Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/322

 


       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Энх-Амгалангаар хөтлүүлж,
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Бгийн Гд холбогдох  эрүүгийн 2212000000321 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Б суманд төрсөн, 46 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт ...................... аймгийн Б сумын **баг ............... гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, С овогт Бгийн Г /РД:****/,

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь .................. аймгийн Б сумын **багийн нутаг дэвсгэр ............ гэх газар 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.От гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар толгой тус газар нь цохиж, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Эрүүгийн 2212..............  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

*Хохирогч Б.Оийн өгсөн: “...2022 оны 09-р сарын 12-ны өдөр манай нөхөр Г хониноос ирээд хэрүүл хийгээд байхаар нь би ингэж байж чадахгүй аавынхаа гэр лүү явлаа гээд орноос боссон чин татаж газар унгааж хоёр хөл рүү нэлээн хэд өшиглөсөн. Миний хоёр хөл хөхөрч хөндүүр болсон. Мөн зүүн талын шанаа тус газар нэг удаа хүчтэй алагдсан. Тэгээд миний хувцсыг бүгдийг нь хийгээд шатаасан. Тэгэхээр нь би гэрээс гараад ертөнцийн зүгээр урагш зугтааж гүйсэн. Тэгэхэд миний араас өөрийн ногоон өнгийн мотоциклиор араас ирж дайрч унагаасан. Би тэгээд ухаан алдаад унасан байсан. Тэгээд сэрэхэд Г өвөр дээрээ миний толгойг тавсан одоо босооч гээд байсан. Би ухаан ороод би дахиж танай гэр лүү явахгүй чамаас айж байна. Чи намайг шатааж ална гэсэн биз дээ гээд явахгүй байсан юм. Намайг Г чирч яваад гэрт оруулсан. Тэгээд байж байтал манай аав Баасанжав, ээж Ж нар ирээд намайг аваад аймгийн төвд ирсэн. Өөрийн төрсөн дүү Оюундарийн гэрт ороод ухаан алдаж унаад Манай аав, ээж дүү нар түргэн дуудаж эмнэлэгт хүргэсэн байсан. Би ухаан ороход эмнэлэг дотор сэргэсэн би одоо нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. Миний хоёр хөл хөхөрч гэмтсэн өвдөж байна. Зүүн талын гар тохойн хэсгээрээ хөхөрч гэмтсэн. Мөн миний тархи доргисон миний толгой тус газар цохисон. Манай нөхөр хүүхдүүдээ бага байхад зоддог байсан. Хүүхдүүд томроод зодохоо больсон байсан юм. Тэгээд 2022 оны 08 сарын эхээр зодоод би өөрийн аавынд ирсэн. Тэгэхэд миний хоёр шанаа эрүү тус газар гараараа цохиж гэмтээсэн. Тэгээд дараа нь 2022 оны 08-р сарын 20-ны үеэр Улаанбаатар хотод намайг зодож миний нүдний шилийг хагалж хоёр гар луу цохисон. Сүүлд зодохдоо миний бүх хувцасыг шатааж өмсөх хувцасгүй болгосон. Мөн миний бүх бичиг баримтыг шатаасан байсан. Би энэ хүнд зодуулснаас болоод ойр ойрхон унадаг болсон. Архи хэрэглээгүй эрүүл байсан. Гын хардалтын улмаас болж удаа дараа зодож байгаа. Бид хоёр 2000 онд хуримаа хийж 22 жил хамт амьдарч байгаа. Гэрлэлтийн батлах хаана байгааг мэдэхгүй. Би гомдолтой байна. Энэ хүнд зодуулснаас болж эрүүл мэндээрээ маш их хохирч байна. Би эмчилгээ хийлгэж байгаа. Тэрийгээ нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 06-10 хуу/,


*Хохирогч Б.Оийн дахин өгсөн: “...  Манай нөхөр Б.Г уурандаа шатаана гэж байсан. Тэгэхээр нь би шатаасан юм байна гэж бодсон чинь намайг айлгасан байсан. Сүүлд миний хувцас авдарт байсан. Надад гомдол санал байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуу/,


*Хохирогч Б.Оийн дахин өгсөн: “... Нэг удаа зугтаж яваад газар өөрөө унасан. Бусад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Намайг зодож цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 76 хуу/,


*Гэрч Б.Жын өгсөн: “…Манай охин О нь 2022 оны 07 дугаар сарын сүүлээр нөхөр Гд зодуулаад манайд ирсэн тухайн үед Оийн зүүн шанаа, мөр хэсэг нь хөхөрчихсөн байсан. Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр 08 дугаар сарын эхээр явсан. Оийг Улаанбаатар хотод оччихсон байхад нь Г араас нь очоод дагуулаад 19 Б суманд ирчихсэн байна гэж гэдгийг би мэдсэн юм О надад нөхөр бид хоёр сум руу явах гэж байна гээд утсаар ярихаар нь одоо тэгээд явж болж байгаа юм уу гэсэн чинь одоо зүгээр гэсэн гэхээр нь би ямар нэгэн зүйл хэлээгүй. Би 09 дүгээр сарын 10-ны үеэр Гын гэр лүү залгасан чинь утсаа огт авахгүй дуудаад байсан тэгээд би нөхөр бид хоёр очиж чадахгүй байж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Гынд очсон чинь Оийг тэр өдөр буюу нөхөр бид хоёрыг очихоос өмнө зодоод зүүн гарын тохой, зүүн өвдөг, баруун хөлийн шилбэ хэсэг нь хөхөрчихсөн толгой өвдөөд байна гээд байж байсан тэдний гэрт Гд О хоёр л байсан юм. Тэгээд нөхөр бид хоёр Оийг аваад явсан. Тухайн өдөр Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн юм. Тухайн үед Гын аав, ээж нь байсан айл зусаж байсан юм. Цагдаагийн байгууллагад хандаагүй, Улаанбаатар хотод хувийн эмнэлгээр үзүүлсэн юм. Өмнө зодож цохиж байсан зүйл байхгүй энэ талаар би мэдэхгүй байна. О өөрөө мэдэж байгаа байх. О нь надад хэлэхдээ хардаж зоддог гэж хэлсэн. Нарийн учрыг нь мэдэхгүй байна. Г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй юм. Миний бодлоор их түргэн ууртай, нэг зүйлээ их давтаж ярьдаг, гэрийн ажил төрлөө хийдэг, хэрүүл маргаан хийхгүй үедээ зүгээр л байдаг юм. 6 хүүхэдтэй айлын дээрээсээ 2 дахь хүүхэд нь байгаа. Цэргийн алба хаагаагүй. 8 дугаар анги төгссөн гэж хэлдэг юм. Өөр хэлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/, 


*Б.Гын яллагдагчаар өгсөн: “...Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/,

    *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 374 дугаартай дүгнэлт:
1.     Б.Оийн биед тархи доргилт, зүүн тохой, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.      Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3.    Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.    Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл 
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн тохой, шилбэний цус хуралт нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.     Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-
ийн 22-23 хуу/,

*Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66 хуу/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 67 хуу/  
*Оршин суугаа газрын лавлагаа /хх-ийн 68 хуу/,
*Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 78-79 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь ................... аймгийн Б сумын **багийн нутаг дэвсгэр ..................... гэх газар 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.От гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар толгой тус газар нь цохиж, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Гд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2212.................... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Б.Г нь Архангай аймгийн Б сумын ** багийн нутаг дэвсгэр Хоймор гэх газар 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.От гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар толгой тус газар нь цохиж, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Б.Оийн: “...чадахгүй аавынхаа гэр лүү явлаа гээд орноос боссон чин татаж газар унгааж хоёр хөл рүү нэлээн хэд өшиглөсөн. Миний хоёр хөл хөхөрч хөндүүр болсон. Мөн зүүн талын шанаа тус газар нэг удаа хүчтэй алагдсан. Тэгээд миний хувцсыг бүгдийг нь хийгээд шатаасан. Тэгэхээр нь би гэрээс гараад ертөнцийн зүгээр урагш зугтааж гүйсэн. Тэгэхэд миний араас өөрийн ногоон өнгийн мотоциклиор араас ирж дайрч унагаасан. Би тэгээд ухаан алдаад унасан байсан... Намайг Г чирч яваад гэрт оруулсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05, 31-32 хуу/, гэрч Б.Жын: “...Манай охин О нь 2022 оны 07 дугаар сарын сүүлээр нөхөр Гд зодуулаад манайд ирсэн тухайн үед Оийн зүүн шанаа, мөр хэсэг нь хөхөрчихсөн байсан... 09 дүгээр сарын 14-ний өдөр Гынд очсон чинь Оийг тэр өдөр буюу нөхөр бид хоёрыг очихоос өмнө зодоод зүүн гарын тохой, зүүн өвдөг, баруун хөлийн шилбэ хэсэг нь хөхөрчихсөн толгой өвдөөд байна гээд байж байсан тэдний гэрт Гд О хоёр л байсан юм... О нь надад хэлэхдээ хардаж зоддог гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 374 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс шүүгдэгч Б.Гын үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд шүүгдэгч Б.Г нь Б.Оийн биед тархи доргилт, зүүн тохой, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо энэ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 374 дугаартай дүгнэлт дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

  Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.  

Иймд шүүгдэгч Б.Гыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Б.От гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 
Хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй хохирлын баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгч Б.Г нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж  үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч Б.Гыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.Гыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

     Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

    Шүүгдэгч Б.Гыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно гэх хүсэлтийг шүүхэд ирүүлснийг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

 ТОГТООХ нь: 


1.    Шүүгдэгч С овогт Бгийн Гыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.     Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.     Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.ОТГОНЦЭЦЭГ