Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар  2023/ШЦТ/47

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч: Р.Очирсүрэн,

хохирогч Т.Н,

шүүгдэгч: Ш.Г /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  

 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ш.Г-од  холбогдох эрүүгийн 0000000000 тоот хэргийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.                              

                

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овогт Ш-гийн Г РД:0000/,

Монгол Улсын иргэн, ***********-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “С ” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ******* дүүргийн 0 дугаар хороо 0-р гудамж 0 тоотод оршин суух хаягтай, урьд:

-Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1992 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 94 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, 1993 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 4 сар 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1995 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 172 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 224 дугаартай талан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 219 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 хоногийн хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 309 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 6 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Ш.Г-од  оногдуулсан 6 жилийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 18-ны  өдрийн 64 тоот шийтгэх тогтоолоор урьд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жилийн хорих ялын зарчимыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн  эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоосон.

-2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 500 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хорих ял шийтгэж, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан.

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ш.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ********* зочид буудлын ******тоот өрөөнд байхдаа тус буудлын ажилтан Т.Н-г “буудлын цаг дуусаагүй байхад өрөөнөөс хөөлөө” гэх шалтгаанаар түүний үснээс нь зулгааж нүүр ам, эрүү гэдэс хавирга руу нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд “зүүн 7-р хавирганы далд хугарал, тархи доргилт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:             

1.1.Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Ш.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ********** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******** тоот өрөөнд байхдаа тус буудлын ажилтан Т.Н-г “буудлын цаг дуусаагүй байхад өрөөнөөс хөөлөө” гэх шалтгаанаар түүний үснээс нь зулгааж нүүр ам, эрүү гэдэс хавирга руу нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь “зүүн 7-р хавирганы далд хугарал, тархи доргилт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй нотлогдсон болно. Үүнд:

               -Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн шуурхай дуудлагын хуудас /хх-ийн 01-р хуудас/,

               Хохирогч Т.Н-г мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт ******* зочид буудалд ресейпшн ажил хийдэг бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 11 цагийн үед буудалд хоносон хүмүүсээ гаргасан. Тэгээд манай буудлаар урьд шөнө үйлчлүүлсэн **** тоотод байрлах хоёр хүний өрөөнд 12 цагийн үед очоод өрөөний хугацаа дууссан гараарай гэж хэлэхэд тухайн өрөөнд 40 орчим насны хоёр эрэгтэй хүн байсан бөгөөд намайг хэл амаар доромжлоод би 16 цаг хүртэл байх ёстой гэж хэлээд өөдөөс орилоод янз бүрийн зүйл яриад байсан. Тэгэхээр нь би гараарай гэж хэлэхэд арай өндөр, дунд зэргийн махтай залуу шууд намайг үснээс чирч өөр өрөө рүү оруулаад нуур, ам, эрүү гэдэс хавирга руу өшиглөөд байсан...” гэх  мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

               -Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө 10 цагаас ээлжээ хүлээж аваад байж байсан ба тус өдрийн 19 цаг 00 минутын үед 2 эрэгтэй хүн манай ******* зочид буудалд орж ирээд өрөө авая гэхээр нь би бүртгэлийн дэвтэр дээр тус хүмүүсийг бүртгээд 303 тоот өрөөнд хоногоор үйлчлүүлэхээр оруулсан ба Т.Н-г  зодсон эрэгтэй буцаж гарч ирээд танайд архи зардаг уу гэж асуухад нь манайх архи зардаггүй гэсэн чинь гараад явсан. Тэгээд удалгүй орж ирэхдээ тортой юм барьчихсан өрөөрүүгээ орсон. Тэгээд тэр шөнө ямар ч дуу чимээ гараагүй хоносон ба маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ээлжээ хүлээлцээд өрөөнд байсан хүмүүсийг гарах шаардлага тавиад явж байсан ба 303 тоот өрөөний 2 эрэгтэй хүн дээр очоод одоо гарах цаг чинь болж байна гэсэн чинь Т.Н-г  зоддог эрэгтэй хүн Т.Н-г  яасан сайхан хүүхэн бэ гээд бөгсийг нь барих гээд байсан чинь Т.Н уурлаад цаашаа бай гэсэн чинь юун сүртэй юм бэ өөрийгөө сайхан хүүхэн гээд бодчихсон пизда вэ гээд орилохоор нь би чи одоо болиоч гэсэн чинь чи зайл бүдүүн авгай минь гээд байсан. Т.Н-г  зодсон эрэгтэй хүн дахин биед нь хүрэх гэж оролдох үед нь Т.Н гарч гүйсэн. Тэр эрэгтэй хүн араас нь гүйж гараад Т.Ны үснээс зулгааж дараад **** тоот өрөөнд оруулж байгаад үсдэж дараад гэдэс хэвлий хэсэгт нь 2 удаа өшиглөөд байсан. Цуг явж байсан эрэгтэй салгах гэж оролдох үед цаашаа бай гээд ханаруу түлхээд байсан намайг ч мөн адил түлхээд байсан ба цуг явж байсан эрэгтэй хүн нь аваад гарсан. Тэгээд би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25-р хуудас/,

                -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Ч-ийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 00000 дугаартай:  

               “...1. “Т.Н-г ы биед зүүн 7-р хавирганы далд хугарал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохигдох, өшиглөгдөх үйлчлэлээр 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр үүсэх боломжтой гэмтэл байна.

               3. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоно.

               4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32-р хуудас/,

               -Согтуурсан хүнийг саатуулах тухай тогтоол /хх-ийн 94-р хуудас/ гэх зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.  

Өөрөөр хэлбэл хохирогч, гэрчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн: “...би 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо “******” зочид буудалд архи согтууруулах ундаа уучихсан байсан учраас бухимдаад тухайн ресейпшнийг гарнаас нь бариад өөр өрөөнд оруулаад би үснээс нь зулгаасан мөн хавирга руу нь нэг удаа өшиглөсөн надад нэмж ярих юм байхгүй...” гэж /хх-ийн 43-44-р хуудас/ мэдүүлж байсан.

-Хувийн байдлын талаар: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45-р хуудас/, Нийтийн тээврийн үйлчилгээний “********” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 46-р хуудас/, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 48-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 49-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 50-р хуудас/, Голомт банк ХХК-ийн 51-52-р хуудас/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/ шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-89-р хуудас/ зэрэг баримтуудын шинжлэн судаллаа.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр найзтайгаа буудалд орж нэг шил архи уусан. Би архи уухгүй 3-4 жил болсон. Тэгээд ууж хоноод өглөө нь босоод байж байтал буудлын ресейпшин хаалга нүдэж орж ирсэн. Хохирогчийг хохироосон, гэм буруугаа мэдэж байна, гэмшиж байна...” гэв.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би ажлаа хийж явж байгаад ажлын байрандаа зодуулсанд гомдож явдаг. Энэ хүн миний биед ойртож ирсэн. Тэгээд би эмэгтэй хүн учраас хол бай, өмхий архи үнэртээд байна гэж хэлсэн. Намайг маш удаан зодсон. Салахгүй зодоод байсан. Би энэ хүний мууг үзэх гэж гомдолтой байна гэж хэлэх гэж ирээгүй. Манай гэр бүлийн хүн гуйсан. Шинэ он гарлаа, наад хүн чинь настай ээжтэй хүн байна гээд гомдолгүй гэж хэлээрэй гэсэн. Би бол гомдолтой байгаа, ажлаа хийж чадахгүй айдастай байна. Бас яг энэ хүн шиг хүн ороод ирвэл яах бол гэж бодож байна. Ажлаа хийж чадахгүй чөлөө аваад байж байна. Жишээ нь толгой хөдөллөө гэхэд тэр хүн нь надад баримт гаргаж өгөхгүй. Тухайн үед өмссөн байсан хувцасыг хаяхаас өөр аргагүй. Зүүж явсан ээмэгний өрөөсөн алга болсон. Байцаагчид хэлж чадаагүй, учир нь баримтгүй шүү дээ. Өвдөөд байхаар их л гомдох юм. Намайг зодоогүй хэсэг гэж алга. Ямар нэгэн зүйлд нотолгоо хэрэгтэй болов уу гээд зураг авсан. Өвдөж л байна, үзүүлж харуулж явах боломж алга. Гэрээрээ өвчин намдаах уугаад их өвдсөн үед унтахыг бодоод байж байна. Би 2,500,000 төгрөгийг нэхэмжилмээр байна. Би тэрийг хоол болгож идэхгүй, үзүүлж харуулж явуулмаар байна. Би тэр ажлыг одоо хийж чадахгүй, өргөдлөө өгөөд ажлаасаа гарна. Тухайн үед өмсөж явсан хувцас, толгой бариулсан баримтгүй зардал байна. Дээрх нэхэмжилж байгаа төлбөрөөс өгсөн 800,000 төгрөгийг хасмааргүй байна. Энэ хүн маань үнэхээр гэмшиж байгаа бол гомдоод яахав дээ, настай ээжийг нь бодоод гомдолтой гэж хэлэхгүй. Цааш цаашдаа бодож хүнийг битгий зодоорой. Одоо надаас болиод холдож болохгүй юм байхдаа гэж бодсон. Цагдаа дуудаад өгөөч гэж хичнээн орилж байж дуудсан. Хүнийг тийм болтол нь зодож болохгүй...” гэв.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ш.Г нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч С.Ч-хийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 000000 дугаартай дүгнэлтээр хохирогч Т.Н-г ы биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон. 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Ш.Г нь хохирогч Т.Н-г ы үснээс зулгааж нүүр ам, эрүү гэдэс хавирга руу хөлөөрөө өшиглөж байгаа нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.  

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ш.Г-ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн зүгээс эмчилгээний зардалд 800,000 төгрөгийг хохирогчид төлсөн байна.

Хохирогч Т.Н-г  нь “ одоо 2,500,000 төгрөг гаргуулахыг хүсч байна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Харин хохирогч нь хавтаст хэрэгт хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Н-г ы 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “Шүүгдэгч Ш.Г-од  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх  саналтай байна. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардал 2,500,000 төгрөг нэхэмжилснийг жич нэхэмжлэх, нээлттэй үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд шилжүүлээгүй  болно” гэх дүгнэлттэй шүүгдэгч мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Ш.Г-ыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.  

Шүүгдэгч Ш.Г эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирогчид 800,000 төгрөг төлсөн байгааг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон, харин хүндрүүлэх нөхцөл байдал буюу 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж онц харгис хэрцгий аргаар” гэсэн үндэслэл нь хохирогчийн биед удаан хугацааны туршид олон удаагийн цохих өшиглөх аргаар зодсон нөхцөл байдал болж байна.

Хувийн байдлын хувьд “С ” ХХК-нд жолооч ажилтай байдлыг дээрх нөхцөл байдлаас гадна харгалзан үзэж, энэ тогтоолоор төлөх төлбөргүйг дүгнэн торгох шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-од  1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ш.Г нь торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч М овогт Ш-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-од  1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Ш.Г-од  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.   

 

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Н-г ы 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

         

          6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ц.УРАНГУА