Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/323

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э хөтлүүлж,
Улсын яллагч: А.А
Шүүгдэгч: Д.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Амарсанаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дийн Нт холбогдох  эрүүгийн 2212000000347 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт ............ аймгийн ................ сумын ********** тоотод оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 540.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Дийн Н /РД:****/

 
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Н нь ............аймгийн ................ сум ................ дугаар баг ........................ 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эхнэр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Д.Цтай гэр бүлийн маргааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний нүдэн тус газар гараараа цохиж, түүний биед баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Эрүүгийн 2212........................  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Цын өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нөхрийн хамтаар Архангай аймгийн Цэнхэр сумаас 15 цагийн үед ирээд гадуур гарж байрны эзэмших эрхийг охины нэр дээр шилжүүлэх болон нөхрийн гар утасны биллийг Жимобайлаас гаргуулан авахаар болоод 999 гадаа очиход манай нөхөр орохгүй гээд уурлаад байсан. Үүний дараа Спорт хороо руу очоод охиныг бэлтгэлээс аваад хорооны гадна хэрүүл хийж байгаад нөхрийн зүүн хацар хэсэгт нэг удаа цохисон тэгсэн манай нөхөр миний баруун нүд руу гараараа нэг удаа цохиход миний нүднээс цус гарсан тэгсэн нөхөр хээр гарч учраа ольё гэж хэлээд машинаа асаагаад хөдөлсөн тэгэхээр нь би бууя гэхэд намайг буулгахгүй байсан. Тэгээд 4 дүгээр сургуулийн зүүн талд явж байхад би цонхоор туслаарай гэж орилсон машины хойд суудалд манай том охин уйлаад эмнэлэг явж үзүүлье гэж хэлээд уйлаад байхад Цогт уулын 3 багийн төвийн хажуугаас эргээд эмнэлэгт ирж үзүүлсэн. Тухайн үед манай нөхөр надад цагдаад битгий өгөөрэй би охины нэр дээр байраа шилжүүлье гэж хэлээд гараад явсан. Тэгээд би эмнэлэгт тариа хийлгээд цэвэрлүүлж боолгосон. Эмнэлгээс гараад ирэхэд манай нөхөр болон охин байхгүй байхаар нь би дүүгийнд нь орсон. Манай нөхөр нилээн хэдэн жилийн өмнөөс гэр бүлийн гадуурх харилцаа үүсгэсэн юм. Тэрнээс болж хэрүүл маргаан хийсэн бөгөөд саяхан 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр би нөхрийнхөө араас нэг хоногийн дараа Улаанбаатар явсан юм. Тэгэхэд манай нөхөр өөр хүүхэн явалдаж байсанг би олж мэдсэн юм тэрнээс хойш байнгын хэрүүл маргаантай байгаа юм. Намайг өмнө нь 2008 онд зодоод цагдаагаар яваад шүүхээр орж гэр бүл цуцлуулж байсан ч улсын бүртгэлд гэр бүл цуцлагдаагүй хэвээр байгаа. Миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохисон би аль гараараа цохисныг мэдэхгүй байна. Өөр цохисон зүйл байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Манай охин Х байсан өөр хүн байгаагүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу аргах хэмжээ авхуулмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 04-06 хуу/,

*Хохирогч Д.Цын дахин өгсөн: “...  Би болсон хэргийн талаар өмнө тодорхой мэдүүлсэн учир одоо надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Нэмж асуух зүйл байвал хариулна. Надад санал хүсэлт байхгүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 хуу/,

*Хохирогч Д.Цын дахин өгсөн: “...  Надад эмчилгээтэй холбоотой баримт байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуу/,

*Насанд хүрээгүй гэрч Н.Хын өгсөн: “…Би тухайн өдөр Спорт хороонд гар бөмбөгийн бэлтгэлтэй байсан юм. Тэгээд аав ээж 2 намайг авахаар 16 цаг өнгөрч байхад спорт хорооны гадаа ирчихлээ гэхээр нь би гараад машинд суухад аав ээж 2 хэрүүл хийгээд маргалдаад сууж байсан. Тухайн өдөр байрыг манай аав өөрийн нэр дээрээс миний нэр дээр шилжүүлэх гэж байсан юм. Тэгсэн шилжүүлэхгүй гэснээс болж маргалдсан мөн манай аав гэр бүлийн гадуурх харилцаанаас болж байнга л хэрүүлтэй байгаа юм сүүлийн үед тэгээд машин дотор хэрэлдэж байгаад ээж аавыг нэг удаа цохиход аав зөрүүлээд цохчихсон тэгсэн ээжийн нүднээс нь цус гараад уйлаад байсан тэгэхээр би аавыг эмнэлэг явъя гэж хэлэхэд явахгүй зүүн дэнж рүү чиглээд давхиад байсан. Тэгээд ээж 4 дүгээр сургуулийн ард хэсэгт явж байхад ээж машины цонхоор авраарай гэж орилсон бөгөөд тэнд 3 банди явж байсан. Тэгээд цогт уулын багийн төвийг өнгөрөөгөөд явж байгаад зогссон. Тэгээд би аавыг эмнэлэг явъя гэж хэлээд эмнэлэг рүү хамт явцгаасан. Спорт хорооноос Цогт уул хүртэл замдаа ээж зөндөө орилсон. Эмнэлэг дээр ирээд ээж эмчид үзүүлээд аавын хамтаар 2 дүүгээ цэцэрлэгээс аваад замдаа аавтай хамт нотариат ороход намайг насанд хүрээгүй учраас заавал ээж нь байна гэхээр нь аав эмнэлэг рүү ээжийг авахаар явсан тэгсэн ээж эмнэлэгт байхгүй байсан гэсэн тэгээд аав дүү нарын хамтаар гэртээ харьсан. Аав ээжийн нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон яг аль гараараа цохсоныг мэдэхгүй байна. Гэр бүлийн гадуурх харилцаанаас болж хэрүүл хийсэн. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Миний мэдүүлсэн бүхэн үнэн зөв...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/, 

*Д.Нийн яллагдагчаар өгсөн: “...Тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/,

    *Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 408 дугаартай дүгнэлт:
1.     Д.Цын биед баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.      Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3.    Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.    Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр 
хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
5.     Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-
ийн 23-24 хуу/,

*Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55 хуу/,
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 58 хуу/  
*Оршин суугаа газрын лавлагаа /хх-ийн 66 хуу/,
*Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 72-73 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Н нь ................... аймгийн ................... сум ...................... дугаар баг ..................... дээр 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эхнэр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Д.Цтай гэр бүлийн маргааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний нүдэн тус газар гараараа цохиж, биед нь баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Нт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2212................. дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Д.Н нь Архангай аймгийн Эрдэнэбулган сум 3 дугаар баг Спорт хорооны зогсоол дээр 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эхнэр буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Д.Цтай гэр бүлийн маргааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний нүдэн тус газар гараараа цохиж түүний биед баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Д.Цын: “...Спорт хороо руу очоод охиныг бэлтгэлээс аваад хорооны гадна хэрүүл хийж байгаад нөхрийн зүүн хацар хэсэгт нэг удаа цохисон тэгсэн манай нөхөр миний баруун нүд руу гараараа нэг удаа цохиход миний нүднээс цус гарсан тэгсэн нөхөр хээр гарч учраа ольё гэж хэлээд машинаа асаагаад хөдөлсөн тэгэхээр нь би бууя гэхэд намайг буулгахгүй байсан. Тэгээд 4 дүгээр сургуулийн зүүн талд явж байхад би цонхоор туслаарай гэж орилсон машины хойд суудалд манай том охин уйлаад эмнэлэг явж үзүүлье гэж хэлээд уйлаад байхад Цогт уулын 3 багийн төвийн хажуугаас эргээд эмнэлэгт ирж үзүүлсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05, 31-32 хуу/, насанд хүрээгүй гэрч Н.Хын: “...аав ээж 2 намайг авахаар 16 цаг өнгөрч байхад спорт хорооны гадаа ирчихлээ гэхээр нь би гараад машинд суухад аав ээж 2 хэрүүл хийгээд маргалдаад сууж байсан. Тухайн өдөр байрыг манай аав өөрийн нэр дээрээс миний нэр дээр шилжүүлэх гэж байсан юм. Тэгсэн шилжүүлэхгүй гэснээс болж маргалдсан мөн манай аав гэр бүлийн гадуурх харилцаанаас болж байнга л хэрүүлтэй байгаа юм сүүлийн үед тэгээд машин дотор хэрэлдэж байгаад ээж аавыг нэг удаа цохиход аав зөрүүлээд цохчихсон тэгсэн ээжийн нүднээс нь цус гараад уйлаад байсан тэгэхээр би аавыг эмнэлэг явъя гэж хэлэхэд явахгүй зүүн дэнж рүү чиглээд давхиад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 408 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Амарсанаагаас шүүгдэгч Д.Нийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд шүүгдэгч Д.Н нь хохирогч Д.Цын биед баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 408 дугаартай дүгнэлт дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  

    Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.  
    Иймд шүүгдэгч Д.Нийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр Д.Цыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 
Хохирогч Д.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцож, шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Д.Н нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.


Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч Д.Н нь  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Д.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Д.Нийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэж,  уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

     Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

    Шүүгдэгч Д.Нийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно гэх хүсэлтийг шүүхэд ирүүлснийг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     
                                                     

 ТОГТООХ нь: 


1.    Шүүгдэгч Б овогт Дийн Нийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.     Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.     Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ОТГОНЦЭЦЭГ