Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар  2023/ШЦТ/44

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга П.Золбаяр,  

улсын яллагч: Ж.Отгончимэг,

шүүгдэгч Г.Г /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:   

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Г-д холбогдох эрүүгийн 000000000 тоот хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                             

                 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Г-ын Г /РД:0000000/,

Монгол Улсын иргэн, *************-ний өдөр ********* хотод төрсөн, ****настай, эмэгтэй, дээд боловсролтой, Хүнсний эрүүл ахуйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *******дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б ” караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Б-ын  толгойн тус газар дарсны хундагаар цохиж биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:        

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 21 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ****** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***** ” караокед Э.Б-ой хувийн таарамжгүй харилцааны улмаас толгойн тус газар дарсны хундагаар цохиж биед нь “дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх” гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

               -Хохирогч Э.Б-ын  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн үед 2 найзтайгаа “*****” караокед орж нэг шил архи уугаад босоод бүжиглээд зогсож байсан чинь үл таних эмэгтэй толгой руу шилээр 2 удаа цохисон. Тэгээд цагдаа дуудаад уг эмэгтэйг саатуулахаар аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-р хуудас/,

               -Гэрч Э.-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э.Б гэх залуутай таараад бид нар танилцаад байж байхад Г  согтсон юун хүн бэ гээд жоохон уурлаад байж байсан. Тэгээд бүгд босоод бүжиглэж байхад би угаалгын өрөө ороод гараад ирэхэд Г  тэр Б гээд залуугийн толгойг хагалсан гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

               -Гэрч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... “Б ” нэрийн караоке ороод өрөөнд сууж байгаад дээшээ нийтийн караокед ороод байж байхад манай нөхөртэй хамт ажилладаг Б  гэх залуу таараад манай нөхөртэй юм яриад ширээн дээр ирж очин байж байхад Г  агсраад дайраад байсан. Тэгээд болиулаад хориод байж байхад намайг чи энэ залууг өмөөрөөд байна гээд над руу уурлаад маргаан хийх гээд байхаар нь хориод боль согтсон байна гээд байж байхад Б  ширээн дээрээ юм яриад цаашаа хараад сууж байхад арын ширээн дээр байсан суурьтай виноны хундага аваад толгой руу шидсэн. Тэгээд хориод байж байсан удалгүй цагдаа ирсэн. Г  агсраад хундага авч шидсэн...” гэх мэдуүлэг/ хх-ийн 15-р хуудас/,

               -Гэрч Ч.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г  агсраад Б  ширээн дээрээ юм яриад цаашаа хараад сууж байхад арын ширээн дээр байсан суурьтай виноны хундага аваад толгой руу шидсэн тэгээд хориод байж байсан удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-рхуудас/,

               -Гэрч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай байгууллагаар үйлчлүүлж байсан хүмүүс хоорондоо маргаан хийгээд нэг эмэгтэй нэг залууг илдэж хөөж байгаад хамт явж байсан хүмүүс нь хориод болиулаад бүжиглэж байхад нөгөө эмэгтэй дахин гүйж ирээд нэг найз нь бариад авахад тухайн залуу ширээн дээрээ сууж байхад арын ширээн дээр байсан дарсны стакан аваад толгойн ар хэсэгт шидээд хагалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

               -Гэрч Д.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд нөгөө залуу ширээндээ буцаж ирээд суухад нэг эмэгтэйн тэр залуу руу шууд гүйж ирээд 2 номерын ширээн дээр байсан дарсны аяга аваад араас нь толгой руу шидсэн тэгээд тухайн хүмүүс цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

               -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ц.О 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000 дугаартай:

               “...1.  Э.Б-ын  биед дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

               3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Г.Г ын яллагдагчаар өгсөн: “...Согтуу байхад миний уурыг хүргэсэн хоорондоо хэрүүл хийж байгаад би ширээн дээр байсан виноны аяга авч араас нь толгой руу шидсэн...” гэж /хх-ийн 96-97-р хуудас/ мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42-р хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийнн 43-р хуудас/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 44-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 51-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 55-р хуудас/, Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулга /хх-ийн 58-78-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Г нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Ц.О-ийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 0000000 дугаартай дүгнэлтээр хохирогч Э.Б-ын  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.        

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Г.Г нь хохирогч Э.Б-ын  толгойн тус газар нь дарсны хундагаар цохиж байгаа нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Г ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Э.Б  нь надад гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа нь 48,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Г.Г /48,000 төгрөг шилжүүлсэн баримт/ төлсөн байх тул шүүгдэгч Г.Г ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгийн торгох ял оногдуулах, уг торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч Г.Г нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.  

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.Г ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.  

Шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бөгөөд түүний ам бүл /3 хүүхдийн хамт амьдардаг/-ийг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзлээ.  

 Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Г-ын Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Г.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.   

 

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА