| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Энхмаа |
| Хэргийн индекс | 109/2024/0011/З |
| Дугаар | 221/МА2024/0759 |
| Огноо | 2024-12-03 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2024/0759
| 2024 оны 12 сарын 03 өдөр | Дугаар 221/МА2024/0759 | Улаанбаатар хот |
Ц.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн өмгөөлөгч В.У;
Нэхэмжлэгч: Ц.Б
Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Ц.Б-ыг албан тушаалаас халах тухай Б/1* дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 23 дугаартай шийдвэр;
Давж заалдах шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.Б ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У,
Хариуцагчийн өмгөөлөгч А.Б нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: 109/2024/0011/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Б-аас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Ц.Б-ыг албан тушаалаас халах тухай Б/1* дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх”-ээр маргасан байна.
2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ хэсгийн
1 дэх заалтаар Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 48 дугаар зүйлийн 48.5, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Ц.Б ыг албан тушаалаас халах тухай Б/1* дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Б-ыг урьд эрхэлж байсан ажилд буюу Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,
2 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг урьд эрхэлж байсан албан тушаалд ажиллуулж эхлэх хүртэл хугацаагаар тооцон олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилтийг хийлгэхийг хариуцагч Архангай аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн өмгөөлөгч В.У давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Ц.Б нь тус шүүхэд “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/1* дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичил хийлгүүлэх” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
3.1. Нэхэмжлэгч Ц.Б нь Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/4* дугаартай захирамж, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/4* дугаартай захирамжаар 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн аймгийн засаг даргын тамгын газрын даргаар анх томилогдон ажилласан. Монгол Улсын ТАЗ-ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 57* дугаартай тогтоолыг үндэслэн Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/1* дүгээр захирамжаар Ц.Б-ыг ажлаас нь чөлөөлсөн боловч шүүхийн шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохоор шийдвэрлэгдэж, Архангай аймгийн Засаг дарга 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/1Х дугаартай захирамжаар аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон байдаг. Хэдийгээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ч түүнийг Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд шилжүүлэн томилсон нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “Тамгын газрын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж. Засаг дарга зургаан жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө” гэж хуульчлан зохицуулсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших журмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс сонгон шалгаруулж томилох хуулийн зохицуулалттай. Гэтэл Ц.Б-ыг анх аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилохдоо хуулийн дээрх зохицуулалтыг зөрчиж, сонгон шалгаруулалт явуулалгүй төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын 2-т “төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулах”, 2.3-т “тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулж болно” гэснийг зөрчиж Усны үндэсний хорооны нарийн бичгийн даргаар 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан буюу 6 жилийн хугацаанд ажиллаж буй албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан нь хууль, журам зөрчсөн үйлдэл болсон.
Монгол Улсын ТАЗ-ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 57* дугаартай тогтоолоор аймгийн засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Ц.Б-ыг аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилох тухай” Б/4* дүгээр захирамж, мөн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Захирамжид өөрчлөлт оруулах тухай” Б/4Х дугаар захирамж нь тус тус Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтыг зөрчсөнийг тогтоож, дээрх захирамжуудыг хүчингүй болгож, биелэлтийг ТАЗ-д ирүүлэхийг Архангай аймгийн Засаг даргад үүрэг болгосон тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа учраас Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/1* дугаартай “Ц.Б-ыг албан тушаалаас халах тухай” захирамжийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.20, 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т тус тус заасан өөрийн эрх хэмжээний хүрээнд Ц.Б-ыг анх томилсон шийдвэрийг хүчингүй болгосон.
3.2. Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ц.Б-ыг Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих,”, 16.5.5-т “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах;”, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд дараах зүйлсийг хориглоно:”, 15.1.2-т “чиг үүрэг, орон тоог давхардуулан тогтоох;”, 15.1.3-т “хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох;”, 15.2-т “Төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд дараах арга хэмжээг авч ажиллана:”, 15.2.6-т “байгууллагын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, цалин хөлсийг орлого, гүйцэтгэл, үр дүн, үр ашигтай нь уялдуулан олгох;” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчиж дараах зөрчлүүдийг гаргасан байна.
3.2.1. Нэхэмжлэгч Ц.Б нь 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс томилогдон ажиллаж байх хугацаанд: Албан конторт 12 төрийн, 4 төрийн бус байгууллага байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа боловч эдгээр байгууллагатай байр ашиглалтын болон түрээсийн гэрээ байгуулж, үр дүнг тооцож ажиллаагүй, аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн б/6*, 11 дүгээр сарын 29-ний өдрийн б/12* дугаартай тушаалаар хүчингүй болсон эрх зүйн акт болох Сангийн сайдын 2006 оны 292 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнах журам”-ыг үндэслэн 8.6 сая төгрөгийн урамшуулал олгосон, төрийн архиваас олгосон лавлагаа, хуулбарын орлогын тооцоог бодож, үлдэгдлийг баталгаажуулаагүй, ажлын цаг ашиглалтын бүртгэлийг бүрэн хөтлөөгүй, өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай, албан томилолттой байсан эсэх нь тодорхойгүй, тээвэр шатахууны зардлын зарцуулалтад зарим тохиолдолд аймгийн төвөөс Улаанбаатар хотод, сумдад ажиллахад албан ажлаар ажилласныг нотлох албан томилолтын хуудасгүй, автомашины спидометрийн заалт зөрүүтэй, шаардах хуудсанд зориулалтыг тодорхой тусгаагүй, сумдад явах маршрутыг заагаагүй, даргын цохолтгүй, автомашины техник ашиглалтын дэвтрийг хөтлөөгүй, сэлбэг хэрэгслийг эвдэрсэн тохиолдолд эвдэрсэн тухай, засварласан бол засвар хийгдсэн он, сар, өдөр, ямар эд ангид засвар хийгдсэн тухай тэмдэглэл үйлдэхгүйгээр засвар үйлчилгээ хийсэн зэрэг зөрчил дутагдал илэрсэн.
3.2.2. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулга болон төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн урьдчилан төлөвлөж, төсөвт тусган батлуулах боломжтой 117 360 000 төгрөгийн төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн, “АОСК” ОНӨХХК-ийг орлого төвлөрүүлэх, үр ашигтай ажиллуулах арга хэмжээ авч ажиллалгүйгээр урсгал зардлыг засаг даргын нөөц хөрөнгөнөөс 33 500 000 төгрөгөөр санхүүжүүлсэн, Засаг дарга нь тайлант онд 2 зөвлөх, орлогчийг ажиллуулж нийт 24 052 942 төгрөгийн цалингийн зардал гаргаж төсвийн хөрөнгийг хэмнэлтгүй зарцуулсан зөрчил илэрсэн.
3.2.3. Аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/5* дугаартай захирамжаар удирдлагын академийн ахлах түшмэлийн захиалгат сургалтад “АОСК" ХХК-ийн захирал М.Г, иргэн С.Б нарыг хамруулж засаг даргын нөөц хөрөнгөнөөс 3 240 000 төгрөгийг зарцуулсан. Мөн аймгийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тоог нөхөхөөр төрийн албаны холбогдох байгууллагад сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлээгүй, Шилэн дансны тухай хуулийн дагуу шилэн дансны нэгдсэн системд мэдээлбэл зохих 171 мэдээллийг хугацаанд нь, 4 мэдээллийг хугацаа хоцроож мэдээлсэн зөрчил илэрсэн.
3.2.4. Мөн Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/1* дугаар тушаалаар төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орон тоонд төрийн үйлчилгээ мэдээллийн төв хариуцсан ажилтны орон тоог баталсан байх бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/3* дугаар тушаалаар Г.Г тус орон тоонд томилон ажиллуулж 7 913 178 төгрөгийн цалин хөлс олгосон. Уг албан тушаалтны гүйцэтгэх ажил үүргийг албан тушаалын тодорхойлолтоор батлаагүй бөгөөд тус иргэн үйлчлэгчийн ажил гүйцэтгэж байсан. Засаг даргын тамгын газрын дарга нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” А/1* дугаар тушаалаар нийтлэг үйлчилгээний газрын бүтэц, орон тоог батлахдаа нийтлэг үйлчилгээний газрын орон тоонд төрийн үйлчилгээ мэдээллийн төв хариуцсан ажилтны орон тоог давхардуулан баталсан зэрэг зөрчил, дутагдлууд холбогдох шалгалтаар илэрсэн. Эдгээр зөрчлүүд нь Архангай аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17/02/17/04/**, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 17/02/** дугаартай улсын байцаагчийн албан шаардлагууд, Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 04 сарын 05-ны өдрийн 13* тоот дүгнэлт, мөн газрын 2023 оны 04 сарын 05-ны өдрийн 275/A03602**, 278/AO3602**, 279/AO3602**, 280/AO3602** дугаартай албан шаардлагууд, Монгол Улсын Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2023 оны аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн гүйцэтгэл хийсэн шалгалтын материалуудаар нотлогдон тогтоогдсон.
3.2.5. Ц.Б нь аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуульд заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байдлаар төлөвлөж зарцуулах, төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасан чиг үүрэг, орон тоог давхардуулан тогтоохыг хориглох, хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгохыг хориглох зэрэг хуулийн зохицуулалтыг зөрчсөн шийдвэрүүд гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ.”, 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх,”, 37.1.18-т “Хууль тогтоомжид заасан бусад үүрэг”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно.”, 39.1.3-т “Хуульд нийцээгүй шийдвэр гаргах;” гэснийг зөрчсөн байх тул түүнд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:”, 48.1.4-т “төрийн албанаас халах;” гэж заасныг үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/1* дугаартай “Ц Б-ыг албан тушаалаас халах тухай” захирамж нь Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр гаргасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэж байна.
3.3. Анхан шатны шүүх Санхүүгийн зөрчлийг илрүүлсэн албан шаардлага, шалгалтын материалуудад: “...аймгийн Засаг даргын тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаатай холбоотойгоор Тамгын газрын даргад холбогдуулан ямарваа санал, дүгнэлт, хариуцлага хүлээлгэх талаар тэмдэглэгдээгүй байна...” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон санхүүгийн зөрчил гаргасан албан шаардлагад зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцохоор тухайлан заасан тохиолдолд аймгийн Засаг дарга тамгын газрын даргадаа хариуцлага тооцох ёстой гэсэн үг биш. Харин Төрийн албан хаагч хууль тогтоомжийг зөрчихгүй ажиллах үүрэгтэй. Хэрэв зөрчвөл хариуцлага тооцох эрх бүхий албан тушаалтан хуульд нийцүүлэн хариуцлага тооцох хууль зүйн бүрэн боломжтой юм. Нэхэмжлэгч Ц.Б-ын санхүүгийн зөрчил гаргасан нь шалгалтаар тогтоогдож, аймгийн Засаг даргад танилцуулагдах үед ажлаасаа халагдсан, шүүхийн маргаантай байсан учраас түүнд хариуцлага тооцох боломжгүй байсан мөн сахилгын зөрчилд арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулахаар мэдэгдлийг өөрт нь хүргүүлж 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр сонсох ажиллагааг зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонсох боломж нөхцөлөөр хангасан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
2.1. Нэхэмжлэгч Ц.Б нь Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Ц.Б-ыг албан тушаалаас халах тухай” Б/1* дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагчаас “...Ц.Б нь аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар томилогдохдоо Төрийн албаны тухай хууль зөрчиж томилогдсон, мөн ажиллах хугацаандаа холбогдох хууль журмуудыг удаа дараа ноцтой зөрчсөн нь эрх бүхий байгууллагын хяналт шалгалтаар тогтоогдсон” гэсэн үндэслэлээр аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/4*, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/4Х дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүрэгт ажлаас Ц.Б ыг халсан нь ...Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр гаргасан, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр болсон” гэж маргажээ.
3.1. Архангай аймгийн Засаг дарга нь 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/1* дүгээр захирамжаар Ц.Б-ыг “албан тушаалаас халах” болсон үндэслэлээ
-нэгдүгээрт, “Ц Б нь аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар томилогдохдоо Төрийн албаны тухай хууль зөрчиж томилогдсон,
-хоёрдугаарт, ажиллах хугацаандаа холбогдох хууль тогтоомжуудыг удаа дараалан ноцтой зөрчсөн нь эрх бүхий байгууллагуудын хяналт шалгалтаар тогтоогдсон” гэж хууль буруу тайлбарлан хэрэглэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй ...” гэсэн заалтыг зөрчсөн шийдвэр болжээ.
3.2.1. Энэхүү үндэслэлийн талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.7-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж зааснаар нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр /магадлал/-ээр дүгнэсэн асуудлыг шүүх дахин нотлохгүй, нотлогдсонд тооцох зарчимтай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
3.2.2. Хуулийн зохицуулалтыг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх явдлыг хангах зорилгоор батлан гаргасан Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Шүүхийн шийдвэрийн тухай” 21 дүгээр тогтоолын 2.2.3-т “Дахин нотлох шаардлагагүй баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болно.”, Энэ нь “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн зарчимд харшлахгүй.”, ... захиргааны хэргийн талаар гаргасан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг ... захиргааны өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцно. Гэхдээ эдгээр үйл баримт нь түрүүчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдийн хувьд өөр хэрэгт хэргийн оролцогчоор орж байгаа тохиолдолд нотлогдсон гэж үзнэ.” гэснээс үзэхэд дээрх маргаан бүхий захиргааны акттай холбоотой үйл баримтыг үнэлж, дүгнэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 641 дүгээр магадлал хуулийн хүчин төгөлдөр байгаа тул дахин нотлох шаардлагагүй.
3.2.3. Тодруулбал, уг магадлалаар Ц.Б-ыг Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн Архангай аймгийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Б/1* дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар маргасан байх бөгөөд маргаан бүхий захирамжийг гаргах болсон үндэслэл нь ТАЗ-ийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 57* дүгээр тогтоол /Архангай аймгийн Засаг даргын 2021 оны Б/4*, Б/4Х дугаар захирамжийг хүчингүй болгох тухай/ байна.
3.2.4. Дээрх байдлаас дүгнэж үзэхэд, хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 641 дүгээр магадлалыг 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр /Мягмар гариг/ биелүүлж, Ц.Б-ыг ажилд нь эгүүлэн томилсон захирамж гаргаж, уг захирамжаа 7 хоногийн дараа /5 хоног ажил, үүрэг гүйцэтгүүлсэн болж/ буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр /Мягмар гариг/ ажлаас халсан шийдвэрийг гаргахдаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр /магадлал/-ээр хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн ТАЗ-ийн 2022 оны 57* дүгээр тогтоолыг үндэслэл болгосон нь хариуцагч дүр эсгэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн хууль бус үйлдэл гаргасан гэж үзэхээр байна.
3.3. Маргаан бүхий захирамжийн хоёрдугаарт дурдсан үндэслэлийн талаар;
3.3.1. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны санхүүгийн тайланд Архангай аймаг дахь Төрийн аудитын газраас Төрийн Аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасны дагуу аудит хийн, Аудитын олон улсын стандарт 705-д заасны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 130 дугаартай “хязгаарлалттай дүгнэлт” гаргаж Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.А-д хүргүүлсэн байна.
3.3.2. Дээрх Аудитын 130 дугаартай дүгнэлтийн үндэслэл хэсгийн агуулга нь Аймгийн засаг дарга нь засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт ... болон ... тайлант онд ...цалингийн зардал гаргаж төсвийн хөрөнгийг хэмнэлтгүй зарцуулсан тухай байх бөгөөд энэ нь Аймгийн Засаг даргад холбогдох зөрчлүүд болохыг онцлон тэмдэглэжээ.
3.3.3. Архангай аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн албан шаардлагууд нь дээрх аудитын шалгалттай холбоотой байх бөгөөд Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын байцаагчийн албан шаардлагууд ч гэсэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгосон санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэнтэй холбоотой, нэхэмжлэгч Ц.Б ыг ажлаас чөлөөлсөн 2024 оны 03 дугаарын 19-ний өдөр захирамж гарахаас даруй 15-26 сарын өмнөх зөрчлүүд байна.
3.3.4. Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын 2022 оны санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчил, 2023 оны аудитын албан шаардлагыг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Засаг даргын тамгын газрын даргаар эгүүлэн томилогдсон Ц.Б ыг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Б/1* дугаартай захирамжаар ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй.”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 61.1-д зааснаас гадна дараахь баталгаагаар хангагдана:”, 62.1.1-д “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж тус тус заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
4. Дээрхээс үзэхэд, хариуцагч нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 641 дүгээр магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолыг тус тус биелүүлж, даруй 3 сар гаруй хугацааны дараа буюу 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Б/12 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Б ыг ажилд нь эгүүлэн томилж, улмаар ажлын 5 хоног ажил үүрэг гүйцэтгүүлсний дараа дээрх аудитын шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн түүнд сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасантай нийцэхгүй.
4.1. Энэ талаар анхан шатны шүүхийн “...аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны албан шаардлагыг аймгийн Засаг дарга 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр, аймгийн Төрийн аудитын газрын албан шаардлага, дүгнэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авснаас хойш дээрх хуульд заасан хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нэгэнт ажлаас чөлөөлөгдөж, шүүхэд маргаантай байгаа этгээдэд Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл оногдуулах эрх зүйн үндэслэл үүсэхгүй бөгөөд түүнийг шүүхээс урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсноор ажлаас чөлөөлөгдсөний дараа тогтоогдсон зөрчилд холбогдуулан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болохгүй.” гэх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
4.2. Түүнчлэн, анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулж, зөв үнэлж дүгнэсэн, шүүх хуралдаан болон хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явуулсан, мөн Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
4.3. Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 109/ШШ2024/0023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Т.ЭНХМАА