Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/45 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

улсын яллагч: Н.Ундрах,   

шүүгдэгч: Д.Э, түүний өмгөөлөгч А.О нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай Д.Э д холбогдох эрүүгийн 00000000 тоот хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Д-гийн Э /РД:0000000/,

Монгол улсын иргэн, ***********-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн *********** тоотод оршин суух хаягтай, урьд:

 -Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1995 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 357 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-д зааснаар 3 жил хорих ял шийтгүүлсэн,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Д.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ********шарын автобусны буудлын ойролцоо хохирогч С.Ц “гар утсаар чинь яриад өгье” гэж хэлэн хуурч, түүний эзэмшлийн LG загварын гар утсыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан авч, бусдад 100.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Д.Э  нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.А-ийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Э  нь 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэр 5 шарын автобусны буудлын ойролцоо хохирогч С.Ц-наас “гар утсаар чинь яриад өгье” гэж хэлэн хуурч, түүний эзэмшлийн LG загварын гар утсыг өөртөө авч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилсны улмаас бусдад 100.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.А-ийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

-Хохирогч С.Ц-ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр ***** шарын автобусны буудлын ард талд танихгүй хүмүүстэй сууж байтал зүс таних Э  гэх залуу утсаар чинь яриад өгье гэж хэлэхээр нь би гар утсаа өгсөн юм. Тэгээд орой нь Э тай тааралдсан чинь би Г гэх хүнд өгчихсөн орой маргааш аваад өгье гэж хэлсэн. Тэгээд би***** гэх хүнийг хайсан боловч олоогүй. Мөн Э хаана байгааг мэдэхгүй байна Э гийн гэр нь Сонгинохайрхан дүүргийн ******** тоотод байдаг гэж хүнээс сураглаад очсон боловч тухайн хаяг дээр өөр айл байсан. Миний гар утас LG маркийн гар утас байсан. Би гар утсаа 100,000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,

-2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 35-40-р хуудас/

-“*******” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2012 дугаартай “...ЦЗ загварын 2 сим карт уншдаг гар утас 100.000 төгрөг...” гэх  хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-27-р хуудас/,

-2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 30-31-р хуудас/,

-Хохирогч П.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 09 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 5-н шарын автобусны буудлын ард байрлалтай байр хорооллын дунд архи уучихсан явж байгаад тасарчихсан байсан. Би тухайн байрны гадаа уусан архиндаа болоод тасарчихсан байсан чинь манай ээж намайг гэр рүү авч явсан байсан. Тухайн үед миний гар утас алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-р хуудас/,

-Гэрч О.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ******* тоотод оршин суудаг юм. 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр, өдрийн 15:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо 9 дүгээр байрны орчим охиныхоо хамтаар салхилж явахад үл таних 40 орчим насны эрэгтэй хүн архи уусан байдалтай гудамжинд тасраад уначихсан. Тэр үед миний зүс таних Э  гэх нэртэй залуу тухайн газар тасраад унасан залуугийн гадуур хувцасны энгэрийн халааснаас нь түүний гар утсыг аваад өөрийн гадуур хувцасны халаасанд хийчхээд цаашаа хурдан яваад өгсөн. Би тухайн хүнийг ямар учиртай юм бол гайхаж байгаад гэр рүүгээ яаралтай орох хэрэгтэй болоод гартаа орчихсон юм. Тэгсэн маргааш нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр, өглөөний 09:00 цагийн орчим өчигдөр өдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15:00 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо 9 дүгээр байрны гадна гудамжинд тасарч унаад гар утсаа алдсан залуу өөрийн гар утсыг харсан хун байна уу? гэж сураад явж байсан. Би тэр үед нь тухайн хүнд Э  нэртэй хүн гар утсыг чинь авсан. Би тэр талаар харсан гэдгээ хэлсэн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 82-р хуудас/,

- “*******” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1891 дугаартай гар утас 400,000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 82-р хуудас/,

-2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 87-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

-Шүүгдэгч Д.Э гийн яллагдагчаар өгсөн: “...надад өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би тухайн үед үнэн зөвөөр бүгдийг ярьсан байгаа...” гэж /хх-ийн 107-р хуудас/ мэдүүлж  байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Өмгөөлөгч шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 54-р хуудас/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-ийн 55-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 56-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судаллаа.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Д.Э гийн үйлдэл нь өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогч С.Ц-аны эд хөрөнгө буюу LG загварын гар утсыг хуурч мэхлэн буюу бодит байдлыг нуун түүнийг төөрөгдөлд оруулан, хохирогч П.А-ийн Huawei p40 загварын гар утсыг хариу төлбөргүйгээр, шунахайн сэдэлтээр нууц далд аргаар өөрт нь мэдэгдэлгүй тус тус авсан үйлдэл нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан өмчлөх эрхийн гэмт хэрэгт хамаарна.

Иймд Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.  

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Э д “бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”, “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч С.Ц нь LG загварын гар утсаа буцаан авсан, хохирогч П.А нь хохирол 400,000 төгрөг авсан одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр мэдэгдсэн байх тул шүүгдэгч Д.Э г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: Шүүгдэгч Д.Э  нь хохирогч С.Цо-ны гар утсыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж авч залилсан гэмт хэрэг, хохирогч н.А-ийн гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэгт холбогдсон байна. Хэрэгт хохирогч н.А-ийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “**********” ХХК-ийн үнэлгээ, хохирогч н.Ц-ы мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, гэрэл зургаар таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл зэрэг бичгийн баримтууд авагдсан. Д.Э  нь дээрх бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Д.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулах саналыг гаргаж байна. Д.Э  бусдад төлөх төлбөр байхгүй. Хохирогч н.А-ийн зүгээс хохирол төлбөрөө авчих юм бол гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байгаа. Шүүгдэгч Д.Э гийн хувьд шүүхийн шатанд хохирлоо төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди авагдсан бөгөөд хэрэгт хавсарган хадгалах саналтай байна. Хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь гэм буруу дээрээ маргаагүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, биет байдлаар буцааж өгч, нөгөө хүнд учирсан утасны төлбөр 400.000 төгрөгийг төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан буюу хуульд заасан хөнгөрүүлэн авч үзэх 2 үндэслэл байна. Улсын яллагчтай ялын талаар тохиролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгчийн хувьд эрүүл мэндийн асуудалтай бөгөөд үүнтэй холбоотой баримтуудыг хэрэгт өгсөн. Зөвшөөрөл аваад эмнэлэг явах боломжоор хангаад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.Э д гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял тус тус шийтгэлтэй.     

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршиногэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байнагэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

          Шүүгдэгч Д.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

           Иймд улсын яллагчийн санал болох шүүгдэгч Д.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,    

          Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх нөхцөл байдлыг нь харгалзан дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар тогтоов.

          Харин түүний эрүүл мэндийн байдлыг нь харгалзан Эрүйүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлав.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овогт Д-ийн Э г бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн,  

               мөн бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.    

 

          2. Шүүгдэгч Д.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,   

              мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх зорчих эрх хязгаарлах ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э г “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих” үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарласугай.  

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э   нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.  

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

          7.  Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ц.УРАНГУА