| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2023/0024/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/41 |
| Огноо | 2023-01-02 |
| Зүйл хэсэг | 13.14.1, |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга: П.Золбаяр,
улсын яллагч: Д.Ууганцэцэг,
хохирогч: Б ,
шүүгдэгч: Ж.О /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.О-д холбогдох эрүүгийн 00000000 тоот хэргийг 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Ж-гийн О /РД:000000/,
Монгол улсын иргэн, ***********ний өдөр ***********суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, нөхөр, охин, зээгийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, ********** дугаар гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ж.О нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Ногоончулуутын 0 дугаар гудамжны 0 тоотод байхдаа “О ” гэх фэйсбүүк хаягнаас “Төв аймгийн, Б сумын зар мэдээлэл, унаа тээврийн нэгдсэн групп”-т иргэн Х.Б гийн нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээлэл нийтэлж, олон нийтэд тараасан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Ж.О нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоончулуутын 0 дугаар гудамжны 0 тоотод байхдаа “О ” гэх фэйсбүүк хаягнаас 4,100 гаруй дагагчтай “Төв аймгийн, Б сумын зар мэдээлэл, унаа тээврийн нэгдсэн групп”-т “Ичиж амьдар малнуудаа” гэх гарчигтай фото зураг бүхий мэдээлэл тавьж, сэтгэгдэл доор нь “алуурчин” гэх мэтээр бичиж, иргэн Х.Б гийн нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээлэл нийтэлж, олон нийтэд тараасан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:
-Хохирогч Х.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...16 цаг 49 минутанд 00000 дугаараас залгаад үл таних эмэгтэй хүн “Б мөн үү? чи муу янхан минь, нөхрийнхөө толгойг залгичихаад хүний амьдрал үгүй хийх гэлээ, чамаар тоглуулна гэж байхгүй шүү” гэж хэлсэн ба хэн гэдэг нь мэдэгдэхгүй байсаар 18 цаг 29 минутанд миний фэйсбүүк хаяг руу “О " гэх нэртэй үл таних эмэгтэйн хаягнаас “Алуурчин янхан” гэх мэтээр зураг явуулаад зураг дотроо “Төв аймаг, Б сумын зар мэдээлэл унаа тээврийн нэгдсэн групп” гэх групп дотор нийтлэл хийсэн скрийншот байсан. Тэрний дагуу орж хартал тус бүлэгт “Ичиж амьдар малнуудаа” гэх утгатай миний дунд ангид хамт суралцаж байсан Д гэх хүнтэй хамт 2022 оны 05 дугаар сард болсон ангийн уулзалтаар авахуулсан зургийг нийтэлж түүний сэтгэгдэл хэсэгт нь “Энэ тэнэг өвгөн Солонгост нөхрөө алчихаад ирсэн янхан эмгэнтэй нөхцөөд 36 жилийн амьдралаа хаялаа. Сайн сайхныг хүсье дээ” гэх сэтгэгдэл бичсэн байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан. ...Худал мэдээлэл нийтэлсэн нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 17:00 цагийн орчим оруулсан нийтлэл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,
-Гэрч Х.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын эхээр фэйсбүүк ухаад байж байхад “**** аймаг, Б ” гэсэн групп дээр Б , Д хоёрын хэдэн зургийг тавиад Б д хандан “нөхрийнхөө толгойг залгисан хүний нөхөртэй сүүлэрлээ” ухааны юм бичсэн байсан. Тэр үед нь би Б рүү залгаад ийм мэдээлэл явж байна гэхэд Б харин тиймээ эгчээ. Бид нарын ангиараа уулзсан зурагнаас аваад ингээд оруулчихжээ. Түүнээс яалаа гэж бид хоёр ийм харилцаа тогтоох билээ гэж хэлсэн. ...Б гийн нөхөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гараад энэ хоёр хамт Солонгос яваад нөхөр нь тэндээ нас барсан юм. ...Тухайн мэдээллийг яг хэдэн хүн үзсэн байсан талаар надад харсан зүйл байхгүй. Ямар ч байсан тийм мэдээлэл явж байхыг харсан. Гэхдээ алуурчин энэ тэр гэсэн сэтгэгдлүүд бичсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37- хуудас/,
-Фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 38-39-р хуудас/ гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүгдэгч Ж.Ою- яллагдагчаар өгсөн: “...Би нөхөртэйгөө 1987 оноос хойш амьдарч байгаа. Манай нөхөр энэ хэрэг болохоос өмнө сардаа нэг удаа ангийн уулзалт болж байна гэх шалтгаанаар 7-10 хоног ...алга болоод байсан юм. Энэ хэрэг болохын өмнө ангийнхны уулзалт гээд нэг эмэгтэйтэй зураг хөрөг оруулсан байхаар нь тухайн зургийг нь олж аваад “Төв аймаг, Б сумын зар мэдээлэл унаа тээврийн нэгдсэн групп” гэсэн хаягт “Ичиж амьдар малнуудаа” гэсэн гарчигтай нөхөр болон Б гэх эмэгтэйн зургуудыг 2022 оны 08 дугаар сарын 05-ны орой 21-22 цагийн орчим оруулаад маргааш өглөө нь буюу 2022 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 06-07 цагийн орчим нөгөө оруулсан постоо устгасан. Тэр постыг Б гэх эмэгтэй олж хараад цагдаагийн байгууллагад хандсан байсан. ...Надад Д болон Б нарыг эр эмийн буюу дотно харилцаатай гэдгийг нотлох баримт байхгүй, Тухайн үед гэр орондоо ирэхгүй байхаар нь уурандаа ингээд оруулчихсан юм...” гэж /хх-ийн 47-р хуудас/ мэдүүлж байсан.
-Хувийн байдлын талаар: гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 27-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 28-р хуудас/, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 29-р хуудас/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 30-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 31-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...би мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байж байтал 88-тай дугаараас согтуу эмэгтэй залгаад янз бүрээр хэлсэн. Эхлээд утас андуурсан байна гэж бодоод тасалсан. Дараа нь намайг таньдаг хүн байна гэж бодсон. Намайг янз бүрээр хэлээд байхаар нь мэддэг хүн юм байх гэж бодоод утсыг нь хүүхдүүддээ хэлээд дугаарыг нь блок болгуулах гэтэл фэйсбүүкт пост ороод ирсэн. Манай нутгийн хүн над руу тухайн постны зураг явуулсан. Б *** манай хамаатан садан, нутгийн хүмүүс байдаг. Надад их хэцүү байсан, би тухайн үед шууд цагдаад өгсөн. Хүнд алдах онох зүйл зөндөө байдаг. Миний хувийн чат руу бичсэн бол хамаа алга, нутаг усны чат руу бичсэн. Нэгээс салаад нөгөөтэй суудаг юм шиг олон хүний амьдралаар тоглосон гэж хэлсэн. Хэдэн зураг байгаа, хар малгайтай, улаан пиджактай зураг байгаа. Тэр чинь сургуулийн 80 жилийн ойгоор уулзсан зураг. Ангийн хүүхдүүд бүгд хороололд уулзсан. Хар өмдтэй зураг байгаа. Манай ангийнхан цуглараад нутаг явж байгаа зураг юм. Б од очоод зураг авахуулж байтал н.Д малгайгаа ширээн дээр тавьсан байсан. Тэр малгайг би урдаа аваад барьсан юм. Тийм зургуудыг эвлүүлээд тавьсан байсан. Сар болгон манай ангийн хүүхдүүд уулздаггүй. Нэг удаа уулзсан, нэг удаа хураасан мөнгөө авах гэж уулзсан. Би энэ хүнээс нэг л зүйл хүссэн, яаж тавьсан шигээ буцаагаад залруулга тавиад өгөөч гэж хэлсэн. Нутгийн ой болох гэж байна гэхэд энэ хүн уучлалт гуйх шаардлага байхгүй гэж хэлсэн. Өнөөдрийг хүртэл намайг алуурчин, олон хүний амьдралаар тоглосон янхан болгосон. Өнөөдрийг хүртэл хичнээн сар болж байна, залруулга хийхгүй байгаа. Шинэ он гараад шинэ ажил хийх гээд ажил дээрээ байх ёстой байтал ингээд зогсож байна гэдэг гутамшиг. Хүн яаж ч алдаж онож, хань ижлээ алдаж болно. Би үнэхээр гомдолтой байна...” гэв.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.О нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Ж.О нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ****дугаар хороо, *******дугаар гудамжны 0 тоотод байхдаа “О ” гэх фэйсбүүк хаягнаас “****** аймгийн, Б сумын зар мэдээлэл, унаа тээврийн нэгдсэн групп”-т иргэн Х.Б гийн талаар нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээлэл нийтэлж, олон нийтэд тараасан болох нь хохирогч, гэрчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдүүлэг, фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“Хүний нэр төр” гэж тухайн хүний хувийн ёс зүй, ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг, “алдар хүнд” гэж бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг тус тус ойлгоно.
“Илт худал мэдээлэл” гэж огт үндэслэлгүй, худал, хуурмаг мэдээ, баримт, сэлтийг, “Олон нийтэд тараасан” гэж худал мэдээллийг нэг буюу түүнээс олон хүнд түгээсэн байхыг тус тус ойлгох бөгөөд мэдээллийг амаар, бичгээр, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчны аль алинаар нь тарааж болно.
Монгол улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 1.Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ: 2/хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх; гэсэн байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан идэвхтэй үйлдэл ба илт худал мэдээллийг олон нийтэд тарааснаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Ж.О нь хохирогч Х.Б гийн фото зургийг болон түүний талаарх илт худал мэдээлэл болох “алуурчин” гэх зэрэг мэдээллүүдийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох фейсбүүк цахим орчин тавьсанаар хохирогчийн хуулиар хамгаалагдсан нэр алдар хүндэд халдаж буй гэмт үйлдэл болж байна.
Ж.О дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, хүний нэр төр, алдар хүндэд халдах, гутаах зорилготой байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ж.О-ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Х.Б нь “10,000,000 төгрөг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэгт хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Б гийн 10,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгч Ж гийн о нь 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр оршин суух хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуут 7-29 тоот гэртээ байхдаа о Ж гэх өөрийн фейсбүүк хаягаас хохирогч Х.Б гийн нэр төр, алдар хүндэд халдаж, нөхрөө алсан алуурчин гэсэн утга бүхий илт худал мэдээллийг Төв аймгийн Б сумын зар мэдээлэл, унаа тээврийн нэгдсэн группт байрлуулж олон нийтэд илт худал мэдээлэл тараасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Ж. оы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Ж. оыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Ж. оы тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий боловч энэ талаар ямар нэгэн байдлаар үйлдэлд дүгнэлт хийхгүй, гэм буруугаа ухамсарлахгүй байна гэж үзэх үндэслэл түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс харагдаж байна гэж үзэж байна. Иймд түүнд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1.000.000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Ж. оы хувьд өндөр насны тэтгэвэрт байдаг, тогтмол орлоготой болох нь тогтоогдож байгаа тул түүнд торгуулийн ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна. Хохирогч Х.Б гийн зүгээс шүүгдэгч Ж. оаас сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаар ямар нэгэн баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй тул түүний энэ хохиролтой холбоотой асуудлыг баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй болно” гэх дүгнэлттэй.
Хохирогч: “...Юу хэлэх билээ дээ, өнөөдөр шүүх хурал болох гэж байна гэж олон нийт мэдэх биш. Сэтгэл санааны хохирлоо дэмжиж байна. Хариуцлагатай холбоотой хэлэх зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч: “... надад хэлэх зүйл байхгүй...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Ж. оыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.
Шүүгдэгч Ж.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн хувийн байдал тэтгэвэрт байдаг, ам бүл 4, нөхөр, охин, зээгийн хамт амьдардаг зэргийг нь харгалзан үзэж торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Шүүгдэгч хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх ч өөрийн үйлдлийн улмаас учирсан хор уршиг, үр дагавар, сөрөг нөлөөллийг бүрэн ухамсарлаагүй байна гэж түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж буй мэдүүлэг, тайлбаруудаас дүгнэсэн болно.
Иймд улсын яллагчийн санал болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд дүгнэлтийг хүлээн авч, дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.О-д нь торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.0 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ж гийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Ж.О-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.Б гийн 10,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА