Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 261

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч Д.Ширэндэв,

шүүгдэгч Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

шүүгдэгч Л.Сүх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:        

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баатарын Отгонбаатар, Анчин овогт Лхагвасүрэнгийн Сүх-Эрдэнэ нарт холбогдох эрүүгийн 201625011488 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 15ы өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 20 гудамж, 562 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, 88-А-ийн 129 тоотод түр оршин суух, улсаас гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1399 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар сарын 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Баатарын Отгонбаатар, РД:МБ93021010,

2. Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, армуторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Наран 16 гудамж, 138б тоотод оршин суух, улсаас гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Анчин овогт Лхагвасүрэнгийн Сүх-Эрдэнэ, РД:МБ93102916,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Отгонбаатар нь Л.Сүх-Эрдэнэтэй бүлэглэн, ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө “Ланд крузер-80” маркийн 11-44 УНН улсын дугаартай автомашин хэрэглэж Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны гаднах автомашины зогсоолд байсан иргэн Ү.Наранбаатарын эзэмшлийн “Соната-6” маркийн 24-54 УНӨ улсын дугаартай автомашины цонхыг хагалан нэвтэрч принтер, принтерийн хор зэрэг эд зүйл хулгайлж түүнд 640.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Л.Сүх-Эрдэнэ нь Б.Отгонбаатартай бүлэглэн, 2016 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө “Ланд крузер-80” маркийн 11-44 УНН улсын дугаартай автомашин хэрэглэж Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны гаднах автомашины зогсоолд байсан иргэн Ү.Наранбаатарын эзэмшлийн “Соната-6” маркийн 24-54 УНӨ улсын дугаартай автомашины цонхыг хагалан нэвтэрч принтер, принтерийн хор зэрэг эд зүйл хулгайлж түүнд 640.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Отгонбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Л.Сүх-Эрдэнэтэй хамт хулгай хийгээгүй. Л.Сүх-Эрдэнийн гэрт принтер хортойгоо байдаг. Принтер зардаг өглөө машин дотор хийсэн байхаар нь Л.Сүх-Эрдэнээс асуухад “манай ах өгсөн юм, заралцаад өгөөч” гэж хэлэхээр нь өнөөдөр машин явахгүй,хоёулаа таксидаж яваад зарчихъя гэж хэлээд хамт явж зарсан.  Би хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Л.Сүх-Эрдэнийг шөнө ирэхэд гэртээ байсан гэв.

Шүүгдэгч Л.Сүх-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад ахынхаас гараад 30 дугаар байрны гадна байсан Сонато-6 маркийн машины хойд талын цонхыг хагалаад принтер авсан. Тэгээд 05 цагийн үед Цагаан Хуаран руу Б.Отгонбаатарын гэрт нь очоод “машиныхаа түлхүүрийг өгч байгаач” гэж хэлээд түлхүүрийг аваад машин дотор нь принтерийг хийсэн. Маргааш өглөө нь би Б.Отгонбаатарт “манай ах принтер өгсөн юм, зараад өгөөч” гэж хэлэхэд “машин явдаггүй өдөр хоёулаа такси бариад явъя” гэхээр нь 50 орчим насны жолоочтой ногоон өнгийн суудлын машинаар таксидаж явсан. Б.Отгонбаатар зарж өгсөн. Гэхдээ би Б.Отгонбаатарт хулгайн эд зүйл гэж хэлээгүй. Харин 13 дугаар хороололын тэндээс салахдаа Б.Отгонбаатарт хулгайн эд зүйл байсан гэдгийг хэлсэн. Намайг хулгай хийхэд Б.Отгонбаатар цуг яваагүй гэв.

     Шүүгдэгч Б.Отгонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Улаанаа хамт явж бэлэн мөнгөний ажил хийх үү” гэхээр нь “ямар ажил вэ” гэж асуухад ойрхон 13-р хороолол ороод хэлье гэсэн юм. Тэгээд 30-р сургуулийн тэнд очиж байрны хажуу талд байсан Соната-6 машины цонхыг Улаанаа хагалаад принтер, принтерийн хорыг хоёр удаа зөөж авч ирсэн. Компьютер Ланд орж принтерийг нь бүх хортой нь хамт 100.000 төгрөгөөр мөнгөний хэрэг болоод өөрийнхөө эд зүйлийг зарж байна гээд би оруулж өгсөн юм. ...Би өмнө нь сэжигтнээр байцаалт өгөхдөө нэг зүйлийг худал хэлсэн. Улаанаа гэдэг хүн огт байхгүй би ганцаараа 11-44 УНН улсын дугаартай машиныг ашиглан хулгай хийсэн юм. Улаанаа гэдэг хүн байдаг гэж худлаа хэлснээс бусад болсон бүх зүйлээ үнэн зөвөөр нь ярьсан...” гэх мэдүүлэг. /хх 51-56 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Сүх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Жуковт байдаг 30-р байрны хажуу талд урагшаа хараад зогсож байсан саарал өнгийн Соната-6 маркийн автомашины хойд талын жижиг гурвалжин цонхыг хагалаад  хаалгыг нь дотроос нь онгойлгож үзэхэд ард талын суудал дээр саарал өнгийн принтер, 10 гаран ширхэг принтерийн хор байсан. Отгонбаатараас машиныхаа түлхүүрийг өгчих гэж хэлж түлхүүрийг нь аваад хулгайлсан зүйлүүдээ түүний 11-44 УНН улсын дугаартай Ланд 80 маркийн автомашинд хийсэн. Отгонбаатарт ахын принтер байгаа юм гээд хамт зарахаар гарсан юм. Компьютер Ланд орж Отгонбаатар принтерээ хорнуудтай нь 100.000 төгрөгөөр зарсан. Буцаж 13-р хороолол ороод таксинаас буухдаа Отгонбаатарт хулгайн эд зүйл гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг. /хх дугаар хуудас/,

Хохирогч Ү.Наранбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Өөрийн эзэмшлийн 24-54 УНӨ улсын дугаартай Сонота-6 маркийн автомашинаа байрны гадаа орхиод гэртээ орсон. Маргааш өглөө нь 12 цаг 30 минутын орчимд хүүхдээ сургуульд хүргэж өгөх гээд гартал машины баруун хойд талын гурвалжин цонх хагарсан байсан. Машинаа онгойлгоод үзтэл дотор нь байсан Самсунг маркийн 3 үйлдэлтэй принтер 1 ширхэг, гатриж буюу принтерийн хор шинээрээ 8 ширхэг зэрэг алдагдсан байсан. Манай компани компьютерийн засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг учраас миний автомашинд хэрэгцээтэй эд зүйлс байдаг юм...” гэх мэдүүлэг. /хх 21-23 дугаар хуудас/,

Гэрч Д.Батдалайн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ажил дээрээ байж байтал 11 цагийн үед байх нэг 20 гаран насны залуу орж ирээд “3 үйлдэлтэй принтер авах уу” гэж асуухаар нь “харъя ямар учиртай принтер” юм гэхэд “гадаа машинд байгаа” гэсэн. Тэгээд би гартал ногоон саарал өнгийн суудлын жижиг тэрэг байсан, жолооч нь болохоор настайвтар хүн байсан. Тэгээд арын суудал дээр байсан Самсунг М-2070 маркийн 3 үйлдэлтэй их бие нь саарал өнгийн скайнертай хэсэг нь хар тагтай, катрижтай 6, 7 ширхэг хор харагдаж байсан. Принтерийг чинь авбал авъя гэхэд 150.000 төгрөгөөр авчих гэхээр нь авбал 100.000 төгрөгөөр авъя гэж хэлчихээд ажил руу ортол 20 орчим минутын дараа орж ирээд 120.000-130.000 төгрөгөөр авчихгүй юм уу гэсэн чинь үгүй гэхэд буцаж гараад принтерээ хортой нь авч орж ирсэн тэгээд би принтерийг чинь авъя гэхэд хороо хамт үлдээгээд явсан...” гэх мэдүүлэг. /хх 29 дүгээр хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3, 7-8 дугаар хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 4 дүгээр хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-13 дугаар хуудас/,

11-44 УНН улсын дугаартай Ланд-80 маркийн автомашиныг битүүмжилсэн 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 14-15 дугаар хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /хх 31,157 дугаар хуудас/,

1995 онд үйлдвэрлэсэн 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Монгол улсад орж ирсэн, хуучин 11-44 УНН улсын дугаартай Ланд-80 маркийн автомашиныг 3.000.000 төгрөгөөр үнэлжээ /хх 157 дугаар хуудас/,

Хэрэгт эд мөрийн баримтаар “Лэйзер принтер сапплиз” гэсэн бичиглэлтэй 1 ширхэг принтерийн хорны хайрцгийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөн байцаагчийн тогтоол /хх 86 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 66 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 74 дүгээр хуудас/, Шүүгдэгч Б.Отгонбаатарын хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх 61-65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Отгонбаатар нь Л.Сүх-Эрдэнэтэй бүлэглэн, ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө “Ланд крузер-80” маркийн 11-44 УНН улсын дугаартай автомашин хэрэглэж Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны гаднах автомашины зогсоолд байсан иргэн Ү.Наранбаатарын эзэмшлийн “Соната-6” маркийн 24-54 УНӨ улсын дугаартай автомашины цонхыг хагалан нэвтэрч 310.000 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг принтер,тус бүр нь 40.000 төгрөгний үнэ бүхий принтерийн хор 7 ширхэг,50.000 төгрөгний үнэ бүхий принтерийн хор 1 ширхэг,нийт 8 ширхэг принтерийн хор зэрэг эд зүйл хулгайлж түүнд 640.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Л.Сүх-Эрдэнэ нь Б.Отгонбаатартай бүлэглэн, 2016 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө “Ланд крузер-80” маркийн 11-44 УНН улсын дугаартай автомашин хэрэглэж Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны гаднах автомашины зогсоолд байсан иргэн Ү.Наранбаатарын эзэмшлийн “Соната-6” маркийн 24-54 УНӨ улсын дугаартай автомашины цонхыг хагалан нэвтэрч 310.000 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг принтер,тус бүр нь 40.000 төгрөгний үнэ бүхий 7 ширхэг принтерийн хор,50000 төгрөгний үнэ бүхий 1 ширхэг,нийт 8 ширхэг принтерийн хор зэрэг эд зүйл хулгайлж түүнд 640.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг,хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Отгонбаатар, Л.Сүх-Эрдэнэ нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.Отгонбаатар, Л.Сүх-Эрдэнэ нар нь дээрхи принтер, принтерийн хор бүлэглэн хулгайлах үйлдлийг үйлдэхийн өмнө болон уг үйлдлийг хийсний дараагаар тухайн шөнөө Бөхийн өргөөний зүүн талын байрнуудын дэргэдээс болон Американ дэнж хотхоны зүүн урд талын байрны дэргэдэх, мөн Улаанбаатар их сургуулийн хашааны урд талд байсан нийт 6 ширхэг автомашины аккумиляторыг хулгайлсан үйлдлүүдийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолуудаар хохирогч нарт учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу бага бус хохирлын хэмжээнд хүрэхгүй байх тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Отгонбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө дээрхи гэмт хэргүүдийг Улаанаа буюу Л.Сүх-Эрдэнэтэй бүлэглэн үйлдсэн болохоо 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Ц.Анхбаатарын авсан тайлбар /хэргийн 9 хуудас/, сэжигтэнээр мэдүүлсэн мэдүүлэгт /хэргийн 53 хуудас/ хүлээн мэдүүлсэн бөгөөд дээрхи мэдүүлэг нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Д.Батдалайн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж үзлээ.

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1399 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар сарын 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаанд шүүгдэгч  Б.Отгонбаатар нь уг хэмт хэргийг үйлджээ.

            Шүүгдэгч нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж тухайн шөнө аккумиляторуудыг хулгайлах үйлдлийг Б.Отгонбаатар, принтер, принтерийн хор хулгайлах үйлдлийг Л.Сүх-Эрдэнэ ганцаараа үйлдсэн гэж мэдүүлж байгаа хэдий ч шүүгдэгч нарын дээрхи мэдүүлэгүүд нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Мөн Л.Сүх-Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, 15 дугаар хороололын 30 дугаар байрны зогсоолд байсан хохирогч Ү.Наранбаатарын машинаас принтер, 8 ширхэг хорны хамтаар хулгайлахдаа тээврийн хэрэгсэл ашиглалгүйгээр ганцаараа авч явж Цагаан хуаранд байх Сүх-Эрдэнийн гэрийн гадаа байсан Ланд 80 маркийн машинд аваачиж тавьсан гэх мэдүүлэг бодит нөхцөл байдал гэж үзэх боломжгүй юм.

            Шүүгдэгч Л.Сүх-Эрдэнийн өмгөөлөгчөөс хохирогчоор Ү.Наранбаатарыг тогтоосон нь буруу, хохирогчийг зөв тогтоохын тулд хэргийг мөрдөн байцалтанд буцаах гэснийг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ. Ү.Наранбаатар нь машинаасаа эд зүйл алдсан болохоо мэдүүлсэн бөгөөд түүнийг хохирогчоор тогтоосон нь хууль зөрчсөн гэх үндэслэл алга байна.

Шүүх шүүгдэгч  Б.Отгонбаатарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд,

шүүгдэгч Л.Сүх-Эрдэнэд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 11-44 УНН улсын дугаартай Ланд-80 маркийн автомашиныг битүүмжилснийг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн принтерийн хорны 1 ширхэг хайрцаг, делкор гэсэн бичигтэй автомашины аккумулятор зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, Л.Сүх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Отгонбаатарын цагдан хоригдсон 13 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.