Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 1019

 

                                                       

                                                                                         

 

 

 

 

    2019         10            15                                            2019/ДШМ/1019

 

 

Б.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Н.Гэрэлмаа,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/1384 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч У.Хандсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн 1906003721448 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 3 дугаар хэсэг 1346 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Н.Оюунгэрэлтэй маргалдан улмаар түүний хэвлий болон хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Олхонууд овгийн Будын Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар сарын 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч У.Хандсүрэн давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Б.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг анхан шатны шүүх тодорхойлоогүй байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэхээргүй, гэм буруутайд тооцохдоо хохирогч Н.Оюунгэрэл нь маргааныг эхлүүлсэн гэм буруутай үйлдлийг тал бүрээс нь бүрэн дүгнээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж байгаа нөхцөл байдал нь гэр бүлийн хүчирхийлэл мөн эсэх, эсхүл хохирогчийн буруутай үйлдлээс үүссэн хүмүүсийн хоорондын харилцаа юу гэдгийг анхан шатны шүүх тодорхойлоогүй байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэхээргүй байна.

Иймд Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж байгаа нь ойлгомжгүй байна...” гэв.

Прокурор Н.Гэрэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Хавтас хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч болон хохирогч нар гэр бүлийн хамааралтай хүмүүс. Тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг хязгаарласан шинжтэй маргаанаас болж шүүгдэгч хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Б.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамаарал бүхий хүнд хүч хэрэглэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтай гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хянан хэлэлцэж, хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байна гэж дүгнэн шүүгдэгчид ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “Гэр бүлийн хүчирхийлэл гэж ... хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 3 дугаар хэсэг 1346 тоотод эхнэр Н.Оюунгэрэлтэй маргалдан улмаар түүний хэвлий болон хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Оюунгэрэлийн “...2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 13 цагийн үед ...Будын Б- намайг хэл амаар гутаан доромжилж 2 давхарт хүнтэй унтаж садарлаж байсан, балай дэлбэрсэн авгай гэх хамаг муу муухай үгээр доромжилсон. Миний биеийн хэвлийн тус газар болон зүүн шилбэ орчим 2 удаа өшиглөж, толгойн тус газар болон баруун шанаанд 2, 3 удаа гараараа цохиж, нуруун тус газар сандлаар цохиж намайг зодсон... ...шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг тухайн үед бид 2 маргалдаж байхад нөхөр Б- миний гуя, гэдэс рүү өшиглөөд дээрх гэмтлийг учруулсан...” /хх 11-13, 14-15/ гэж Б.Бд зодуулсан талаар мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Н.Оюунгэрэлийн биед зүүн гуя, шилбэ, хэвлийнд цус хуралт, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал бүхий мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 1023 дугаартай дүгнэлт /хх 19/,

Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 21б/1545 дугаартай албан бичгээр “...тус төвийн тусгай дугаарын 102 утсанд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их дарь эхийн 3-р хэсэг 134б хаяг болон 96018879, 89118379 дугаараас 2 дуудлага мэдээллийн дэлгэрэнгүй лавлагааг гаргаж хүргүүлэв...” /хх 40/,

Шүүгдэгч Б.Бын “...Н.Оюунгэрэлийн өмнө нь өөр хүнтэй Хөвсгөлд болсон явдлыг охиноос сонссон байснаа хэлсэн. Тэгтэл уурлаад над руу эд хогшил шидсэн. 30-40-өөд минут хэрэлдсэн. ...Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...Би шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан гэмтлийг яаж учруулсанаа санахгүй байна...” /хх 50-51/ зэрэг мэдүүлгүүдээр нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Б гэмт хэргийн үйл баримтын талаар маргаагүй, түүний үйлдсэн гэмт хэрэг хохирогчийн мэдүүлгээс гадна бусад нотлох баримтаар хөтөлбөргүй нотлогджээ. 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан хэмээн дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч У.Хандсүрэнгийн “...анхан шатны шүүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдгийг тодорхойлоогүй.  Хохирогч Н.Оюунгэрэл нь маргааныг эхлүүлсэн гэм буруутай үйлдлийг тал бүрээс нь бүрэн дүгнээгүй, гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэхээргүй байна...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Хандсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ЦШТ/1384 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч У.Хандсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

 

 

ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ