Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/805

 

2022                   11                        29                               805

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган тэмдэглэл хөтөлж,

улсын яллагч С.Ууганбаяр,

шүүгдэгч Г.Б, өмгөөлөгч Б.Дашдорж (өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх үнэмлэхийн дугаар 0747) нарыг оролцуулан хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У** овогт Г.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2210024121349 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

У** овогт Г.Б нь Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл-** хамт ** дүүргийн ** хороо, ** дугаар хороолол ** гудамж, ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, боловч одоо Хан-Уул дүүргийн ** дугаар хороо ** хотхоны ** байрны ** тоотод оршин сууж байгаа, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 204 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан. (РД: **).

Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр).

Яллагдагч Г.Б нь Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” хотхоны 51а байрны 31 тоотод 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө эхнэр Б.Б-тэй маргалдаж улмаар түүний биед нь халдан зодож хамрын ясны хугарал, баруун зовхи, хамрын нуруу, зүүн бугалга, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн өвдөгний зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг гаргаагүй.

Эрүүгийн 2210024121349 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 09:38:23 цагт “аав агсам тавиад байна” гэсэн дуудлага бүртгэгдсэн лавлагаа (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),

2. Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 09 дүгээр сарын 23-ны орой нөхөр бид хоёр өөрсдийн амьдарч байгаа Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** хотхоны ** байрны ** тоот гэртээ нөхөр маань өөрийнхөө найз нарыг гэртээ авчирч архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад найз нар болох М, Б хоёрын хамтаар нөхөр бид хоёр гарч караокед үйлчлүүлж архи ууж байгаад шөнө 02 цагийн орчимд гэртээ орж ирээд бид нар унтаж амарсан. Ингээд 09 дүгээр сарын 24-ний өглөө 08 цагийн орчимд нөхөр Б намайг бос хоол хийгээч гээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэгэхээр нь би унтаж байна ш дээ чи өөрөө босоод хоолоо хийгээч гэж хэлсэн чинь үгүй гээд урьд шөнө уусан архи нь гараагүй над руу агсраад уурлаад байсан. Намайг хэвтэж байсан чинь миний гараас татаад намайг газар унагааж миний үснээс зулгааж миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон чинь миний нүүр хавдсан. Тэгтэл бага насны хүүхэд маань ирсэн чинь хүүхдийг маань унтлагын өрөөнөөс гаргаж байгаад намайг боож газар унагаасан. Тэгтэл миний дунд охин У** цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт дуудлага мэдээлэл өгсөн чинь цагдаа нар ирэх хооронд гараад зугтаасан. ...Нөхөр бид хоёр гэр бүл болоод одоо ** жил болж байна. ** онд гэр бүлээ батлуулж байсан. ...М, Б нар манай гэрт хоночхоод өглөө үүрээр ажилтай гээд явсан. М, Б нар манай гэр бүлийн найз нөхөд байгаа юм. ...Нөхөр маань шөнө архи уугаад өглөө архи нь гараагүй намайг босож хоол хий гэж маргаан үүссэн би нөхрийгөө би өөрөө хоолоо хийгээд идэхгүй гэж хэлсэн чинь маргаан болоод намайг цохиж зодох болсон байгаа. ...Би өөрийн шүүх эмнэлгийн дүгнэлттэй уншиж танилцсан, санал нийлж байна. ...Урьд өмнө гэр бүлийн маргаан болоод муудалцаж байсан. Бусдаар намайг зодож байсан зүйл байхгүй. ...Нөхөр маань ** ХК-д ажилладаг, 14 хоног ажлаар яваад 14 хоног гэртээ амардаг ажилтай. ...Намайг орон дээр хэвтэж байхад намайг татаж газар унагааж миний үснээс зулгааж нүүрэн тус газар цохиж хоолой боосон. ...Нөхөр маань архины хамааралгүй, нэг уухаар хэтрүүлж хэрэглээд байдаг. ...Би шүүх хуралдаанд оролцохгүй. ...Би хэрэг гардаг өдөр гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлээд цагдаагаас өгсөн шүү эмнэлэгт үзүүлэх тогтоол аваад шүүх эмнэлэгт үзүүлсэн. Дараад нь би нөхрөөсөө эмнэлэгт үзүүлсэн хамраа тэгшлэх шаардлагатай байна гээд 800,000 төгрөг авсан байгаа. ...Хэрэг болсны дараа надтай утсаар яриад намайг уучлаарай миний буруу гэж хэлсэн. Надаа ямар нэгэн санал гомдол байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас),

3. Гэрч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 09 дүгээр сарын 23-ны орой эхнэр Б-гийн хамтаар найз Б-ын гэр болох Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** хотхоны ** байрны ** тоот гэрт нь очоод Б, Б, эхнэр бид дөрөв хоол идээд архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад 23 цагийн орчимд гэрийнхэн хажуугийн караокед орж архи ууж байгаад шөнө 01 цагт Б-ын гэрт нь ороод унтаж амарч байгаад эхнэрийн хамтаар 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өглөө 08 цагийн орчимд ажил руу явцгаасан. ...Тухайн өдөр Б-ын гэрт нь 2 лааз пиво уугаад караокед хоёр шил виски уусан. ...Эхнэр, бид хоёр Б-ын гэрт байхад ямар нэгэн маргалдах зүйл огт болоогүй бие биеийгээ хайраа гээд дуудаад байсан. ...Б өглөө хальт босож ирээд явлаа юу гэж асуухаар нь явах гэж байна гэж хэлээд гараад явсан, эхнэр нь унтаж байсан. ...Б бид хоёр 10 жилийн нэг сургуулийн нэг ангид сурч байсан ангийн найзууд байгаа юм. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дугаар хуудас),

4. Гэрч Э.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 09 дүгээр сарын 23-ны орой 18 цагийн орчимд нөхрийн найз болох Б-ын гэрт нь нөхөр М-ын хамтаар очсон. Нөхөр, бид хоёр очсон чинь Б, эхнэр Б-ийн хамтаар байсан. Ингээд бид нар хоол идээд сууж байгаад орой 23 цагийн орчимд гэрийнхэн хажууд байдаг караокед ороод виски ууж байгаад шөнө 01 цагийн орчимд Б-ын гэр болох Хан-Уул дүүргийн ** дугаар хороон нутаг дэвсгэрт байрлах ** хотхоны ** байрны ** тоот гэрт нь ороод унтаж амраад 09 дүгээр сарын 24-ний өглөө 08 цагийн орчимд нөхөр бид хоёр гэрээс нь гараад ажилдаа явцгаасан. ...Тухайн өдөр Б-ын гэрт нь 2 лааз пиво уугаад караокед 2 шил виски уусан. Би өөрөө тэр өдөр архи согтууруулах ундаа хэрэглээгүй. ...Эхнэр, бид хоёр Б-ын гэрт байхад ямар нэгэн маргалдах зүйл огт болоогүй. ...Нөхөр бид хоёр өглөө ажилдаа явах гэж байхад Б сэрүүн байсан. Харин эхнэр Б нь унтаж байх шиг байсан. ...Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

5. Яллагдагч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2022 оны 09 дүгээр сарын 23-ны өглөө эхнэр Б.Б-тэй маргалдаж биед нь гэмтэл учруулах болсон байгаа. Шалтгаан нь гэхийн бол 09 дүгээр сарын 22-ны орой эхнэр, бид хоёрын амьдарч байгаа Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** хотхоны ** байрны ** тоот гэрт маань М, эхнэр Б-гийн хамтаар бид нар хоол идээд архи уугаад гэрээсээ гараад орой нь гэрийнхээ хажууд байдаг караокед орж үйлчлүүлж архи согтууруулах ундаа хэрэглэж байгаад шөнө 01 цагийн орчимд гэртээ орцгоосон. Ингээд М эхнэртэйгээ 1 давхарт би эхнэртэйгээ унтлагын өрөөнд унтаж амарч байсан. Тэгтэл үүрээр өглөө М эхнэрийнхээ хамтаар ажилтай гээд явцгаасан. Тэгээд би эхнэрт хандаж өглөө 10 цаг болсон байна босоод хоол цайгаа хийгээч гэж хэлсэн чинь эхнэр чадахгүй өөрөө хий гэж хэлэхээр нь би зөндөө хүнийг өр ширэнд оруулчхаад босоод хоол цайгаа хийж болохгүй юм уу гээд маргаан болсон чинь чиний ээжийн даралтыг ихэсгэж үхүүлнэ гэх мэтээр ярьсан байсан. Тэгээд би уурандаа эхнэрийнхээ нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд гараад явах гэсэн чинь эхнэр, явуулахгүй гээд дахиад маргаан болоод хэсэг зууралдаж ноцолдсон. Тэгээд эхнэр маань цагдаад дуудлага өгч байхаар нь улам хэрүүл маргаан болоод байхаар нь би гараад явсан байгаа. ...Гэр бүлийн баталгаатай 2005 онд гэр бүлээ батлуулж байсан. Дундаасаа 4 хүүхэдтэй том охин маань Герман улсад сурч байгаа одоо 4-14 насны 3 хүүхдийн хамтаар амьдарч байгаа. ...Би эхнэр Б-гийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд би гараад явах гэсэн чинь намайг гаргахгүй надтай зууралдаад ноцолдоод байсан. Тэгж байхдаа би өөрөөсөө холдуулж хоолой болон бусад биед нь хүрсэн байх. ...Би өөрөө Оюу толгойд ажилладаг учраас уучлалт гуйгаад эхнэртээ 800,000 төгрөг өгсөн байгаа. ...Эхнэр бид хоёр маргалдаж байсан. Гэр бүлд маргалдах үе байдаг. Эхнэр маань энд тэндээс мөнгө зээлээд тэрнээс болоод маргаан болсон, тухайн зээлсэн мөнгийг нь би төлөөд маргаан гарч байсан, тэгэхдээ гар хүрч цохиж зодож байсан зүйл байхгүй. ...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Миний буруу, маш их ухамсарлаж байна. Дахиж ийм үйлдэл хийхгүй. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13186 дугаартай:

Хэсэг газрын үзлэгт: Баруун зовхины гадна дээд хэсэгт 4х3см, хамрын нуруунд 3х3см, зүүн бугалганы урд хэсэгт 6х4см, 2х2см, дээд уруулын дотор салстад 1,5х1см хөхөлбөр өнгийн цус хуралттай, орчны эд хавтсан тэмтрэлтээр эмзэглэлтэй. Хүзүүний баруун хажуу доод хэсэгт 3х1см, зүүн өвдөгт 2х0,5см хүрэн өнгийн зулгаралт, цус хуралттай.

2022.09.24-ний өдрийн ГССҮТ-ийн ХАЯТТ-н эмчийн үзлэгт: Онош: толгойн өнгөц гэмтэл.

2022.09.24-ний өдрийн толгойн КТГ-н шинжилгээнд хамрын хянга ясанд шинэ хуучин холимог хугаралтай, таславч зүүн тийш мурийлттай, баруун талын нүдний ухайрхайн гадна хэсэгт, зүүн хацар орчмын зөөлөн эдэд хавантай гэжээ.

1. Б.Б-ийн биед хамар ясны хугарал, дух, баруун зовхи, хамрын нуруу, зүүн бугалга, уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн өвдөгний зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),

            7. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлт, “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх” тухай прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 282 дугаартай тогтоол, ялын санал (хавтаст хэргийн 90, 50 дугаар хуудас),

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 60 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар хуудас), 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 09 дүгээр сар хүртэл хугацааны нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 58 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У** овогт Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч У** овогт Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Б гэмт хэргийн улмаас хор уршгийн зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Б-ын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА