Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2024/0766

 

 

 

 

“МБГ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 768 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Нын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

 

Нэхэмжлэгч: “МБГ” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А, Б.Б, Ж.Б, М.Э

Хэргийн индекс: 128/2023/0517/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 768 дугаар шийдвэрээр:

“Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3 дах хэсэгт заасныг баримтлан “МБГ” ХХК-ийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03/3081 дугаартай “МБГ” ХХК-ийн MV-01**** дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.“Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 768 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

Манай компани нь 2007 онд тухайн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газрыг худалдан авсан боловч 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль гарснаар тухайн газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Үүний дараа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль гарч Аймаг, Нийслэл тусгай зөвшөөрөл олгох харилцааг зохицуулах болсноор мөн 2-3 жилийн хугацааг өөрсдөөс үл хамаарах асуудлаар алдсан байдаг.

2.2.Хууль тогтоомжийн шинэчлэлт, ойлгомжгүй нөхцөл байдлаас шалтгаалан тусгай зөвшөөрөл бүхий газартаа үйл ажиллагаа явуулж эхлэх гэж байтал хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2017 онд А/609 дүгээр захирамжаар манай тусгай зөвшөөрлийг цуцалсан. Нийслэлийн Засаг даргын энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан, хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүхээс 2018 оны 09 сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0559 дугаартай захирамжаар баталгаажуулж шийдвэрлэсэн.

Энэхүү шүүгчийн захирамжийг биелүүлэхтэй холбоотойгоор манай компаниас газар ашигласны төлбөрт 50,340,000 төгрөг, мөн манай компаниар байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайлан, уулын ажлын төлөвлөгөө гэх мэт баримтуудыг боловсруулах, батлуулах ажлыг хариуцагч НБОГ, НЗД-ын зүгээс хийлгэж ирсэн бөгөөд тусгай зөвшөөрлийн сунгалтыг мөн 2020 он, 2021.05 сард хийлгэж 2022.07 сар хүртэл сунгасан байдаг.

2.3.Үүний дараа мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг дүгнэлт гаргаж тухайн газар дээр үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон боловч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын зүгээс манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр одоог хүртэл гаргаагүй.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийн үйлчлэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0559 шийдвэр гарснаар дуусгавар болсон.

2.4.Гэтэл анхан шатны шүүх Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжийг хүчин төгөлдөр байна гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн.

Хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан баримтуудаар манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан болон сэргээсэн баримт нэг ч байхгүй. Гэсэн атал хариуцагч нарын зүгээс энэхүү гомдлын 4-т заасан ажиллагаануудыг хийлгэж, ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэсэн. Түүнчлэн шүүхээс эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон захиргааны актыг хүчинтэй мэтээр тайлбарлан шийдвэрлэсэн нь гомдолтой байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч “МБГ” ХХК-аас “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 03/3081 дугаартай “МБГ” ХХК-ийн MV-01**** дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээхээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, тусгай зөвшөөрлийг сэргээхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

Маргааны үйл баримтын тухайд:

2.Анх Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас нэхэмжлэгч “МБГ” ХХК-д нь Улаанбаатар хот, Налайх дүүрэг, З нэртэй газарт орших *** гектар талбай бүхий уурхайн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах 1****А дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг[1] 2008 оны 07 дугаар сарын 17-ны олгож, тусгай зөвшөөрлийн сунгалтыг 2010-2017 онд 10 дахь жилийн, 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 14 дэх жилийн төлбөр төлснийг тэмдэглэж, 2022 оны 07 дугаар сарын 17-нийг хүртэл тусгай зөвшөөрлийг сунгажээ[2].

3.Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаар захирамжаар[3] “...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.6, Газрын хэвлийн  тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 50 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш 3 жилийн хугацаанд газрын хэвлий ашиглаж эхлээгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “МБГ” ХХК-ийн газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгожээ.

            4.Дээрх Нийслэлийн Засаг даргын А/609 дугаар захирамжийн “МБГ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэгч “МБГ” ХХК нь захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс хэрэг үүсгэжээ.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “МБГ” ХХК нь Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нийслэлийн Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн даргатай 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 07/11 дугаартай Эвлэрлийн гэрээ[4] байгуулсан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 559 дугаар захирамжаар[5]нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

6.Дээр дурдсан Эвлэрлийн гэрээний 2.2.5, 2.3-д нэхэмжлэгч “МБГ” ХХК нь энэхүү гэрээний 2.1-д заасан үүргийг эвлэрлийн гэрээг байгуулж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээр баталгаажуулснаас хойш 3 сарын дотор бүрэн биелүүлсэн тохиолдолд “МБГ” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах MV-01**** дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээсэнд тооцохоор харилцан тохиролцжээ.

7.Нэхэмжлэгч “МБГ” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 30 дугаар албан бичгээр[6]  Нийслэлийн Засаг даргад “...2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 07/4217 тоот албан бичгээр манай компанийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн MV-01**** дугаар түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй гэсэн хариу өгсөнд гомдолтой байх тул тус албан бичиг болон 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 640 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн манай компанид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлыг гаргаж, үүний дараа энэхүү ажлын хэсэгт холбогдуулан захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

8.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 494 дугаар шийдвэрээр[7] “МБГ” ХХК-ийн Нийслэлийн засаг дарга болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/640 дугаар захирамжаар байгуулагдсан  “Эвлэрлийн гэрээ”-г дүгнэх ажлын хэсэгт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/640 дугаар захирамжаар байгуулагдсан  ажлын хэсгийн шийдвэрийн “МБГ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

9.Уг анхан шатны шүүхийн шийдвэрээр “...“МБГ” ХХК нь Эвлэрлийн гэрээний 2.1.1-д заасан уурхай дээр зайлшгүй байх баримт бичгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бүрдүүлбэрийг хангасан байх ТЭЗҮ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, тайлан, Уулын ажлын төлөвлөгөө, тайлан, газар ашиглах гэрээ болон төлбөрийн баримтын хуулбар, байгаль орчны тусгай дансанд байршуулсан барьцаа хөрөнгийн төлбөрийн хуулбар гэх мэт/ гэсэн баримт бичгүүдээс ТЭЗҮ-ийн нүүр хэсэг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, Уулын ажлын төлөвлөгөө зэргийг ирүүлж бусад дурдсан баримт бичгүүдийг ирүүлээгүй, 2.1.2-т заасан газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгээгүй, 2.1.3-т заасан гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангасан талаар Нийслэлийн Байгаль орчны газар /цаашид НБОГ гэх/-аар тодорхойлолт гаргуулж талбайг ашиглахад шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.” гэж дүгнэсэн.

10.Дээрх анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас 3 сар гаруйн дараа Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн захирамжаар[8] нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 559 дүгээр захирамжийг[9] албадан гүйцэтгүүлэх захирамжийг гаргаж, мөн гүйцэтгэх хуудсыг үйлджээ. Уг албадан гүйцэтгэх захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 1/16710 албан бичгээр[10] Нийслэлийн Засаг даргад “шүүгчийн захирамжид дурдсан эвлэрлийн гэрээнд заасан хариуцагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх”-ийг мэдэгджээ.

11.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 570 дугаар магадлалаар[11] ““МБГ” ХХК нь ...эвлэрлийн гэрээг анхан шатны шүүхээр баталгаажуулснаас хойш 3 сарын дотор газрын төлбөрийн үлдэгдлийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн атлаа энэ үүргээ гүйцэтгээгүй, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг эвлэрлийн гэрээг шүүхээр баталгаажуулснаас хойш 3 сарын дотор хийлгээгүй,... нэхэмжлэгч нь гагцхүү өөрөөс хамаарах үүргээ гүйцэтгээгүй байгаа энэ тохиолдолд ажлын хэсгээс Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэснийг хууль бус гэж үзэх боломжгүй ... гэж дүгнэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 494 дүгээр шийдвэрт хууль хэрэглээг зөвтгөсөн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.  

12.Уг магадлал гарсны дараа мөн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Нийслэлийн Засаг даргад 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4-218/12240 дугаар албан бичгээр[12] мөн оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 4-218/18537 дугаар албан бичгээр[13] “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаартай захирамжийн “МБГ” ХХК-ийн эзэмшлийн MV-01**** дугаар тусгай зөвшөөрөлтэй холбогдох хэсгийг хүчингүй болгож, эвлэрлийн гэрээний дагуу хариуцагчийн чиг үүргээ хэрэгжүүлэх” талаар шүүхийн шийдвэр биелүүлэхийг даалгажээ.

13.Дээрх мэдэгдлийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн Байгаль орчны газарт 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 06/4575 дугаар албан бичгээр[14], 10 дугаар сарын 07-ны өдрийн 06/5157 дугаар албан бичгээр[15] тус тус “Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллахыг удаа дараа мэдэгдсэн тул 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор шүүхийн шийдвэр, захирамжийг биелүүлэх арга хэмжээг яаралтай авч ажиллана уу” гэх мэдэгдлийг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 06/5217 дугаар албан бичгээр[16] “...шүүхийн шийдвэрийг биелүүлэх шатанд уг компанийн эрхийг сэргээхээр бичиг баримтын боловсруулалтын ажил хийгдэж байна.” гэх хариу хүргүүлсэн байна.

14.Нэхэмжлэгчээс Нийслэлийн байгаль орчны газрын геологи, уул уурхайн хяналтын байцаагчаас “тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа үндэслэлээр зөрчлийн хэрэг нээсэн” гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Засаг даргад тусгай зөвшөөрлийг сэргээлгэхээр хүсэлт гаргасан.

15.Уг хүсэлтэд маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03/3081 дугаартай албан бичгээр[17] нэхэмжлэгч “МБГ” ХХК-д “...танай MV-01**** дугаар түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжаар хүчингүй болгож,...анхан шатны шүүхийн 2018 оны 128/ШШ2018/0559 дүгээр шүүгчийн захирамжаар тодорхой чиг үүргийг 3 сарын хугацаанд биелүүлэх нөхцөлтэйгөөр нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/640 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ирүүлсэн баримт материалыг шалгаж үзээд эвлэрлийн гэрээнд заасан чиг үүргээ бүрэн биелүүлээгүй гэж дүгнэн тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй болсныг мэдэгдэж албан бичиг хүргүүлсэн. Тус ажлын хэсгийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан боловч шүүхийн 2020 оны 494 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож уг шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул танай компанийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй” гэж мэдэгдлийг хүргүүлжээ.

16.Дээрх мэдэгдлийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “МБГ” ХХК-иас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ “...эвлэрлийн гэрээний дагуу 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрээр MV-01**** дугаартай тусгай зөвшөөрлийн 14 дэх жилийн төлбөр учир хариуцагчаас 2022 оны 07 дугаар сарын 17-нийг хүртэл тусгай зөвшөөрлийн хугацааг хүчинтэй байхаар сунгасан, үүнтэй холбоотойгоор компани тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллаа явуулахын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж хуульд заасны дагуу эрх, үүргээ хэрэгжүүлэн үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад “тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа” талаар манай компанид мэдэгдэж, тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгааг хууль бус, хууль ёсны итгэлийг хуулийн дагуу хамгаалагдах ёстой” гэж маргасан.

17.Хариуцагчаас “...тус компанийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамж хүчин төгөлдөр байгаа, эвлэрлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, энэ талаар шүүхийн шийдвэрүүд гарсан тул тусгай зөвшөөрлийг сэргээх боломжгүй, тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсан тул зөрчлийн хэрэг нээн, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон гэж торгууль, нөхөн төлбөрийн арга хэмжээ авсан” гэж тайлбарлан маргажээ.

Шүүхээс тогтоогдож буй үйл баримтад холбогдох хууль хэрэглээний тухайд:

18.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар ..., нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 11.2.2-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах”, 11.2.4-т “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах”, 11.2.5-д “харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” гэж тус тус заажээ.

19.Нэхэмжлэгч компани нь хариуцагчтай байгуулсан Эвлэрлийн гэрээний заалтууд, мөн  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 494 дугаар шийдвэрт “...“МБГ” ХХК нь Эвлэрлийн гэрээний 2.1.1-д заасан уурхай дээр зайлшгүй байх баримт бичгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бүрдүүлбэрийг хангасан байх ТЭЗҮ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, тайлан, Уулын ажлын төлөвлөгөө, тайлан, газар ашиглах гэрээ болон төлбөрийн баримтын хуулбар, байгаль орчны тусгай дансанд байршуулсан барьцаа хөрөнгийн төлбөрийн хуулбар гэх мэт/ гэсэн баримт бичгүүдээс ТЭЗҮ-ийн нүүр хэсэг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан, Уулын ажлын төлөвлөгөө зэргийг ирүүлж бусад дурдсан баримт бичгүүдийг ирүүлээгүй, 2.1.2-т заасан газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгээгүй, 2.1.3-т заасан гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангасан талаар Нийслэлийн Байгаль орчны газар /цаашид НБОГ гэх/-аар тодорхойлолт гаргуулж талбайг ашиглахад шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй”,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 570 дугаар магадлалын ““МБГ” ХХК нь ...эвлэрлийн гэрээг анхан шатны шүүхээр баталгаажуулснаас хойш 3 сарын дотор газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг эвлэрлийн гэрээг шүүхээр баталгаажуулснаас хойш 3 сарын дотор хийлгээгүй” гэж шүүхийн шийдвэр, магадлалд тус тус заасан үүргээ нэхэмжлэгч компаниас хэрэгжүүлсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

20.Иймээс хариуцагчаас “Ажлын хэсгээс гэрээний үүргээ биелүүлээгүй гэх дүгнэлт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 494 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 570 дугаар магадлал”-ыг тус тус үндэслэн маргаан бүхий 2023 оны 03/3081 албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэрийг шүүхээс дээр дурдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.2, 11.2.4, 11.2.5-д заасныг зөрчсөн хууль бус татгалзал гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Мөн уг хариуцагчийн татгалзлын улмаас нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлөө хууль ёсны дагуу сэргээлгэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүхээс үзэх үндэслэлгүй байна.

21.Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч талын эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн тухайд:

22.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч болон  өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул шүүх хуралдааныг тэдний эзгүйд үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд өмнө нь гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзсэн.

23.Учир нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08 цаг 30 минут товлогдож, 09 цаг 18 минут эхэлсэн бөгөөд шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т нарт 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Таас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн байх боловч тухайн өдрөө шүүгчийн туслахтай утсаар холбогдож 12 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанд оролцохоо илэрхийлсэн байна. Харин шүүх хуралдааны  өдөр, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 24 минутад буюу шүүх хуралдаан эхэлсний дараа нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Наас шүүхийн мэйл хаягаар “...өмгөөлөгч Д.Таас татгалзаж байгаа болно. Нэхэмжлэгч талыг шинээр өмгөөлөгч авах бололцоогоор хангаж, боломжит хугацаагаар шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг ирүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 768 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 12 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 13, 2-р хавтас 4, 10, 14 дэх тал

[3] Хэргийн 1-р хавтас 161, 165 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 20-21 дэх тал

[5] Хэргийн 1-р хавтас 70-73 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас ***-34 дэх тал

[7] Хэргийн 1-р хавтас 51-63 дахь тал

[8] Нотлох баримтаар авагдсан 1282020032*** индекстэй хэргийн 1-р хавтас 149-151 дэх тал

[9] Хэргийн 1-р хавтас 70-73 дахь тал

[10] [10] Нотлох баримтаар авагдсан 1282020032*** индекстэй хэргийн 1-р хавтас 156 дахь тал

[11] Хэргийн 1-р хавтас 64-69 дэх тал

[12] Хэргийн 1-р хавтас 96 дахь тал

[13] Хэргийн 1-р хавтас 95 дахь тал

[14] Хэргийн 1-р хавтас 94 дэх тал

[15] Хэргийн 1-р хавтас 97 дахь тал

[16] Хэргийн 1-р хавтас 99 дэх тал

[17] Хэргийн 1-р хавтас 15-16 дахь тал