Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/298

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э хөтлүүлж,
Улсын яллагч: А.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П
Иргэдийн төлөөлөгч: Н.Б
Шүүгдэгч: С.С нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Амарсанаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Х овогт Сгийн Сд холбогдох эрүүгийн 2212................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1954 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Э суманд төрсөн, 68 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, ............аймгийн ........... сумын *** багт оршин суух хаягтай, урьд Архангай аймгийн хэсгийн ардын 5 дугаар шүүхийн 1982 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 6 жил 4 сарын тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн, улсаас салбарын тэргүүний ажилтнаар шагнагдсан, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Сгийн С /РД:***/  

Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч С.С нь ................ аймгийн Э сумын ***багийн нутаг дэвсгэр Ц чулуутын эх Т толгой гэх газарт 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр М.Бын цээжин тус газар хутгалж, түүний биед  баруун эгмийн дунд шугамаар 3, 4 дүгээр хавирганы завсраар цээжний баруун хөндий рүү нэвтэрч баруунаас зүүн дээш ташуудуу чиглэн баруун уушгины дээд дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийд цочмог цус алдалт, баруун уушги авчилт, цээжний баруун хөндийд хий хуралдалт бүхий гэмтэл учруулж амь насыг нь хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

*Эрүүгийн 2212.................. тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

    Мөрдөн байцаалтын үед:
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эгийн өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байхад манай дүү Э утсаар залгаад аав нас барсан байна гэж надад хэлсэн. Тэгээд нөхрийнхөө хамтаар аавын нас барсан гэх газар ирсэн. Тэгээд 22 цаг өнгөрч байхад нас барсан газар нь ирэхэд айлуудын баруун урд талд Ц даавуугаар бүтээсэн байдалтай байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн хөдөлгөж болохгүй гэхээр нь очоогүй. Манай аав тогтсон газар амьдарч байгаагүй айл айлаар явдаг байсан. Нас барахын 10 хоногийн өмнө Дорноговьд байдаг аавын эрэгтэй дүүгийнд 2 сар гаран байж байгаад ирсэн. Архаг хууч өвчинтэй байгаагүй. Харин архинаас болж хааяа унаж татдаг байсан. Архи согтууруулах ундаа ихээр хэрэглэдэг байсан. Би нас барсан газарт ирэхэд эгч Эээс танай аав Б Х гэх хүнд хутгалуулаад нас барсан гэж сонссон. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 хуу/,

*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эгийн дахин өгсөн: “ би гомдолтой байна. Талийгаачийн буяны ажилд 4000.000 төгрөг зарцуулсан одоо баримт гэвэл 1000.0000 төгрөгийн баримт байна. Үлдэгдэл 3000.0000 төгрөгийн баримтыг тухайн үед нь бүрдүүлээгүй учир одоогоор баримт байхгүй байна Тиймээс оршуулгын зардалд гарсан 4000.000 төгрөгийг гаргуулж авмаар байна Мөн буруутай этгээдэд хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна..” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172-173 хуу/, 

*Гэрч Ч.Сийн өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай нөхөр С.Г сумын төв рүү эм авах гээд явсан юм. Тэгээд сумын төвөөс гэртээ ирэх үедээ талийгаач М.Б ахын хамтаар ирсэн. Манай нөхөр хэлэхдээ “сумын төвд дэлгүүр ороод гарч ирэх үед М.Б ах таараад 200 гр архи аваад өгөөч гээд байхаар нь авч өглөө тэгээд намайг хөдлөх гэсэн чинь чи хаашаа явах гэж байгаа юм бэ харих гэж байгаа юм бол хамт явъя гэхээр нь та манайд очоод хонь хяргаж байгаа надад тус болох юм уу гэхэд тэгье тэгье гээд тэгээд намайг дагаад хүрээд ирлээ” гэж надад хэлж байсан. Манайх хотондоо хадам аав С.С хамтаар зусаж байгаа юм. Тухайн үед манай хадав аав гэртээ байсан тэр өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 30-ны орой талийгаач М.Б хадам аавын гэрт аавтай хамт хоносон. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өглөө талийгаач манай нөхөр С.Гтай хамт хонины ноос авч байгаад гадаа халуун нартай байсан учир нэг их удаагүй болиод М.Б аавын гэрт ороод унтчихсан. Манай нөхөр гэртээ орж ирээд цай унд уугаад хэсэг байж байх үед гаднаас манай хадам аав орж ирээд М.Б татганаад байна гэхээр нь нөхөр бид 2 хадам аавын гэрт яваад ороход М.Б ахын амнаас хөөс сахарсан, гар хуруу нь татаад татганаад байхаар цамцаар хэсэг сэвээд байж байгаад өөрөө гайгүй болчихсон үүнээс хойш дахиад хэсэг хугацааны дараа дахиж татаад өмдөндөө баачихсан. Тухайн үед манай хадам аав манайд орж ирээд М.Б баачихсан гэрт үнэр танар гэж айхтар байна З ахынд нь хүргэж өгөх юм уу эсвэл төв рүү хүргэж өгөх юм уу гэж байсан. Тэр үед нь би талийгаачийг та баачихсан юм уу гэж асуухаас санаа зодоов та гол руу очоод хүзүү толгойгоо угаагаад ирвэл яасан юм бэ гэхэд санаа нь зовсон байдалтай аавын гэрт хэвтээд л байсан, тэгээд хэвтсээр байгаад тухайн өдөр аавынд талийгаач хоносон. Талийгаачийг тухайн өдөр татаж унаад байхаар нь сумын төв рүү Ц эгчид 1 шил 05л Ерөөл нэртэй архи захиад орой унтах үед нь 2 рүнк өгөөд унтуулсан. Маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 02-ны өглөө талийгаач сэрчихсэн байсан боловч босохгүй байсан би талийгаачийг баасандаа санаа зовоод л хэвтээд байна даа гэж бодож байсан. Өглөө аавын гэрт манай нөхөр ороод М.Б ах болон аав Снарт нөгөө архинаасаа 2, 2 рүнк хийж өгсөн. Тухайн өдөр би нөхөр С.Гын хамтаар хонины ноос хяргасан тэгэхэд М.Б ах хадам аав Снар гэрт байсан ба нөгөө үлдсэн архиа 2-уулаа хуваагаад уучихсан бололтой манай хадам аав нэлээд халчихсан харин талийгаач М.Б ах гайгүй байгаа бололтой хэвтэж байсан газраа хэвтэж л байсан. Тухайн үед 12 цаг болж байсан байх. Нөхөр бид 2 хонио ноосолж байгаад гэртээ ороод хоол цай уучихаад хэсэг амраад байж байгаад 14 цагийн орчимд аавын гэрт ороход хадам аав гэртээ байхгүй байхаар нь Б ахаас “аав хаашаа явчихсан юм бэ” гэж асуухад танайх руу ороогүй юм уу гэрээс гараад явсан шүү дээ гээд талийгаач аавын гэрт ганцаараа хэвтэж байсан. Би тэр үедээ аавыг Баяа ахын гэр лүү явсан юм байхдаа гэж бодоод үлдсэн удалгүй 15 цагийн орчимд бороо орсон, бороо ороод дуусах үед манай нөхөр С.Г уяж байгаа 2 мориноосоо хөлс авна гээд хүүгээ дагуулаад явсан, хөлс авчихаад эргэж ирээд дахиад 2 морио аваал хөлс авахаар яваад дахиад ирэх нь хадам аавыг Баяа ахын хүү Б мотоцикльтой хүргэж ирсэн тэр үед ойролцоогоор 17 цаг болж байсан. Манай нөхөр үлдсэн 2 мориноосоо хөлс авахаар эргээд явсан тэгэхэд хадам аав манай гэрт орж ирсэн ба хадам аав нэмээд архи уучихсан надтай хэсэг хуучилж сууж байгаад гэр лүүгээ орсон тухайн үед талийгаач М.Б ах аавын гэрт хэвтэж л байсан. Намайг тарагаа бүрэх гээд гал түлээд сүүгээ гал дээр тавчихад шүүлтүүр авах гээд хадам аав С гэрт ороход талийгаач М.Б авдрын урд босоод суучихсан хадам аав орон дээр суугаад хоорондоо юм яриад байж байсан. Би аавыг айлаас ирэх үедээ архи аваад ирсэн юм биш байгаа гээд эргэн тойрныг харах үед архи харагдахгүй тэр 2 зүгээр л хуучлаад сууж байсан. Тэгээд би шүүлтүүрээ аваад гэрт орж ирээд хэсэг байж байх үед хадам аавын гэрт хүн орилох чимээ гарсан тэгэхээр нь би юу болов гэж бодоод гэрээс гараад ирэх үед талийгаач М.Б ах хадам аавын гэрээс гүйгээд гараад ирсэн тэгэхээр нь би та яасан юм бэ гээд гэрийнхээ үүдний довжоон дээр зогсож байхад талийгаач гараараа цээжээ дарчихсан, подволк нь бөөн цус болчихсон, цээж орчмоос нь цус гойжоосон байдалтай миний урдуур гарч явах үедээ энэ Х ах чинь балайрчихсан юм уу гээд манай гэрийн баруун урд хэсэгт очоод газар уначихсан. Тэгэхээр нь би шууд мотоциклио унаад нөхөр С.Гыг хайгаад хойд толгой дээр гарах үед манай нөхөр харагдахгүй байхаар нь эргэж гэртээ ирэх үед талийгаач нөгөө унасан газраа хөдөлгөөнгүй хэвтэж байхаар нь би очоод “Б ахаа та зүгээр үү яагаад байгаа юм бэ” гээд биед нь хүрсэн чинь ямар ч хөдөлгөөнгүй болчихсон бүх хувцас нь цус болчихсон хэвтэж байсан. Би талийгаачийг сэрэхгүй байхаар нь гэрт гүйж ороод гар утсаараа талийгаачийн төрсөн эгч рүү залгаж Ээрээ эгчийг хурдан нааш нь явуулаарай гээд чарлаад хэлсэн. Удалгүй Ээрээ эгч буюу талийгаачийн эгч нь ирээд аав руу дайраад чи хүүхэд алчихлаа, цагдаад мэдэгдэнэ гээд орилоод дайраад байсан. Би тэр үед нь нөхөр С.Г руу яваад дагуулаад ирэхэд Ээрээ эгч сумын эмнэлэг цагдаа руу утсаар ярьж хэллээ одоо наашаа гарч ирнэ гэж байна гээд жаахан тайвширсан байдалтай байж байсан. Би тэр үйл явдлаас хойш аавын гэрт ороогүй. Ямар шалтгааны улмаас нас барсан талаар мэдэхгүй.Тухайн үед хадам аавын гэрт талийгаач М.Б болон манай хадам аав С.Снар нь байсан өөр хүн байгаагүй. Би талийгаачийг энэ Х ах чинь балайрчихсан юм уу гээд цээжээ гараараа дараад цээжнээс нь цус гарсан байдалтай хадам аавын гэрээс гарч ирэх үед л гэрээс гарч ирж харсан. Үүнээс хойш аавын гэрт ороогүй аавтай ч юм яриагүй хадам аав юу ч ярихгүй дуугай л байгаад байсан. Хадам аав Сруу талийгаачийг эгч Ээрээ буюу Э эгч чи хүүхэд алчихлаа гээд орилоод дайраад л байсан юм. Би талийгаач М.Б болон хадам аав Снартай хамт байгаагүй учраас мэдэхгүй байна. Тухайн гэрт манай хадам аав С.Сболон талийгаач М.Б нар л байсан өөр хүн байгаагүй. Намайг шүүлтүүр авах гээд гэрт нь орох үед хадам аав болон талийгаач нар зүгээр л юм яриад сууж байсан. Тэгээд намайг гэрт ороод нэг их удалгүй байж байх үед аавын гэрээс хүн орилох чимээ гараад намайг гэрээс гарахад Б ах аавын гэрээс орилоод цээжнээс нь цус гарчихсан гарч ирж байсан. Тухайн үйл явдал Архангай аймгийн Э сумын ***багийн **** гэх газар манай хотонд 18 цагийн үед болсон юм. Тэр хутгыг олон жилийн өмнө аав авч ирсэн, хутга гэж бууны урд талд хийдэг жад гэсэн. Тухайн хутга аавын гэрт л байж байдаг юм. Тухайн хутгаар л тийм асуудал болчихсон байх гэж бодож байна урд өмнө тэр хутга тийм байгаагүй цэвэрхэн байсан. Манай 2 гэрт тийм цус болсон хутга байдаггүй. Би гэрт нь юу болсон талаар мэдэхгүй тэр гэр лүү одоог хүртэл огт ороогүй. Тухайн үйл явдал болох үед манай 11 сараас 5 нас хүртэл насны 3 хүүхэд байсан. 11 сартай хүү гэрт байсан харин 4 болон 5 настай 2 хүү маань гадаа модон дээр тоглож байсан. Мөн манай хадам аав С.С, талийгаач М.Б ах болон миний бие байсан бид нараас өөр хүн байгаагүй. Тийм ээ тэр 2 архи уусан байсан. 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хадам аав С болон талийгаач Б нар 0.5л Ерөөл нэртэй хагас шил архи л хувааж уусан байх. Угаасаа тэр захиж авч ирсэн архинаас 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шилний талаар архи л үлдсэн байсан тэр нь дууссан байсан. Тэгээд тэр архийг ууж дуусаад аав Баяа буюу Дүүрэнбилэг ахын гэр лүү яваад эргэж ирэх үедээ нэмж архи уусан халамцуухан нэлээд дуу орчихсон байсан. Харин М.Б ах бол 0.5 л Ерөөл архинаас л хадам аавтай хувааж уусан байх тэрнээс хойш бол архи уугаагүй өдөржин л гэртээ хэвтсэн. Тийм зүйл байхгүй. Тэр 2 нэг гэрт 2-уулаа унтаад л хамт байгаад байсан шүү дээ. Ямар нэгэн маргалдсан зүйл бол надад мэдэгдээгүй. Би сайн мэдэхгүй. Талийгаач 5 хүүхэдтэй, эхнэр нь салж яваад олон жил болж байгаа гэсэн. Үр хүүхдүүд нь тал талд л байдаг байх Э суманд гэр орон байхгүй айл айлд очиж тус дэм болоод, архи уухдаа архи уугаад тэгээд л явж байдаг хүн юм шиг байна лээ. Би тэр үйл явдлаас хойш хадам аавтай уулзаж огт юм яриагүй. Хадам аав юм ярихгүй чимээгүй л байгаад байсан. Манай хадам аав одоогоос 2-3 жилийн өмнө харвалт өгөөд түүнээс хойш бие нь урдын байдлаасаа өөрчлөгдөж жаахан муудсан. Түүнээс хойш тэгээд эрүүл согтуудаа ч гэртээ ганцаараа яриад л байдаг болчихсон байна лээ. Эмнэлгийн хяналтад байдаг байсан эсэх талаар сайн мэдэхгүй юм. Манай хадам аав ер нь бол архи уудаг. Гэхдээ архи уусан ч гэсэн хөөрхий зайлуул ганцаараа яриад л тэгээд л сууж байдаг. Элдэв буруу зан байхгүй өндөр настай хүн байгаа юм. Манай хадам аав С.Сг хүмүүс ихэвчлэн Х гэж дуудаг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-18 хуу/, 

*Гэрч С.Гын өгсөн: “...Би 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 16 цагийн үед өөрийн уяж байгаа хурдан морьдоо хөдөлгөхөөр хүү Гантулга /9 настай/-ийн хамт Архангай аймгийн Э сумын ***багийн нутаг Ттолгой гэх газар байх гэрээсээ ***багийн нутаг Булгийн ам гэх газар луу явсан. Тэнд очиж мориндоо хөдөлгөж дуусаад 18 цагийн үед хүү бид хоёр гэр лүүгээ мориндоо хөтлөөд явж байтал урдаас манай эхнэр С мотоциклтой ирээд аав Б ахыг алчихлаа шидээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд эхнэрээс мотоциклио аваад ганцаараа гэртээ яваад очтол талийгаач Б ах манай гэрийн баруун талд түлээний хажууд газар хэвтэж байсан. Тэр үед талийгаач Б ахын төрсөн эгч Ээрээ буюу Э эгч ирчихсэн гадаа зогсож байсан. Тэгэхээр нь би талийгаач Б ахын хэвтэж байгаа газар яваад очтол Б ахын хэвтэж байгаа газар болон хувцас нь нэл цус болсон байдалтай байхаар нь Б ахын куртикийг нь сөхөөд хартал баруун талын хөхний хажуу талд юмаар хатгасан юм шиг болсон байсан. Тэгэхээр нь би аавын гэр лүү гүйгээд ортол аав зүүн талынхаа орон дээр сууж байсан. Би ааваас юу болсон талаар асуухад аав юу яриагүй, юу болсон талаар мэдээгүй юм шиг сууж байсан. Би тухайн үед аавын гэрт шалан дээр хутга, шөвөг байж магадгүй гэж бодоод эргэн тойрноо хартал юу ч байхгүй байсан. Тэгэхээр нь би аавын гэрийн тогооны шүүгээний дээд талын шургуулгыг татаад хартал хүрэн иштэй хутга байсан. Уг хутган дээр цусны толбо байгаа юм шиг харагдахаар нь ишнээс нь бариад нөгөө тал руу нь эргүүлээд хартал ажлын хэсэг дээрээ цусны толбо болсон байсан. Тэгээд би уг хутгаар аав талийгаач Б ахыг хатгасан юм байна гэж бодсон. Тэгээд намайг гэрт ирэхээс өмнө Э эгч цагдаа дуудчихсан байсан. Намайг гэрийн гадаа ирэхэд талийгаач Б ах зүүн тийшээ харсан, баруун гар нь нурууныхаа ард байрлалтай, зүүн гар нь цээжин хэсэгтээ нугаларсан. толгой нь хойд зүгт, хөл нь урд зүгт харсан, нас барсан байдалтай газар хэвтэж байсан. Талийгаач Б ахын хэвтэж байсан газар их хэмжээний цус урссан, өмссөн хувцас нь нэлэнгүүтээ цус болсон байдалтай байсан. Би 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр сумын төв явсан хүнд нэг шил 0.5 литрийн, ерөөл нэртэй архи захиж авчруулсан юм. Тэгээд тэр орой нь талийгаач Б ахад жижиг шилэн рүнкээр хоёр удаа хийж өгөөд амраасан. Тэр орой манай аав архи уугаагүй. Маргааш өглөө нь би адуунд явж ирчхээд аавын гэр лүү ороход Б ах унтаж байсан, аав харин сууж байсан. Тэгэхээр нь би Б ахаас биеийг нь гайгүй юу гэж асуухад дуу султай байхаар нь өчигдөр оройны үлдээсэн архинаас Б ахад жижиг рүнкээр гурав хийж өгсөн. Аавд тэр архинаас рүнкээр хоёр хийж өгсөн. Тэгээд тэр архинаас 3-4 хуруу архи үлдсэн. Тэр архийг намайг гарснаас хойш аав, Б ах хоёр хувааж уусан юм шиг байна лээ. Өдөр 11 цагийн үед манайд Додой машинтай манайд ирээд аав суугаад З ахынх руу яваад удалгүй гэртээ хүргүүлж ирсэн. Өдөр эхнэр бид хоёрыг унтаж байгаад 15 цагийн үед сэрсэн чинь аав байхгүй байсан. Тэгээд би бороо орсны дараа 16 цагийн үед би мориндоо ажил хийхээр явсан. Мориндоо ажил хийгээд хоёр дах удаагаа үсрэгчихээд гэр лүү ирж байхад аав мотоциклтой хүнээр гэр| хүргүүлж ирж байгаа харагдсан. Тухайн үед би аавыг хэнийд очоод, хэр хэмжээний архи уусан гэдгийг нь мэдээгүй. Тэгээд би дараагийн хоёр морио аваад үсэргэхээр явсан. Манай аав ээжийг 1990 оны үед бурхан болсноос хойш их залуугаасаа архи ууж эхэлсэн. Ганцаараа амьдраад нэлээд олон жил болж байгаа. Архийг бол өдөр болгон уудаг. Согтсон үедээ араншин муутай, жаахан агсан талдаа хүн байгаа юм. Эрүүл үе ер нь бол ховор байдаг. Ихэнхдээ айлуудаар явж байдаг хүн байгаа юм. Манай эмээг бурхан болсноос хойш аавын ухаан санаа жаахан орж, гардаг болчихсон. Хааяа эрүүл ч бай, согтуу ч бай өөрөө өөртэйгөө ганцаараа яриад байдаг. Сүүлд аав 2-3 жилийн өмнө хотод байж байхдаа даралт нь тал харвачихсан юм тэгээд хэвтэрт байж байгаад ноднин жилээс бие нь дээрдэж байгаа. Тухайн өдөр аав, талийгаач хоёр хоорондоо муудалцсан асуудал байхгүй байх гэж бодож байна. Өмнө нь тэр хоёрын хооронд өс хонзонгийн асуудал байхгүй гэж бодож байна. Уг утга нь аавын гэрт байдаг хутга байгаа юм. Би тэр хутгийг ер нь бол ашигладаггүй. Хамгийн сүүлд хэрэг болохоос өмнө хэзээ, хаана харснаа санахгүй байна. Аавын тогооны шүүгээнд л байдаг хутга байгаа юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-23 хуу/,

*Гэрч Б.Мын өгсөн: “...Би өчигдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Э сумын Алаг уул багаас хөдөөгөөс орой 19 цагийн үед найзын хамт Э сумын төвд ирсэн юм. Сумын төвд ирээд байж байтал миний төрсөн эгч Энхтуул утсаар над руу залгаад аавыг бурхан болсон гэнэ гэж хэлсэн. Тэгээд би сумын төвийн ганц, нэг хүнээс Э сумын ***багийн нутагт З гэх айлын ойролцоо хүн өнгөрсөн гэнэ гэж сонсоод найзаараа Э сумын ***багийн нутагт байх Г гэдэг айлд хүргүүлсэн. Намайг очиход манай аав Г гэдэг айлын гэрийнх нь баруун урд талд газар нас барсан байдалтай, цогцсыг нь юмаар бүтээсэн байсан. Би тухайн үед аав дээр очиж ямар байдалтай байгааг нь хараагүй Э эгчийн хэлснээр Г гэдэг хүний аав Х гэдэг хүн манай аавыг хутгалаад амь насыг нь хөнөөсөн гэж надад хэлсэн. Би аав дээр очиж хараагүй, холоос л харсан. Нас барсан байдалтай, дээгүүр нь юмаар бүтээсэн байсан. Манай аавын төрсөн эгч Эийн надад хэлснээр манай аавыг Х гэдэг ах хутгалаад амь насыг нь хөнөөсөн гэж хэлсэн. Өөр зүйл мэдээгүй. Манай аав даруу төлөв зантай, хүнтэй эвтэй байдаг жаахан архи уух дуртай. Ихэнхдээ өөрийнхөө ах, дүү нарынхаараа байдаг. Архи уухаараа агсан, согтуу тавьдаггүй ер нь их даруу зантай хүн байгаа юм. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Би тэр хүнийг өчигдөр хэрэг болсон газар очоод Х гэдэг нэрээр нь мэдсэн. Өөр зүйл сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27 хуу/


*Гэрч З.Мын өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн орчимд талийгаачийн төрсөн дүү гэх эрэгтэй хүн Э сумын ***багийн Ц чулуутын эхэнд Г гэх айлд манай ах хүнд хутгалуулаад нас барсан байна гэх дуудлагыг ирүүлсэн. Уг дуудлагыг хүлээж аваад хэсгийн төлөөлөгчид мэдэгдээд нас барсан дуудлага учраас манайхаас очих шаардлага байхгүй мөн манай машин дуудлагад явсан байна гэж хэлээд Эрүүл мэндийн төвөөс ямар ч эмч очоогүй. С.Сгэх хүн хааяа нэг ирж үзүүлдэг байсан. Архаг хууч өвчтэй эсэх талаар мэдэхгүй байна. С.С хүүхдүүд нь Улаанбаатар хотод байдаг гээд энэ хүн Улаанбаатар, Архангай аймгийн Э сум 2-ын хороонд ирэн очин байдаг. 2020 онд санагдаж байна. С.С охин гэх нэг эмэгтэй аавын тархинд цус харвалт өгөөд хүний асаргаанд орсон асаргаанд яаж оруулдаг юм бэ гэж асууж байсан. Сэтгэцийн өвчтэй эсэх талаар мэдэхгүй. С.Сах миний мэдэхээр архи бол ер нь уудаг хүн байсан. Зан аашны хувьд сайн мэдэхгүй байна. Талийгаач М.Б архи уугаад хордлогод ороод надад бол 1-2 удаа үзүүлж эмчилгээ хийлгэж байсан. Архи ер нь бол хэрэглэдэг хүн байгаа юм. Архаг хууч өвчтэй эсэх талаар мэдэхгүй. Би энэ хүний талаар нарийн сайн хэлж мэдэхгүй. С.Сг хүмүүс ихэвчлэн Х гэж дуудаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31 хуу/,


*Гэрч М.Мийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр миний бие Архангай аймгийн Цахир суманд ажлаар явж байсан. Энэ өдөр 19-20 цагийн орчимд над руу манай төрсөн Э эгч залгаад М.Быг Э сумын *** багийн Ц чулуут гэх газар Х хутгалаад алчихсан байна гэж хэлсэн. Үүнийг сонсоод би Цахир сумын Э суманд ирсэн. Талийгаач М.Б эхнэр, хүүхдээсээ салаад олон жил болж байгаа ганц биеэрээ ах дүү нараараа эрэн очин л амьдардаг. Тодорхой яг оршин суух хаяг, гэр орон байхгүй хүн байсан. Талийгаач ямар нэгэн архаг хууч өвчтэй байгаагүй. Тийм ээ талийгаач архи согтууруулах ундааны зүйл олдвол уучихдаг хүн байсан. Ер нь бол зайлуул хүн болгонд тус болоод архи дарс уугаад мөрөөрөө л явж байдаг байсан хүн байгаа юм. Манай талийгаач М.Б ахыг С.С хутгалж амь насыг нь хохироосон л гэж бодож байна. Манай ах бол зайлуул хүний үгээр мөрөөрөө хүн байсан. Хааяа архи нь ховордоод ирэхлээр татаж унадаг архины хамааралтай болчихсон байсан. Архи нь байвал гайгүй зүгээр л яваад байдаг байсан юм. Тийм зүйл бол огт байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35 хуу/,


*Гэрч М.Эийн өгсөн: “...Миний талийгаач дүү М.Б нь саахалт айлын С.Г гэх айлд хонь хяргахаар ирээд 2 хонож байсан. Тэгсэн өчигдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 18-19 цагийн үед С.Гын эхнэр С утсаар залгаад хурдан хүрээд ирээч гээд уйлаад байхаар нь би талийгаач дүү М.Быг татаж унасан юм болов уу гэж бодоод машинтайгаа С.Гынд очиход талийгаач дүү М.Б нь гэрийн баруун урд зүгт зүүн гараа пудволкоо гартаа ороож цээжээ дарсан байдалтай баруун гарыг нурууны ар хэсэг рүү унжуулаад хэвтсэн хувцас нь нилэнхүүдээ цус болсон хэвтэж байгаа газарт нь цус урссан хөдөлгөөнгүй байхаар нь сандраад гэрт орж С.С ахын гараас нь бариад Бг яасан юм бэ алсан байна шидээ гээд орилоод гараас нь татахад С.С ах дугарахгүй байсан. Тэгээд би гэрээс гараад ирэхэд С хүүхдээ тэвэрсэн гэрийн араасаа уйлаад ирж байхаар нь яасан юм бэ гэж асуухад яана яана аав ингэчихлээ шидээ гээд орилоод уйлаад байсан. Тэгээд би Улаанбаатар хотод байдаг дүүдээ болсон асуудлын талаар хэлсэн. Дүү эмнэлэг, цагдаа нарт дуудлага өгсөн байсан. С.Г мориндоо ажил хийгээд гэртээ ирэхээр нь би Бг алсан байна шидээ гэхэд аан үгүй байлгүй дээ гээд талийгаачийг очиж үзээд ааваасаа юу болсон талаар асууж байхаар нь би гэртээ харьсан. Талийгаач дүү маань олон хоног хоол ундгүй архи уухаараа татаж унадаг байсан. Би өчигдөр С.Гынд ирээд С.С ахын гараас бариад Бг яасан юм бэ гээд асуухад С.С ахын амнаас архи үнэртэж байсан. Өөрийн ухаантай байсан. Манай талийгаач дүү маань 1972 онд Архангай аймгийн Э суманд Мын 3 дахь хүү болон мэндэлсэн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж Э сумын арван жилийн сургуульд сурч 8 цугаар анги төгсөж, Улаанбаатар хотод ТМС-д сурч төгсөөд, Улаанбаатар хотод цэргийн албыг 2 жилийн хугацаатай хаасан. 1992 онд эхнэр авч гэр бүл болоод 5 хүүхэд төрүүлж өсгөж 2010 оны үед эхнэрээсээ салж ганцаараа амьдарч ах дүү нартаа тусалж амьдардаг байсан. Талийгаач дүү маань даруу төлөв зантай, хүнтэй эвсэг харьцаатай, архи уух их дуртай. Их даруу зантай хүн байсан юм. С.С ах бол архи их уух дуртай, муу санаатай хүн байгаа юм. Би тэр талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-57 хуу/,


*С.Сын яллагдагчаар өгсөн: “... Би нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Би болсон зүйлийн талаар сайн мэдэхгүй байна. Тиймээс энэ талаар мэдүүлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-81 хуу/

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 15-ны 55 дугаартай дүгнэлтэд
1.     Амь хохирогч М.Бын биед баруун эгэмний дунд шугамаар 3,4 дүгээр хавирганы завсраар цээжний баруун хөндий рүү нэвтэрч баруунаас зүүн дээш ташуудуу чиглэн баруун уушгины дээд дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийд цочмог цус алдалт, баруун уушиг авчилт, цээжний баруун хөндийд хий хуралдалт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.     Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүснэ.
3.    Цээжний баруун хөндий рүү нэвтэрч баруун уушигны дээд дэлбэнг гэмтээсэн шарх, баруун уушиг авчилт, цээжний баруун хөндийд хий хуралдсан гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4.    Амь хохирогч М.Б нь цочмог цус алдалтын шокын улмаас нас баржээ.
5.    Шинжилгээгээр үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 
6.    Амь хохирогч М.Б нь нас барах үедээ хөнгөн зэргийн /1,2 промиль/ согтолттой байжээ. В(Ш)-р бүлгийн цустай байна.
7.    Уг гэмтлийн дараа хөдөлгөөн хийх боломжтой ба богино хугацаанд нас барна... гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 127-133 хуу/, 

*Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 02-11 хуу/,
*Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэцийн эмгэг судлалын 813 дугаартай дүгнэлт:
1.    С.Снь гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд тархинд цус харвасны дараах танин мэдэхүй хөнгөн эмгэг. Сэтгэц органик хам шинж эмгэгтэй байна. С.Снь тэр үедээ өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. 
2.    С.Снь одоо тархинд цус харвасны дараах танин мэдэхүй хөнгөн эмгэг.  Сэтгэц органик хам шинж эмгэгтэй байна. С.Снь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө нь тархинд цус харвасны дараах танин мэдэхүй хөнгөн эмгэг. Сэтгэц органик хам шинж эмгэгтэй байсан байна.
3.    С.Сд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. 
4.    С.Снь тухайн үед болсон гэмт хэргийн үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 
5.    С.С нь хэрэг хариуцах чадвартай байна... гэх дүгнэлт /2-р хх-ийн 06-10 хуу/,

*Архангай аймгийн Э сумын ***багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 37, 42 хуу/
*Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 121-126 хуу/, 
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 136 дугаар тал/, 
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж өгсөн хохирлын баримт /1-р хх-ийн 175 хуу/
*Хэргийн материал танилцуулсан /2-р хх-ийн 14-15хуу/, зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.С нь ............... аймгийн .............. сумын *** багийн нутаг дэвсгэр Ц чулуутын эх Ттолгой гэх газарт 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр М.Быг цээжин тус газар нь хутгалж, биед нь баруун эгмийн дунд шугамаар 3, 4 дүгээр хавирганы завсраар цээжний баруун хөндий рүү нэвтэрч баруунаас зүүн дээш ташуудуу чиглэн баруун уушгины дээд дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийд цочмог цус алдалт, баруун уушги авчилт, цээжний баруун хөндийд хий хуралдалт бүхий гэмтэл учруулж хүнийг алсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч С.С нь Архангай аймгийн Э сумын *** багийн нутаг дэвсгэр ******* гэх газарт 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр М.Быг цээжин тус газар нь хутгалж, биед нь баруун эгмийн дунд шугамаар 3, 4 дүгээр хавирганы завсраар цээжний баруун хөндий рүү нэвтэрч баруунаас зүүн дээш ташуудуу чиглэн баруун уушгины дээд дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийд цочмог цус алдалт, баруун уушги авчилт, цээжний баруун хөндийд хий хуралдалт бүхий гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Эгийн“...Би 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байхад манай дүү Э утсаар залгаад аав нас барсан байна гэж надад хэлсэн. Тэгээд нөхрийнхөө хамтаар аавын нас барсан гэх газар ирсэн. Тэгээд 22 цаг өнгөрч байхад нас барсан газар нь ирэхэд айлуудын баруун урд талд Ц даавуугаар бүтээсэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 131-133 хуу/, гэрч Ч.Сийн: “...гэрт орж ирээд хэсэг байж байх үед хадам аавын гэрт хүн орилох чимээ гарсан тэгэхээр нь би юу болов гэж бодоод гэрээс гараад ирэх үед талийгаач М.Б ах хадам аавын гэрээс гүйгээд гараад ирсэн тэгэхээр нь би та яасан юм бэ гээд гэрийнхээ үүдний довжоон дээр зогсож байхад талийгаач гараараа цээжээ дарчихсан, подволк нь бөөн цус болчихсон, цээж орчмоос нь цус гойжоосон байдалтай миний урдуур гарч явах үедээ энэ Х ах чинь балайрчихсан юм уу гээд манай гэрийн баруун урд хэсэгт очоод газар уначихсан... талийгаач нөгөө унасан газраа хөдөлгөөнгүй хэвтэж байхаар нь би очоод “Б ахаа та зүгээр үү яагаад байгаа юм бэ” гээд биед нь хүрсэн чинь ямар ч хөдөлгөөнгүй болчихсон бүх хувцас нь цус болчихсон хэвтэж байсан. Би талийгаачийг сэрэхгүй байхаар нь гэрт гүйж ороод гар утсаараа талийгаачийн төрсөн эгч рүү залгаж Ээрээ эгчийг хурдан нааш нь явуулаарай гээд чарлаад хэлсэн. Удалгүй Ээрээ эгч буюу талийгаачийн эгч нь ирээд аав руу дайраад чи хүүхэд алчихлаа, цагдаад мэдэгдэнэ гээд орилоод дайраад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 14-18 хуу/, гэрч С.Гын: “...18 цагийн үед хүү бид хоёр гэр лүүгээ мориндоо хөтлөөд явж байтал урдаас манай эхнэр С мотоциклтой ирээд аав Б ахыг алчихлаа шидээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд эхнэрээс мотоциклио аваад ганцаараа гэртээ яваад очтол талийгаач Б ах манай гэрийн баруун талд түлээний хажууд газар хэвтэж байсан. Тэр үед талийгаач Б ахын төрсөн эгч Ээрээ буюу Э эгч ирчихсэн гадаа зогсож байсан. Тэгэхээр нь би талийгаач Б ахын хэвтэж байгаа газар яваад очтол Б ахын хэвтэж байгаа газар болон хувцас нь нэл цус болсон байдалтай байхаар нь Б ахын куртикийг нь сөхөөд хартал баруун талын хөхний хажуу талд юмаар хатгасан юм шиг болсон байсан... Талийгаач Б ахын хэвтэж байсан газар их хэмжээний цус урссан, өмссөн хувцас нь нэлэнгүүтээ цус болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-23 хуу/, гэрч З.Мын: “...2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн орчимд талийгаачийн төрсөн дүү гэх эрэгтэй хүн Э сумын ***багийн Ц чулуутын эхэнд Г гэх айлд манай ах хүнд хутгалуулаад нас барсан байна гэх дуудлагыг ирүүлсэн. Уг дуудлагыг хүлээж аваад хэсгийн төлөөлөгчид мэдэгдээд нас барсан дуудлага учраас манайхаас очих шаардлага байхгүй мөн манай машин дуудлагад явсан байна гэж хэлээд Эрүүл мэндийн төвөөс ямар ч эмч очоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-31 хуу/, гэрч М.Мийн: “...Э эгч залгаад М.Быг Э сумын ***багийн Ц чулуут гэх газар Х хутгалаад алчихсан байна гэж хэлсэн. Үүнийг сонсоод би Цахир сумын Э суманд ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34-35 хуу/, гэрч М.Эийн: “...Миний талийгаач дүү М.Б нь саахалт айлын С.Г гэх айлд хонь хяргахаар ирээд 2 хонож байсан. Тэгсэн өчигдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 18-19 цагийн үед С.Гын эхнэр С утсаар залгаад хурдан хүрээд ирээч гээд уйлаад байхаар нь би талийгаач дүү М.Быг татаж унасан юм болов уу гэж бодоод машинтайгаа С.Гынд очиход талийгаач дүү М.Б нь гэрийн баруун урд зүгт зүүн гараа пудволкоо гартаа ороож цээжээ дарсан байдалтай баруун гарыг нурууны ар хэсэг рүү унжуулаад хэвтсэн хувцас нь нилэнхүүдээ цус болсон хэвтэж байгаа газарт нь цус урссан хөдөлгөөнгүй байхаар нь сандраад гэрт орж С.С ахын гараас нь бариад Бг яасан юм бэ алсан байна шидээ гээд орилоод гараас нь татахад С.С ах дугарахгүй байсан. Тэгээд би гэрээс гараад ирэхэд С хүүхдээ тэвэрсэн гэрийн араасаа уйлаад ирж байхаар нь яасан юм бэ гэж асуухад яана яана аав ингэчихлээ шидээ гээд орилоод уйлаад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-57 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 15-ны 55 дугаартай дүгнэлтэд /1-р хх-ийн 127-133 хуу/,  Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэцийн эмгэг судлалын 813 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 06-10 хуу/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч С.С нь М.Быг цээжин тус газар нь хутгалж, биед нь баруун эгмийн дунд шугамаар 3, 4 дүгээр хавирганы завсраар цээжний баруун хөндий рүү нэвтэрч баруунаас зүүн дээш ташуудуу чиглэн баруун уушгины дээд дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийд цочмог цус алдалт, баруун уушги авчилт, цээжний баруун хөндийд хий хуралдалт бүхий гэмтэл учруулж хүнийг алсан  гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжтэй байна. 

Шүүгдэгч С.Сын үйлдэл нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг хүнийг алах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэмт хэрэг гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

               Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Амарсанаагаас шүүгдэгч С.Сыг хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байх бөгөөд шүүгдэгч С.Сыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
 
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Батжаргал нь “шүүгдэгч С.С нь  гэм буруутай” гэсэн дүгнэлтийг гаргасан нь хэргийн нөхцөл байдал, шүүхээс гаргасан шийдвэртэй нийцэж байгаа бөгөөд үндэслэлтэй байна.
  
 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.  

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 508.2 дахь хэсэгт тус тус зохицуулсан байна. 

Шүүгдэгч С.Сын үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нь амь хохирогчийн оршуулгатай холбоотой гаргасан зардалд 4.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэг авагдсан баримтаар 1000.000 төгрөгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байх боловч шүүгдэгч С.С нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хууль ёсны төлөөлөгч Б.Эгийн Хаан банк дахь 5152120680 тоот дансанд 3.500.000 төгрөгийг , 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Хаан банк дахь 5152076060 тоот дансанд 500.000 төгрөгийг нийтдээ 4.000.000 төгрөгийг нөхөн төлсөн баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс нотлох баримтаар гаргаж өгсөн тул шүүгдэгч С.Сыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв. 
  
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж мөн зүйлийн 3дахь хэсэгт”... гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж тус тус заажээ. 

    Шүүгдэгч С.С нь Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх сэтгэцийн эмгэг судлалын 813 дугаартай дүгнэлтээр “...шинжүүлэгч С.С нь хэрэг хариуцах чадвартай байна... гэж дүгнэсэн тул түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  /2-р хх-ийн 06-10 хуу/, 

    Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байгааг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг  тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд 8 /найм/  жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

    Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар түүнд хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч нөхөн төлөгдөх боломжгүй хүнд хор уршиг учирсан байна. 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 27 см урттай ажлын хэсэг нь 17 см бариул хэсэгтээ хар хүрэн өнгийн хуванцар 10 см хутга, 0,5 грамм Ерөөл нэртэй архины шил, цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон ширхэг пудволк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч С.Сын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Сын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 152 /нэг зуун тавин хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Х овогт Сгийн Сыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд оногдуулсан 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт цагдан хоригдсон 152 /нэг зуун тавин хоёр/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.  

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 27 см урттай ажлын хэсэг нь 17 см бариул хэсэгтээ хар хүрэн өнгийн хуванцар 10 см хутга 1 ширхэг, 0,5 грамм Ерөөл нэртэй архины шил 1ширхэг, цус мэт хүрэн улаан зүйлээр бохирлогдсон 1 ширхэг пудволк зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.     Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч С.Сын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эд 4.000.000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

7.     Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8.     Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 


                                                             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Б.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                   ШҮҮГЧ                                    Р.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                    ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР