Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Харагчууд овогт Ганцогийн Шинэбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны дотоод аудитор,санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч П.Б-д холбогдох,

Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны дотоод аудитор,санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч П.Б-ийн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 34/05/01 дугаар актын Г.Ш-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ш, хариуцагч улсын байцаагч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 34/05/01 тоот актаар аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/762 дугаар захирамжаар Засаг даргын нөөц хөрөнгөөс Засаг даргын зөвлөлд байхгүй хавсралтад заасан нэр бүхий албан тушаалтнуудад мөнгөн урамшуулал олгосон зөрчил илэрсэн гэж үзэж надаар нөхөн төлүүлэхээр 1.500.000 төгрөгийн акт тавьсан байдаг.

 

Аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/440 дугаар захирамжаар Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнийг 11 гишүүний бүрэлдэхүүнтэй баталсан бөгөөд тус зөвлөлд Хууль, эрх зүйн хэлтсийн дарга албан ёсоор багтдаг. Зөвлөлийн гишүүдийг батлахдаа Хууль, эрх зүйн хэлтсийн дарга хэн байхаас үл хамааран хувь хүний нэрээр бус албан тушаалын нэрээр нь зөвлөлийн гишүүн байхаар заажээ. Өөрөөр хэлбэл Г.Ш гэдэг хүн биш Хууль, эрх зүйн хэлтсийн дарга зөвлөлийн гишүүн байхаар заасан тул миний бие Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болсон өдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс зөвлөлийн гишүүнээр ажиллах болсон.

 

Аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн "Урамшуулал олгох тухай" А/762 дугаар захирамжаар 2016-2020 оны ажлын үр дүнгээр Засаг даргын зөвлөлийн гишүүдэд тус бүр 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон байдаг. Уг урамшуулал нь Г.Ш гэдэг хүний ажилласан хугацааны ажлыг үнэлээд олгож байгаа урамшуулал биш Хууль эрх зүйн хэлтсийн дарга болон тухайн хэлтсийн 2016-2020 оны ажлын үр дүнгээр олгосон мөнгөн урамшуулал юм. Тиймээс намайг аймгийн Засаг даргын зөвлөлд нэр байхгүй гэж үзэж акт тогтоож байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

 

Аймгийн Засаг дарга зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгохдоо Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэг буюу батлагдсан хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан мөн Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан "Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам-ын 2.1.3 дахь хэсэгт Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

 

Энэ нь аймгийн Засаг даргад олгогдсон бүрэн эрх учир маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл биш юм. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 дахь хэсэгт засаг даргын зөвлөл байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг нь батлах үүрэгтэй байгаа. Засгийн газрын 2002 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт зарцуулалтын нийтлэг журмын 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ холбоотойгоор цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх гэж заасан байдаг. Цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээ гэдгийг нарийвчлан тусгаж өгөөгүй учир аймгийн Засаг дарга юуг цаг үеийн шинжтэй асуудал гэж үзэх нь Засаг даргын бүрэн эрхийн асуудал байна.Иймд төсвийн хөрөнгийг аймгийн Засаг дарга хууль бусаар зарцуулсан гэж үзэх боломжгүй юм.

 

Дээрх захиргааны актын надад холбогдох хэсгийг эс хүлээн зөвшөөрч 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад гомдол гаргасан боловч Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын үүргийгтүр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 40 дугаар албан бичгээр гомдлыг хангахаас татгалзсан хариу өгсөн болно

 

Уг маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу захиргааны актад хамаарна. Улсын байцаагч П.Б нь энэ тохиолдолд акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийхгүй байх нөхцөл байдалд хамаарахгүй. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэсэн хуулийн зохицуулалттай. Гэтэл маргаан бүхий актыг гаргахдаа надад сонсох ажиллагаа хийгээгүй учир уг акт нь хууль зүйн үндэслэлгүй мөн шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн байх тул Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 34/05/01 тоот актын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны дотоод аудитор,санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч П.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын 11.1-д Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэсллэгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын ерөнхий байцаагчид гомдол гаргана, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Шалгуулсан байгууллага аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана гэсний дагуу нэхэмжлэгч нь байгууллагын даргад гомдлоо гаргасны дараа улсын ерөнхий байцаагчид хандах ёстой байсан.

 

Г.Ш нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 03 сарын 27-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан. Г.Ш-аас өмнө нь хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Алтан 2016-2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад дээрх мөнгөн урамшууллыг авсан байдаг. Увс аймгийн Засаг даргын эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан захирамжийн хууль зүйн үндэслэлийг нэхэмжлэгч тайлбарлалаа. Би энэ хууль зүйн асуудалд ач холбогдол өгөхгүй байгаа. Аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/440 дугаар захирамжаар Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнийг 11 гишүүний бүрэлдэхүүнтэй баталсан бөгөөд тус зөвлөлд Хууль, эрх зүйн хэлтсийн дарга орсон байдаг ба уг албан тушаалд Б.Алтан томилогдон ажиллаж байсан байдаг.

 

Увс аймгийн Засаг дарга 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/762 дугаар захирамжийн хавсралтад урамшуулал авах хүний нэрсэд Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.А мөн хууль эрх зүйн хэлтсийн дарга Г.Ш гэж орсон байгаа. Б.Алтан өмнө нь Хууль, эрх зүйн хэлтсийн дарга хийж байгаад 2020 оны 3 дугаар сард ажлаас чөлөөлөгдөж Г.Ш Хууль, эрх зүйн хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан. Аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/762 дугаар захирамж дээр 2016-2020 оны ажлын үр дүн үзүүлэлтийн хүрээнд амжилттай ажилласан зөвлөлийн гишүүдэд мөнгөн урамшуулал олгохоор захирамж гаргасан байгаа.

 

Уг захирамжид дурдагдсанаар Б.А мөн Г.Ш нар аль аль нь мөнгөн урамшууллыг авсан байгаа. Г.Ш нь 2020 оны 3 дугаар сард Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар томилогдсон учир 2016-2020 онд зөвлөлийн гишүүнээр ажиллаж ажлын үр дүнгээ дүгнүүлж авсан гэж үзэх боломжгүй юм. Б.Алтан одоо төрийн захиргааны удирдлагын даргаар ажиллаж байгаа боловч өмнөх Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга У.Ганзориг бас 2.000.000 төгрөг авсан байдаг тул Б.Алтан хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсны хувьд урамшууллыг авсан гэж үзэж байна.

 

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Б урамшуулал авахаар захирамжаар заасан боловч энэ хүн урамшуулал аваагүй ба У.Г гэж хүн урамшуулал авсан талаар тайлбар бичиж өгсөн байгаа. Засаг даргын зөвлөлийн гишүүд бүгд 2.000.000 төгрөгийн мөнгөн урамшуулал авсан боловч 2020 оны 3 дугаар сард Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар томилогдсон Г.Ш-аар 1.500.000 төгрөгийг төлүүлэхээр акт тогтоосон.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

 

 

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ш нь Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны улсын байцаагч П.Б-д холбогдуулан 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 34/05/01 дугаар актын Г.Ш-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс улсын байцаагчийн актын өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны даргад гомдол гаргаж 2021 оны 03 сарын 16-ны өдрийн 40 дугаартай албан бичгээр актыг хүчингүй болгох боломжгүй тухай хариуг аван 2021 оны 04 сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Маргаан бүхий улсын байцаагчийн 34/05/01 дугаар актад актыг эс зөвшөөрвөл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу гомдлоо дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргах эрхтэйг дурдсан байна.

 

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д Засгийн газар, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны Засаг даргын хяналт шалгалт, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон мэргэжлийн хяналт, түүнчлэн нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасан, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар аймгийн Засаг дарга хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах эрхтэй байна.

 

Хуульд заасан хяналтын хүрээнд Увс аймгийн Санхүү хяналт,аудитын албаны улсын байцаагч хяналт шалгалтыг гүйцэтгэсэн байх ба нэхэмжлэгч нь улсын байцаагчийн шийдвэртэй холбогдуулан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар дээд шатны албан тушаалтанд хандсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй тул хариуцагчийн шүүхэд гаргасан албаны даргад гомдол гаргасны дараа Засгийн газрын 2017 оны 483 дугаар тогтоолоор баталсан журамд зааснаар дахин Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргах ёстой гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч талаас Аймгийн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд Хууль,эрх зүйн хэлтсийн дарга албан тушаалаараа багтдаг. Дарга нь хэн байхаас үл хамааран албан тушаалын нэрээр нь зөвлөлийн гишүүн байхаар заасан тул Засаг даргын зөвлөлд нэр байхгүй гэсэн үндэслэлээр надаас төлбөр гаргуулахаар актын хавсралтад хариуцуулсан нь үндэслэлгүй гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

Хариуцагч талаас Г.Ш нь 2020 оны 3 сарын 27-ны өдрөөс даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан ба өмнө нь Хууль,эрхй зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.А 2016-2020 оны 3 сарын 27-ныг хүртэл ажиллаж байгаад мөнгөн урамшууллыг авсан байдаг гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны улсын байцаагч Т.Б-ийн үйлдсэн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 34/05/01 дугаар Буруу олгосон мөнгөн урамшууллыг нөхөн төлүүлэх тухай актаар Аймгийн Засаг даргын 2020 оны 10 сарын 21-ний өдрийн А/762 дугаар захирамжаар Засаг даргын нөөцөөс Засаг даргын зөвлөлд байхгүй нэр бүхий албан тушаалтнуудад мөнгөн урамшуулал олгосон зөрчил илэрсэн нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах,Сангийн сайдын 2012 оны 239 дүгээр тушаалын 2.1.3-д Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой цаг үеийн шинжтэй зарим арга хэмжээг санхүүжүүлэх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэн буруу олгогдсон 7500000 төгрөгийг хавсралтад заасны дагуу нөхөн төлүүлэхийг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга,нягтлан бодогч нарт даалгажээ.

 

Улсын байцаагчийн актын хавсралтын 1-рт Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Ш-аар 1.500.000 төгрөг төлүүлэхээр заасан байна.

 

Увс аймгийн Засаг даргын 2020 оны 10 сарын 21-ний өдрийн А/762 дугаар захирамжаар 2016-2020 оны ажлын үр дүнгээр эрхэлсэн асуудлын хүрээнд амжилттай ажилласан Засаг даргын зөвлөлийн нэр бүхий гишүүдэд урамшуулал олгохоор шийдвэрлэж хавсралтаар урамшуулал олгох ажилтны нэрсийг баталсан байх ба Хууль,эрх зүйн хэлтсийн дарга Г.Ш,Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.А нарт тус тус 2.000.000 төгрөгийн урамшуулал олгохоор багтжээ.

 

Увс аймгийн Засаг даргын 2016 оны 07 сарын 26-ны өдрийн А/440 дугаар захирамжийн 1-р хавсралтаар Засаг даргын зөвлөлийг албан тушаалын байдлаар нь 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байх ба үүнд аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа,удирдлагын хэлтсийн дарга,Хууль эрх зүйн хэлтсийн дарга багтахаар заажээ.

 

Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 03 сарын 27-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар У.Г-ийг өөр ажилд шилжин ажиллах болсон тул Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/11 дугаар тушаалаар Б.Алтанг Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилжээ.

 

Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 03 сарын 27-ны өдрийн Б/12 дугаар тушаалаар Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ш-ыг 2020 оны 4 сарын 1-ний өдрөөс эхлэн Хууль,эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2020 оны 10 сарын 05-ны өдрийн Б/47 дугаар тушаалаар хууль, эрх зүйн хэлтсийн даргаар томилсон байна.

 

Шүүхээс Увс аймгийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны хуралдааны тэмдэглэлд үзлэг хийхэд зөвлөл 11 удаа хуралдсан байх ба үүнээс 3 удаагийн хуралдааны ирцийг тэмдэглэлд бичсэн,бусад хуралдааны ирцийг тэмдэглээгүй байсан ба 2020 оны 11 сарын 24-ний өдрийн хуралдаанд Г.Ш оролцсоноор тэмдэглэгджээ. Зөвлөлийн хуралдааны ирцийг бүрэн хөтлөгдөөгүй байх тул Г.Ш хэдэн удаа зөвлөлийн хуралд суусан талаарх бичгийн баримтгүй байна.

 

Хариуцагчийн зүгээс Г.Ш нь 2020 оны 03 сарын 27-ны өдрөөс хууль эрх зүйн хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн, үүнээс өмнө тус хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Алтан 2016-2020 оны 3 сарын 27-ныг хүртэл ажиллаж байгаад мөнгөн урамшууллыг авсан гэсэн тайлбар гаргаж, аймгийн Засаг даргын 2020 оны 10 сарын 21-ний өдрийн А/762 дугаар захирамжаар Г.Ш-т 2.000.000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсний 1.500.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөвлөлд байхгүй нэр бүхий албан тушаалтан гэх үндэслэлтэй нийцэхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргын зөвлөлийн бүрэлдэхүүнд Хууль,эрх зүйн хэлтсийн дарга албан тушаалаараа багтдаг байх бөгөөд Г.Ш нь 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн хууль эрх зүйн хэлтсийн даргаар буюу аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүнээр ажиллаж эхэлсэн,өмнө нь тус хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.А нь төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын хувиар урамшууллыг авахаар аймгийн Засаг даргын захирамжийн хавсралтад заагджээ.

 

Хариуцагчийн зүгээс аймгийн Засаг даргын 2020 оны 10 сарын 21-ний өдрийн А/762 дугаар захирамжийн хавсралтаар Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар өмнө ажиллаж байсан У.Г-т урамшуулал олгохоор заагаагүй байхад Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын урамшууллыг У.Г авсныг зөвтгөж, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтангийн нэр дээр олгогдохоор заасан 2.000.000 төгрөгийн урамшууллыг Хууль, эрх зүйн хэлтсийн даргын хувьд Б.А авах, Хууль, эрх зүйн хэлтсийн даргаар томилогдсон Г.Ш 2.000.000 төгрөгийн урамшууллаас 1.500.000 төгрөгийн урамшууллыг нь буцаан төлөх гэсэн утгаар захирамжийн хавсралтыг өөрөөр тайлбарлан хэрэгжүүлэх эрхгүй тул хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар өмнө нь ажиллаж байсан У.Г аймгийн Засаг даргын А/762 дугаар захирамжийн дагуу 1.800.000 төгрөгийн урамшууллыг авч,энэ талаар тодорхойлолт гаргасан гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.

 

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна, 69.5-д Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батална гэж заасан байх ба Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар Дотоод аудитын дүрмийг баталжээ.

 

Уг дүрмийн 7.5-д Санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл, санхүү, төсөв,  нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт, албан шаардлага бичнэ гэж заасны дагуу улсын байцаагч нь төлбөр төлүүлэхээр акт тогтоох эрхтэй боловч маргаан бүхий актын холбгдох хэсэг нь хууль, эрх зүйн хэм хэмжээг зөв тайлбарлаж,үндэслэлтэй гарсан байх шаарлагыг хангаагүй байна.

 

Иймд Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 34/05/01 дугаар Буруу олгосон мөнгөн урамшууллыг нөхөн төлүүлэх тухай актын хавсралтын Г.Ш-аар 1.500.000 төгрөгийг төлүүлэх хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,хариуцагчийг харьяалах байгууллага болох Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албанаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3,Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1,69.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ш-ын нэхэмжлэлийг хангаж, Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны улсын байцаагчийн 2021 оны 01 сарын 18-ны өдрийн 34/05/01 дугаар Буруу олгосон мөнгөн урамшууллыг нөхөн төлүүлэх тухай актын хавсралтын Г.Ш-аар 1.500.000 төгрөгийг төлүүлэх хэсгийг хүчингүй болгосугай.

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Шаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албанаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Шт олгосугай.

 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЛТАНЦЭЦЭГ

 

 

 

 

                  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч талаас “Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 01 сарын 29-ний өдрийн А/06 дугаар тушаалаар сумын эрүүл мэндийн төвийн орон тооноос нярвын орон тоо хасагдсан байсан боловч аймгийн Эрүүл мэндийн газрын бичиг хэргийн ажилтнаас ирсэн эх тушаалын хавсралтыг засварласан тушаалын дагуу ажил үйлчилгээ явуулж байсан.Орон тоо хасагдаж нярвын цалин төсөвт суугаагүй байгаа тохиолдолд ажилтныг ажлын байран дээр ажиллуулах боломжгүй юм.Гэтэл Л.Долгорсүрэнг шүүхээс ажилд нь эгүүлэн томилсон ба улмаар ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж авсан.Тухайн үед аймгийн Эрүүл мэндийн газрын даргын “Бүтэц орон тооны жишиг баталсан” тушаал нь манайд мэйлээр ирсэн тушаалаас зөрүүтэй байсан.Миний буруутай үйл ажиллагааны улмаас байгууллагад хохирол учирсан гэж үзэхгүй, хохирлын хэмжээг тогтоогоогүй” гэсэн үндэслэлээр маргажээ.

Хариуцагч тал “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн,хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж заасан ба Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 718 тоот захирамжийг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1,Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг үндэслэн акт бичигдсэн,гомдлоо Засгийн газрын 2017 оны 483 дугаар тогтоолд зааснаар Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гаргаагүй “ тухай тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

Маргаан бүхий улсын байцаагчийн актыг нэхэмжлэгч П.Наран-Эрдэнэ 2021 оны 1 сарын 11-ний өдөр хүлээн авсан талаар тайлбар гаргаж хариуцагчаас энэхүү тайлбарыг хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэгч нь Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад гомдол гаргаж 2021 оны 01 сарын 19-ний өдрийн 21 дугаартай албан бичгээр “актыг хүчингүй болгох боломжгүй” тухай хариуг авсан байна.

Улсын байцаагчийн 34/05/24 дугаар актад “актыг эс зөвшөөрвөл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу гомдлоо дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргах эрхтэйг” дурдсан байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д Засгийн газар, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хорооны Засаг даргын хяналт шалгалт, хууль тогтоомжоор тусгайлан эрх олгогдсон мэргэжлийн хяналт, түүнчлэн нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх хяналт шалгалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасан, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар аймгийн Засаг дарга хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, түүний байгууллагын болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ оршдог нийт байгууллага, аж ахуйн нэгжид тэдгээрийн харьяалал, өмчийн төрөл хэлбэрийг харгалзахгүйгээр хянан шалгах эрхтэй байна.

Хуульд заасан хяналтын хүрээнд Увс аймгийн Санхүү хяналт,аудитын албаны улсын байцаагч хяналт шалгалтыг гүйцэтгэсэн байх ба нэхэмжлэгч нь улсын байцаагчийн шийдвэртэй холбогдуулан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар дээд шатны албан тушаалтанд хандсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах боломжгүй юм.

Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 83 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Л.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэж Л.Долгорсүрэнг Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн нярвын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн дарга П.Наран-Эрдэнийн 2016 оны 11 сарын 02-ны өдрийн 33 дугаар тушаалаар Л.Долгорсүрэнг нярвын үүрэгт ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрэг цуцалж шийдвэрлэсэн байх ба иргэний хэргийн шүүхээс нярвын орон тоо хасагдсан  гэж үзэх боломжгүй тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн байна.

Увс аймгийн эрүү,иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 сарын 21-ний өдрийн 09 дугаар магадлалаар бүтэц орон тоо хасагдаагүй байхад Л.Долгорсүрэнтэй байгуулсан гэрээг цуцалж ажил олгогч нь Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн гэж үзэн Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 20-ны өдрийн 83 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Мөн хариуцагч П.Наран-Эрдэнээс иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг гаргасан боловч Увс аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 сарын 10-ны  өдрийн 02 дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Л.Долгорсүрэн нь иргэний хэргийн шүүхэд ажлаас халагдсан өдрөөс буюу 2016 оны 11 сарын 02-ны өдрөөс ажилд буцаан томилогдсон 2017 оны 05 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг Наранбулаг сумын эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан байх ба Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 718 дугаар шүүгчийн захирамжаар Л.Долгорсүрэнгийн ажилгүй байсан хугацааны цалин 2.404.198 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төв хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж, 103.2-т Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна гэж заасан байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж мөн  зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэжээ.

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна”, мөн зүйлийн 69.3-д “Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна” гэж тус тус зохицуулжээ.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батлахаар зааж Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар Дотоод аудитын дүрмийг баталсан байна.

Уг дүрмийн 6 дахь хэсгийн 6.3.1-д дотоод аудитор буюу санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч санхүүгийн хяналт шалгалтын тэмдэглэл болон нэг бүрчилсэн акт гаргах эрхийг хэрэгжүүлэхээр заасан байна.

Иймд Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 103.2, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар хохирол буцааж төлүүлэхээр шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд мөн гэж үзэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар учруулсан хохирлыг нэхэмжлэхэд төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан байх нөхцөлийг шаардах бөгөөд Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн дарга П.Наран-Эрдэнийг Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 83 дугаар шийдвэр, Увс аймгийн эрүү,иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 сарын 21-ний өдрийн 09 дугаар магадлалаар хууль зөрчсөн шийдвэр гаргасан буруутайд тооцож иргэн Л.Долгорсүрэнг ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

Мөн Л.Долгорсүрэнд эрх бүхий албан тушаалтан П.Наран-Эрдэнийн хууль бус шийдвэрийн улмаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор буюу 2.430.906 төгрөгийн хохирол учирсан нь Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 718 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогджээ.

П.Наран-Эрдэнийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын албаны бүрэн эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой буруу шийдвэрийн улмаас иргэнд хохирол учирсан нь шууд шалтгаант холбоотой, иргэнд учирсан хохирлыг төрөөс буюу тухайн төрийн байгууллага 2018 онд нөхөн төлсөн зэрэг үйл баримтууд тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл П.Наран-Эрдэнэ нь хууль бус буруутай шийдвэр гаргасны хариуцлагыг хүлээж төрд учирсан гэм хорын хохирлыг төлөх үүргийг хуульд заасны дагуу хүлээх үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгч П.Наран-Эрдэнийн  няравын орон тоо, цалин байхгүй, няраваар ажиллуулах боломжгүй байтал шүүхээс Л.Долгорсүрэнг ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан, батлагдсан бүтэц орон тооны хүрээнд шийдвэр гаргасан, орон тоо баталсан Эрүүл мэндийн газрын даргын тушаал 2 өөр, зөрүүтэй байсан, миний буруутай үйл ажиллагаанаас болж хохирол учраагүй гэх тайлбарууд нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 718 дугаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2018 оны 03 сарын 06-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар Л.Долгорсүрэнгийн ажилгүй байсан хугацааны цалин 2.430.906 төгрөгийг төсвөөс гаргуулахаар шийдвэрлэж олгосон байх тул төрд учирсан хохирлын хэмжээг тогтоогоогүй гэх, мөн хяналт шалгалтын хугацаанд П.Наран-Эрдэнээс актын талаар тайлбар гаргаснаар иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөл байдал, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээнд өөрчлөлт орохгүй тул П.Наран-Эрдэнээс тайлбар авч, сонсох ажиллагаа явуулаагүй гэх нэхэмжлэгч талын тайлбаруудыг хүлээн авах боломжгүй болно.

Иймд Увс аймгийн Санхүүгийн хяналт,аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 34/05/24 дугаар “Төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай” акт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.   

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх үндэслэлтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 8 дугаар зүйлийн 8.1.1, Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч П.Наран-Эрдэнийн “Увс аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 34/05/24 дугаар “Төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай” актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Наран-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ