Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/318

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Б  
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: Ш.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Шын Пд холбогдох 2212................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 41 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6 эхнэр 4 хүүхдийн хамт .................аймгийн Х сумын Х баг Ш ам гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 133 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 2- т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг ялыг 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, А овогт Шын П /РД:*****/

Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ш.П нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр .................... аймгийн Х сумын Х багийн "Ж" гэх газарт "Ах гэж хүндэлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар П.Гын толгой тус газар нь цохиж, зүүн хацар, зовхины зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн хацарт шарх бүхий  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
 Мөрдөн байцаалтын шатанд 2212........... дугаартай эрүүгийн хэргээс:  
*Хохирогч П.Гын өгсөн: “...Би 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн үед айл хэсэж яваад Архангай аймгийн Х сумын Х багийн иргэн П гэх хүн найранд яваад ирлээ гээд согтуу орж ирээд мэндлээд надад хандаж чи намайг ах гэж хүндэлсэнгүй гээд хэрүүл маргаан үүсгэж чи хүнд 20.000 төгрөг өгчхөж чаддаггүй гээд маргалдаад байхаар нь айлд маргалдаад яах вэ гэж бодоод гадаа гараад шээчхээд буцаад орох гэтэл урдаас гарч ирээд хаалга хаагаад намайг цохиж унагаад 2 удаа өшиглөөд би газар унаад хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Тэгээд намайг манай ах Б ах ирж намайг авсан. Би өөрөө өрөөсөн хөлгүй 2 суга таягтай байдаг хүнийг зодсон учир маш их гомдолтой байна. Маргааш өглөө нь П өглөө нь ирээд шил архитай ирээд шартаад байгаа юм уу зүгээр босоод ир энэ архинаас уучих тэгээд хоноод нүүрний чинь хавдар арилчихна гэж доромжилсон. Би Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 6 хоног биеэ эмчлүүлсэн. Намайг ах гэж хүндэлсэнгүй гэж надтай маргалдсан. Намайг П цохиж зодсон. Баруун гараараа толгой хэсэгт цохиж унагаан, нүүр хэсэгт 2 удаа өшиглөсөн тэгээд би тухайн үед хэсэг хугацаанд ухаан алдсан. Би зүүн талын хөл дээд чөмөг хэсгээрээ тайруулсан 2 суга таягтай арай гэж тэнцвэрээ олж явдаг. Би Пг зодож цохисон асуудал байхгүй. Миний биед зүүн шанаа хэсэг зөөлөн эдийн гэмтэл, тархины хаван, доргилт, толгой өвдөнө, хамар мурийсан, зүүн шанаа , эрүү хамар баруун талын нүдний доод хэсэг хөхөрсөн, зүүн нүдний доод хэсэг хагарсан. П гэх залуу учруулсан. Б, түүний эхнэр О нар байсан. Би маш их гомдолтой байна...”  гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/, 

*Хохирогч П.Гын дахин өгсөн: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Ш.П нь санаатай намайг өшиглөж цохисон. Харин би өөрөө цохих гээд очсон бол цохино. Учир нь би зүүн хөл гуя хэсгээрээ тайруулсан болохоор 2 суга таягтай явдаг суга таягнаас салах юм бол би тэнцвэрээ олж чадахгүй уначихдаг юм. Тийм болохоор Ш.П нь худлаа мэдүүлэг өгсөн байна. Би өөрөө халамжийн хүн болохоор түүнээс бүх эмчилгээний зардал мөнгө гарсан. Тийм болохоор би яг тэдэн төгрөг болсон гэж хэлж мэдэхгүй байна. Би Х сумаас Архангай аймаг руу явсан бензин тосны мөнгө ирж очихын 160.000 төгрөг болсон. Би нэг л удаа явсан. Эм тарианы мөнгө болох 55.000 төгрөгөөр өөрөө худалдан авсан.Одоогоор дээрх мөнгөн дүн хохиролд гарсан байгаа. Би хохирол төлбөрөө бүрэн гүйцэд аваагүй байгаа. Уулзаад хохирол төлбөрийн талаар ярих гэхээр бид хоёр учир зүйгээ олж чадахгүй байгаа. Би маш их гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилнэ. Намайг хөл муутай гэдгийг мэдсээр байж цохиж зодсон болохоор...”  гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуу/, 

*Гэрч Б.Ггийн өгсөн: “...Тухайн өдөр би хамт байгаагүй. Манай нөхөр П адуундаа явсан орой нь ирэхдээ хүнтэй маргасан юм шиг байсан. Тэр хүн нь тахир дутуу Г гэдэг хүн гэж надад утсаар хэлсэн. Дараа нь манай нөхөр П надад тайлбарлахдаа би тухайн үед адуугаа хайж яваад Бын гэрт ороход манай нутгийн Г сууж байсан. Надтай тоглоом хийгээд ярилцаад сууж байгаад Г уурлаад намайг гэрээс гараад ир хэрүүл өдөөд маргалдаад байсан гэж хэлсэн. Манай нөхөр надад өөр юм яриагүй. Зодоон болсон цохисон эсэхийг нь би хамт байгаагүй болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/, 

*Ш.Пгийн яллагдагчаар өгсөн: “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх гэмт хэргийг би санаатай үйлдээгүй. Би мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би Х сумын Х багийн Ж гэх газар байдаг Б гэх айлд очиход тухайн айлд Г сууж байсан. Тэгэхлээр нь би Гтой тоглоомоор хүн чинь хүний юм авахлаар өгдөггүй юм нэлээн горгор хүн гэж наргиан болгож хэлэхэд миний өөдөөс уурласан. Тэгснээ намайг гаръя гэж 2, 3 удаа хэлсэн. Тэр үед нь би гараагүй. Тэгээд би нар гараад явахаар болоод Гыг надаас түрүүлээд явахлаар нь бид гэрээс гарч мотоцикль дээрээ суугаад хөдлөх гэж байтал буцаад машинтай Г хүрээд ирсэн. Тэгээд машинаас бууж ирээд над дээр ирээд ална гэсэн тэгэхлээр нь би болио юу гэхэв хэлтэл миний баруун талын шанаа хэсэг рүү мөргөсөн. Тэр үед би мотоциклтойгоо газар унасан. Намайг газар унасан байхад намайг цохих гээд байхаар баруун хөлөөрөө засан. Тэр хөлөөрөө хаах үед нь Г миний хөлд оногдсон байх. Тэрнээс би санаатай өшиглөөгүй. Хараад зогсож байсан хүн байсныг мэдэхгүй байна. Гэхдээ хүмүүс байсан. Г тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би нэг л удаа хааж өшиглөсөн. Миний өгсөн мэдүүлэг үнэн зөв. Харин Г худлаа мэдүүлэг өгөөд байна. Миний баруун шанаа халцарч хөндүүрхэн байсан. Би эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй. Би Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 хуу/, 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 338 дугаартай 
1.    П.Гын биед зүүн хацар, зовхинд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн 
хацарт жижиг шарх гэмтэл тогтоогдлоо. 
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3.    Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.    Зүүн хацар, зовхинд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн  хацарт шарх 
гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт 
/хх-ийн 12-13 хуу/,
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 43 хуу/,
    Архангай аймгийн Х сумын Х багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54 хуу/,
    Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57 хуу/,
    Эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 58 хуу/,
    Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 82-83 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.Пд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

    Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Ш.П нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ............. аймгийн Х сумын Х багийн "Ж" гэх газарт "Ах гэж хүндэлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар П.Гын толгой тус газар нь цохиж, зүүн хацар, зовхины зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн хацарт шарх бүхий  хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   
  
Эрүүгийн 2212............... дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 
 
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.П нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Х сумын Х багийн "Ж" гэх газарт "Ах гэж хүндэлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар П.Гын толгой тус газар нь цохиж, зүүн хацар, зовхины зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн хацарт шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч П.Гын: “...П гэх хүн найранд яваад ирлээ гээд согтуу орж ирээд мэндлээд надад хандаж чи намайг ах гэж хүндэлсэнгүй гээд хэрүүл маргаан үүсгэж чи хүнд 20.000 төгрөг өгчихөж чаддаггүй гээд маргалдаад байхаар нь айлд маргалдаад яах вэ гэж бодоод гадаа гараад шээчхээд буцаад орох гэтэл урдаас гарч ирээд хаалга хаагаад намайг цохиж унагаад 2 удаа өшиглөөд би газар унаад хэсэг хугацаанд ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/, гэрч Б.Ггийн: “...Бын гэрт ороход манай нутгийн Г сууж байсан. Надтай тоглоом хийгээд ярилцаад сууж байгаад Г уурлаад намайг гэрээс гараад ир хэрүүл өдөөд маргалдаад байсан гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 338 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Ш.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс шүүгдэгч Ш.Пгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч П.Г, гэрч Б.Г нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Ш.П нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Х сумын Х багийн "Ж" гэх газарт "Ах гэж хүндэлсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар П.Гын толгой тус газар нь цохиж, зүүн хацар, зовхины зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн хацарт шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж шүүх дүгнэв.  

 Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Ш.П нь иргэн П.Гын биед зүүн хацар, зовхинд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн хацарт жижиг шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 338  дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
  
Иймд шүүгдэгч Ш.Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
 
  Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Ш.Пгийн үйлдлийн улмаас хохирогч П.Г нь хохирлын баримт шүүхэд ирүүлээгүй боловч шүүгдэгч нь хохирогч П.Год 215.000 төгрөгийг түүний Хаан банкны ***** тоот дансанд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн байх  байх тул шүүгдэгч Ш.П нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.      

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ш.П нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч Ш.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг  үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Пг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Пгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ш.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 


ТОГТООХ нь:

1.      Шүүгдэгч А овогт Шын Пг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Пг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Пд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.  

4.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.П нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нь хохирогч П.Год 215.000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай. 

6.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ш.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    


      
   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ОТГОНЦЭЦЭГ