Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 160/2022/0285/Э |
Дугаар | 2022/ШЦТ/331 |
Огноо | 2022-12-16 |
Зүйл хэсэг | 24.6.1., |
Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/331
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Э хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Нгийн Гд холбогдох 2212...................... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн **суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймгийн **сумын Б багийн Халзан гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Нгийн Г /РД:****/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Н.Г нь ................. аймгийн **сумын Б баг Бийн эх гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 38 ширхэг 1.7метр куб хуурай шинэс модыг бэлтгэх технологийг зөрчиж, хууль бусаар бэлтгэж, **-** АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 186.592 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2212000000317 дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэний нэхэмжлэгч Ю.Бын өгсөн: “...Байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээгээр төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 хуу/,
*Гэрч Г.Дын өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Манай аав болох Г модны гоожин аваад ир гээд хэлээд явуулсан юм Тэгээд би байгаль хамгаалагч дээр очоод өөрийнхөө нэр дээр гоожин бичүүлээд ирсэн юм. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр аав мод бэлтгээд дуусчихсан байж байхад би малдаа явж байгаад таарсан юм. Тэгээд Архангай аймгийн **сумын Б багийн Бийн эх гэх ойгоос гэр лүүгээ авч явж байгаад цагдаатай таарсан байсан. Би сайн мэдэхгүй байна. Би зааж өгч чадна. Хоёр босоо мод тайрч унагасан байсан бусад мод нь унасан байсан моднуудыг тайрч ачсан байсан тоо ширхгийг сайн мэдэхгүй байна. Н.Г нь Архангай аймгийн **сумын Б багийн Бий эх гэх ойгоос бэлтгэсэн юм. Аав ганцаараа байсан. Мод ачиж явсан **-** АРХ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний аавын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/,
*Гэрч Г.Гын өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн ** сумын Б багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийх хугацаанд өдөр 13 цагийн үед **-** арх улсын дугаартай мод ачсан тээврийн хэрэгсэл шалгахад ойн цэвэрлэгээний эрхийн бичиггүй босоо мод тээвэрлэсэн явж байсныг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд модтой авто машиныг саатуулсан юм. Архангай аймгийн ** сумын байгаль хамгаалагч А бичиж өгсөн эрхийн бичигтэй биедээ авч яваагүй гэртээ үлдээчихсэн байна гэж ярьж байсан. Босоо мод бэлтгэсэн байсан. Ганцаараа явж байсан мод бэлтгэсэн газраа зааж өгч чадна гэж байсан. Н.Г нь өөрийн нэр дээр байсан эзэмшлийн **-** АРХ гэсэн улсын дугаартай портер маркийн авто машин байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/,
*Гэрч М.Аын өгсөн: “...Би Архангай аймгийн **сумын засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай одоо 3 жил уг ажлыг тасралтгүй хийж байна. Н.Г нь хүүхэд болох Д гэдэг хүн надаас 2022 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авсан. Би Г бэлтгэсэн модыг үзэж харсан босоо болон унанги шинэс төрлийн мод огтолж унгасан байсан. Иргэнд босоо мод огтлох эрх үүсэхгүй. Уг газарт талбай тусгаарлалт 2022 оны 05 дугаар сард хийгдсэн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/
*Н.Г яллагдагчаар өгсөн: “...Өмнө үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул одоо өөрийн эрхийн дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 хуу/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-05 хуу/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-12 хуу/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 хуу/,
Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-ийн 51 хуу/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 52 хуу/,
Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 29 дугаартай:
1. Иргэн Н.Г зохих зөвшөөрөлгүй, эрхийн бичиггүй бэлтгэсэн мод нь Шинэс
төрлийн хуурай мод байна.
2. Уг мод нь 1 метр 50 санжийн урттайгаас 1 метрийн урттай 38 ширхэг хуурай шинэс
төрлийн мод байна.
3. Нийт тоо ширхэг 38, нийт шоо метр 1.7м3 модыг бэлтгэжээ. 1.5-1.8м3 модны
экологи-эдийн засгийн үнэлгээг тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот /төлбөрийн муж тогтоох тухай/ үндэслэн ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж /нойтон түлээ/ [1] шууд үр ашгийн-48.098 төгрөг, шууд бус үр ашгийн 61.662 төгрөг, нийт 109.760 төгрөг мод, бөөрөнхий мод 1.8 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 186.592 төгрөгөөр тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38 хуу/,
Дамно ХХК-ны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний АЦ22-106 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 57-61 хуу/,
Дамно ХХК-ны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны АЦ22-72 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 62-67 хуу/,
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 хуу/,
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 114-115 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Г холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Г нь Архангай аймгийн **сумын Б баг Бийн эх гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 38 ширхэг 1.7м куб хуурай шинэс модыг бэлтгэх технологийг зөрчиж, хууль бусаар бэлтгэж, **-** АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 186.592 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 2212000000317 дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг булуу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Г нь ................ аймгийн **сумын Б баг Бийн эх гэх газраас 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 38 ширхэг 1.7 метр куб хуурай шинэс модыг бэлтгэх технологийг зөрчиж, хууль бусаар бэлтгэж, **-** АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 186.592 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: Иргэний нэхэмжлэгч Ю.Бгийн: “...Би Байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээгээр төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 хуу/, гэрч Г.Дын өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Манай аав болох Г модны гоожин аваад ир гээд хэлээд явуулсан юм Тэгээд би байгаль хамгаалагч дээр очоод өөрийнхөө нэр дээр гоожин бичүүлээд ирсэн юм. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр аав мод бэлтгээд дуусчихсан байж байхад би малдаа явж байгаад таарсан юм. Тэгээд Архангай аймгийн **сумын Б багийн Бийн эх гэх ойгоос гэр лүүгээ авч явж байгаад цагдаатай таарсан байсан...Мод ачиж явсан **-** АРХ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний аавын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/, гэрч Г.Гын өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн ** сумын Б багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийх хугацаанд өдөр 13 цагийн үед **-** АРХ улсын дугаартай мод ачсан тээврийн хэрэгсэл шалгахад ойн цэвэрлэгээний эрхийн бичиггүй босоо мод тээвэрлэсэн явж байсныг тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд модтой авто машиныг саатуулсан юм. Архангай аймгийн ** сумын байгаль хамгаалагч А бичиж өгсөн эрхийн бичигтэй биедээ авч яваагүй гэртээ үлдээчихсэн байна гэж ярьж байсан. Босоо мод бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/,гэрч М.Аын өгсөн: “...Би Архангай аймгийн ** сумын засаг даргын тамгын газарт байгаль хамгаалагч ажилтай одоо 3 жил уг ажлыг тасралтгүй хийж байна. Н.Г нь хүүхэд болох Д гэдэг хүн надаас 2022 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авсан. Би Г бэлтгэсэн модыг үзэж харсан босоо болон унанги шинэс төрлийн мод огтолж унгасан байсан. Иргэнд босоо мод огтлох эрх үүсэхгүй. Уг газарт талбай тусгаарлалт 2022 оны 05 дугаар сард хийгдсэн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 хуу/, Дамно ХХК-ны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний АЦ22-106 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 57-61 хуу/,Дамно ХХК-ны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны АЦ22-72 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 62-67 хуу/,зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Батсүхээс шүүгдэгч Н.Г үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана...”гэж мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ”...Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг энэ хуулийн 34.1-д заасны дагуу олгоно...”гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Г үйлдэл нь хууль бусаар ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Н.Г үйлдлийн улмаас ойн санд 186.592 /нэг зуун наян зургаан мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /186.592х3=559.776 төгрөг /таван зуун тавин есөн мянга долоон зуун далан зургаа/ төгрөг гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 559.776 төгрөг /таван зуун тавин есөн мянга долоон зуун далан зургаа/ төгрөгийг шүүгдэгч Н.Гас гаргуулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Н.Г нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэн ойн санд хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5 дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 78 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** АРХ улсын дугаартай бонго Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6.950.200 /зургаан сая есөн зуун тавин мянга хоёр зуу/ төгрөгөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 559.776 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлөхөд зарцуулж үлдэгдэл 6.390.424 төгрөгийг шүүгдэгч Н.Гас гаргуулж улсын орлого болгож, 56.000 /тавин зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий хар өнгийн цахилгаан хөрөө, 1.7 метр куб 272.000 /хоёр зуун далан хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 38 ширхэг шинэс төрлийн хуурай модыг тус тус хураан авч улсын орлого болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Г өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Нгийн Г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г 450/ дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гд оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 78 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6.950.200 /зургаан сая есөн зуун тавин мянга хоёр зуу/ төгрөгнөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 559.776 /таван зуун тавин есөн мянга долоон зуун далан зургаа/төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 6.390.424 /зургаан сая гурван зуун ерэн мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөгийг шүүгдэгч Н.Гас гаргуулж улсын орлого болгож, 56.000 /тавин зургаан мянга/ төгрөгийн үнэ бүхий хар өнгийн цахилгаан хөрөө, 1.7 м куб 272.000 /хоёр зуун далан хоёр мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 38 ширхэг шинэс төрлийн хуурай модыг тус тус хураан авч улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ