч Б.Г : “...Миний найз намайг өмөөрөөд хүнд хэрэгт орсон. Надад гомдолтой байна...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.Э-йг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Шүүгдэгч С.Э ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэлтэй.     

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч С.Э  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал,

Шүүгдэгч Д.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. 

Хувийн байдлын хувьд шүүгдэгч С.Э ы “У” ХХК-нд үйлдвэрийн дарга ажилтай, ам бүл 4, аав, дүүгийн хамт амьдардаг, шүүгдэгч Д.Э-ийн “Дээж ургац” ХХК-нд барилгачин ажилтай, ам бүл 4, хүүхэд, 2 дүүгийн хамт амьдардаг нөхцөл байдлуудыг нь тус тус харгалзан үзэж, хэн аль нь бусдад төлөх төлбөргүй байгааг нь дүгнэн торгох шийтгэх оногдуулах үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-йг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (долоон зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял, С.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Э д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 (зургаан) сарын хугацаанд, шүүгдэгч Д.Э оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Уовогт Д-ийн Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

              Шүүгдэгч Б овогт С-ын Э-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э ыг 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял тус тус  шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Э д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 (зургаан) сарын хугацаанд, шүүгдэгч Д.Э-эд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.   

 

          4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивт хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Г  гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

          6.  Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нар, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.УРАНГУА