Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 13

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч П.Б-д холбогдох,

       “Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 34/05/01 тоот актын Ц.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.О, хариуцагч улсын байцаагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ц.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”  Би 2016-2020 онд Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан. Тухайн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа Аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан. 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Батсайхан нь аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал дээр намайг дуудаж Увс аймгийн Эрүүд мэндийн газрын даргын хувьд Увс аймгийн Эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд таны үүрэг оролцоо их байх болно гэж хэлээд аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүнээр хамтран ажиллах болсон талаар хэлж байсан. Ингээд 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүний бүрэлдэхүүнд авч ажиллуулсан. Энэ нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Засаг даргын зөвлөлийн хурлын 13 дугаар хурлын тэмдэглэлээр нотлогдон тогтоогдох болно.

Өмнө нь аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр А/440 тоот захирамжаар 11 гишүүний бүрэлдэхүүнтэй Засаг даргын зөвлөлийг байгуулсан байсныг би мэдээгүй байсан. Тухайн үед 11 гишүүний бүрэлдэхүүнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга орсон байсан. Дараа нь 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга нь Засаг даргын зөвлөлд байх зохимжгүй гэж үзэж аймгийн Эрүүл мэндийн газрын даргыг оруулж ирэх санал гаргаж намайг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Засаг даргын зөвлөлд оруулсан. Ингээд миний бие 4 жил Засаг даргын зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажилласан. Засаг даргын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байх үедээ Засаг даргын зөвлөлийн журам заавар, үүргүүдийг танилцуулсны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан. Улаанбаатар хот болон хөдөө орон нутгаар албан томилолтоор явах мөн ээлжийн амралттай байх хугацаандаа аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд сууж амждаггүй байсан тул хүсэлт гаргаж чөлөө авч бусад үед нь зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан.

Увс аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/762 дугаар захирамжаар 4 жил Засаг даргын зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажилласан гишүүдэд аймгийн Засаг дарга өөрийн хэр хэмжээний дагуу 2.000.000 төгрөгийн урамшууллыг 1 удаа олгосон байдаг. Тухайн захирамжид миний нэр байсан тул уг мөнгөн урамшууллыг авсан.

Би тухайн актад бичигдсэн зөрчлүүд гаргаагүй, Аймгийн Засаг даргын захирамжийн хавсралтад буруу бичигдсэнийг эрх зүйн акт гаргаж буй хүмүүсийн буруутай үйл ажиллагаа гэж үзэж байна. Гэтэл Увс аймгийн Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч П.Б 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 34/05/01 тоот актаар намайг аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүн биш гэж үзэж надад олгогдсон урамшууллын 2.000.000 төгрөгийн төлбөр тавьсан.

Увс аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 34/05/01 тоот актын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч П.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын 11.1 дэх хэсэгт заасан Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргах эрхтэй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана гэж заасны дагуу байгууллагын даргад гомдлоо гаргаад, улсын ерөнхий байцаагчид бас гомдол гаргасны дараа захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах ёстой байсан гэж үзэж байна.      

Увс аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/440 тоот захирамжийн хавсралтаар зөвлөлийн бүрэлдэхүүнд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга гэж орсон байдаг. Гэтэл 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/762 тоот захирамжаар Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.О-т 2.000.000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгогдсон учир акт тавигдсан.

Захиргааны хэргийн материалтай танилцаж байхад аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүнээр мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.А болон Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.А нар аймгийн Засаг даргын зөвлөлийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан дээр Засаг даргын зөвлөлд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга байх зохимжгүй тул аймгийн Эрүүл мэндийн газрын даргыг Засаг даргын зөвлөлд оруулах нь зүйтэй гэж өөрчлөн Эрүүл мэндийн газрын дарга Ц.О-ыг аймгийн Засаг даргын зөвлөлд оруулсан гэж мэдүүлэг өгсөн байсан.

Хэдийгээр ингэж мэдүүлсэн боловч аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Алтан аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүний бүрэлдэхүүнд өөрчлөлт орсныг мэдсэн даруйд Увс аймгийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр А/440 тоот захирамжид дурдсан гишүүний нэр албан тушаалыг өөрчилж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.О гэж захирамж өөрчлөх боломжтой байсан.

Гэтэл Увс аймгийн Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/440 тоот захирамж өөрчлөгдөхгүй байсаар Увс аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/762 дугаар захирамжаар 4 жил Засаг даргын зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажилласан гишүүдэд аймгийн Засаг дарга өөрийн хэр хэмжээний дагуу 2.000.000 төгрөгийн урамшууллыг 1 удаа олгохоор захирамж гарахаар өмнөх захирамжид дурдагдсан аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүдийн нэр албан тушаал зөрчигдсөн тул 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 34/05/01 тоот актыг Ц.От бичсэн. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.О нь Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны улсын байцаагч П.Бд холбогдуулан “ Улсын байцаагчийн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 34/05/01 дугаар “актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Маргаан бүхий захиргааны акт болох Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны улсын байцаагч П.Б-ийн үйлдсэн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 34/05/01 дүгээр “актын хавсралтаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалын 2.1.3-т заасныг баримтлан буруу олгосон мөнгөн урамшууллыг Ц.О-аар төлүүлэхээр тогтоосон байна.

Нэхэмжлэгчээс улсын байцаагчийн актын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны даргад гомдол гаргаж 2021 оны 02 сарын 15-ны өдрийн 29 дугаартай албан бичгээр “актыг хүчингүй болгох боломжгүй” тухай хариуг аван 2021 оны 03 сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий улсын байцаагчийн 34/05/01 дугаар актад “актыг эс зөвшөөрвөл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу гомдлоо дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргах эрхтэйг” дурдсан байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д Засгийн газар, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны Засаг даргын хяналт шалгалт, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон мэргэжлийн хяналт, түүнчлэн нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасан, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар аймгийн Засаг дарга хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах эрхтэй байна.

Хуульд заасан хяналтын хүрээнд Увс аймгийн Санхүү хяналт,аудитын албаны улсын байцаагч хяналт шалгалтыг гүйцэтгэсэн байх ба нэхэмжлэгч нь улсын байцаагчийн шийдвэртэй холбогдуулан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар дээд шатны албан тушаалтанд хандсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй тул хариуцагчийн шүүхэд гаргасан “ албаны даргад гомдол гаргасны дараа Засгийн газрын 2017 оны 483 дугаар тогтоолоор баталсан журамд зааснаар дахин Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргах ёстой” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Нэхэмжлэгч талаас “Нэгдсэн эмнэлгийн дарга нь Засаг даргын зөвлөлд байх зохимжгүй гэж үзэж аймгийн Эрүүл мэндийн газрын даргыг оруулж ирэх санал гаргаж намайг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр аймгийн Засаг даргын зөвлөлд оруулсан байхад Засаг даргын зөвлөлд нэр байхгүй гэсэн үндэслэлээр надаас төлбөр гаргуулахаар актын хавсралтад хариуцуулсан нь үндэслэлгүй” гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хариуцагч талаас “Увс аймгийн Засаг даргын 2016 оны 07 сарын 26-ны өдрийн А/440 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтаар Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн газрын дарга байхгүй  байтал мөнгөн урамшууллыг авсан байдаг” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

            Маргаан бүхий захиргааны акт болох Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны улсын байцаагч П.Б-ийн үйлдсэн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 34/05/01 дугаар “Буруу олгосон мөнгөн урамшууллыг нөхөн төлүүлэх тухай” актаар Аймгийн Засаг даргын 2020 оны 10 сарын 21-ний өдрийн А/762 дугаар захирамжаар Засаг даргын нөөцөөс Засаг даргын зөвлөлд байхгүй нэр бүхий албан тушаалтнуудад мөнгөн урамшуулал олгосон зөрчил илэрсэн нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”,Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалын 2.1.3-д “ Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэн буруу олгогдсон 7500000 төгрөгийг хавсралтад заасны дагуу нөхөн төлүүлэхийг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга,нягтлан бодогч нарт даалгажээ.

            Улсын байцаагчийн актын хавсралтын 3-рт Эрүүл мэндийн газрын дарга Ц.Оаар 2.000.000 төгрөг төлүүлэхээр заасан байна.

            Увс аймгийн Засаг даргын 2020 оны 10 сарын 21-ний өдрийн А/762 дугар захирамжаар 2016-2020 оны ажлын үр дүнгээр эрхэлсэн асуудлын хүрээнд амжилттай ажилласан Засаг даргын зөвлөлийн нэр бүхий гишүүдэд урамшуулал олгохоор шийдвэрлэж хавсралтаар урамшуулал олгох ажилтны  нэрсийг баталсан байх ба Эрүүл мэндийн газрын дарга Ц.О-т  2.000.000 төгрөгийн урамшуулал олгохоор багтжээ.

            Увс аймгийн Засаг даргын 2016 оны 07 сарын 26-ны өдрийн А/440 дугаар захирамжийн 1-р хавсралтаар Засаг даргын зөвлөлийг албан тушаалын байдлаар нь 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байх ба үүнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга багтахаар заажээ.

            Увс аймгийн Засаг даргын Зөвлөлийн гишүүдийг 2016 оны А/440 дугаар захирамжаар баталсан боловч  2016 оны 08 сарын 31-ний өдрийн зөвлөлийн хуралдаанаар аймгийн Засаг дарга Д.Б “ Эрүүл мэндийн газар бол салбарын бодлого тодорхойлдог газар тул зөвлөлийн бүрэлдэхүүнд Нэгдсэн эмнэлэгийн дарга биш Эрүүл мэндийн газрын дарга орох нь зүйтэй” гэсэн санал гаргаснаар бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн газрын даргыг оруулахаар шийдвэрлэснийг тус хуралдааны 13 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна.

            Увс аймгийн Засаг даргаас зөвлөлийн бүрэлдэхүүний өөрчлөлтийн талаар холбогдох захирамжийг гаргаагүй байх боловч нэхэмжлэгч Ц.О нь Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын хувьд 2016 оны 08 сарын 31-ний өдрөөс хойш дараагийн томилогдсон Засаг даргын зөвлөл томилогдох хүртэл хугацаанд буюу 2020 оны 12 сарын 15-ны өдрийг хүртэл  зөвлөлийн бүрэлдэхүүнд ажилласан болох нь шүүхээс бичиг баримтад хийсэн үзлэгийн тэмдэглэлээр буюу 2016-2020 оны хооронд хуралдсан аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийн ирцийг бүртгэсэн байдлаар Ц.О нь нийт 25 удаагийн хуралдаанд оролцсон байдлаар,

мөн гэрч Б.Алтангийн “ Увс аймгийн Засаг дарга Д.Б шинээр томилогдоод 2016 оны 7 сард зөвлөлийн гишүүдээ байгуулсан.Анх зөвлөлийн бүрэлдэхүүнд Нэгдсэн эмнэлгийн дарга,Улаангом сумын Засаг даргаас бусад гишүүдийг Засаг даргын тамгын газар дотроосоо томилсон.Миний бие тэр үед Хууль зүйн хэлтсийн даргын хувьд зөвлөлийн бүрэлдэхүүнд томилогдсон.Тэгээд сарын дараа 2016 оны 8 сарын 31-ний өдрийн хуралдаанаар Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд нэгдсэн эмнэлгийн дарга биш Эрүүл мэндийн газрын дарга оролцох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.Түүнээс хойш Эрүүл мэндийн газрын дарга Ц.О нь хуралдаанд тогтмол оролцож зөвлөлийн бүрэлдэхүүнд ажилласан” гэх мэдүүлэг,

гэрч С.А-ийн “ Увс аймгийн Засаг дарга Д.Б шинээр томилогдоод 2016 оны 7 сард Засаг даргын зөвлөлийн гишүүдээ томилсон.Тэр үед би Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсны хувьд зөвлөлийн бүрэлдэхүүнд томилогдсон.2016 оны 8 сарын 31-ний өдрийн хуралдсан хуралдаанд би Нэгдсэн эмнэлгийн дарга зөвлөлд байх шаардлагагүй,Увс аймгийн Эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь хариуцдагийн хувьд Эрүүл мэндийн газрын дарга ажиллах ёстой гэсэн санал гаргасны үндсэн дээр Эрүүл мэндийн газрын дарга Ц.О-ыг зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар шийдвэрлэсэн.Үүнээс хойш Ц.О нь зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллаж өөрийн салбарын олон асуудлыг судалгаа шинжилгээтэй танилцуулж шийдвэрлүүлдэг байсан ба энэ ч үүднээс эрүүл мэндийн байгууллагын ажлын статистик үзүүлэлтүүд сайжирч Эрүүл мэндийн газар улсдаа нэгдүгээр байранд орж байсан” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

            Увс аймгийн Засаг даргын 2020 оны 10 сарын 21-ний өдрийн А/762 дугаар захирамжаар нийт 11 албан тушаалтанд урамшуулал олгохоор заасны нэр бүхий 4 албан тушаалтныг улсын байцаагчийн зүгээс Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд байхгүй гэсэн үндэслэлээр урамшууллыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн ба үлдэх 7 албан тушаалтныг Засаг даргын зөвлөлд ажилласан гэж үзсэн байна.

            Өөрөөр хэлбэл, Ц.О-ын хувьд бусад урамшуулал олгогдохоор заасан албан тушаалтнуудтай адилаар Увс аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүнээр 2016 оны 08 сарын 31-ний өдрөөс хойш ажилласан байтал энэхүү нөхцөл байдлыг нягталж шалгах ажлыг улсын байцаагчийн зүгээс гүйцэтгэхгүйгээр “зөвлөлд байхгүй нэр бүхий албан тушаалтан “ гэсэн дүгнэлт хийж актаар төлбөр төлүүлэхээр тогтоосон нь бодит байдалтай нийцээгүй, тэгш бус хандсан шийдвэр болжээ.

             Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна”, 69.5-д “Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байх ба Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар Дотоод аудитын дүрмийг баталжээ.

Уг дүрмийн 7.5-д “Санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл, санхүү, төсөв,  нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт, албан шаардлага бичнэ” гэж заасны дагуу улсын байцаагч нь төлбөр төлүүлэхээр акт тогтоох эрхтэй  боловч  маргаан бүхий актын холбогдох хэсэг нь хууль, эрх зүйн хэм хэмжээг зөв тайлбарлаж,үндэслэлтэй гарсан байх шаардлагыг хангаагүй,бодит байдалтай нийцээгүй байх тул Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 34/05/01 дугаар “Буруу олгосон мөнгөн урамшууллыг нөхөн төлүүлэх тухай” актын хавсралтын Ц.О-аас 2.000.000 төгрөгийг төлүүлэх хэсгийг хүчингүй  болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,хариуцагчийг харьяалах байгууллага болох Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албанаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3,Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,69.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.О-ын нэхэмжлэлийг хангаж, Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 34/05/01 дугаар “Буруу олгосон мөнгөн урамшууллыг нөхөн төлүүлэх тухай” актын хавсралтын Ц.О-аар 2.000.000 төгрөгийг төлүүлэх хэсгийг хүчингүй  болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албанаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.О-т олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ