| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2015/11392/И/ |
| Дугаар | 490 |
| Огноо | 2018-02-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 490
“Н Э С-” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02932 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “Н Э С-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “О-” ХХК-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 112 320 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг
Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Учрал,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Р.Эрдэнэсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Эрдэнэбилэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н Э С-” ХХК болон “О-” ХХК-ийн хооронд 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б-13-24 тоот газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр нэг литр түлшийг 1 600 төгрөгөөр тооцон нийт 46 000 литр түлшийг нийлүүлэхээр тохиролцож, гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “О-” ХХК-ийн захирал Д.Амгалан өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 9 дүгээр байр 33 тоот хаягт орших Ү-2203005845 дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалан ипотекийн гэрээг байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгчийн зүгээс “О-” ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан менежер ажилтай Д.Батцэрэнгийн утсаар өгсөн захиалгын дагуу, явуулсан автомашинуудад нийт 46 800 литр түлшийг ачуулж, бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Гэрээнд бичгээр захиалга өгөхөөр заасан ч тухайн үед бичгээр захиалгыг аваагүй нь нийлүүлсэн бүтээгдэхүүнийг төлөхгүй байх үндэслэл болохгүй. Бид Д.Батцэрэнг гэрээнд төлөөлж гарын үсэг зурсан хүний хувьд тус байгууллагыг бүрэн төлөөлж байгаа гэж ойлгосон. Мөн гэрээний 6.3-т бүтээгдэхүүнийг агуулахаас ачилт хийж авснаас хойшхи эрсдэлийг худалдан авагч тал хариуцахаар тохиролцсон тул худалдан авсан этгээд тухайн түлшийг хэрхэн ашиглах, яаж захиран зарцуулах, гуравдагч этгээдэд шилжүүлсэн эсэх нь түлшийг хүлээн авсан мөчөөс хойш худалдан авагчийн эрх хэмжээний асуудал. Өөрөөр хэлбэл түлшийг худалдан авагчид шилжүүлснээс хойш тухайн түлшний өмчлөх эрх худалдагч талаас худалдан авагчид шилжсэн. Мөн гэрээнд хоёр тал төлөөлөх этгээдийг томилохоор тохирсон ч тийм хүнийг томилоогүй тул гэрээнд анхнаасаа гарын үсэг зурсан этгээдийг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзсэн. Түүнчлэн Д.Батцэрэнг төлөөлөх эрхгүй гэсэн асуудлыг хариуцагч талаас өмнө нь тавьж байгаагүй. Хариуцагч нь гэрээний дагуу төлбөл зохих төлбөрөө огт төлөлгүй, байгуулсан гэрээгээ зөрчин өнөөдрийг хүрч байна. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд ипотекээр баталгаа гаргасан иргэн Д.Амгалангийн барьцааны зүйлээс гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2124 тоот шийдвэрт “Н Э С-” ХХК нь “О-” ХХК-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой маргаанаа өөр хоорондоо гаргаж шийдвэрлэсний эцэст үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас шаардах гэж заасан шийдвэрийн дагуу үндсэн хариуцагч “О-” ХХК-иас гэрээний үүргээ хангуулахаар холбогдох нотлох баримтыг хавсарган нэхэмжлэлээ гаргасан. Дээрх шүүхийн шийдвэр нь маргааны үйл баримтыг дүгнээгүй, нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлаагүй юм. Хариуцагч “О-” ХХК нь нийлүүлсэн 46 800 литр түлшний үнэ 74 880 000 төгрөгийг барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн. Гэрээний 4.2, 4.4-т барааг хүлээж авсан өдрөөс хойш хуанлийн 30 хоногоос хэтрэхгүйгээр төлбөрийг төлөхөөр, төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон тул хамгийн сүүлд агуулахаас ачилт хийсэн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс хойш тооцож, нийтдээ 2013 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд алдангийг тооцсон. Гэхдээ Иргэний хуулийн дагуу алданги нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн 50 хувиас давсан тул алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 37 440 000 төгрөгөөр тооцож, төлбөр 74 880 000 төгрөгийн хамт нийт 112 320 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах талаар тусгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч талтай гэрээ хийсэн нь үнэн. Гэхдээ уг гэрээ хэрэгжээгүй. Нэхэмжлэгч “О-” ХХК-д барааг шилжүүлж өгөөгүй, шилжүүлж өгсөн болохоо баримтаар нотлоогүй. Д.Батцэрэн гэрээг байгуулсан боловч тэрээр манай компаний ажилтан биш, компаниас түүнд гэрээнд заасан барааг хүлээн авах, утсаар захиалга өгөх эрхийг олгоогүй. Гэрээний 2.1-д зааснаар эзэмшилдээ хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэг хүлээх бөгөөд гэрээний 2.2, 2.4-т зааснаар бичгээр захиалсан бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байхыг шаардана. Гэвч нэхэмжлэгч хаашаа, хэнд ачуулсан болох нь мэдэгдэхгүй баримтаар манайхаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Бараа ачуулсан талаар падаан байгаа боловч падаанд бичигдсэн тээврийн хэрэгслүүд, түүний жолооч нар хариуцагч байгууллагынх биш, жолоочид нь тус компанийн ажилтнууд биш. Энэ тухай нотлох баримтууд хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч нь гэрээний 7.5 дахь заалтыг зөрчиж, өөр хүмүүст бүтээгдэхүүнийг шилжүүлсэн. Бензин ачуулсан хүмүүс Д.Батцэрэнтэй хуйвалдаж манай компаний нэрээр ачуулсан байсныг хожим мэдсэн. Мөн 46 000 литр түлш нийлүүлэхээр тохиролцсон гэсэн атлаа 46 800 литр нийлүүлсэн гэсэн зарлагын падаан байна. Иймд манай компанид нийлүүлээгүй шатахууны үнийг төлөх үүрэг хүлээхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... талуудын хооронд байгуулагдсан №Б-12-24 тоот гэрээ нь гэрээний агуулга хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд дээрх зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр өөрсдийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж, гэрээнд заавал тусгавал зохих гэрээний гол нөхцөл болох газрын тосны бүтээгдэхүүний үнийн дүн, бүтээгдэхүүний хэмжээ зэргийг харилцан тохиролцоогүй байх тул худалдан авагчийн ашиг сонирхолд болон шударга ёсны зарчимд харшилсан, гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг тусгах хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Нэхэмжлэгч тал гэрээний гол нөхцөлийг 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Б-13-24 тоот нэмэлт гэрээгээр харилцан тохиролцсон хэмээн үндсэн гэрээнд хавсаргасан байх боловч энэхүү гэрээ нь баримт бичгийн шаардлага хангаагүй буюу талууд гарын үсэг зурж баталгаажуулаагүй, тамга тэмдэг дараагүй, мөн түлшний хэмжээг 46 000 литр гэж тэмдэглэсэн атлаа 46 800 литр түлш нийлүүлсэн гэсэн үнийн дүнгийн зөрүүтэй падааныг шүүхэд гаргаж өгсөн байна. Ямар ч тохиолдолд гэрээнд зааснаас илүү хэмжээний түлшийг нийлүүлсэн байх боломжгүй учир уг баримт бичиг бодит үйл баримтыг нотолсон гэж үзэх боломжгүй. Нэмэлт гэрээг үндсэн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь заалтын дундуур оруулж хэвлэснээс үзэхэд анхнаасаа нэмэлт гэсэн хэсэг нь энэхүү гэрээнд хавсаргагдаагүй байсныг харуулж байна. Мөн Б-13-24 тоот нэмэлт гэрээг үндсэн гэрээтэй нэг өдөр буюу 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөр огноолсон. Хэрвээ нэмэлтийг үндсэн гэрээнд хавсаргаж талуудад хүргүүлсэн бол талууд үндсэн гэрээтэй хамтад нь баталгаажуулах ёстой. Эдгээр үндэслэлүүдээс үзэхэд “Н Э С-” ХХК болон “О-” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №Б-12-24 тоот газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээ огт хийгдээгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүйн дээр түүнд хавсаргавал зохих нэмэлт гэрээ хуулийн шаардлага хангаагүй, хуурамчаар хийсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.2-т зааснаар гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байхыг шаарджээ. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээнд гэрээний гол нөхцөлийг тохироогүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчиж хийгдсэн гэрээ болно. Дээрх үндэслэлээр “Н Э С-” ХХК болон “О-” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №Б-12-24 тоот газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Үндсэн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул барьцааны гэрээ мөн адил хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Н Э С-” ХХК болон “О-” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дээрх хоёр гэрээ нэг өдөр хийгдэж 2 талын захирал, төлөөлөгч нар гарын үсэг, байгууллагын тамга тэмдгээр баталгаажсаны дээр нотариатаар баталгаажуулсан, хууль ёсны шаардлага хангасан. Хуульд зааснаар гэрээний гол нөхцөл болох үнэ, тоо хэмжээг гэрээнд тусгаагүй гэдэг үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байх боловч гэрээг байгуулахдаа талууд хамгийн түрүүнд тоо хэмжээ, нэг бүрийн үнийг тохиролцдог. Гэрээний 2.3-т хавсралт нь үндсэн гэрээний салшгүй нэг хэсэг болохыг дурдсан бөгөөд мөн үнэ, тоо хэмжээг заан нотариатаар гэрчлүүлсэн байна. Уг хавсралтад гарын үсэг зурагдаагүй ч хариуцагч 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа ... хямд дизел түлш байна ... 46 000 л түлшийг 1 600 төгрөгөөр авах эрхтэй болсон, сарын дараа төлбөрөө төлж болно гэсэн гэж тодорхой дурдсан байгаагаас үзвэл тэрээр манайхтай гэрээг байгуулахдаа талуудын илэрхийлсэн хүсэлт зоригийг мэдэж байсан, нэг литр түлшийг 1 600 төгрөг байхаар, нийт 46 000 литр түлш авах гэж байгаагаа ухамсарлаж ойлгон гэрээг байгуулсан гэдэг нь нотлогдоно. Мөн хариуцагч талаас нэмэлт гэрээ хийгдээгүй, канондсан гэсэн тул манай зүгээс уг гэрээнүүдийг эх хувиар нь хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Хариуцагчийн үндэслэлээ болгосон Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.2 дахь заалт нь харин ч гэрээний саналыг хүлээн авсан гэж үзэх үндэслэлийн талаар зохицуулсан зохицуулалт байна. Хариуцагч гэрээ байгуулсан, хүчин төгөлдөр гэдэгт урьд маргаж байгаагүй, харин гэрээнд заасан журмыг биелүүлээгүй, түлшийг хүлээж авсан эсэхэд маргаж байсан. Гэтэл одоо гэрээ хүчин төгөлдөр бус гэж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Иймд Иргэний хуулийн дагуу хийгдсэн хуулийн шаардлага хангасан гэрээ тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан “О-” ХХК-иас 112 320 000 төгрөг гаргуулж, “Н Э С-” ХХК-д олгож, талуудын хооронд байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “О-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 719 550 төгрөг, хариуцагчаас төлсөн 532 350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 719 550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь: Нэхэмжлэгчид хууль ёсны шаардах эрх үүссэн үндэслэлд холбогдох хуулийг буруу тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг тайлбарлан хэрэглээгүй. ... Талуудын хооронд байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах Б-13-24 тоот гэpээ нь хуулийн шаардлагад нийцээгүй. Өөрөөр хэлбэл, талууд гэрээнд заавал тусгавал зохих гэрээний гол нөхцөл болох газрын тосны бүтээгдэхүүний үнийн дүн, бүтээгдэхүүний хэмжээ зэргийг харилцан тохиролцоогүйн дээр гэрээний нөхцөлөөс үзэхэд худалдан авсан барааны үнийг дараа төлөхөөр харилцан тохиролцсоноос үзэхэд эд хөрөнгийг ч шилжүүлээгүй байна. Гэтэл шүүх гэрээний гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцсон гэж үзэхдээ хууль зүйн хувьд алдаатай дүгнэлтийг хийсэн гэж үзнэ. ...Шүүх хариуцагч "О-" ХХК-ийн захирал Д.Амгалангийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан “Батцэрэн ирээд та 46 000 литр түлшийг 1600 төгрөгөөр авах эрхтэй болсон. Сарын дараа мөнгийг нь төлж болно гэж хэлсэн” гэсэн тайлбарыг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8, 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэгжийн үнэ, нийлүүлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ хэд болох талаар талууд хүсэл зоригоо хангалттай тодорхой илэрхийлсэн тул талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж, хүсэл зориг болон хэлцлийн хэлбэрийн талаарх хэлцэл хийгч талуудад хамааралтай заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Нөгөөтэйгүүр дээрх хэлцэл нь бодитоор хэрэгжиж, хариуцагч байгууллага нэг ч литр түлш хүлээн аваагүй байхад, энэ нь түлш хүлээн авсан, тооцоо хийсэн акт үйлдсэн зэрэг баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хэдхэн хоногийн дотор 46 800 литр түлш хүлээн авсан байна гэж хийсвэр дүгнэлт хийсэн. Энэ их хэмжээний түлшийг богино хугацаанд хүлээн авч, үйл ажиллагаанд шууд зарцуулах ямар ч боломжгүй юм. Шүүхийн дүгнэлтээр “нэхэмжлэгч гэрээ байгуулсан л бол шаардах эрх үүснэ” гэх агуулга бүхий дүгнэлт хийснийг эрх зүйн үндэслэлгүй гэж үзнэ. Шүүх дээр тайлбарласан хуулийг талуудын маргаанд хэрхэн хамааралтай талаар огт тайлбарлан хэрэглээгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр гэж үзэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болох талаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үздэг. Хариуцагч барааг хүлээн авсныг нөгөө талдаа илэрхийлсэн албан бичиг, тооцоо нийлсэн акт үйлдэгдээгүй нөхцөлд хариуцагч түлшийг хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад нийцээгүй болохыг шүүх нягтлан үзсэнгүй. Д.Батцэрэн гэгч нь тухайн гэрээг байгуулахад зуучилсан этгээд болохоос, гэрээний нөгөө тал биш юм. Учир нь худалдагч тал болох “Н Э С-” ХХК бүтээгдэхүүний үнэ, хэмжээний талаар санал гаргаж, түүнийг “О-” ХХК хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан тохиолдолд талууд харилцан тохиролцсон гэж үзнэ. Гэтэл шүүх хамааралгүй этгээдийн хэлсэн үгийг хэлцэл хийгч тал гэрээний гол нөхцөлийн талаар хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлсэн гэж үзсэн нь гэрээний талуудын талаар ноцтой төөрөгдсөн гэж үзэхээр байна. Гэрээнд худалдан авагчийг төлөөлж Д.Батцэрэн гарын үсэг зуржээ. Энэ нь зөвхөн тухайн гэрээнд төлөөлөх зөвшөөрлийг эрх бүхий этгээд олгосноос бус өөр бусад хэлцэл хийх болон үйл ажиллагаанд төлөөлөх зөвшөөрөл олгосон гэж үзэх боломжгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2 дахь хэсэгт худалдагч нь нефтийн бүтээгдэхүүнийг худалдан авагчийн захиалгын дагуу нийлүүлнэ. Энэ тухай акт үйлдэж барааг хүлээлгэн өгөх бөгөөд уг актад итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гарын үсэг зурж баталгаажуулахаар харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт “Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж заасан. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг эрхгүй этгээдүүдэд бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгснийг буруутгах боломжгүй гэсэн хуульд нийцээгүй дүгнэлтийг хийжээ. Нэхэмжлэгчийн хувьд төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй хэлцэл хийснээ мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан тул эрсдлийг өөрөө хариуцах ёстой гэж үзнэ. Талуудын гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь нефтийн бүтээгдэхүүнийг өөрийн эзэмшилдээ хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг төлөх үүргийг хүлээх, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар худалдагчид бичгээр захиалсан бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байхыг шаардах бөгөөд захиалгад хүлээн авах барааны нэр төрөл, тоо хэмжээ, хүлээн авагчийн албан ёсны төлөөлөгчийг заах шаардлагатай. Мөн гэрээний 2.6 дахь хэсэгт “Худалдан авагч нь худалдагчаар бүтээгдэхүүнийг хүргүүлэхээр бол 3-аас доошгүй өдрийн өмнө худалдагчид захиалга өгч нэмэлт гэрээ байгуулна. Бүтээгдэхүүн хүргэх эхний цэгээс эцсийн цэг хүртэлх тээвэрлэлтийн зардлыг талууд харилцан тохиролцоно” гэж бүтээгдэхүүн нийлүүлэлттэй холбоотой асуудлыг гэрээгээр нарийвчлан зохицуулсан байна. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг гэрээгээр тодорхойлно”, мөн хуулийн 248.2 дахь хэсэгт “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж заажээ. Гэрээгээр хүлээсэн үүргээ “Н Э С-” ХХК хэрхэн биелүүлж, хариуцагч байгууллагад хэзээ, ямар хэмжээтэй, ямар бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн гэж үзэх боломжгүй. Учир нь хариуцагч “О-” ХХК шатахуун, тослох материал хүлээж аваагүй гэж маргаж байгаа нөхцөлд эрх бүхий ямар албан тушаалтанд хэрхэн хүлээлгэн өгсөн болон талуудын тооцоо нийлсэн актыг үндэслэж байж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний үндсэн үүрэг хэрэгжсэн эсэхээ нотлох нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт тус тус заасан нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэг болно. Нэхэмжлэгч “Н Э С-” ХХК-тай байгуулсан гэрээний нэмэлтээр шатахууны хүргэлтээр баталгаажуулахаар тохирсон. Ямар ч шатахуун хүргэж өгөөгүй тул шатахуун аваагүй тул гэрээний нэмэлт заалт хүчин төгөлдөр байна. Энэ талаар талууд маргаагүй байхад нэхэмжлэгчийн түлш хүргэх үүрэг биелэгдсэн эсэх асуудалд шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан. ... Тухайн маргааны хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай үгүйсгэгддэг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг хэрэгжээгүй. ... Шатахууныг хүлээлгэж өгсөн гэх зарлагын баримтад хамааралгүй этгээдүүд гарын үсэг зурж хүлээж авсан. Өөрөөр хэлбэл худалдан авагчийн эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажаагүй. Гэтэл шүүх гэрээний үүргээ биелүүлээгүй талыг хаацайлж, ... захиалгын дагуу бүтээгдэхүүнийг явуулсан тээврийн хэрэгслүүдэд ачуулж, жолооч нарт хүлээлгэн өгч, зарлагын баримтад гарын үсэг зуруулсныг буруутгах боломжгүй гэжээ. Энэхүү дүгнэлтээрээ шүүх хэргийн оролцогчийн шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчлөө. ...
Ийнхүү шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтад тулгуурлахын оронд таамаг төдий хийсвэр дүгнэлтийг хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Түүнчлэн шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэсэн байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж, бусад баримттай харьцуулсан дүгнэлтийг хийж чадаагүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдаа гаргасан тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсзхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч “Нью энержи стар” ХХК нь “О-” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 112 320 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “1 литр түлшийг 1 600 төгрөг байхаар гэрээгээр тохиролцож, гэрээний дагуу нийлүүлсэн 46 800 литр түлшний үнэ 74 880 000 төгрөгийг, алданги 37 440 000 төгрөгийн хамт нийт 112 320 000 төгрөг гаргуулна” гэсэн бол хариуцагч татгалзалдаа: “худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч худалдагч тал гэрээний зүйлийг нийлүүлээгүй, талууд гэрээгээр гэрээний гол нөхцөл болох газрын тосны бүтээгдэхүүний үнийн дүн, бүтээгдэхүүний хэмжээ зэргийг харилцан тохиролцоогүй” гэж маргасан байна.
Нэхэмжлэгч “Н Э С-” ХХК нь “О-” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч нь захиалгын дагуу чанарын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь барааг хүлээн авч үнийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Талууд үүргийн гүйцэтгэлийг хангахаар мөн өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005845 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 9 дүгээр байрны 33 тоотод байрлах, Д.Амгалангийн өмчлөлийн орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг байгуулсан нь зохигчдын тайлбар, худалдах, худалдан авах гэрээ, барьцааны гэрээ зэргээр тогтоогдсон байна. /1-р хх-ийн 28-39-р тал/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.
Тодруулбал талууд хэдийгээр 2013 оны 6 сарын 10-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч нэхэмжлэгч “Н Э С-” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “О-” ХХК-д гэрээний зүйл болох газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлсэн болох нь баримтаар нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд нэхэмжлэгч “Н Э С-” ХХК нь нэхэмжлэлээр шаардсан 46 800 литр түлшийг хариуцагч “О-” ХХК-д нийлүүлсэн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.
Нэхэмжлэгч нь шаардлагадаа гэрээний 6.3-т зааснаар түлшийг худалдан авагчид шилжүүлснээс хойш тухайн түлшний өмчлөх эрх худалдан авагчид шилжсэн гэх боловч Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар худалдсан эд хөрөнгийг шинэ өмчлөгчид шилжүүлснээр өмчлөх эрх үүсэх талаар зохицуулсан тул нэхэмжлэгч нь хариуцагчид хөрөнгийг шилжүүлснээ нотлоогүй тохиолдолд хариуцагчид өмчлөх эрх үүссэн гэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн талууд гэрээндээ нийт түлшний хэмжээ, нэг литрийн үнэ хэд байх талаар тохиролцоогүй бөгөөд хэргийн 31 дүгээр талд байгаа нэмэлт гэсэн баримтад гэрээний талууд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна.
Мөн гэрээний 2.4-т газрын тосны бүтээгдэхүүний захиалгыг бичгээр хүргэнэ гэж заасан ба нэхэмжлэгч “Н Э С-” ХХК нь гэрээний дээрх заалтыг баримтлаагүйд маргаагүй. Хэдийгээр худалдан авагч талаас бичгээр захиалга ирээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч утасаар захиалсны дагуу 46 800 литр түлшийг нийлүүлсэн гэх боловч хэрэгт байгаа гэрчийн мэдүүлгүүд /Т.Сэргэлэн, Б.Өлзийсайхан, жолооч Д.Алтансүх, Д.Анхбаяр/, тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээс дүгнэхэд 46 800 литр түлшийг хариуцагчид шилжүүлэн өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх талуудыг хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн, гэрээний зүйлийн тоо, хэмжээ хэд болох талаар тохиролцсон нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна гэх дүгнэлийг хийсэн боловч 1 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар талд авагдсан хариуцагчийн тайлбарыг талуудын тохиролцоо гэж үзэх үндэслэлгүй болно.
Харин хариуцагч нь сөрөг нэхэмжлэлдээ гэрээний гол нөхцлийг тохироогүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчиж хийгдсэн гэрээ гэх боловч гэрээний гол нөхцлийг тохироогүй байгаа нь гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02932 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч “О-” ХХК-ис 112 320 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Нью энержи стар” ХХК-ийн нэхэмжлэл болон 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “О-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 719 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Г.ДАВААДОРЖ