Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2019/ДШМ/051

 

А.Г, Г.Г, Т.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.Болорзул

Шүүгдэгч А.Г, Г.Г, Т.Г

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Мөнхтуул

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/166 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Гын гаргасан давж заалдах гомдлоор А.Г, Г.Г, Т.Г нарт холбогдох эрүүгийн 1914002940208 дугаар хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, А.Г, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2010 оны 11 дүгээр сарын 16-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх ялыг 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож байсан,

Монгол Улсын иргэн, Г.Г, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, Т.Г, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

А.Г, Т.Г, Г.Г нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 14-нөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой 2 дугаар багийн нутаг Хөх толгой гэх газраас Д.Бийн эзэмшлийн 2 тооны адууг Б.Дгийн өмчлөлийн Т.Гын эзэмшлийн 91-33 БНХ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн А.Г, Т.Г, Г.Г нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 14-нөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Бургас 3 дугаар багийн нутаг Таван толгойн эх гэх газраас Н.Пгийн эзэмшлийн 1 тооны адууг Б.Дгийн өмчлөлийн Т.Гын эзэмшлийн 91-33 БНХ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж бусдад 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн прокурорын газраас А.Г, Т.Г, Г.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т.Г, Г.Г, Тогооч овогт А.Г нарыг бүлэглэж, бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гыг 9 / есөн/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Г, Г.Г нарыг тус бүр 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагаад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснааар шүүгдэгч Т.Г, Г.Г нар нь 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Т.Г, Г.Г, А.Г нарыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 6.000.000 төгрөгийг шүүгдэгч Т.Г, Г.Г, А.Г нараас 2.000.000 төгрөг тус тус тэнцүү хуваан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч Т.Г, Г.Г, А.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон зүйлгүй, тэдгээрийн баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар битүүмжлэгдсэн ... Б.Дгийн өмчлөлийн 91-33 БНХ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл ...-ийг эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгцээний дагуу өмчлөгч Б.Дд буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Г гаргасан давж заалдах гомдолдоо:

... Миний бие нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчид учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн. Ар гэрийн хувьд эхнэр 2 хүүхэдтэйгээ мал маллан амьдардаг. Хүүхдүүд маань 4 настай, 6 настай хүүхдүүд байдаг. Миний ээж Амаржаргал нь өндөр настай мөн миний асаргаанд байдаг. Би дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байж гадна тиймээс надад оногдуулсан 9 сарын хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү гэжээ.

Прокурор С.Болорзул шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгч нарын гэм буруу болон тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн оролцоо зэрэгт тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Өмгөөлөгч Ц.Мөнхтуул шүүх хуралдаанд гаргасан саналдаа: А.Г нь гэм буруутайдаа маргаагүй, хохирол төлбөрийг төлсөн тул түүний ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү гэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Гын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл А.Г, Т.Г, Г.Г нар нь бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 14-нөөс 2019 оны 01 дүгээр сарын 15-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой 2 дугаар багийн нутаг Хөх толгой гэх газраас Д.Бийн эзэмшлийн 2 тооны адууг, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Бургас 3 дугаар багийн нутаг Таван толгойн эх гэх газраас Н.Пгийн эзэмшлийн 1 тооны адууг Б.Дгийн өмчлөлийн Т.Гын эзэмшлийн 91-33 БНХ улсын дугаартай авто тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж нийт 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 Дээрх үйл баримт нь эрүүгийн 1914002940208 дугаар хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Б, Н.П, гэрч Х.Ганболд, Энх нахиа ХХК-ийн хохирлын үнэлгээ тогтоосон дүгнэлтүүд, гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн А.Г, Т.Г, Г.Г нарын мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Т.Г, Г.Г, А.Г нарыг бүлэглэж, бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд тус тус ял оногдуулсан нь шүүгдэгч нарын гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Иймд шүүгдэгч А.Гын анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлэн өөрчлүүлэхээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт эрүүгийн хэргийн дугаар 19140002680206 гэж, тогтоох хэсэгт натай, ерөхий, зааснааар гэж үг үсгийн алдаатай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд оруулан тооцож тодорхойлох хэсэгт бичсэн нь зөв байх боловч тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бүлэглэж гэж заагаагүй байхад бүлэглэж гэж тус тус бичсэн байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

 зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/166 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Гын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 07 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 46 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА

                                ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР

                                                             Б. БОЛОР-ЭРДЭНЭ