Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 1018

 

 

 

 

 

 

 

2019          10            15                                               2019/ДШМ/1018

 

Н.Эт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Бямбасүрэн,

шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/1613 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Энхтөрийн бичсэн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаартай прокурорын эсэргүүцлээр Н.Эт холбогдох эрүүгийн 1909002390374 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Н.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “36 дугаар цэцэрлэг”-ийн гадна хохирогч П.Ариунаад “гаалийн бичигтэй орж ирсэн автомашин авч өгнө, гааль руу явж байна” хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан автомашины урьдчилгаа мөнгө хэмээн 5.200.000 төгрөгийг авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Н.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад шаардлагатай зарим нөхцөл байдлууд эргэлзээ бүхий хэвээр, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж үзэхээр байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Н.Эт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж шийдвэрлэсний /мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийн шийдвэрлэсэн/ дараа Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Н.Эт холбогдох 1909002390374 дугаартай залилах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүгдэгч Н.Эийн холбогдсон нэг төрлийн дээрх хоёр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нэгтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэн шүүгдэгчийн өмгөөлөгч, улсын яллагч нараас гаргасан “Н.Эт холбогдох хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх” тухай санал хүсэлтүүдийг харгалзан үзэж хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзээд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Наранцэцэгийн Э-т холбогдох эрүүгийн 1909002390374 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 Дээд шатны прокурор Д.Энхтөр бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүлээн авах үндэслэлгүй байна. Шүүгчийн захирамжид зааснаар Н.Эт холбогдох дээрх хэргүүдийг нэгтгэх тохиолдолд Н.Эт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны 586 дугаартай магадлалыг хүчингүй болгох шаардлагатай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэлд Н.Эт холбогдох хэргийн тохиолдолд хамаарахгүй байна.

Өөрөөр хэлбэл, Н.Эийн ял шийтгүүлсэн болон яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдийг нэгтгэснээр хэргийн зүйлчлэл хөнгөрөх буюу хүндрэх ямар нэг өөрчлөлт орох үндэслэлтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Н.Эт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж гэм буруутайд тооцон ял оногдуулсан тохиолдолд ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, “...6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар...” шийдвэрлэх боломжтой гэж үзэж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор П.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид зааснаар Н.Эт холбогдох дээрх хэргүүдийг нэгтгэх тохиолдолд Н.Эт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны 586 дугаартай магадлалыг хүчингүй болгох шаардлагатай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэлд Н.Эт холбогдох хэргийн тохиолдолд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, Н.Эийн ял шийтгүүлсэн болон яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдийг нэгтгэснээр хэргийн зүйлчлэл хөнгөрөх буюу хүндрэх ямар нэг өөрчлөлт орох үндэслэлтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Н.Эт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж гэм буруутайд тооцон ял оногдуулсан тохиолдолд ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, “6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар” шийдвэрлэх боломжтой гэж үзэж анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал нь бага насны буюу 3 хүртэлх насны 2 хүүхэдтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй  гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Хэргийн зүйлчлэл хэдий өөрчлөгдөхгүй ч гэлээ шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж оролцож байна...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Н.Эт холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

Н.Э нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлдээ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ДШМ/586 дугаар магадлалаар 1 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.  

Прокуророос шүүгдэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч П.Ариунааг залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болсон байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна” гэж тодорхой заажээ.

Шүүгдэгч Н.Э нь хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй, харин шүүхээр ял шийтгүүлэхээс өмнө үйлдсэн хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хуульчилж, уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шүүхийн шийтгэх тогтоолыг хэрхэн, яаж  гүйцэтгэх талаарх харилцааг зохицуулсан бөгөөд уг хуульд хэд, хэдэн шийтгэх тогтоолоор буюу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээд дахин шийтгүүлсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг хэрхэн гүйцэтгэх талаар хуульчлаагүй, энэхүү нөхцөл байдлыг Эрүүгийн хуулиар шийдвэрлэж, гэм буруутайд тооцож ял шийтгүүлсэн этгээдийн нийт биечлэн эдлэх ялыг зөвхөн шүүх тогтоодог онцлогтой.

Шүүгдэгч Н.Эийн холбогдсон нэг төрлийн дээрх хоёр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн /Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах/ 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй болсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Н.Эт холбогдох хэргүүдийг шүүхээс тус тусад нь хянан шийдвэрлэсэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулиас гадна Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Тухайн үед үндэсний буюу олон улсын хуулийн дагуу гэмт хэрэгт эс тооцож байсан аливаа үйлдэл буюу эс үйлдлийг үндэслэж, хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэх ёсгүй. Түүнчлэн гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял тохоож болохгүй” гэж тус тус заасан олон улсын гэрээгээр тунхагласан зарчим зөрчигдөж болзошгүй юм.

Аливаа хүний эрхийг дээдэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулснаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалт болон Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцнэ.

 Эдгээр байдлын талаар шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх бөгөөд эдгээрийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/1613 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Д.Энхтөрийн бичсэн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ОЧ

 

 

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

 

            ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ