| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2023/0005/Э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2023-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 06
2023 01 10 2023/ШЦТ/06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга М.Х
Улсын яллагч Б.С
Шүүгдэгч Б.Д, Г.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Д аймгийн ... сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Г.Ч, Б овогт Б.Д нарт холбогдох эрүүгийн 2220000560140 дугаартай хэргийг 2022 оны 12 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... төрсөн, ... настай, ... ажилтай, ам бүл ..., дүүгийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Б.Д
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... төрсөн, ... боловсролтой, ... ажилтай, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт Г. Ч
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Г.Ч нь Д аймгийн ... үүдэнд иргэн Б.Д маргалдаж улмаар харилцан зодолдсоны улмаас түүний биед духны хэсэгт няцарсан шарх, хоёр гарын ар тал, хоёр шуу баруун өвдөг хэсгээр зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Д нь ... үүдэнд иргэн Г.Ч маргалдаж улмаар харилцан зодолдсоны улмаас түүний биед доод уруулын зүүн талд шархнаас үүссэн сорви гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Ч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би ... өдөр ажлынхантайгаа явж байгаад тараад Б гэх найзыгаа дуудсан. Машинтайгаа явж байгаад намайг ирж авсан. Э найзтайгаа уулзъя гээд “...” баар руу орсон. Тухайн баар руу ороход Д, Га нар байсан. Зөрж гараад юм ярьж байгаад, муудалцсан. Д барилцаж аваад, нэг нүүр рүү цохисон, тонгойж байхад бас нүүр рүү өшиглөсөн. Сүүлдээ дээр доороо орж намайг боосон. Түүний дараа машинд суугаад явсан. Тухайн үед олон хүн байгаагүй. Би Б л явж байсан. Бусад хүмүүсийг танихгүй гэжээ.
Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би ... өдөр “...” гэх баар орсон. Би уг нь архи тамхи хэрэглэдэггүй. Тухайн үед караоке ороод, гарах гэж байхдаа баар ороод гаръя гээд орсон. Г хамт “...” бааранд ороод сууж байсан тэгсэн бараан дотор зүс таних Ч гэх залуу өдөөд дээрэнгүй харьцаад Г лүү дайраад байхаар би ахаа одоо болио гэж хэлсэн. Тэр үед 24 цаг 40 минутын үед ... баар хаах гээд хүмүүсээ гаргаж байсан. Би Г хамт баарнаас хамт гарсан тэгсэн Ч гэдэг ах Г цохиод байсан тэгэхээр нь би боль гэж хэлээд салгаж байсан чинь баруун талаас үл таних хүн маш хүчтэй цохисон би тухайн үед тонгойгоод өндийсөн. Тэгэхэд Г миний ард зогсож байсан харин Ч орилоод өөдөөс хүрээд ирэхээр нь би Ч барьж ноцолдож газар унасан тэгсэн энэ тэндээ баахан хөл гар орж ирээд толгойны дагзны ар хэсэг рүү их хүчтэй цохиод байсан. Тэгсэн хүмүүс салгаж би босоод ирсэн чинь дух руу юм урсаад байсан, гараараа тэмтрээд үзсэн чинь цус гарч байсан. Би тухайн үед л тийм аймаар манаралтыг авч байсан. Тэгээд 2 эмэгтэй намайг эмнэлэгт хүргэж өгөөд 3 оёдол тавиулсан. Эрүүний баруун талын булчин зангираад хавдсан байсан. Тэгээд найзынхаа гэрт 14 хоног хэвтэрт байсан. Маргааш нөгөөдөр нь Ч эхнэр залгаад өргөдөл өгөх гээд байгаа юм уу? гээд өөдөөс сонин, сонин зүйл яриад байсан. Тэгэхээр нь чи чинь одоо эмэгтэй хүн байж ямар сонин ярьдаг юм бэ? та нар цагдаатайгаа ярь гэж хэлсэн. Цагдаа сар гаруй хэрэг шийдэж өгөхгүй байгаад байсан. Бүгд болсон асуудал баарны бичлэгт байгаа, намайг авах гэхээр өгөхгүй байгаа талаар хэлсэн. Тэгээд цагдааг бичлэг ав гэхэд аваагүй байсан. Сар гарангийн дараа хойноос ажил дуудаад би зүгээр байж байхаар гээд явж ажил хийсэн. Тэгээд санал нийлэхгүй байгаа зүйл нь шүүх эмнэлгийн дүгнэлт байгаа. Ч биед хөнгөн гэмтэл гарсантай санал нийлэхгүй байгаа. Тухайн үед өөр зодсон хүмүүс байгаа шүү дээ. Би их гомдолтой байна. Би маш их цаг хугацааг алдсан. Би бэлтгэл дээр ачаалал авангуут толгой өвддөг болсон байна лээ. Алдсан цаг хугацааг нөхөх гэж их цаг хугацаа шаардагдаж байна гэжээ.
Шүүгдэгч Г.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д хамт явж байсан найзтай нь ам зөрж маргалдаж эхлээд цохих гэж байгаад Д цохичихсон тэгээд Д намайг эргүүлээд миний нүүр лүү цохисон би доошоо тонгойгоод нүүрээ дарсан чинь нүүр лүү өшиглөхөд нь нүүрээ хаагаад дээшээ болсон чинь хажууд Д зогсож бйсан тул Д зууралдаж барьцалдаж аваад газар унахад Д намайг араас боосон би боолтонд орж байсан тул гарыг нь тохойноос нь барьж байгаад хажуу тийш нь эргэж боолтноос гарсан Баяр-Эрдэнэ бид хоёрыг салгасан. ...Д би л зодолдсон өөр хүн зодолдоогүй” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч ирээд намайг цохих гэхээр би барьж аваад ноцолдож эхэлсэн тэгсэн хажуунаас гэнэт хөл гар орж ирээд цохиж байсан бид хоёр газар унаад ноцолдож байхад хэн нэг нь миний толгойн ар хэсэг рүү цохиж байсан хэн цохиж байхыг хараагүй. Тэгсэн Ч байхгүй болчихсон би босоод ирсэн чинь духнаас юм урсаад байхаар нь гараараа тэмтрээд үзсэн чинь цус гарч байсан тул сумын нэгдсэн эмнэлэг орж духандаа гурван оёдол тавиулсан. ...Ч над руу олуулаа дайраад байхаар нь өөрийгөө хамгаалах үүднээс гар явуулсан өөрөөр санаатай цохиогүй. Ч намайг хэдэн удаа юугаар цохисон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр буюу ... орой Г хамт “...” бааранд ороод сууж байсан тэгсэн бараан дотор зүс таних Ч гэх залуу өдөөд дээрэнгүй харьцаад Г лүү дайраад байхаар би ахаа одоо болио гэж хэлсэн. Тэр үед 24 цаг 40 минутын үед ... баар хаах гээд хүмүүсээ гаргаж байсан. Би Г хамт баарнаас хамт гарсан тэгсэн Ч гэдэг ах Г цохиод байсан тэгэхээр нь би боль гэж хэлээд салгаж байсан чинь баруун талаас үл таних хүн маш хүчтэй цохисон би тухайн үед тонгойгоод өндийсөн. Тэгэхэд Г миний ард зогсож байсан харин Ч орилоод өөдөөс хүрээд ирэхээр нь би Ч барьж ноцолдож газар унасан тэгсэн энэ тэндээ баахан хөл гар орж ирээд толгойны дагзны ар хэсэг рүү их хүчтэй цохиод байсан. Тэгсэн хүмүүс салгаж би босоод ирсэн чинь дух руу юм урсаад байсан гараараа тэмтрээд үзсэн чинь цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/
Хохирогч Г.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...андуураад Д цохитол зөрүүлээд миний уруул руу 1 удаа цохисон,намайг доошоо тонгойж байтал миний нүүр хэсэгт нэг удаа өшиглөж бид хоёр ноцолдож байгаад Д миний хоолойг боосон. Би Д биеийн зүүн шанаанд 1 удаа цохисон. Тэгтэл Д миний уруул руу нэг удаа гараараа цохисон. Тэгээд би доошоо тонгойх үед миний нүүр хэсэг рүү дахин нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд бид хоёр зууралдаж аваад байж байтал Д нь намайг боож унагаасан. Би боолтноос гарах гээд Д нь намайг боож унагаасан. Би боолтноос гарах гээд Д хажуу тийш нь гарнаас татаж унагасан. Түүнээс болж газар унандаа чулуунд цохигдож гэмтэл авсан гэж би өөрөө бодож байшаа. Тэгээд бид хоёр салсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
Иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн гэмт хэргийн улмаас иргэн Б.Д биед хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Б.Д нь ... өдөр ... сумын нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн төвөөс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 161,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.Ч гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг” /хх-ийн 27-29/
Гэрч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...баар хаах болоод хөгжим зогссон тэгээд бид хоёр сүүлд танилцсан Чинбаа гэх залуутай хамт баарнаас гарсан чинь Ч, Д хоёр маргалдаж эхэлсэн тэгсэн Ч нь Д алгадсан тэгэхээр нь би тэр хоёрын голоор орж салгах гэж оролдсон тэгсэн цаанаас үл таних залуу ирээд надтай маргалдаж түлхэлцсэн тэр хооронд Д, Ч хоёр газар унаж дээр доороо ороод ноцолдож байгаад салаад босож ирсэн. Тэгсэн Ч ирээд миний баруун талын чамархай руу гараараа нэг удаа цохиход нь би Ч барьж аваад харилцан цохисон. Тэгсэн хажуугаар бас үл таних нэг залуу ирээд намайг өшиглөж унагаасан. Цаана нь Д хоёр хоёр залуу зодолдоод цаашаа явсан. Тэгсэн удалгүй цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/
Гэрч А.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр Ч 01 цагийн орчим орж ирсэн орж ирэхдээ уруул нь сэтэрсэн цус гарсан байдалтай, нурууны хэсэгт зулгарал шархтай, зүүн талын өвдөг шалбарсан байсан. Би юу болсон талаар асуутал хүнтэй муудалцаад зодуулсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/
2022 оны 04 сарын 18-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 60/
2022 оны 04 сарын 18-ны өдрийн 04/128 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэд:
-Б.Д биед духны хэсэгт няцарсан шарх, хоёр гарын ар тал, хоёр шуу баруун өвдөг хэсгээр зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
-Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
-Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
-Шинээр илэрсэн зүйлгүй болно” гэжээ. /хх-ийн 61-62/
2022 оны 05 сарын 30-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 65-66/
2022 оны 05 сарын 31-ний өдрийн 04/144 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэд:
-Г.Ч биед гэмтэл тогтоогдлоо.
-Г.Ч биед доод уруулын зүүн талд шархнаас үүссэн сорви гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
-Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
-Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 69-70/
2022 оны 12 сарын 08-ны өдрийн Шинжээч эмч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г.Ч биеийг 2022 оны 05 сарын 31-ний өдөр өөрийн биеэр үзсэн ...доод уруулын зүүн гадна талд бор өнгийн сорвитой, уг соривний харалдаа уруулын дотор талд цагаан өнгийн сорвитой байсан. ...уг сорви дээр үзэхэд эмзэглэлгүй байсан. Дээрх сорвинууд нь шархны улмаас үүссэн учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/
Шүүгдэгч нарын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104-105/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 120/
Шүүгдэгч Б.Д авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ЭМД сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /хх-ийн 123/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Г.Ч нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн орой 24 цагийн орчимд ... нутаг дэвсгэр, ... баарны үүдэнд хохирогч Б.Д маргалдаж улмаар харилцан зодолдсоны улмаас түүний биед духны хэсэгт няцарсан шарх, хоёр гарын ар тал, хоёр шуу баруун өвдөг хэсгээр зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн орой 24 цагийн орчимд ... нутаг дэвсгэр, ... баарны үүдэнд хохирогч Г.Ч маргалдаж улмаар харилцан зодолдсоны улмаас түүний биед доод уруулын зүүн талд шархнаас үүссэн сорви гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын энэ үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Г.Ч 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн орой 24 цагийн орчимд ... багийн нутаг дэвсгэр, ... баарны үүдэнд хохирогч Б.Д маргалдаж улмаар харилцан зодолдсоны улмаас түүний биед духны хэсэгт няцарсан шарх, хоёр гарын ар тал, хоёр шуу баруун өвдөг хэсгээр зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Д 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн орой 24 цагийн орчимд ... багийн нутаг дэвсгэр, ... баарны үүдэнд хохирогч Г.Ч маргалдаж улмаар харилцан зодолдсоны улмаас түүний биед доод уруулын зүүн талд шархнаас үүссэн сорви гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-17/, хохирогч Г.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22/, иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-29/, гэрч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-33/, гэрч А.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/, 2022 оны 04 сарын 18-ны өдрийн 04/128 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62/, 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 04/144 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-70/, 2022 оны 12 сарын 08-ны өдрийн Шинжээч эмч П.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 74-75/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 120/, шүүгдэгч Б.Д авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ЭМД сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /хх-ийн 123/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан нотлогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Г.Ч Б.Д нар нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, ... аймгийн ... сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Г.Ч нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн болон зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б.Д нь шүүх хуралдаанд “Би өшиглөж, цохиж зодоогүй болохоор өөрийгөө гэм буруугүй гэж бодож байгаа. Шүүх эмнэлгийн гаргасан Чинбатын биед учирсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж мэтгэлцэв.
Энэ нь шүүгдэгч Г. мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн “...Би Д биеийн зүүн шанаанд 1 удаа цохисон. Тэгтэл Д миний уруул руу нэг удаа гараараа цохисон. Тэгээд би доошоо тонгойх үед миний нүүр хэсэг рүү дахин нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд бид хоёр зууралдаж аваад байж байтал Д нь намайг боож унагаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/, гэрч А.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр Ч 01 цагийн орчим орж ирсэн орж ирэхдээ уруул нь сэтэрсэн цус гарсан байдалтай, нурууны хэсэгт зулгарал шархтай, зүүн талын өвдөг шалбарсан байсан. Би юу болсон талаар асуутал хүнтэй муудалцаад зодуулсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/, гэрч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч, Д хоёр маргалдаж эхэлсэн тэгсэн Ч нь Д алгадсан тэгэхээр нь би тэр хоёрын голоор орж салгах гэж оролдсон тэгсэн цаанаас үл таних залуу ирээд надтай маргалдаж түлхэлцсэн тэр хооронд Д, Ч хоёр газар унаж дээр доороо ороод ноцолдож байгаад салаад босож ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Д “би Ч зодоогүй, түүний биед гэмтэл учруулаагүй” гэх мэдүүлэг няцаагдаж байна.
Зодоон болох үед Г.Ч, Б.Д, гэрч А.Г нараас өөр хүмүүс ойр хавьд байгаагүй, Г.Ч, Б.Д хоёроос өөр хүмүүс зодолдоогүй болох нь гэрч А.Г мэдүүлгээр нотлогддог. Хохирогч Г.Ч биед доод уруулын зүүн талд үүссэн шарх гэмтлийг хохирогч Г.Ч мэдүүлгийг гэрч А.О, А.Г нарын мэдүүлэг давхар нотолж байгаа болно.
Хохирогч Г.Ч биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ гэж шинжээч эмч дүгнэсэн. Энэ нь шүүгдэгч Б.Д цохилтын улмаас үүссэнийг нотолж байна.
Мөн шинжээч эмч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Г.Ч биеийг 2022 оны 05 сарын 31-ний өдөр өөрийн биеэр үзсэн ...доод уруулын зүүн гадна талд бор өнгийн сорвитой, уг соривний харалдаа уруулын дотор талд цагаан өнгийн сорвитой байсан. ...уг сорви дээр үзэхэд эмзэглэлгүй байсан. Дээрх сорвинууд нь шархны улмаас үүссэн учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/ давхар нотлогдож байгаа болно.
Хохиролын хувьд:
Хохирогч Г.Ч нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн бөгөөд хохирогч Б.Д нь толгой өвддөг тул цаашид эмчилгээ хийлгэж гарсан зардлыг нэхэмжилнэ гэжээ.
Иргэний нэхэмжлэлийн хувьд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох хохирогч Б.Д эмнэлэгт үзүүлж эмчилгээ, үйлчилгээ авсаны зардал 161,000 төгрөгийг шүүгдэгч Г.Ч гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас 161,000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан болох нь төрийн ашиг сонирхлыг хамгаалахаар мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон прокурор Э.Б “...тухайн гэмт хэргийн улмаас иргэн Б.Д биед хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Б.Д нь 2022 оны 04 сарын 15-ны өдөр ... сумын нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн төвөөс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 161,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.Ч гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Д авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ЭМД сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /хх-ийн 123/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Г.Ч нь иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 161,000 төгрөгийг төлж барагдуулахаар илэрхийлсэн болно.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүхээс шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Ч Б.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, шүүгдэгч Г.Чинбат нь бусдад төлөх болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Г.Ч, Б.Д нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Г.Ч, Б.Д нарт ял оногдуулахдаа үйлдсэн хэргийн нөхцөл байдал, ажил эрхэлж, тогтмол цалин орлоготой, хувийн зан байдал зэргийг харгалзан шүүгдэгч тус бүрийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан торгуулийн ялыг сайн дураар төлөх хугацаанд төлөх боломжтой тул хэсэгчлэн төлүүлэх талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгчид өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Д, Х овогт Г.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Г.Ч нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч Б.Д нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Г.Ч хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан 161,000 /нэг зуун жаран нэгэн/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд оруулж, хохирогч Б.Д нь цаашид эмчилгээ хийлгэсэн тохиодолд нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц