Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/01086

 

 

 

Нарийн гол гоулд ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02964 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2408 дугаар магадлалтай,

 

Нарийн гол гоулд ХХК-ийн нэхэмжлэлтэй

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.13-ны өдрийн 00493 дугаартай шүүгчийн захирамжаар Нарийн гол гоулд ХХК-иас 465,037,016 төгрөгийг гаргуулж, Заамархаан ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018.11.16-ны өдөр Нарийн гол гоулд ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчин явуулж байна. Тухайлбал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020.04.20-ны өдрийн 17250793, 19280013/04-25 дугаар бүхий Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг гаргаж, Нарийн гол гоулд ХХК-ийн эзэмшлийн МҮ-006364, МҮ-007700 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Хэдийгээр Нарийн гол гоулд ХХК шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өр төлбөр 1,072,037,062 төгрөгийн өртэй байгаа боловч арван тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий батлагдсан нөөцтэй, компанийн эзэмшлийн дээрх хоёр тусгай зөвшөөрлүүдийг түдгэлзүүлж байгаа нь хууль бус бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Нарийн гол гоулд ХХК нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлүүлэх болон шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлыг 2020.04.27-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Саяболдод гаргахад гомдлыг үндэслэлгүй гэсэн хариуг 2020.06.02-ны өдрийн 5/40 дугаартай албан бичгээр өгсөн. Мөн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Саяболдын 5/40 дугаартай албан бичгийг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хурандаа А.Намсамандад гомдол гаргасан боловч гомдлыг үндэслэлгүй байна гэсэн хариуг 2020.06.23-ны өдрийн 04/1934 дугаартай албан бичгээр өгсөн. Тэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан дээрх арга хэмжээ болон гаргасан шийдвэрүүдийг, ахлах, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарын тогтоолыг эс зөвшөөрч байгаа тул Нарийн гол гоулд ХХК Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу гомдлоо шүүхэд гаргаж байна. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.04.20-ны өдрийн 17250793,19280013/04-25 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай Тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.13-ны өдрийн 102/ШШ2017/00493 дугаартай Шийдвэрээр Нарийн гол гоулд ХХК-иас 467,520,151 төгрөгийг гаргуулж, Заамархаан ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Манай байгууллагад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/Ш32017/07914 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 783 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудасны хамт 2017.06.05-ны өдөр бичигдэн ирсэн. Нэхэмжлэгч Ж.Баасанханд нэхэмжлэлдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчиж, 2020.04.20-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг гаргаж, төлбөр төлөгч компанийн МҮ-006364, МҮ-007700 дугаартай Ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Улмаар 10 тэрбумын үнэлгээ бүхий нөөцтэй зөвшөөрлүүдийг нийтэд нь түдгэлзүүлж байгаа нь хууль бус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй, тус компаниас гаргасан гомдлыг 2020.04.27-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргахад гомдлыг үндэслэлгүй гэсэн хариуг 2020.06.02-ны өдөр өгсөн бөгөөд гомдлыг эс зөвшөөрч Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргахад 2020.06.23-ны өдөр үндэслэлгүй талаар хариуг өгсөн гэж тайлбарлаж байна. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгчид удаа дараа төлбөрөө төлөхийг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэртэй төлбөрөөс нэг ч төгрөгийг сайн дураар төлөөгүй шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Нарийн гол гоулд ХХК-ийн эзэмшил, өмчлөлд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаарх холбогдох бүртгэлийн газруудаас тодруулсан албан бичгүүдийг үндэслэн, компанийн эзэмшилд бүртгэлтэй тусгай зөвшөөрлийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, арилжааны банкнууд дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг төлбөрийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоож, төлбөрийн үнийн дүнгийн хэмжээгээр хасалт хийх мэдэгдлийг банкнуудад хүргүүлсэн боловч дансандаа үлдэгдэлгүй талаар хариу ирүүлсэн. Иймд төлбөр төлөгч компанийн эзэмшлийн МҮ-006364, МҮ-007700 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг битүүмжилсэн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг гүйцэтгэсэн тул мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар хөрөнгийг худалдан борлуулах, хамгаалах зорилгоор эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа хууль зөрчөөгүй ба төлбөр төлөгч компани 3 жилийн хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй атлаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх тухай бүрт шүүхэд хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, ажиллагааг удаашруулж байгаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, шийдвэр гүйцэтгэл, шүүхийн байгууллагыг үл хүндэтгэсэн үйлдэл гаргаж байна гэж үзэхээр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02964 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нарийн гол гоулд ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2408 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02964 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.7-д заасныг баримтлан 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 17250793 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.12.21-ний өдрийн 2408 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Төлбөр төлөгч Нарийн гол гоулд ХХК нь нийт 4 шүүхийн шийдвэрийн дагуу 1,068,971,622 төгрөгийн төлбөрийг иргэд байгууллагад төлөхөөр шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус газар 2017.06.07-ны өдрөөс эхлэн явуулж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн эзэмшил өмчлөлд эд хөрөнгө болон харилцах дансандаа мөнгөн хөрөнгөгүй болох нь тогтоогдсон бөгөөд зөвхөн төлбөр төлөгч Нарийн гол гоулд ХХК-ийн эзэмшилд ашигт малтмалын МҮ-006364, МҮ-007700 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл бүртгэгдсэний дагуу уг зөвшөөрлийг тус газраас 2020.04.20-ны өдөр битүүмжлэх ажиллагааг явуулсан. Битүүмжлэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно мөн хуулийн 49.4-т "Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, худалдан борлуулах, эсхүл хөрөнгийг хамгаалах зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэхээр заасан. Гэтэл Давж заалдах шатны шүүх уг хөрөнгө нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрх боловч уг хөрөнгө нь өөрийн гэсэн үнэлгээтэй эд хөрөнгийн шинжтэй эрх гэж үзэхээр байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн төлбөрийн шаардлага буюу гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд ямар хувь хэмжээтэй эсэхийг тогтоохгүйгээр 2 тусгай зөвшөөрлийг хоёуланг нь зэрэг битүүмжилсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.2-т заасан ажиллагаа явагдаагүй гэж үзсэн нь шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.1, 49.4-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн хөрөнгийг хамгаалж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг явуулах үндэслэлгүй мэтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.4-т заасан битүүмжлэх ажиллагаа нь хөрөнгийн захиран зарцуулах эрх түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно гэж заасны дагуу ажиллагааг явуулсан байхад шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийг хамгаалж эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа явуулсныг хөрөнгөнд шууд үнэлгээ тогтоолгохгүйгээр төлбөр авагчид шилжүүлэх, худалдан борлуулах ажиллагаа хийсэн мэтээр хуулийг буруу тайлбарлаж үндэслэл болгож байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т заасны дагуу Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг худалдан борлуулах, эсхүл гүйцэтгэх баримт бичигт заасан тохиолдолд төлбөр авагчид шилжүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хураан авна мөн хуулийн 55.1-т заасны дагуу хураан авсан хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор үнэлгээ тогтоох асуудал яригдана. Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгийн эрхийг хязгаарлах хүрээ болон хугацааг тогтоохдоо тухайн хөрөнгөнд хийсэн үнэлгээг тогтоолгосны дараа уг хөрөнгийг төлбөрт тооцож төлбөр авагчид шилжүүлэх буюу худалдан борлуулах ажиллагааг хийхээр заасан. Эд хөрөнгийг битүүмжилсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1- т Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийн гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно, гэсэнд мөн хуулийн 44.2.8-д заасан битүүмжлэх ажиллагааг хамааруулахаар заасан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан үндэслэлгүй шийдвэр гаргаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.2-т заасан ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байгаа тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Нарийн гол гоулд ХХК хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа, ...төлбөрийн хэмжээг харгалзаагүй, 10 тэрбум төгрөгийн үнэлгээтэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг битүүмжилсэн нь хуульд нийцээгүй... гэсэн, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...төлбөр огт төлөөгүй, хуульд заасан бүхий л ажиллагаа хийсэн боловч ашиглалтын 2 тусгай зөвшөөрлөөс өөр хөрөнгөгүй... гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх ...битүүмжлэх ажиллагаа хуульд нийцсэн гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх ...тусгай зөвшөөрлийг хязгаарлах хүрээ болон эд хөрөнгөтэй холбоотой шинж байдал нь нөгөө тал болох төлбөр төлөгчийн төлбөрийн шаардлага буюу гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд ямар хувь хэмжээтэй эсэхийг тогтоохгүйгээр 2 зөвшөөрлийг зэрэг битүүмжилсэн нь хуульд нийцээгүй гэж үзэн нэхэмжлэлийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 

Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх өөр өөр дүгнэлт хийжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.02.13-ны өдрийн 102/ШШ2017/00493 дугаар захирамжаар Нарийн гол гоулд ХХК нь Заамархан ХХК-д 465,037,016 төгрөг төлөх үүрэгтэй, уг үүргээ сайн дураар биелүүлээгүйгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

 

Уг ажиллагааны явцад хуулийн этгээдээс төлбөр гаргуулах хуульд заасан дарааллын дагуу төлбөр төлөгчөөс хөрөнгийн мэдүүлэг авах, банк дахь данснаас хасалт хийх мэдэгдэл хүргүүлэх, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг олж тогтоох ажиллагаа явуулсан боловч төлбөр төлөгчид MY-006364, MY-007700 дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөөс өөр хөрөнгө байхгүй нь тогтоогдсон тул уг эрхийг 2020.04.20-ны өдөр битүүмжлэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлжээ.

 

Зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл нь дээрх тусгай зөвшөөрлийг битүүмжлэхдээ битүүмжилж буй хөрөнгийн үнэ цэнийг, төлөх төлбөртэй дүйцүүлсэн эсэх байх бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Эзэмшигч этгээддээ ашиг өгөх эрх нь эдийн бус хөрөнгөд хамаарахыг Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д заажээ.

 

Эдийн бус хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.1-д заасан тул шийдвэр гүйцэтгэгч тухайн хөрөнгийг битүүмжлэх явцад бие даан үнэлгээ тогтоох, үнэ цэнийг урьдчилан мэдэх боломжгүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдсэн нотлох баримт болох Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын 2020.01.17, 31-ний өдрийн 13/548, 13/265 тоот албан бичигт MY-006364 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий газарт 1638,85 кг алтны нөөцтэй, MY-007700 дугаар бүхий талбайн нөөц нэгдсэн тоо бүртгэлд бүртгэгдээгүй гэсэн мэдээлэл тусгагдсан байх бөгөөд энэхүү 1638,85 кг алтны нөөцтэй гэх мэдээлэл тухайн тусгай зөвшөөрлийн үнэ цэнийг тодорхойлж шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг буруутгах үндэслэл болохгүй.

 

Тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулж, ашиглаж ашиг олж байгаагаа нэхэмжлэгч нотлоогүй байна.

 

Иймээс шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн эзэмшдэг ашигт малтмалын ашиглалтын 2 тусгай зөвшөөрлийг битүүмжлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасан ...хязгаарлах хүрээ болон хугацааг тухайн хөрөнгийн шинж чанар, гүйцэтгэх үүрэг, түүнийг эзэмшиж, ашиглаж байгаа хэлбэр, гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг биелүүлэхэд эзлэх хувийг харгалзаагүй гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2408 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02964 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунцэцэг хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД