Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/80

 

 

 

 

 

 

 

 

2023           01           11                                       2023/ШЦТ/80

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

           улсын яллагч У.Анхжаргал,

            шүүгдэгч **************** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000002025 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны *********дугаар сарын **********-ны өдөр ************** аймгийн ************ суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******************** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт ************ дүүргийн ********дугаар хороо, ************тоотод оршин суух, хаягтай, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ****************** /РД:***************/,  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************ нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Лорд баарны зохион байгуулагч ************ “камер шүүх” асуудлаас үүдэн маргалдаж түүний нүүрэн тус газарт нь алгадаж, пивоны шилээр толгой руу нь нэг удаа цохиж эрүүл мэндэд зулайн хуйханд шарх, тархи доргилт, баруун зовхи хамар, эрүүнд зулгаралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүгдэгч ***************шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, маргахгүй, ярих зүйл байхгүй байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

            Шинжээч **************шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... ************ биед зулайн хуйханд шарх, тархи доргилт, баруун зовхи, хамар, эрүүнд зулгаралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Уг гэмтлээс зулайн хуйханд шарх, тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн ангилалд хамаарч байгаа, харин бусад гэмтэл нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй байгаа. Хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ********** нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Лорд баараар үйлчлүүлж байх хугацаандаа тус баарны зохион байгуулагч *************** “камер шүүх” асуудлаас үүдэн маргалдаж түүний нүүрэн тус газарт нь алгадаж, пивоны шилээр толгой руу нь нэг удаа цохиж эрүүл мэндэд зулайн хуйханд шарх, тархи доргилт, баруун зовхи хамар, эрүүнд зулгаралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

 

1. Хохирогч ***************: "... 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 19 цаг гээд Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лорд” нэртэй баараа нээчхээд, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 02 цаг 45 минутын баараа хаах гээд сүүлийн дуугаа явуулсан. Тухайн үед бааранд хүмүүс бага байсан ба 3 дугаарын ширээнээс бусад ширээ 03 цаг 00 минутад гарчихсан байсан. Тэгэхэд 3 дугаар ширээнд сууж байсан нэг залуу над дээр ирж уулзаад “миний гар утас алга болчихлоо камер шүү” гэхээр нь “маргааш болъё” гээд ярьж байхад хамт явж байсан нэг хүн нь “утас нь надад байна” гээд өгсөн. Тэгээд удалгүй гарах гэж хувцсаа өмсөцгөөгөөд утсаа алдсан гээд байсан эрэгтэй “куртик байхгүй байна” гээд над дээр дахиж ирсэн. Тэгээд бид нарыг камер шүү гээд байхаар нь маргааш шүүнэ гэж байхад цуг явж байсан ягаан өнгийн үстэй,  цагаан өнгийн  куртиктэй эмэгтэй заавал камер шүү гэж орилж  эхлэхэд  шар өнгийн  үстэй,  хар  хүрэмтэй  эмэгтэй  куртикээ олчихсон  гаръя гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Би тэгэхээр нь боль гэхэд ...ягаан өнгийн үстэй эмэгтэй ирээд, миний ам руу нэг удаа алгадахаар нь би “яаж байна” гээд босоод маргалдахад, гартаа барьж байсан пивоны шилээр миний толгой руу нэг удаа цохиход пивоны шил хагараад цус гарч эхэлсэн. Тэгэхэд ягаан үстэй эмэгтэйтэй маргалдаж байсан шар үстэй эмэгтэй цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 07-08 дахь тал),

 

2. Гэрч ***************: “...Би Лорд бааранд зөөгч хийдэг.  Тэгээд намайг  ажлаа хийж байхад  2022 оны 1 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих  шөнийн 01 цагийн үед  хамаатан  садангууд гэх 5-6  хүн манай  бааранд орж ирж үйлчлүүлсэн.  03 цагийн  үед  нэг цагаан куртиктэй улаан үстэй  эмэгтэй  нэгнийхээ  куртикыг хайгаад  “куртик алга  болчхож, камераа шүүгээд өгөөч” гэхээр нь  манай ажилчид тэр эмэгтэйд хандаж  “та нар согтуу байна,  маргааш  эрүүл хүрч ирээд  шүүх боломжтой, одоо  шүүх боломжгүй” гэсэн чинь  тэр эмэгтэй  элдэв  бусын үгээр  намайг болон  манай ажилчдыг доромжлоод байсан. Манай баарны зохион байгуулагч ******* гээд ах тэд нарт хандаж манайх хаасан байна, маргааш ирж шүү гээд энгийнээр хэлэхэд тэр цагаан куртиктэй эмэгтэй “муу халзан банди, пизда нахуу” гэх зэргээр хэл амаар доромжлоод байж байтал нөхөр нь гэх залуу ********* ахыг түлхсэн. Тэгсэн ******** ах зөрүүлж цаашаа түлхэж байтал хажуу талаас цагаан куртиктэй эмэгтэй ************* ахыг 2 удаа алгадаж, үүнийхээ дараа тэр эмэгтэй баруун гартаа байсан пивоны шилээр ************ахын толгойн хэсэгт 1 удаа цохиж байгаа харагдсан. Цохисны дараа ************* ахын толгойноос цус гарсан. Тэгэхээр нь би тэр цагаан куртиктэй эмэгтэй салгаад холдуулсан. Харин хамгаалагч нар бусдыг нь салгаад болиулсан. Тэр эмэгтэй “Чи намайг Сонгинохайрхан дүүрэгт барах уу” гээд орилоод байсан. Тэгээд зодолдож, ноцолдолгүй, хэрүүл маргаан хийж байхад цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал)

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15038 дугаартай дүгнэлт: “...************* биед зулайн хуйханд шарх, тархи доргилт, баруун зовхи, хамар, эрүүнд зулгаралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

 

4. Шинжээч ***************шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... **************биед зулайн хуйханд шарх, тархи доргилт, баруун зовхи, хамар, эрүүнд зулгаралт, доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Уг гэмтлээс зулайн хуйханд шарх, тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн ангилалд хамаарч байгаа, харин бусад гэмтэл нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй байгаа. Хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

5. Шүүгдэгч *************: “би өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, маргахгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, шүүгдэгч **************нь гэр бүлийн хүрээллийн хүмүүстэйгээ Лорд баараар үйлчлүүлсэн байх ба баар хаах цагаар ************ хамт явсан хүмүүсээс “гар утсаа олохгүй, эсхүл куртикээ олохгүй байна, камер шүүгээд өгөөч” гэсэн хүсэлтийг тус баарны зохион байгуулагч ************ тавьсан атал *************** нь “маргааш шүүлгэ, одоо ажил тарсан байна, та нар согтуу байна, эрүүлдээ ирж шүүлгэ” гэх мэтээр аргацааж тэдгээр хүмүүсийг гаргах гэж оролдсоноор тэдний хооронд маргалдаан зөрчилдөөн үүссэн байна.

 Хэрэв  ************ нь тухайн цаг хугацаанд камерыг шүүж асуудлыг нааштай эв зүйгээр шийдвэрлэсэн бол тэдний хооронд маргаан үүсэхгүй байх талтай, нөгөө талаас  камер шүүж өгсөнгүй гэх шалтгаанаар хохирогч ************ эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан ************** үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *********** нь эд зүйлээ олж авахаар камер шүүгээд өг гэсэн шаардлагыг тус баарны ажилчдад тавьсан  нь зөв хэдий боловч тэрээр энэ шалтгаанаар хүний биед халдах, гэмтэл учруулах үйлдэл хийх эрхгүй этгээд юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай  гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйг  гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Шүүгдэгч ********* хохирогчийн эсрэг хийсэн “ нүүр лүү алгадах, архины шилээр толгой хэсэг рүү цохисон” үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ************** энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч ************* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч ************** нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “шүүгдэгч *************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч*************** нь “...Би одоо барилгын засал чимэглэлийн ажил хийж байгаа. Надад торгох ялыг өндрөөр биш, дунд зэргээр оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ************** үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ************* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь  согтууруулах ундааны зүй бус хэрэглээтэй холбоотойгоор үүссэн, тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, төлсөн хохиролгүй, нөгөө талаас дээрх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал /9 сартай хүүхэдтэй, барилгын засал чимэглэл хийж амьдрал ахуйгаа залгуулдаг/ зэргийг харгалзан прокурорын санал болгосон ялын хэмжээг багасган Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний орлого болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч ************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

           

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************** 500 (таван зуу) нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********************нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч ************ нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ************* нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ