Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 124/2021/0015/з |
Дугаар | 15 |
Огноо | 2021-05-20 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Д-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,
Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 сарын 22-ны өдрийн Б/11 дугаартай Ажлаас чөлөөлж,ажил түр хавсран гүйцэтгүүлэх тухай, 2021 оны 02 сарын 02-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай захирамжуудыг хууль бус болохыг тогтоон,хүчингүй болгуулан,урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .....Би 2016 оны 12 сарын 12-ны өдөр "Төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд оролцож 87 оноогоор тэнцсэн. Улмаар ТАЗ-ийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 11 дугаар тогтоолоор намайг аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлсэн ба Увс аймгийн Засаг даргын 2016 оны 12 сарын 26-ны өдрийн Б/149 дугаар захирамжаар Аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдсон.
Энэхүү байгууллагыг удирдан ажиллах хугацаанд тухайн албыг нэр төртэйгээр хашиж байсан бөгөөд 2017 онд "Оны тэргүүний үйлчилгээний байгууллага"-аар, 2018 оны ажлын гүйцэтгэлээрээ "Маш сайн" үнэлэгдсэн тул Эрүүл мэндийн яамны "Хүндэт өргөмжлөл" -өөр, 2019 онд Оны тэргүүний үйлчилгээний байгууллага-аар, 2019 оны Үр дүнгийн гэрээний биелэлт 96.3 хувьтай дүгнэгдэж Аймгийн засаг даргын 2020 оны 04 сарын 29-ны өдрийн Б/21 дугаартай захирамжаар үр дүнгийн урамшууллын 40 хувиар тус тус шагнагдаж байсан.
Дээрх амжилтуудаас дүгнэж үзэхэд миний бие төрийн албыг шударгаар биелүүлж, хоёргүй сэтгэлээр зүтгэж хичээн ажиллаж байсны илрэл юм. Би Увс аймгийн орон нутгийн сонгуульд нэр дэвших болсон учир 2020 оны 07 сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Улмаар Аймгийн засаг даргын 2020 оны 10 сарын 26-ны өдрийн Б/61 дугаар захирамжаар Нэгдсэн эмнэлгийн даргаар түр томилогдсон ба тухайн ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдсан бөгөөд миний бие уг сонгон шалгаруулалтанд оролцох гэж байсан. Гэтэл "Ковид-19"-той холбоотой гэх шалтгаанаар уг сонгон шалгаруулалтыг бүртгэж, зохион байгуулаагүй болно. Тухайн ажлын байранд ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулаагүй хирнээ 2021 оны 01 сарын 22-ны өдрийн Б/11 дугаар захирамжаар намайг ажлаас чөлөөлж, орлогч даргаар нэгдсэн эмнэлгийн даргын чиг үүргийг түр хавсран гүйцэтгүүлсэн.
Намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалтуудыг тус тус үндэслэл болгосон. Энэ нь хөдөлмөрийн гэрээг "Талууд харилцан тохиролцсон бол дуусгавар болгож болох үндэслэл байна. Миний хувьд ажил олгогчтой харилцан тохиролцсон ямар нэгэн зүйл байхгүй байхад ийнхүү хууль бус шийдвэр гаргаж миний эрхийг зөрчиж байгаад гомдолтой байна. Түүнчлэн Нэгдсэн эмнэлгийн нийт эмч нар аймгийн засаг даргын 2021 оны 02 сарын 02-ны өдрийн шийдвэрийг эсэргүүцэж аймгийн удирдлагуудтай уулзаж нөхцөл байдлыг танилцуулж энэ аймшигт цар тахлын үед эмнэлгийн салбарт улс төржилт битгий явуулаач, нэгдсэн эмнэлгийг мэргэжпийн хүнээр удирдуулаад өгөөч, ажлын байранд зарласан сонгон шалгаруулалтаа зохион байгуулаач" гэдэг шаардлага тавьсан нь Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн түүхэнд эмч нар анх удаа эсэргүүцэл илэрхийлсэн тохиолдол байсан. Би эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжилтэй, мэргэжлээрээ 28 дахь жилдээ ажиллаж байгаа эмч хүний хувьд төрийн болон эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн энэ салбарыг амжилттай удирдан ажиллаж байсан удирдлагын хувьд О.Оаас илуү тухайн ажлын байрны шаардлагыг хангасан гэж үзэж байна.
Миний бие эрүүл мэндийн салбарт 29 дахь жилдээ тасралтгүй ажилласан юм. Увс аймгийн Засаг дагад холбогдох Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дугаартай Ажлаас чөлөөлж, ажил түр хавсран гүйцэтгэх тухай захирамж 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б10/18 дугаартай Түр орлон гүйцэтгэгч томилох тухай захирамжуудыг хууль бус болохыг тогтоолгохоор Төрийн албаны Увс аймаг дахь салбар зөвлөлд хандахад шүүхэд ханд гэсэн санал хариу тул шүүхэд хандсан. 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр ажил тарах үед аймгийн Засаг дарга Ч.Чимэд намайг дуудаж уулзаад Би аймгийн Засаг даргаар ажиллаад 3 сар болж байна. Энэ хугацаанд надтай ирж уулзсангүй. Таныг ажлаас чөлөөлөхөөр болсон тул сонгон шалгаруулалт зарлагдахаар асуудал шийдвэрлүүлнэ гэж хэлсэн. Аймгийн Засаг дарга бид хоёрын уулзалт 3 минут орчим болсон байхаа. Би аймгийн Засаг дарга Ч.Чимэд томилогдсоноос хойш уулзаагүй биш аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын үеэр хурал цуглаанд хамт оролцоод уулзаж байсан. 2020 оны 12 дугаар сард Эрүүл мэндийн яамнаас PCR шинжилгээний төхөөрөмжийг 3 аймагт өгөх гэж байгааг мэдээд аймгийн Засаг дарга руу санал хүргүүлж өөрийн аймагт авч байсан. Аймгийн Засаг дарга Ч.Чэй ажлын шугамаар хурал цуглаан албан тоотоор холбоотой хамтран ажиллаж байсан. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн М гэх хүн залгаад таныг захирамж гаргасан тул та ирж аваад ажлаа хүлээлгэж өгнө үү гэж хэлсэн.
Иймд хөдөлмөрийн гэрээний дагуу Талууд харилцан тохиролцсон бол дуусгавар болгоно гэх заалт үйлчлээгүй ба миний бие тохиролцоогүй гэж үзэж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2013 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Цэндсүрэн даргатай хөдөлмөрийн гэрээний дагуу харилцан тохиролцож сэлгэн ажиллуулах захирамж гаргаж байсан. Би аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар 4 жил гаруй ажилласан. Төрийн үйлчилгээний байгууллага болох аймгийн Нэгдсэн эмнэлэг нь иргэдэд үйлчлэх ёстой байгууллага юм. Үүнийг төлөө ажилласан тул иргэдэд үйлчлэх үзүүлэлтээрээ өмнөх онуудаас сайжирсан.
Иймд Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 сарын 22-ны өдрийн Б/11 дугаартай Ажлаас чөлөөлж, ажил түр хавсран гүйцэтгүүлэх тухай, 2021 оны 02 сарын 02-ны өдрийн "Түр орлон гүйцэтгэгч томилох тухай" захирамжуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эргуүлэн тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дугаартай Ажлаас чөлөөлж, ажил түр хавсран гүйцэтгэх тухай захирамж, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай Б10/18 дугаартай захирамжуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухайн нэхэмжлэл гаргасныг дэмжиж байна. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дугаартай Ажлаас чөлөөлж, ажил түр хавсран гүйцэтгүүлэх тухай захирамжийн хуулийн үндэслэлийн хувьд Засаг захиргаа нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Засаг дарга захирамж гаргах заалтыг баримталсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт нь ажлаас чөлөөлж ажил хавсарган гүйцэтгүүлэх тухай хуулийн заалтыг баримтлан захирамж гаргасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заасан заалт нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл байгаа. Уг хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болгоно гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг захирамжийн үндэслэл болгож баримталсан байдаг. Хэрэгт авагдсан баримтад дүгнэлт хийж үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч нар хөдөлмөрийн гэрээнд зааснаар харилцан тохиролцсон гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байдаг. Нэхэмжлэгч Д.Дын зүгээс аймгийн Засаг даргатай харилцан тохиролцоогүй гэдгээ тайлбарласан байдаг. Харин хариуцагч талаас харилцан тохиролцсон гэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Талууд харилцан тохиролцож байгаа тохиолдолд хэн нэгний хүсэл зоригийн үндсэн дээр нэгдэхийг ойлгож байгаа тул харилцан тохиролцсоныг нотолсон нотлох баримт хэрэгт авагдаагүй байдаг. Маргаан бүхий захирамжийн үндэслэл болгосон Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Энэ асуудал нь аймгийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарах асуудал биш гэж үзэж байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл буюу ТУЗ байгуулагдаагүй байгаа. Маргаан бүхий захиргааны акт гаргахдаа миний үйлчлүүлэгчийн хөдөлмөрлөх эрхэд хууль бусаар халдсан байдаг. Уг актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох ажиллагаа явуулаагүй байсан. Захиргааны акт гаргахын өмнөх өдөр Д.Дыг дуудаж уулзсан гэдэг боловч уулзалтын талаарх тэмдэглэл хэрэгт авагдаагүй байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй болох нь Д.Доос санал тайлбар аваагүй болохоор нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Д.Дыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Д.Д-ыг ажлаас чөлөөлсөн байдаг. Тухайн ажил албан тушаалыг орлогч даргаар хавсран гүйцэтгүүлж байгаад 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр О.О-ыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр дахин томилсон байдаг. Эдгээр томилгоо нь Захиргааны ерөнхий хуульд нийцээгүй ба захиргааны үйл ажиллагаанд баримтлах хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тухайн ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлагдсан байсан тул түр орлон гүйцэтгэгчээр давуу байдал олгохгүй байхаар зохицуулж түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлж дахин түр орлон гүйцэтгэгч томилсон гэж хариуцагч хариу тайлбартаа дурдсан байсан. Одоогоор тухайн албан тушаалд сонгон шалгаруулалт явагдаагүй ба хуулийн дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцээд уг албан тушаалыг эрхлэх шаардлага хангах этгээд тодорхой болоогүй байхад нэг үүрэг гүйцэтгэгчийг нөгөө үүрэг гүйцэтгэгчээр богино хугацаанд сольж байгаа нь үндэслэлгүй байна. Нэг үүрэг гүйцэтгэгчээр нөгөө үүрэг гүйцэтгэгчээр томилохдоо эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар хавсарган томилсон байдаг. Ковид-19 цар тахалтай холбоотойгоор ажлын ачааллыг үндэслэн дахин үүрэг гүйцэтгэгч томилох шаардлага бий болсон гэж тайлбар гаргаж гуравдагч этгээд О.О-ыг үүрэг гүйцэтгэгчээр дахин томилж байгаа нь учир дутагдалтай байна.
Хариуцагчийн зүгээс Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн зүйл заалтыг баримтлан хариу тайлбар гаргасан. Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар заасан байдаг. Гэтэл Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед хүнд нөхцөлд ажиллаж байгаа цар тахлын эрсдэл бууруулах чиг үүрэгтэй аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчийг богино хугацаанд сольж байгаа нь учир дутагдалтай байна.
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчийг өөр түр орлон гүйцэтгэгчээр солих гэж байгаа бол клиникийн мэргэжлийн эмч тавьж өгнө үү, эмнэлгийн эмч ажилтнууд аймгийн удирдлагуудад шаардлага гаргаж байсан байдаг.
Хариуцагчийн зүгээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлагдсан боловч ковид-19 цар тахалтай холбогдуулан сонгон шалгаруулалт хойшилсон байсан тул түр орлон гүйцэтгэгчийг томилсон байгаа гэдэг тайлбар гаргадаг.
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэгт Энэ хуулийн 33.7-д заасан шалгалтад тэнцсэн иргэнийг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэнэ. Төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа гурван жил байна гэж заасан байдаг. Энэ ажил албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал учир төрийн үйлчилгээний албан тушаалтан нөөцөд бүртгэгддэггүй байгаа.
Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 60 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох албан тушаалтныг сонгон шалгаруулах журмаар зохицуулж өгсөн байгаа. Нэгэнт сонгон шалгаруулалт зохион байгуулагдаагүй байгаа тохиолдолд түр орлон гүйцэтгэгчийг солих хэрэгцээ шаардлага байгаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Маргаан бүхий захиргааны актыг батлан гаргахаас өмнө эрх , ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох Д.Д-д захиргааны ерөнхий хуульд заасны дагуу "сонсох ажиллагаа"-г зохион байгуулж санал, тайлбар гаргах боломж олгосон. Иргэн Д.Д нь Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасныг хангаагүй гэжээ. Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд би 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дугаартай захирамжиндаа Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.2-д "дэд дарга, орлогчгүй, эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх" гэж заасныг хангаж аймгийн Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга Б.П-д түр хавсран гүйцэтгүүлэхээр захирамжийн хоёрт зааж өгсөн.
Дэлхий нийтэд үүсээд байгаа нөхцөл байдал болох цар тахал "Ковид-19" холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс хойшлуулсан сонгон шалгаруулалт хэзээ зарлагдах нь тодорхойгүй Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биөчлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ гэж заасныг баримтлан Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүрэгт ажлыг сонгон шалгаруулах хүртэл хугацаанд түр орлон гүйцэтгэгч томилох шаардлага байсан.
Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалын ажлын байрны сонгон шалгаруулалт нь зарлагдсан байсан. Сул орон тоо бөгөөд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэлийн хүрээнд түр хойшилсон байсан. Миний гаргасан захирамжид Д.Д-ын сонгон шалгаруулалтад орох эрх нээлттэй, төрийн албанд эргэж орохгүйгээр ажпаас халсан зүйл заалт байхгүй. Ажлын байрны сонгон шалгаруулалтын өрсөлдөгч талын заримд нь давуу эрх олгохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Д.Д-ыг ажлаас чөлөөлсөн.
Аймгийн Засаг дарга би өрөөндөө Д.Дыг дуудаж мэдэгдэл хийж ажлаас чөлөөлөх тухай хэлэх үед та ийм санал тавьж байгаа бол зөвшөөрч байна гэж надад хэлсэн. Д.Дд тухайн ажлын байрны сонгон шалгаруулалт зарлах үед орохыг Засаг даргын хувьд санал болгож зөвлөсөн болно.
Нэхэмжпэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д нь Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй байдаг. Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дугаартай захирамждаа Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3.2 дахь хэсэгт заасан дэд дарга орлогчгүй эсхүл эзгүй тохиолдолд байгууллагын даргын албан үүргийг чиг үүрэг нь хамгийн ойр хамраалтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлэх гэж заасныг хангаж аймгийн Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга Батмөнхийн Пүрэвсүрэнд түр хавсран гүйцэтгүүлэхээр захирамж гарган захирамжийн 2 дугаарт заасан байдаг.
Гэтэл дэлхий нийтэд үүсээд байгаа ковид 19 цар тахалтай холбоотойгоор төрийн албаны зөвлөлөөс хойшлуулсан сонгон шалгаруулалт хэзээ зарлагдах нь тодорхойгүй байна. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүрэгт ажлыг сонгон шалгаруулах хүртэл хугацаанд түр орлон гүйцэтгэгч томилох шаардлага байсан. Яагаад гэтэл 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгч Д.Д нь CHINA MENECO CORPORATION компанитай гэрээ байгуулж 30 хоногийн хугацаанд нийлүүлэхээр болсон хэдий ч цаг хугацаа алдсан ба гэрээний биелэлтийг шахаж шаардах үүргээ биелүүлээгүй. Улмаар 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүрсэн. Увс аймгийн Засаг дарга 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/11 дугаартай Ажлаас чөлөөлж, ажил түр хавсран гүйцэтгэх тухай захирамж гаргаж түр үүрэг гүйцэтгэгч Д.Д-ыг ажлаас чөлөөлсөн. Үүний дараа PCR шинжилгээний багаж болон урвалж бодис ирсэн хэдий ч уг багаж бодис хадгалах байршуулах шаардлагатай өрөөний зохион байгуулалтын шийдвэр гаргах цаг үеийн хүнд нөхцөл байдал бий болсон байсан. 2020 онд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1.218.260.394 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн байтал эмнэлгийн нэг өрөөг PCR шинжилгээний тоног төхөөрөмж хадгалах хамгаалах зориулалтаар бэлдээгүй байдаг.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй талаар дурдсан. Уг үүрэгт эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх, мэдээлэл солилцох, хамтран ажиллах, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх гэж заасан байдаг. Гэтэл Д.Д нь хүлээх үүргээ биелүүлж ажиллаагүй.Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасны дагуу ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.
Эрүүл мэндийн газарт эмнэлгийн тусламжийн хэлтсийн даргын албан тушаалтай ажиллаж байсан О.Оыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон томилгоо нь Төрийн албаны тухай хуулийн 43 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэл биш юм.
Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн даргын албан тушаалаас аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож байгаа нь нэг чиг үүргийн байгууллагаас томилсон томилгоо буюу мерит зарчим юм. Нэг орлон гүйцэтгэгчийг нөгөө орлон гүйцэтгэгчээр сольж удаашралтай байгаа ажлыг зөв удирдан ажиллуулах нь Увс аймгийн 84.000 хүн амын ашиг сонирхолд нийцсэн явдал гэж ойлгож байна.
Д.Д эмч мэргэжлээрээ улсад 28 жил ажиллаж үүнээс удирдах албан тушаалд олон жил ажилласан тул О.Оаас туршлагаар илүү болох хэдий ч тухайн ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдахад Д.Д сонгон шалгаруулалтад оролцох эрх тань нээлттэй байгаа. Таныг сонгон шалгаруулалтад орох эрхгүйгээр халаагүй юм. Энэ талаар захирамжид дурдагдаагүй байгаа.
Д.Д-ыг аймгийн Засаг дарга өрөөндөө дуудаж мэдэгдэл хийж ажлаас чөлөөлөх тухай хэлэхэд Д.Д зөвшөөрсөн байдаг. Аймгийн Засаг даргын зүгээс ажлын байрны сонгон шалгаруулалт оролцох эрх нээлттэй талаар тайлбарлаж өгөөд явуулсан байсан.
Д.Д Төрийн албаны зөвлөлд хандахад: Төрийн албаны зөвлөл хариу албан бичгээр Д.Д нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчид хамаарахгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхийн байгууллагад гомдол гаргах тухай хариуг ирүүлсэн байдаг.
Нэхэмжлэгч Д.Д Увс аймгийн орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн. Улмаар орон нутгийн сонгууль дуусгаад 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Увс аймгийн Засаг даргын Б/61 дугаар захирамжаар урьд эрхэлж байсан аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэх албан тушаалд томилогдсон байдаг. Д.Д нь Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулагдах шалгалтад орох эрх нь одоо ч нээлттэй хэвээр байна. Харин түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлөх нь үүсээд байсан удаашралтай ажлыг хийж гүйцэтгэх шаардлага байсан тул Д.Дт танилцуулж ажлаас чөлөөлсөн байдаг.
Улсын Их хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр батлан гаргасан 20 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь түр чөлөөлөхтэй холбоотой хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээр заасан байдаг тул төрийн үйлчилгээний албан тушаалтан нь тухайн хуулийн заалтад хамрагдах юм.
Төрийн албаны зөвлөлөөс Д.Д нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчид хамаарахгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхийн байгууллагад гомдол гаргах тухай хариуг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн 01/634 дугаар албан бичигт дурдсан байгаа.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийг ярихын тулд тухайн хуульд заасан ойлголтыг авах ёстой гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2 дахь хэсгүүдэд ажил олгогч, ажилтан гэдгийг тодорхой заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг тохиролцохыг тус тус заасан байдаг.
Д.Д нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан ба ажлаас өөрийн хүсэлтээр гарсан гэж тайлбарладаг боловч дээд шатны байгууллага болон албан тушаалтанд ямар нэгэн хүсэлт гаргаагүй байдаг. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар Д.Дтой хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Төрийн албаны зөвлөлөөс Д.Д нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчид хамаарахгүй гэж хариу ирүүлсэн учир уг маргаан нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх маргаан байна. Энэ нь Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн 01/63 дугаартай албан бичгээр тогтоож байна. Иймд нэхэмжлэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд О.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Одончимэд овогтой Одбаяр нь 2010 онд Эрүүл мэнд шинжлэх ухааны их сургуулийн Анагаахын их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн.
2009 онд хөнгөвчлөхийн эмч, 2014 онд мэс заслын эмч, 2016 онд төрийн захиргаа удирдлагаар мэргэшил дээшлүүлсэн. 2020 оны 11 сараас Эрүүл мэндийн удирдлагын магистарт суралцаж байна.
2010-2011 онд Увс аймгийн Түргэн сумын эрүүл мэндийн төвд их эмч, 2011-2014 онуудад Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд их эмч, 2015-2016 онд аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч, 2016 - 2021 онуудад аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга албан тушаалд тус тус томилогдон ажилласан ба эрүүл мэндийн салбарт 11 дахь жилдээ ажиллаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үр дүнтэй хүргэн ажиллаж байна. Дээрх хугацаанд Эрүүл мэндийн яамны хүндэт Жуух бичиг, Монголын залуучуудын холбооны Алтан Од медаль, Эрүүл мэндийн газрын Байгууллагын аварга, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хүндэт өргөмжлөлөөр тус тус шагнагдаж байсан.
Багаар хамтран ажиллахдаа 2010 онд Түргэн сумын эрүүл мэндийн төв нь аймагт 2-р байр, 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудад Эрүүл мэндийн газар нь эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанарыг нэмэгдүүлж, 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг үе шаттайгаар багасгаж чадсан тул, аймагт тэргүүн, дэд, гутгаар байранд шалгарсан амжилт гаргасан. Улмаар Эрүүл мэндийн газар нь Монгол улсын хэмжээнд 1-р байранд орсон амжилт гаргасан.
Аймгийн засаг дарга Ч.Ч дэлхий нийтэд үүсээд байгаа нөхцөл байдал, Коронавирустой холбоотой цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх талаар чиглэл өгч, 2021 оны 02 сарын 02 -ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллах тухай мэдэгдсэн. Миний бие саналыг хүлээн зөвшөөрч тухай өдөр Засаг даргын захирамж гарсан. 2021 оны 02 сарын 03 -ны өдөр Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.П -аас энэ ажлыг хүлээн авч ажиллаж байна гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Д нь Увс аймгийн Засаг даргад холбогдуулан Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 сарын 22-ны өдрийн Б/11 дугаартай Ажлаас чөлөөлж,ажил түр хавсран гүйцэтгүүлэх тухай, 2021 оны 02 сарын 02-ны өдрийн Түр орлон гүйцэтгэгч томилох тухай захирамжуудыг хууль бус болохыг тогтоон,хүчингүй болгуулан,урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Маргаан бүхий захиргааны акт болох Увс аймгийн Засаг даргын 2021 оны 01 сарын 22-ны өдрийн Б/11 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 37 дугаар зүйлийн 37.1.1, Эмнэлгийн тусламж,үйлчилгээний тухай хуулийн 16.1 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дыг 2021 оны 01 сарын 22-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн байна.
Мөн Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 02-ны өдрийн Б/18 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 2020 оны Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх,нийгэм,эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Засгийн газрын 2019 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт, Засгийн газрын 20181 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт,Засгийн газрын 2021 оны 01 сарын 29-ний өдрийн 05/1182 дугаар дүгнэлтийг тус тус үндэслэн О.Оыг Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс намайг ажлаас чөлөөлөхдөө талууд харилцан тохиролцсон гэж чөлөөлсөн ба надтай ямар нэг байдлаар тохиролцсон зүйл байхгүй, ажлын байранд сонгон шалгаруулалт зохион байгуулахгүй хэрнээ нэг түр орлон гүйцэтгэгчийг нөгөө түр орлон гүйцэтгэгчээр сольж байгаа нь улс төрийн шинжтэй үйлдэл гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Коронавирус цар тахлын улмаас сонгон шалгаруулалт хойшилсон байгаа,ажлын байрны сонгон шалгаруулалтын өрсөлдөгч талын заримд нь давуу эрх олгохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Д.Дыг ажлаас чөлөөлсөн, Д.Дт ажлаас чөлөөлөх тухай хэлэх үед та ийм санал хэлж байгаа бол зөвшөөрч байна гэж хэлсэн, PСR шинжилгээний аппаратыг худалдан авах ажиллагаанд хайнга хандсан,урвалж бодис хадгалах өрөө бэлдээгүй зэргээр ажилдаа хариуцлагагүй хандсан,энэ маргаан иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэх маргаан гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ.
Гуравдагч этгээд О.О-ын хувьд аймгийн Засаг даргын нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллах тухай саналыг хүлээн авч түр томилогдон ажиллаж байна гэсэн тайлбарыг гаргасан байна.
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарагдах боловч төсвийн шууд захирагчийн хувьд түүнийг томилох,чөлөөлөхтэй холбоотой харилцааг Эрүүл мэндийн тухай хууль,Эмнэлгийн тусламж,үйлчилгээний тухай хуулиар буюу нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулсан байх тул нэхэмжлэгчээс Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ ирүүлснийг буруутгах үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгч Д.Д өмнө нь 2016-2020 онуудад Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байгаад 2020 оны орон нутгийн ээлжит сонгуульд нэр дэвшихээр болж Увс аймгийн Засаг даргын 2020 оны 07 сарын 30-ны өдрийн Б/43 дугаар захирамжаар Нэгдсэн эмнэлгийн даргын үүрэгт ажлаас 2020 оны 07 сарын 31-ний өдрөөр тасалбар болон чөлөөлөгдөөд дахин 2020 оны 10 сарын 26-ны өдрийн Б/61 дугаар аймгийн Засаг даргын захирамжаар Нэгдсэн эмнэлгийн даргаар түр томилогдсон байна.
Төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтны ажлын байрны сонгон шалгаруулалтын захиалгыг буюу Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлөөс Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 68 дугаар албан бичгээр хүргүүлсэн боловч Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 12 сарын 10-ны өдрийн 2/1765 дугаар албан бичгээр гаргасан Увс аймгийн төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сул орон тооны сонгон шалгаруулалтын зарыг онцгой нөхцөл байдлын өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдах хүртэл хугацаагаар хойшлуулах тухай хүсэлтийн дагуу сонгон шалгаруулалт хойшлогдсон байна.
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарагдах бөгөөд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 25 дугаар тогтоолоор баталсан Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журмын дагуу сонгон шалгаруулалтад оролцохоор байна.
2016 онд батлагдсан Эмнэлгийн тусламж,үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ гэж,мөн зүйлийн 16.4-д Эмнэлгийн захирлыг төлөөлөн удирдах зөвлөл таван жилийн хугацаагаар томилох бөгөөд дахин нэг удаа улируулан томилж болно гэж тус тус зохицуулсан байна.
Мөн Эрүүл мэндийн тухай хуульд 2016 онд холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулсан байх ба тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, энэ хуулийн 16.10-т заасан суман дахь нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ гэж, мөн зүйлийн 17.10.5-д эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх эрхийг төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлэхээр заажээ.
Үүнээс үзэхэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирлыг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлэхээр байна.
Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргад нэгдсэн эмнэлгийн захирлыг томилох,чөлөөлөх эрх хуулиар олгогдоогүй байх тул нэхэмжлэгч Д.Дыг Нэгдсэн эмнэлгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон,мөн О.Оыг Нэгдсэн эмнэлгийн даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Увс аймгийн Засаг даргын шийдвэрүүд хуульд нийцээгүй байна.
Аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан үндэслэлээр буюу талууд харилцан тохиролцсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ба нэхэмжлэгчээс тохиролцсон зүйл байхгүй талаар маргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд харилцан тохиролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй боловч аймгийн Засаг даргаас Нэгдсэн эмнэлгийн удирдлагын асуудлыг шийдвэрлэж байгаа нь хуульд нийцээгүй байх тул Д.Дыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй болно.
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн хувьд Эрүүл мэндийн тухай хууль болон Эмнэлгийн тусламж,үйлчилгээний тухай хуульд заасны дагуу эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулж ажиллуулаагүй нь Нэгдсэн эмнэлгийн 2021 оны 05 сарын 18-ны өдрийн албан бичиг,Эрүүл мэндийн газрын дарга Ц.Алимаагийн Эрүүл мэндийн тухай хуулиар аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагыг төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлэхээр заасан байдаг боловч өнөөдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдаагүй байдалтай байна гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Төлөөлөн удирдах зөвлөлийн тухайд холбогдох хуулиудад дараах байдлаар зохицуулсан байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл нь өмчлөгчийг төлөөлөх гурван гишүүн, тухайн эмнэлгийн хамт олныг төлөөлөх гурван гишүүн, олон нийтийг төлөөлөх гурван гишүүнтэй байна гэж, мөн зүйлийн 17.9-д Орон нутгийн өмчит эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15.1-д заасан шалгуурыг хангасан гишүүнийг дараах байдлаар нэр дэвшүүлнэ:
17.9.1.эмнэлгийн өмчлөгчийг төлөөлөх гурван гишүүнийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, аймаг, дүүргийн эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан нэгжээс тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлснээр;
17.9.2.эмнэлгийн хамт олныг төлөөлөх гурван гишүүнийг энэ хуулийн 17.8.2-т заасны дагуу тухайн хамт олны ердийн олонхын төлөөлөл оролцсон ирцтэй хурлаас нэр дэвшүүлснээр;
17.9.3.олон нийтийг төлөөлөх гурван гишүүнийг энэ хуулийн 17.8.3-т заасны дагуу сонгон шалгаруулснаар нэр дэвшүүлэхээр заажээ.
Эмнэлгийн тусламж,үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.23-д Төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийг төлөөлөх гурван гишүүнийг эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн олон нийтийг төлөөлөх гурван гишүүнийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар нээлттэй сонгон шалгаруулна гэж,
мөн зүйлийн 15.30-д Төрийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг аймаг, дүүргийн Засаг дарга шууд батламжилна гэж зохицуулсан байна.
Түүнчлэн Аймгийн Засаг дарга нь Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д зааснаар эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллагаас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах , Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын а-д зааснаар нутаг дэвсгэртээ ... эрүүл мэндийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомж, тухайн Хурлын шийдвэрийн биeлэлтийг хангах ажлыг зохион байгуулах эрхийг хэрэгжүүлэхээр заажээ.
Иймд хэргийн нөхцөлийг цаашид тодруулах шаардлагатай,нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн нөхцөл байдал тогтоогдсон,түүнчлэн шүүхээс Д.Д-ыг урьд эрхэлж байсан Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлгүй гэж үзсэн зэргийг харгалзан маргаан бүхий захиргааны актын нэг болох гуравдагч этгээд О.О-ыг Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон аймгийн Засаг даргын захирамжийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэр гүйцэтгүүлэх арга,журам,хугацааг заахаар заасантай нийцүүлэн шүүхээс гарч байгаа шийдвэрийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан холбогдох хуульд заасныг баримтлан эмнэлгийн удирдлагыг хэрэгжүүлэх төлөөлөн удирдах зөвлөлийн зохион байгуулалтын талаар арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.
Хэрвээ шүүхээс заасан хугацаанд Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах,гишүүдийг батламжлах ажлыг зохион байгуулаагүй бол О.Оыг Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 02-ны өдрийн Б/18 дугаар захирамж хүчингүй болохыг тэмдэглэв.
Иймд дээр дурдсан дүгнэлт,үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Д-ын нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган гуравдагч этгээд О.О-ыг Нэгдсэн эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 02-ны өдрийн Б/18 дугаар захирамжийг 4 сарын хугацаатай түдгэлзүүлэн, эмнэлгийн удирдлагыг хэрэгжүүлэх төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах , зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг батламжлах ажлын талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлээс Д.Дыг Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилохыг Аймгийн Засаг даргад даалгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалын тодорхойлолтоос үзэхэд эмнэлгийн даргын эзгүйд эмчилгээ эрхэлсэн орлогч дарга даргын үүргийг орлон ажиллахаар заасан байгааг дурдах нь зүйтэй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг ажилдаа хайнга хандаж хариуцлага алдсан гэсэн тайлбар гаргасан нь маргаан бүхий актад дурдагдаагүй үндэслэл тул энэ талаарх тайлбарыг хүлээж авч дүгнэлт хийх үндэслэлгүй болно.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн,хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.13, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.10.5, 11 дүгээр зүйлийн 11.1.1, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 15 дугаар зүйлийн 15.30, Монгол Улсын Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын а-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Дын нэхэмжлэлийн шаардлагаас Аймгийн Засаг даргын 2021 оны 01 сарын 22-ны өдрийн Б/11 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, Д.Д-ыг Нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 02-ны өдрийн Б/18 дугаар захирамжийг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлэн, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулах, гишүүдийг батламжлах ажлын талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Увс аймгийн Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-т олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ