Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2024/0761

 

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2024/0761

Улаанбаатар хот

 “АМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б;

 

Нэхэмжлэгч: “АМ” ХХК

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 9/49** дугаартай албан бичгээр мэдэгдсэн “АМ” ХХК болон “ТАЭЭ” ХХК-иудыг нэгтгэсэн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, холбогдох материалуудыг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/0700 дугаартай шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

Хэргийн индекс: 128/2024/0512/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “АМ” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 9/49** дугаартай албан бичгээр мэдэгдсэн “АМ” ХХК болон “ТАЭЭ” ХХК-иудыг нэгтгэсэн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоолгох, холбогдох материалуудыг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах”-аар маргасан байна.

 

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 700 дугаартай шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1, 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан “АМ” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо:

 

3.1. ...Анхан шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг буруу үнэлж дүгнэсэн бөгөөд холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэснээс шалтгаалан шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй байна. Тодруулбал,

3.1.1. Үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тухайд.

Шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 4.3-т “хариуцагч төрийн захиргааны байгууллага... “АМ” ХХК-ийг “ТАЭЭ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон хэмээн... холбогдох бүртгэл хийх боломжгүй юм” хэмээн дүгнэжээ. Шүүгчийн энэ дүгнэлтээс шүүгч энэхүү хэргийн үйл баримтыг бүхэлд нь буруу дүгнэснээс хэргийн үндэслэл бүхий шийдвэрлээгүй нь харагдаж байна. Учир нь “АМ” ХХК нь “ТАЭЭ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон тухай бүртгэл хийлгэхийг огт шаардаагүй. “АМ” ХХК нь “ТАЭЭ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд харин тэрхүү 100 хувийн охин компаниа өөрт нэгтгэх бүртгэл хийлгэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандсан болно.

Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д зааснаар 100 хувийн хувьцаа эзэмшигч нь охин компаниа өөрт нэгтгэж байгаа тохиолдолд компанийн мэдээлэлд өөрчлөлт оруулахгүй байж болно. “АМ” ХХК нь үүний дагуу өөрийн 100 хувийн охин компани болох “ТАЭЭ” ХХК-ийн өөрт нэгтгэхдээ өөрийн мэдээлэлд аливаа өөрчлөлт орохгүй болохыг дурдсан. Гэтэл компанийн мэдээлэлд огт өөрчлөлт орохгүй байхад шүүхээс өөрчлөлт оруулахтай холбогдсон хуулийн зохицуулалтуудыг хэрэглэсэн нь хэргийн үйл баримтыг буруу үнэлж дүгнэснээс шалтгаалсан байна.

 

3.2. Хууль хэрэглээний алдааны тухайд,

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл буюу улсын бүртгэлийн зарчмын 4.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, хуулиар тогтоосон нууцыг чанд хадгалах”, 19.4.3-т “холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, 20.1.1-т “улсын бүртгэгч нь үйлчлүүлэгчид хууль бус шаардлага тавих, зүй бусаар харьцах, үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”-ыг хориглосон. Үүнтэй холбоотойгоор нарийвчилсан зохицуулалт бүхий эрх зүйн хэм хэмжээ болох Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18.1 болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/208 тоот тушаалын хавсралтаар баталсан Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 5.1-т зөвхөн “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу; үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй; өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн” гэх үндэслэлийн дагуу улсын бүртгэлд бүртгэхээс татгалзахаар заасан. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн байгууллага дээр дурдсан 3 үндэслэлээс өөр үндэслэлээр хуулийн этгээдийн бүртгэл хийхээс татгалзах ёсгүй.

Гэвч хариуцагч нь дээрх хэм хэмжээнд заасан үндэслэлийн аль нь ч бүрдээгүй байхад хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйн зэрэгцээ, анхан шатны шүүх хариуцагчийн уг хууль бус үйлдлийг зөвтгөж хэргийг шийдвэрлэсэн нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал:

 

3.2.1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар Шүүх хуралдааны явцад хариуцагчийн татгалзал нь дээрх үндэслэлүүдийн алинд хамаарах талаар удаа дараа тодруулахад тодорхой хариу өгөөгүй бөгөөд анхан шатны шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.14 дэх хэсэгт “хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх”-ийг хориглохоор заасныг үндэслэж хариуцагчийн татгалзлыг зөвтгөсөн. Гэтэл дээр дурдсанчлан, прокурорын зөвшөөрөлд дурдагдсан “АМ” ХХК-ийн мэдээлэлд огт өөрчлөлт орохгүй. Харин эсрэгээрээ прокурорын зөвшөөрөлд огт дурдагдаагүй “ТАЭЭ” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах юм. Иймд шүүхийн шийдвэрийн энэхүү хэсэг нь хэрэглэх ёсгүй хууль тогтоомжийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Мөн шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 4.5-д мөн хуулийн 20.1.10-д заасныг үндэслэсэн.Гэвч энэхүү заалт нь мөн л дээр дурдсанчлан улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн хуулийн этгээдэд хамаарна. Манай тохиолдлын хувьд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн “АМ” ХХК-ийн хувьд аливаа хөдөлгөөн хийгээгүй болохыг дээр тодорхой тайлбарласан билээ.

 

3.2.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13** дүгээр зөвшөөрөл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн. Уг арга хэмжээний зорилго нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан байж болох хөрөнгө, орлогыг нуух, устгах, бусдад шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх явдал бөгөөд дугаар 13** прокурорын зөвшөөрөлд энэ талаар “хуулийн этгээдийн эрх шилжүүлж болзошгүй үндэслэл тогтоогдож байх тул хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах үндэслэлтэй байна” гэж дурдсан. Маргаан бүхий компани нэгтгэх үйл ажиллагааны хүрээнд хязгаарлалт хийгдсэн “АМ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьцааны тоо, хэмжээнд огт өөрчлөлт орохгүй бөгөөд прокурорын тогтоолд дурдсан “хуулийн этгээдийн эрхийг бусдад шилжүүлэх” үйлдэл, үр дагавар огт байхгүй.

Харин ийнхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээр аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, зардлыг зохиомлоор нэмэгдүүлэх л үр дагавар үүсгэж байна.

 

3.2.3. Хариуцагчийн хуулиар хүлээсэн чиг үүргийн талаар:

 

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “АМ” ХХК нь прокуророос зөвшөөрсөн бичиг авчирсан тохиолдолд бүртгэлийг хийх боломжтой" гэх утга илэрхийлснийг шүүх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.1-т заасныг үндэслэж зөвтгөжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон энэхүү гомдолдоо дурдсанчлан “АМ” ХХК болон түүний охин компани “ТАЭЭ" ХХК-ийн нэгдсэнийг улсын бүртгэлд бүртгэх нь хэн нэгнээс нотлох баримт, эсхүл тайлбар авах шаардлагагүйгээр хуулийн дагуу хийгдэх ажиллагаа юм. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болохын хувьд энэ талаар хууль тогтоомжийг өөрөө бие даан хэрэгжүүлэх үүрэгтэй юм. Нөгөө талаас “прокуророос зөвшөөрсөн бичиг” авах хуулийн шаардлага хаана ч байхгүй бөгөөд ийнхүү шаардаж байгаа нь өөрөө хууль бус үйлдэл гэж үзэж болохоор байна.

3.3. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байгаагаас гадна аж ахуйн нэгжүүдийн хувьд ялгавартай байдал үүсгэж буй тухайд Шүүх хуралдааны явцад “хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тохиолдолд бусад өөрчлөлтийг бүртгэж болох техникийн тохиргоо улсын бүртгэлийн байгууллагын цахим системд байхгүй”-тэй холбоотой уг асуудал үүссэн талаар талууд дурдсан, энэ тухай огт маргаагүй. Энэ тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага зарим үйлчилгээ авагчийн хүсэлтээр цахим систем дахь хоригийг түр цуцалж, бүртгэх боломжтой, ийм байдлаар бүртгэл хийдэг талаар дурдсан.

Гэвч нэхэмжлэгч компанийн холбогдох бүртгэлийг дээрх байдлаар хийхээс татгалзаж байгаа бөгөөд ямар үндэслэлээр татгалзаж буй нь ойлгомжгүй буюу тодорхой хууль зүйн үндэслэлтэй тайлбар өгдөггүй. Үүнтэй холбоотойгоор улсын бүртгэлийн байгууллага өөрийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ техник технологийн шаардлагад нийцсэн байдлаар үйл ажиллагаа явуулдаггүй, цаашлаад үйлчилгээ авагч этгээдүүдэд ялгамжтай байдлаар ханддаг зэрэг үйл баримтууд тогтоогдож байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч компани эрх ашигт шууд сөргөөр нөлөөлж байна. Дээрхээс үзэхэд анхан шатны шүүх нь хууль болон холбогдох эрх зүйн хэм хэмжээнд заагаагүй үндэслэлээр хариуцагчийн хууль бус татгалзал, эс үйлдэхүйг зөвтгөсөн бөгөөд нэхэмжлэгчийн дурдсан хэд хэдэн үндэслэл, тайлбарт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг хэт явцуу байдлаар шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “АМ” ХХК-ийн “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 9/49** дугаартай албан бичгээр мэдэгдсэн “АМ” ХХК болон “ТАЭЭ” ХХК-уудыг нэгтгэсэн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр нь нэгдүгээрт хууль бус болохыг тогтоолгох, хоёрдугаарт холбогдох материалыг хүлээн авч, хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас “...Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 13** дүгээр зөвшөөрлөөр “АМ” ХХК-ийн хувьцааны шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан байх тул хуулийн этгээд өөрчлөн байгуулсныг улсын бүртгэлд бүртгэх боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, 22.1 дүгээр зүйл, 22.3 дугаар зүйл, 26.1 дүгээр зүйлд тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавихдаа “хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байвал хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах, хяналт тогтоох прокурорын зөвшөөрөл олгох эрхтэй” байхаар хуульчлан зохицуулсан байна.

4. Дээрх хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Нийслэлийн Прокурорын газар 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” 13** дугаартай прокурорын зөвшөөрлөөр “...“АМ” ХХК-ийн ... хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах прокурорын зөвшөөрлийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчид олгосон. /хх-ийн 124 тал/

5. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 06/153** дугаар албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 13** дугаартай прокурорын зөвшөөрлийг хүргүүлж, нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар хязгаарлахыг мэдэгджээ. /хх-ийн 125 тал/

6. Нийслэлийн Прокурорын газрын 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1/40** дугаар албан бичиг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 60* дугаар албан бичгээр дээрх эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

7. Дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 9/49** дугаар албан бичгээр “... хуулийн этгээд өөрчлөн байгуулсныг улсын бүртгэлд бүртгэх боломжгүй” гэж татгалзсан шийдвэр нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх;” гэж заасантай нийцжээ.

8. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэх ёстой холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч “АМ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Дээрхээс үзвэл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэхээс татгалзсан шийдвэрийн гол үндэслэл нь хууль хяналтын байгууллагын шийдвэр байх бөгөөд улсын бүртгэлийн байгууллага, улсын бүртгэгч нь тухайн прокурорын байгууллагын зорилго, хүрээ хязгаарыг тогтоох, түүнийг үнэлэх эрхгүй тул нэхэмжлэгчийн “...прокурорын зөвшөөрөл зөвхөн хувьцаа шилжүүлэхээс сэргийлэх зорилготой... харин манай тохиолдолд өөрийн охин компанийг нэгтгэн авч байгаа тул прокурорын зөвшөөрөл хамаарахгүй ...бизнесийн ашиг сонирхлыг зөрчиж байна” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/0700 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

             ШҮҮГЧ                                                         О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                    Т.ЭНХМАА