| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2019/00338/И |
| Дугаар | 102/ШШ2019/01151 |
| Огноо | 2019-04-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2019/01151
| 2019 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2019/01151 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э” ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “Ф” ХХК /РД:/ холбогдох,
27 287 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө, БНХАУ-ын иргэн Та, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК-ийн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Фарго материалс” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээгээр Э ХХК нь өөрийн эзэмшлийн Булган аймаг, Булган сум, 4 дүгээр баг, усны 1-01 тоот байрлах 523 м.кв талбайтай үйлдвэрлэлийн барилга, 35 м.кв талбайтай авто граж, 192 м.кв талбайтай 6 өрөөтэй 2 давхар орон сууцны барилга, 2 чулуун склад, гүний худгийн хамт Ф ХХК-д худалдах, үнийн дүнгээс 65 000 000 төгрөг бэлнээр, мөн үнийн дүнд Ф ХХКөмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороололд байрлах, 77 айлын орон сууцнаас 55.01 м.кв талбай бүхий орон сууцыг Ф ХХКшилжүүлэхээр тохиролцсон. Би гэрээний үүргээ биелүүлж дээрх эд хөрөнгийг Ф ХХКөмчлөлд шилжүүлсэн.
Э ХХК гэрээнд заасан ажлуудыг хийж гүйцэтгэхийн тулд 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Капитрон банкнаас 22,8 хувийн хүүтэй, 32 000 000 төгрөгийн зээл авч гэрээгээр хүлээсэн үүргээ 2018 онй 7 дугаар асарын 10-ны өдөр гүйцэтгэж дуусгасан. Үлдэгдэл төлбөр 16 500 000 төгрөгөө авч банкны зээлээ төлөх байтал ажлыг хүлээн авч, гэрээг дүгнээгүйгээс зээлийн хүүгийн алдагдалд орж, нэмэлт зардал гарсан. Банкны сарын хүү 1,9 хувь бөгөөд гэрээний дагуу хүүнд 2 565 500 төгрөг төлсөн.
Э ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Фарго материалс” ХХК-тай тохиролцон, махны үйлдвэрийн ТЭЗҮ, Байгаль орчны үнэлгээг Э ХХК нь 7 000 000 төгрөгөөр хийхээр болсон. Бид уг ажилыг хийж 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр “Фарго материалс” ХХК-д ажлыг хүлээлгэн өгсөн боловч гэрээний төлбөр болох 7 000 000 төгрөгийг төлөөгүй. Мөн энэ ажлыг гүйцэтгэлийн төлбөр авахад олон удаа Булган-Улаанбаатар хотын хооронд машинтайгаа ирж очих түлшний зардалд 1 222 000 төгрөг надаас гарсан.
Иймд гэрээний үлдэгдэл төлбөрт 16 500 000 төгрөг, уг мөнгийг хугацаанд нь авсан бол банкнаас зээл авах шаардлаггүй байсан тул зээлийн хүүнд төлсөн 2 565 500 төгрөг, мах боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ, Байгаль орчны үнэлгээг хийсэн ажлын хөлс 7 000 000 төгрөг, Булган-Улаанбаатар хотын хооронд машинтайгаа ирж, очих түлшний зардалд гарсан 1 222 000 төгрөг, нийт 27 287 500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ф ХХКтөлөөлөгч Н.Ө, БНХАУ-ын иргэн Та Ваньжуань /Tang Wanjuan/ нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Э ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар газар эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний үнэд “Фарго материалс” ХХК нь Э ХХК-д 65 000 000 төгрөгийг бэлнээр, мөн өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороололд байрлах 77 айлын орон сууцнаас 55.01 м.кв талбай бүхий орон сууц нэгийг тус тус төлөхөөр тохирсон. Гэрээнд заасан ажлыг бүрэн дууссаны төлбөр авах боломжтой. Гэвч аливаа нэг ажил хийж эхлэхээс өмнө манай тал урьдчилгаа төлбөр төлж байсан. Тухайлбал, өөрийн эзэмшилийн 55.01 м.кв талбайтай орон сууцыг Э ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 40 000 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 2 000 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 2072 ам.доллар буюу 5 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 3 500 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2 000 000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 62 500 000 төгрөг төлсөн. Мөн Э ХХК-ийн хариуцах ёстой ТЭЗҮ гэх мэт үнэлгээний мөнгийг манай тал өмнөөс нь төлсөн.
Нэхэмжлэгч тал гэрээнд заасан трансформатор төхөөрөмж, кабель болон бусад материалын үнэ хариуцах ёстой байсан боловч манай тал өмнөөс нь 8 332 000 төлсөн тул энэхүү төлбөрийг гэрээний үлдэгдэл төлбөрөөс суутгах ёстой. Өөрөөр хэлбэл, гэрээний нийт үнэ буюу гэрээний дагуу манай талын төлөх төлбөр 68 500 000 төгрөг бөгөөд үүнээс 62 500 000 төгрөгийг төлсөн. Мөн түүний өмнөөс бусдад 8 332 000 төгрөг төлсөн буюу нийт 70 832 000 төгрөгийг бид төлсөн.
Банкны зээлийн хүүгийн төлбөрт төлсөн төлбөр болон Булган аймгаас Улаанбаатар хот руу ирж, очиход гарсан гэх зардал нь үндэслэлгүй. Мөн үйлдвэрийн ТЭЗҮ болон Байгаль орчны үнэлгээг бид өөр байгууллагаар хийлгэсэн бөгөөд төлбөрийг тухайн байгууллагад төлсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч “Фарго материалс” ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөрт 16 500 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 2 565 500 төгрөг, ТЭЗҮ, Байгаль орчны үнэлгээний ажлын хөлс 7 000 000 төгрөг, шатахууны үнэ буюу зардалд 1 222 000 төгрөг, нийт 27 287 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг “...гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, хохирол нь үндэслэлгүй” гэж үгүйсгэн маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1. 16 500 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Талуудын хооронд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 20171201-01 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулагдсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй байна. Хэдийгээр талууд гэрээг хамтран ажиллах гэрээ гэж нэрлэсэн байх боловч гэрээний зорилго, зүйл, төлбөр төлөх журам зэргээс үзвэл Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний шинжийг агуулаагүй байна. Учир нь, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг. Гэтэл гэрээний 1.1, 1.3-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид эд хөрөнгө худалдах, хариуцагч нь төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байхаас гадна гэрээний 2.1-д эд хөрөнгийг худалдах-худалдан авахаас өмнө нэхэмжлэгч нь хариуцагчид тодорхой төрлийн ажил хийж гүйцэтгэхээр заажээ.
Гэрээний 1.1-д зааснаар нэхэмжлэгч нь Булган аймаг, Булган сум, 4 дүгээр баг, УАА-н урд гэх нэртэй газар байрлах, 11244.25 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, түүн дээрх 523 м.кв талбайтай үйлдвэрийн барилга, 35 м.кв талбайтай гражыг 65 000 000 төгрөгөөр, 192 м.кв талбайтай 6 өрөө барилга, 2 чулуун склад, гүний худгыг 65 000 000 төгрөгөөр тооцон 55 м.кв талбайтай орон сууцаар хариуцагчид худалдах, хариуцагч нь төлбөрийг төлөхөөр заажээ. Иймд гэрээний уг заалтаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүрэг үүссэн байна.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь эд хөрөнгийг хариуцагчид шижлүүлсэн, хариуцагч уг эд хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Гэрээний нийт үнийн дүн 130 000 000 төгрөг болж байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний төлбөрт 65 000 000 төгрөгтэй тэнцэх 55 м.кв талбайтай орон сууцыг, гэрээний 1.3-т заасан бэлнээр төлөх 65 000 000 төгрөгийн 40 000 000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 12-ны өдөр, 2072 ам.доллар буюу 5 000 000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр, 3 500 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр буюу нийт 113 500 000 төгрөг хүлээн авсан талаар талууд маргаагүй байна.
Харин үлдэх 16 500 000 төгрөгийн тухайд талууд тооцооны үлдэгдэлийн баталгаа үйлдсэн байх бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар хариуцагч нь нэхэмжлэгчид 16 500 000 төгрөгийг төлөхөөр заасан байна. Уг баримтад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурсан, харин тэмдэг дарж баталгаажуулаагүй тул хүчингүй гэх боловч хариуцагч талын нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн бусад тооцооны үлдэгдлийн баримтуудад мөн адил тэмдэг дараагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь татгалзалын үндэслэлээ болгосон бусад тооцооны үлдэгдлийн баримтуудад тэмдэг дараагүй атлаа түүнийгээ татгалзалын үндэслэлээ болгож, харин 16 500 000 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баримтыг тэмдэг дараагүй үндэслэлээр хүчингүй гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд хариуцагчийг худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 16 500 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Нөгөөтэйгүүр, гэрээний 2.1-д тодорхой төрлийн ажил гүйцэтгэх талаар заасан байх бөгөөд түүний үнийн дүн нь худалдах-худалдах авах гэрээний үүрэгт шууд хамааралгүй байна. Түүнчлэн, талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан гэх 180516-01 дугаартай суурь шалны ажил гүйцэтгэх, 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан гэх 180525-01 дугаартай хашаа хийх ажил гүйцэтгэх гэрээ болон түүнтэй холбоотой санхүүгийн баримт, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтууд нь 16 500 000 төгрөг гаргуулах шаардлагад хамааралгүй байхаас гадна уг шаардлагыг үгүйсгэж чадахгүй байна. Иймд хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нэхэмжлэгчид 16 500 000 төгрөг төлөх үүрэгтэй.
2. Хүүгийн төлбөрт төлсөн 2 565 500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь уг шаардлагын үндэслэлээ Капитрон банк болон С.Б нарын хооронд 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан, 16 500 000 төгрөгийн хэмжээнд төлсөн хүүг хохирол гэж тодорхойлжээ.
Хавтаст хэрэгт Капитрон банк болон С.Б нарын хооронд байгуулагдсан гэх 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ авагдсан байна. Уг гэрээг нэг талаас буюу зээлдүүлэгч Капитрон банк, нөгөө талаас буюу зээлдэгч С.Б нар байгуулсан байна. Үүнээс үзвэл гэрээний нэг тал буюу зээлдэгчийг нэхэмжлэгч буюу Э ХХК гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгчид 2 565 500 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.
3. 7 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь уг шаардлагын үндэслэлээ хариуцагчид ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээг 7 000 000 төгрөгөөр хийж өгсөн гэж тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээний ажлын хөлсөнд 7 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, хариуцагч ажлыг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан байх бөгөөд уг төлбөрийг нэхэмжлэгч нь 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 5 000 000 төгрөгийг, 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 2 000 000 төгрөгийг тус тус “Аркаст” ХХК-д шилжүүлсэн болох нь кассын орлогын ордерээр нотлогдож байна. Үүнээс үзвэл талуудын хооронд ТЭЗҮ болон байгаль орчны үнэлгээ хийх талаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн, мөн уг ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн нь баримтаар нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар 7 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
4. 1 222 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь уг шаардлагын үндэслэлээ хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээний үүргийг шаардаж Булган аймгаас Улаанбаатар хот руу явсан автомашины шатахууны зардал буюу хохирол гэж тодорхойлжээ.
Хавтаст хэрэгт шатахуун худалдан авсан, мөн авто зам ашигласан төлбөрт төлсөн баримтууд авагдсан байх бөгөөд эдгээр баримтуудаар хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь, дээрх баримтууд нь хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйтэй шууд болон шууд бус шалтгаант холбоотой эсэх нь нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар 1 222 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагчаас 16 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 787 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Фарго материалс” ХХК-иас 16 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 787 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400 502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 240 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН