Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 216

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


                                                                                                    Хэргийн индекс: 171/2016/0210/Э

   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж,  
   Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг 
      Улсын яллагч, Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр
   Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбааар, Х.Сэргэлэнбат,
   Шүүгдэгч Ш.***** , Х.*****  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

   Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт *****  овогт ***** гийн ***** , *****  овогт ***** гийн *****  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000412 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
1.    Монгол улсын харьяат, ****** төрсөн, ****  настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ****** ийн хамт *******  тоотод оршин суух.хаягийн бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, *****  овогт ***** гийн ***** , Регистрийн дугаар: ***** 

2.    Монгол улсын харьяат, ******* төрсөн, *****  настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ******* ийн хамт ******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, хувиараа ажил эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, *****  овогт ***** гийн ***** , Регистрийн дугаар: ******

Холбогдсон хэргийн талаар: 
Яллагдагч Ш.*****  нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн орчим *****  багийн нутаг дэвсгэр, *****  гэх газар өөрийн эзэмшлийн *****  улсын дугаартай Киа Пронтер загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3/а, 8 дугаар бүлгийн 8.2 дахь хэсэгт заасныг, 
Яллагдагч Х.*****  нь2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн орчим *****  багийн нутаг дэвсгэр, *****  гэх газар өөрийн эзэмшлийн *****  улсын дугаартай Хьюндай Соната-6 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөний улмаас хоорондоо мөргөлдөж улмаар яллагдагч Х.***** ын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Я.***** ын бие махбодид “хүзүүний 1 дүгээр нугалмын урд нум, хүзүүний 4, 5 дугаар нугалам хооронд үений хугарал, нугас дарагдал, зүүн шилбэ, зүүн сарвуунд зулгаралт” бүхий хүнд гэмтэл, П.***** ын бие махбодид “зүүн талын 1 хавирганы хугарал, хүзүүний 2 дугаар нугалмын сэртэн цууралт, тархи доргилт, мөр баруун шуу, баруун өвдгөнд цус хуралт, зүүн шуу, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл, Ц.***** ийн бие махбодид “зүүн талын 1 хавирганы цууралт, баруун эгэмний зөөлөн эдийн гэмтэл, гуя, ташаа, хонгонд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл, М.*****  бие махбодид “тохойд шарх, бугалга, шуунд зулгалт” бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  
        
    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
    Шүүгдэгч Ш.***** ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:     “...Дархан-Уул аймгаас гарч яваад ***** ын хөндийд зам тээврийн осол гаргасан. Шүлсээ цонхоор хаях гэж байгаад машиныхаа цонхруугаа хаясан учраас арчих гэж байгаад урдаас машин ирэхээр нь өөрийнхөө тал руу дараад осол гаргасан. Хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хэргийн 187-188, 142 дугаар хуудас/, 

     Шүүгдэгч Х.***** ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Улаанбаатар хотоос 4 хүнтэй гараад замдаа Урьханд хоолонд ороод 1 цагийн үед ***** ын хөндий орсон. Тухайн үед 3 хүн унтаж, би ***** тэй юм ярьж байсан. Өөдөөс цэнхэр портер машин цагаан зураас даваад урдаас ирэхээр нь гэрлээрээ дохиод, дуут дохио дуугаргасан. Хурдаа хасаад хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Манай урсгал руу бүтэн орж ирэхээр нь зогсох боломжгүй байсан учраас зайлах арга хэмжээ авсан боловч уг машин баруун талаас мөргөж замын ховил руу унасан. Үүний улмаас зорчигчид хүнд болон хүндэвтэр гэмтэл авсан. ***** , *****  хоёр хотруу явж байсан. Эмэгтэй хүн машинаас бууж ирээд уучлаарай зүүрмэглэлээ гэж хэлсэн. Би яаж байгаа юм гэж хэлээд түргэн дуудаж арга хэмжээ авахуулсан. Хохирогч нарт эмчилгээний зардал, хохирлыг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хэргийн 140, 144 дүгээр хуудас/,

    Хохирогч Я.***** ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 09 цагт Замын-Үүдийн суудлаас буугаад вокзал дээрээс Дархан явна гэсэн соната-6 маркийн авто машинд суусан. Тэгээд намайг суусны дараа 3 хүн ирж суусан. Тэгээд л бид нар Дархан руу гарсан. тэгээд би ерөнхийдөө унтаад сэрээд л яваад байсан. Тэгсэн хүмүүс хашгирах шиг болоод нэг портер машин миний сууж байсан талаар мөргөөд л тэгээд л би ухаан алдсан тэгээд юу болсныг мэдэхгүй ямар ч байсан нэг ухаан орсон чинь машинд сууж байсан тэгээд хүзүү маань хөдлөхгүй бас хөл хөдлөхгүй, гар хөдлөхгүй бие тэр чигээрээ хөндүүр болсон байсан ...миний сууж явсан машин ерөнхийдөө бол хурдан л явж байх шиг байсан. яг хараагүй. Гэхдээ 100 км цагийн хурдтай явсан гэж бодож байна” гэх мэдүүлэг /хэргийн 25 дугаар хуудас/

Хохирогч М.***** ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би хотоос 09 цаг өнгөрөөгөөд автовокзал дээрээс Дархан явах унаанд суусан бөгөөд өмнөх өдөр нь тэр ахтай Дарханаас Улаанбаатар хот руу ирсэн байсан юм. Тэгээд утсаар холбогдож байгаад хамт буцаад Дархан орохоор болсон. Тэгээд тэр ахын машинд надтай нийлээд 4 хүн байсан бөгөөд би жолоочийн хажуу талд сууж явсан ...Баруун Хараа дээр ирэхэд хальт сэрээд дахиад унтчихсан байсан. тэгээд л явж байснаа манай машины ах сигналдаад байхаар нь би хальт сэрээд зам руу харсан чинь нэг цэнхэр өнгийн портер ирээд манай машиныг мөргөж байсан ...Гомдолтой эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хэргийн 27 дугаар хуудас/,

Хохирогч Ц.***** ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгсэн өөдөөс нэг цэнхэр өнгийн портер машин бид нарын явж байсан зам руу эсрэг урсгалаас ороод байсан. Тэгсэн *****  -энэ чинь одоо яаж яваад байна аа согтуу байгаа юм байх даа гэж яриад байж байтал нөгөө машин урсгал сөрөөд бид нарын машин явж байсан урсгалд яг өөдөөс гараад ирсэн. Тэгсэн *****  машиныхаа жолооны хүрдийг зүүн гар тал руугаа дарсан нөгөө портер эгц өөдөөс ирж байсан болохоор хажуугаар нь гарах гэж байсан байх тэгсэн нөгөө машин буцаад өөрийнхөө явж байсан урсгал руу дараад бид нарын сууж явсан машиныг мөргөөд бид нар жалга руу машинтайгаа унасан ...Би эмчилгээний зардал болон ажилгүй байсан өдрийн мөнгө төгрөгөө нэхэмжилж авна” гэх мэдүүлэг /хэргийн 21 дүгээр хуудас/

Хохирогч П.***** ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Нэг сэрэхэд өөдөөс цэнхэр өнгийн портер машин бид нарын явж байсан урсгалд ороод ирчихсэн явж байх шиг байсан. тэгээд л нэг мэдсэн нэг их удаагүй их чимээ гараад л хүмүүс орилох шиг болсон. Тэгээд л би юу ч санахгүй байгаа. Ухаан алдчихсан юм шиг байна лээ ...Эмчилгээний зардал болон бусад бүх зардлаа нэхэмжилж авна” гэх мэдүүлэг /хэргийн 23 дугаар хуудас/

Гэрч С.***** гийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өглөөний 08 цагийн үед Сэлэнгэ аймгаас нөхрийн дүү болох ***** тай хамт портер маркийн машинтай Дархан-Уул аймагт ажлаар ирсэн бөгөөд ажлаа амжуулчхаад буцах гээд Мандал сум руу явж байх замдаа Хонгор суманд хоол идсэн тэгээд цаашаа хөдлөөд явсан бөгөөд би замдаа ***** т бохь өгсөн тэгсэн чинь бохио зажилж байгаад шүлсээ хаясан тэгсэн шүлс нь энд тэнд наалдсан юм шиг байгаа юм тэгснээ *****  өө шүлсээ наачихлаа гээд суудлын голоос алчуур авсан тэгээд л нэг мэдсэн урдаас нэг цагаан өнгийн машин гарч ирээд л миний талаар мөргөсөн яг үнэндээ би юу болж байгааг сайн анзаараагүй их халуун бас хоол идсэн байсан учраас би зүүрмэглэх гээд нүдээ нэг аниад л нэг нээгээд л яваад байсан их хурдан болж өнгөрсөн учраас би яг сайн анзаарч чадаагүй юм. Тэгээд буух гэхэд машины хаалга онгойхгүй байсан учраас цонхоороо гараад хажуу талаар гарах шиг болсон цагаан өнгийн машин руу очсон тэгэхэд хүмүүс нь энд тэнд ёолоод л байж байсан “би зүүрмэглэчихсэн байна юу болсон бэ гээд л орилсон. Тэрнээс *****  унтаагүй байсан ” гэх мэдүүлэг /хэргийн 29 дүгээр хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-8 дугаар хуудас/, Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хэргийн 9-10 дугаар хуудас/, Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хэргийн 11 дүгээр хуудас/, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Ш.***** ын эзэмшлийн *****  улсын дугаартай Киа Пронтер маркийн авто машин, Х.***** ын эзэмшлийн *****  улсын дугаартай Хьюндай Сонота-6 маркийн авто машиныг тус тус битүүмжилсэн тогтоол /хэргийн 18-19 дүгээр хуудас/, Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч С.Хурцбилэгийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 36 дугаар хуудас/,     Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн хошууч С.Сүхбаатар, цагдаагийн ахмад З.Ганбат, цагдаагийн ахмад Б.Өнөрбат нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 37-38 дугаар хуудас/, Х.***** ын тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээч авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 36 тоот “...Техникийн хувьд урд дугуйн хээ элэгдсэн, хойд тэнхлэгний ажлын тормосны шингэн дамжуулах хоолой хаасан байгаа нь осол гарахад нөлөөлсөн байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 64-65 дугаар хуудас/, Ш.***** ын тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан шинжээч авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 035 дугаартай  “Осол үйлдэгдсэн шалтгаан нь техникийн бүрэн бус байдлаас шалтгаалаагүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 76-77 дугаар хуудас, Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн 37 дугаартай хуудас /хэргийн 68, 80 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хохирогч Я.***** ын биед гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт /хэргийн 88 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Отгончимэгийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 779 дугаартай хохирогч М.***** ын биед үзлэг хийж гаргасан дүгнэлт /хэргийн 96 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Отгончимэгийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 782 дугаартай хохирогч П.***** ын биед үзлэг хийж гаргасан дүгнэлт /хэргийн 101 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Отгончимэгийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 780 дугаартай хохирогч Ц.***** ийн биед үзлэг хийж гаргасан дүгнэлт /хэргийн 111 дүгээр хуудас/, 
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 145-146 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

    Шүүгдэгч Ш.*****  нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 13 цагийн орчим *****  багийн нутаг дэвсгэр, *****  гэх газар өөрийн эзэмшлийн *****  улсын дугаартай Киа Пронтер загварын тээврийн хэрэгслийг, Х.*****  нь өөрийн эзэмшлийн *****  улсын дугаартай Хьюндай Соната-6 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг тус тус зөрчсөний улмаас хоорондоо мөргөлдөж улмаар яллагдагч Х.***** ын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Я.***** ын бие махбодид “хүзүүний 1 дүгээр нугалмын урд нум, хүзүүний 4, 5 дугаар нугалам хооронд үений хугарал, нугас дарагдал, зүүн шилбэ, зүүн сарвуунд зулгаралт” бүхий хүнд гэмтэл, П.***** ын бие махбодид “зүүн талын 1 хавирганы хугарал, хүзүүний 2 дугаар нугалмын сэртэн цууралт, тархи доргилт, мөр баруун шуу, баруун өвдгөнд цус хуралт, зүүн шуу, зүүн өвдөгт зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл, Ц.***** ийн бие махбодид “зүүн талын 1 хавирганы цууралт, баруун эгэмний зөөлөн эдийн гэмтэл, гуя, ташаа, хонгонд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл, М.*****  бие махбодид “тохойд шарх, бугалга, шуунд зулгалт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ш.***** , Х.*****  нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Я.*****  /хэргийн 25 дугаар хуудас/, П.*****  /хэргийн 23 дугаар хуудас/, М.***** т /хэргийн 27 дугаар хуудас/, Ц.*****  /хэргийн 21 дүгээр хуудас/, гэрч С.*****  /хэргийн 29 дүгээр хуудас/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 37-38 дугаар хуудас/ болон бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Дархан-Уул аймгийн Прокурорын газраас бичиж ирүүлсэн яллах дүгнэлттэй тохирч байна. 

  Иймд Ш.***** , Х.*****  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

   Шүүгдэгч Ш.***** , Х.*****  нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв. 

    Хохирогч нар нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол, санал, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг хохирол төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *****  овогт ***** гийн ***** , *****  овогт ***** гийн *****   нарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, иргэн Я.***** ын биед хүнд, М.***** , Ц.***** , П.*****  нарын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч *****  овогт ***** гийн ***** ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, *****  овогт ***** гийн ***** ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Ш.***** , Х.*****  нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар Ш.***** , Х.*****  нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

    5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Ш.***** ын засрал хүмүүжилд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт, Х.***** ын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгасугай. 

   6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Ш.***** , Х.*****  нар нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн газрын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг Ш.***** , Х.*****  нарт сануулсугай.  

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Ш.***** ын эзэмшлийн *****  улсын дугаартай Киа Пронтер маркийн авто машин, Х.***** ын эзэмшлийн *****  улсын дугаартай Хьюндай Сонота-6 маркийн авто машиныг тус тус битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Ш.***** ын 0315628 дугаартай, Х.***** ын 00183627 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ш.***** , Х.*****  нарт тус тус буцаан олгосугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Ш.***** , Х.*****  нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогч нарт хохирлыг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

    10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Ш.***** ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан,  Х.***** ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолж, ялтан хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолыг үл биелүүлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг сануулж, Ш.***** ын *****  дугаартай, Х.*****  *****  дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг шүүгчийн туслах Э.Одончимэгт даалгасугай. 

    11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар Ш.***** , Х.*****  нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-т заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ш.***** , Х.*****  нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                        
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         П. БАТТУЛГА