| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2022/0190/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/201 |
| Огноо | 2022-11-28 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, улсын өмгөөлөгч М.М,
Шүүгдэгч: А.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х А овогт Агийн Гт холбогдох эрүүгийн 2235000000174 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн .......... суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомеханикч мэргэжилтэй, хувиараа авто машин засдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн ................ сумын 7 дугаар багийн 10-13 тоотод оршин суух хаягтай, урьд Ховд аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1233–д зааснаар 3 жилийн хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, тус аймгийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр эрүүгийн хэргийн шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, Нийслэлийн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Х А а овогт Агийн Г, регистрийн дугаар: ............
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Г нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Увс аймгийн ................ сумын 10 дугаар багийн 14-02 тоотод байрлах хохирогч Н.Тгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хурган дотортой эмэгтэй хүний дээл 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, алдарт уяачийн малгайн тэмдэг зэргийг, мөн тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу хохирогчийн гражид хууль бусаар нэвтэрч 2.5 кг ноолуур зэргийг хулгайлж 1.862.500 төгрөгийн хохирол учруулсан,
-2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Н.Тгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хурган дотортой, эрэгтэй дээл 1 ширхэг, морины хусуур 1 ширхэг зэргийг хулгайлж, 1.850.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2022 оны 08 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө хохирогч Н.Тгийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу гражид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн 25 кг сарлагийн хялгас авч 125.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч А.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, дүгнэлтийн агуулга:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Г нь ................ сумын 10-р багийн 14-02 тоотод хохирогч Н.Тгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшинд 2022 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хурган дотортой эмэгтэй хүний дээл, мөнгөн аяга 2 ширхэг, алдарт уяачийн малгайны тэмдэг, тусгайлан хамгаалсан байр, агуулах буюу гражид нэвтэрч 2.5 кг ноолуурыг зэргийг хулгайлж 1.862.500 төгрөгийн, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эрэгтэй хурганы арьсан дээл, морины хусуур зэргийг хулгайлж, 1.850.000 төгрөгийн нийт 3.712.500 /гурван сая долоон зуун арван хоёр мянга/ төгрөгийн, Мөн ................ сумын 10-р багийн 14-02 тоотод байрлах хохирогч Н.Тгийн эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулах болох гражид 2022 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн 25 кг сарлагийн хялгас авч, 125.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хамаарах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэв.
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч А.Г нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа зөвшөөрч байгаа талаараа мэдүүлсэн, иймд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв
3. Шүүгдэгч А.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт:“ ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Эрүүгийн 2235000000174 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
А. Шүүгдэгч А.Г нь ................ сумын 10-р багийн 14-02 тоотод байрлах хохирогч Н.Тийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2022 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч хурган дотортой эмэгтэй хүний дээл, мөнгөн аяга 2 ширхэг, алдарт уяачийн малгайны мөнгөн тэмдэгт, тусгайлан хамгаапсан байр, агуулах буюу грашид нэвтэрч 2.5 кг ноолуурыг зэргийг хулгайлж 1.862.500 төгрөгийн,
хохирогч Н.Тгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч эрэгтэй хүний хурганы арьсан дээл, морины хусуур зэргийг хупгайлж, 1.850.000 төгрөгийн нийт 3.712.500 /гурван сая долоон зуун арван хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн талаар:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 6-12 дахь тал);
2. Хохирогч Н.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр би Бөхмөрөн суманд нөхөртэйгээ хамт байсан. Тухайн үед машин эвдрээд хүүхэдрүүгээ залгаад машин засдаг Гийг дагуулаад хүрээд ир гэж хэлэхэд манай манай хүү А Бөхмөрөн сумруу машин засуулахаар Г гэх хүнийг дагуулж ирсэн. Тухайн газар машины сэлбэг байхгүй болохоор бид нар бүгд 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Бөхмөрөн сумаас хамт аймгийн төвд ирсэн. Бид нар ирэхдээ манай хөдөөний гэрээс аймгийн алдарт уяачийн малгай тэмдэгтэйгээ, морины хусуур, сарлагийн хялгас зэргийг аймгийн төвд байх гэртээ авч ирсэн. Манай ээжийн бие нь муу байсан учраас би ээжийгээ сахиж байгаад 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Бөхмөрөн сум руу явж 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр аймгийн төвд гэртээ ирсэн. Тэгээд ирээд айлын найранд явах гээд авдраа онгойлгоход манай авдраас хурганы арьсан дотортой дээл-2 ширхэг /3.500.000 үнэлж байна/, алдарт уяачийн малгайны тэмдэг-1 ширхэг /2020 онд Улаанбаатар хотод 250.000 төгрөгөөр захиалж авч байсан/, 6-ын мөнгөн аяга-2 ширхэг /2020 онд Улаанбаатар хотоос 1 ширхэгийг нь 300.000 төгрөгөөр авч байсан/, 2.5 кг ямааны ноолуур зэрэг эд зүйл тус тус хулгайлагдсан байсан. Манай гэрээс урьд өмнө олон удаа эд зүйл хулгайд алдагдаж байсан би маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16, 28 дахь тал);
3. Гэрч С.Нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...А.Г гэх хүн 2022 оны 08 дугаар сарын эхээр буюу өдрийг сайн санахгүй байна намайг гэртээ амарч байхад миний утсаар залгаж нэг мөнгөн аяганы мөнгө өгөх гэсэн юмаа гэхээр нь би тухайн үед орой болчихсон байна маргааш авья гэж хэлэхэд эгчээ яарА хэрэгтэй байна гэсээр байгаад манай гэрт нэг мөнгөн аяганы мөнгийг хуулчихсан 1,1 гр мөнгө авч ирж өгөөд 60,000 төгрөг аваад буцаад явсан, харин малгайн тэмдэг авч ирж өгөөгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал);
4. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 281 дугаартай “...2022 оны 08 дугаар сарын байдлаар Увс аймгийн ................ суманд алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийн баримжаа нийт 3.475.000 (гурван сая дөрвөн зуун далан таван мянга) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36 дахь тал);
5. Шүүгдэгч А.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. 2022 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө би тухайн гэрийн хаалганы тотгон дээр байсан гэрийнх нь түлхүүрийг аваад хаалгыг нь онгойлгож ороод гэрт байсан хойморын авдар дотроос хурган дотортой улаан өнгөтэй эмэгтэй хүний дээл, хоолны шкаб дээр байсан мөнгөн аяга 2 ширхэг, авдар дээр байсан алдарт уяачийн малгайны тэмдгийг, граж дотор талд хураасан дугуйн дотор байсан ногоон өнгийн гялгар тортой 2.5 кг ноолуурыг хулгайлан авсан. Би 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр дахин уг айл руу орж хойморын авдар дээр байсан хурган дотортой эрэгтэй хүний бор хүрэн өнгийн дээл, хойморын авдар дээр байсан морины хусуур зэргийг хулгайлан авсан юм. Би тухайн айлаас авсан эрэгтэй хүний хурган дотортой дээлийг 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гадна талын өнгийг нь хуулж аваад зөвхөн дотор талын хурганы арьсыг бэлэн 500.000 төгрөгөөр гранд зочид буудалд амарч байсан хоёр эрэгтэй хүнд зарсан, харин би тухайн айлаас авсан эмэгтэй хурган дотортой дээлийг өөрийн урд талын хашааны амбаарт нуучихсан байсан боловч алга болчихсон байсан. 2 ширхэг мөнгөн аяганы гадна талын мөнгө, малгайны тэмдгийг ................ сумын задгай зах дотор зогсдог алт мөнгөний дарханд 60.000 төгрөгөөр зарсан, морины хусуурыг өөрийн урд талын эзгүй хашаанд байрлах модон амбаарт нуусан юм. Уг айлын амбаараас авсан 2,5 кг ноолуурыг ................ сумын зах дотор зогсдог арьс нэхийн ченжид 185.000 төгрөгөөр өгсөн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг,
Б. Шүүгдэгч А.Г нь ................ сумын 10-р багийн 14-02 тоотод байрлах хохирогч Н.Тгийн эзэмшлийн тусгайлан бэлтгэсэн байр, агуулахад буюу граш руу 2022 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн 25 кг сарлагийн хялгас авч, 125.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийн талаар:
6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 58-67 дахь тал);
7. Хохирогч Н.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 08 дугаар сарын 13-ны өглөө ................ сумын 10-р багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ иртэл манай байшингийн грашид байсан ногоон өнгийн шуудайтай 25 кг сарлагийн хялгас алга болчихсон байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Би 2022 оны 08 дугаар сарын 12-ны оройн 17 цагийн үед үзэхэд байсан. Харин 2022 оны 08 дугаар сарын 13-ны өглөө үзэхэд байхгүй байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал);
8. Шүүгдэгч А.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ................ сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 14-02 тоот хашаа руу орж амбаар дотор байсан ногоон өнгийн том шуудайтай сарлагийн ноосыг хулгайлан авсан бөгөөд тухайн ноосоо өөрийн урд талын хоосон хашаанд байрлах амбаар дотор оруулж хийсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дэх тал);
9. Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 282 дугаартай “................... суманд 08 дугаар сарын байдлаар ................ суманд 1кг сарлагын хялгасны зах заалийн үнэ цэнийн баримжаа 5.000 (таван мянган) төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 80 дахь тал ) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Хохирогч Н.Т, шүүгдэгчийн өмгөөлөгч М.М, шүүгдэгч А.Г нар нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамаарА, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг өөр хооронд харьцуулан тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:
Шүүгдэгч А.Г нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө Увс аймгийн ................ сумын 10 дугаар багийн 14-02 тоотод байрлах хохирогч Н.Тгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрт нэвтэрч, эмэгтэй хүний хурганы арьсан дотортой дээл 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, алдарт уяачийн малгайн тэмдэг 1 ширхэг зэрэг эд зүйлийг, гэрийн хажууд байрлах гражаас ууттай 2.5 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
- 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Н.Тгийн Монгол гэрт орж, хойморын авдраас нь эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, авдар дээр байсан морины хусуур 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,
-2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө хохирогч Н.Тгийн гражид орж, 25 кг сарлагийн хялгасыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.
Хууль зүйн дүгнэлт:
1. Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар халдаж, хохирол, хор уршиг учруулсныг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тогтоожээ.
-Хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь хулгайлагдсан эд хөрөнгө байх бөгөөд “бусдын эд хөрөнгө” гэж гэмт этгээдийн хувьд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй, бусад хүний эзэмшилд байгаа эд хөрөнгийг хамааруулж ойлгоно.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгс үйлдэгдсэнд тооцогддог, материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд бага хэмжээний хохирол гэдэгт гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээний хохирол учирсныг ойлгохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заажээ.
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол “Хулгайлах” гэмт хэргээр зүйлчлэхээр Эрүүгийн хуульд заасан нь энэ гэмт хэргийн обьектив талын шинж юм.
-Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч А.Г нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 8 дугаар сарын 01-нд шилжих шөнө Увс аймгийн ................ сумын 10 дугаар багийн 14-02 тоотод байрлах хохирогч Н.Тгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Монгол гэрт нэвтэрч, эмэгтэй хүний хурганы арьсан дотортой дээл 1 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг, алдарт уяачийн малгайн тэмдэг 1 ширхэг зэрэг эд зүйлийг, гэрийн хажууд байрлах гражаас ууттай 2.5 кг ноолуурыг,
- 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хохирогч Н.Тгийн Монгол гэрт орж, хойморын авдраас нь эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, авдар дээр байсан морины хусуур 1 ширхэг зэргийг,
-2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө хохирогч Н.Тгийн гражид орж, 25 кг сарлагийн хялгас зэргийг бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийн өмчлөгч болох хохирогч Н.Т болон өөр бусад хэн нэгэн хүнд мэдэгдэхгүйгээр шөнийн цагаар нууцаар авч, өөрийн үзэмжээр чөлөөтэй захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу зарим эд зүйлийг захиран зарцуулсан үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх обьектив талын үндсэн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч А.Г нь 3 удаагийн үйлдлээр хохирогч Н.Тгийн гэр, гражид нэвтрэн орж, эд зүйл хулгайлан авч, хохирогчид нийтдээ 3.837.500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь тогтоогдож байх бөгөөд энэ нь хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг бүрэн хангаж байна. (хавтаст хэргийн 38, 80 дахь тал),
2. “Хулгайлах” гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжтэйгээр хуульчилжээ.
Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ба үүнд хохирлын хэмжээ шаардахгүй юм.
Шүүгдэгч А.Г нь удаа дараагийн үйлдлээр хохирогч Н.Тгийн амьдардаг Монгол гэр болон тусгайлан хамгаалсан байр болох гражид орж, эд зүйлийг нь хулгайлсан нь тогтоогджээ.
“Орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт тодорхойлсон тул хохирогч Н.Тгийн байнга амьдардаг Монгол гэрийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байр” гэж үзнэ.
“Тусгайлан хамгаалсан байр, агуулах” гэж эд хөрөнгийг байнга буюу түр хадгалах зориулалттай байшин, пин, амбаар, илүү гэр, гэрийн болон тээврийн чингэлэг, бүх төрлийн агуулах, зоорь, автомухлаг, хөргөх ба эд бараа зөөх төхөөрөмжтэй автомашин, граж.....зэргийг хамааруулан ойлгох тул хохирогч Н.Тгийн хашаанд байрлах автомашины гражийг “тусгайлан хамгаалсан байр, агуулах” гэж үзнэ.
Хохирогч Н.Т нь хөдөө явахдаа өөрийн гэр орон, автомашины граж зэргийг бусдын халдлагаас хамгаалах зорилгоор гэрээ цоожилж, гражийн хаалгыг хаасан нь нотлогдож байх бөгөөд хохирогчийн гэр болон автомашины граж зэрэг нь шүүгдэгч А.Гийн хувьд тухайн цаг хугацаанд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй орон зай болох нь тогтоогдож байна.
Гэтэл шүүгдэгч А.Г нь хохирогчийн байнга амьдардаг Монгол гэр болон эд хөрөнгөө байнга болон түр хадгалах зориулалттай автомашины граж зэрэгт өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй нэвтрэх боломжгүй гэдгийг мэдсээр байж, Монгол гэрийн түлхүүрийг хаалганы тотгон дээрээс авч, онгойлгон орж, гэрээс хурган дотортой эрэгтэй, эмэгтэй хүний дээл, мөнгөн аяга, морины хусуур, малгайн тэмдэг зэрэг эд зүйлийг, гражийн хаалгыг цоожлохгүйгээр хаагаад орхисон байхад нь сэм орж 2.5 кг ноолуур, 25 кг сарлагийн хялгас зэрэг эд зүйлийг хулгайлсан нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Гийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бус аргаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Дээрхээс нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч А.Г нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгай хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь “Хулгайлах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ” гэж заажээ.
Шүүгдэгч А.Г нь хохирогч Н.Тгийн амьдардаг гэр болон эд хөрөнгөө түр болон байнга хадгалах зориулалттай гражид хууль бусаар 3 удаа нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнийг үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Шүүгдэгч А.Г нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
5. Иймд шүүгдэгч А.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч А.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
6. Шүүгдэгч А.Г болон түүний өмгөөлөгч М.М нар нь гэм буруугийн асуудлаар маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
2. Шүүгдэгч А.Г нь хохирогч Н.Тгийн гэр болон гражид 3 удаагийн үйлдлээр нэвтэрч, 2 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, морины хусуур 1 ширхэг, аймгийн алдарт уяачийн малгайны тэмдэг 1 ширхэг, 2.5 кг ноолуур, 25 кг сарлагийн хялгас зэрэг эд зүйлийн хулгайлсан нь тогтоогдсон байна.
3. Хөрөнгийн үнэлгээчин, шинжээч Я.Нарантуяагийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 281 дугаартай дүгнэлтээр 2022 оны 7 дугаар сарын байдлаар ................ суманд 6-ын хэмжээтэй, 2 ширхэг мөнгөн аяга 200.000 х 2=400.000 төгрөг, эрэгтэй хүний хурганы арьсан дотортой дээл 1х1500.000 төгрөг, эмэгтэй хүний хурганы арьсан дотортой дээл 1х1200.000 төгрөг, морины хусуур 1 х 350.000 төгрөг, аймгийн алдарт уяачийн малгайны тэмдэг 1х25.000 төгрөг, ноолуур 2.5х95.000=237.500 төгрөг, нийт 3.712.500 төгрөгийн үнэтэй байсныг,
- мөн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 282 дугаартай дүгнэлтээр 2022 оны 8 дугаар сарын байдлаар ................ суманд 1 кг сарлагийн хялгас 5000 төгрөг буюу 25 кг сарлагын хялгас 125.000 төгрөгийн үнэтэй байсан болохыг тус тус тогтоожээ.
Иймд шүүгдэгч А.Гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Тд нийтдээ 3.837.500 (гурван сая найман зуун гучин долоон мянга таван зуун) төгрөгийн хор уршиг учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч А.Гөөс морины хусуур, 25 кг сарлагын хялгас зэргийг хураан авч, хохирогч Н.Тд хүлээлгэн өгсөн нь нотлогдож байх бөгөөд эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд 1 кг сарлагийн хялгас 5000 төгрөг буюу 25х5000=125.000 төгрөг, морины хусуур 350.000 төгрөгийн үнэ цэнэтэй байсан нь тогтоогдож байх тул гэмт хэргийн хор уршиг 3.837.500 төгрөгөөс 25 кг сарлагийн хялгасны үнэ, 125.000 төгрөг, морины хусуурны үнэ 350.000 төгрөг, нийт 475.000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх хэсэг болох 3.362.500 (гурван сая гурван зуун жаран хоёр мянга таван зуу) төгрөгийг шүүгдэгч А.Гөөс гаргуулан, хохирогч Н.Тд олгож шийдвэрлэв.
5. Шүүгдэгч А.Г нь шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирол болох 3.362.500 төгрөгийг хохирогчид төлж барагдуулах хүсэлт гаргаж, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулсан боловч, шүүх хуралдаан завсарласан хугацаанд хохирогч Н.Тд хохирол, хор уршгийг төлж барагдуулаагүйг дурдах нь зүйтэй.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч А.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн, тэрээр эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвар бүхий субьект байх тул түүнд үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санА байна” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...Миний үйлүүлэгч нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдсон гэж үзэж байгаа тул гэм буруугийн асуудлаар маргаагүй. Шүүгдэгч А.Гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
4. Шүүгдэгч А.Г нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хүсэлтдээ: “Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Надад оногдуулах хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. Хохирлыг төлж барагдуулна” гэв.
5. Шүүгдэгч А.Гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
-Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч А.Г нь хохирогч Н.Тгийн гэрээр байнга орж, гарч машиныг нь засаж өгч, ойр дотно харилцаатай байдгийн хувьд граж нь байнга цоожгүй байдаг, гэрийн түлхүүрээ хаалганыхаа дээд талын тотгонд хийж үлдээдэг зэргийг мэдэх болсон давуу байдлаа ашиглан гэрийн эзэд хөдөө явсан, эзэнгүй байгааг далимдуулан 3 удаагийн үйлдлээр гэр болон гражид хууль бусаар нэвтэрч, эд зүйл хулгайлсан нь тогтоогдож байгааг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал”-д хамааруулж үзэх нь зүйтэй байна.
-Учирсан хохирол, хор уршгийн шинж чанарын хувьд А.Г нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд удаа дараагийн идэвхтэй, үйлдлээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, тодорхой материаллаг хохирол учруулсныг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн шүүгдэгч А.Г нь хувийн байдлын хувьд 1981 онд төрсөн, 41 настай, тусгай дунд боловсролтой, автомеханикч мэргэжилтэй, хувиараа автомашин засаж, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, ам бүл 5, 02-12 насны 3 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг, хувьдаа ямар нэгэн эд хөрөнгөгүй, өрхийн амьжиргааны түвшин дунджаас доогуур үзүүлэлттэй,
-урьд Ховд аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3–д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар эдлээгүй үлдсэн 1 жил, 4 сар, 20 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
-Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар,
-тус аймгийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг 2 жилийн хорих ялыг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор А.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялд багтааж, бүгд 3 жилийн хорих ялаар,
-Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр эрүүгийн хэргийн шүүхийн 2004 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, А.Гт Увс аймгийн шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг сэргээж, энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт 4 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,
-Мөн Нийслэлийн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 166 дугаартай шүүгчийн захирамжаар 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлт орсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан хорих ялын доод хэмжээнд нийцүүлэн 10 жил 1 сарын хорих ялыг 2 жил, 1 сар болгон хөнгөрүүлэн өөрчилж, хөнгөрүүлэн өөрчилж, А.Гийн эдэлсэн 1 жил, 1 сар, 21 хоногийн хорих ялыг 2 жил 1 сарын хорих ялаас хасаж, тооцон үлдэх 11 сар, 9 хоногийн хорих ялыг биеэр эдэлж, 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдөр суллагдсан болох нь хавтаст хэргийн 98-128 дахь талд авагдсан баримтуудаар нотлогджээ.
-Шүүгдэгч А.Гийн хувийн зан байдлын талаар гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд “ А.Г нь миний нөхөр бөгөөд 1981 оны 03 дугаар сарын 05-нд төрсөн, 41 настай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Увс аймгийн ................ сумын 7 дугаар багт 3 тал хашаатай, 6 ханатай Монгол гэрт амьдардаг, хувиараа машин засдаг, зан араншингийн хувьд бол бусдад тусархуу зантай, өглөгч зөөлөн сэтгэлтэй, үр хүүхдүүдээ халамж сайтай, хүнтэй хэл ам хэрүүл маргаан огт хийдэггүй, төлөв даруу зантай хүн юм” гэх мэдүүлэг өгснийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх үндэслэлтэй (хавтаст хэргийн 30 дахь тал),
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр заажээ.
Шүүгдэгч А.Г нь урьд 5 удаа өмчлөх эрхийн эсрэг буюу “Хулгайлах” гэмт хэрэг үйлдэж, шүүхээс хорих ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан нөхцөл байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Г нь урьд удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр заажээ.
Шүүгдэгч А.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч тэрээр 3 удаагийн санаатай үйлдлээр хохирогчийн гэр, гражид хууль бусаар нэвтэрч гэмт хэрэг үйлдсэнийг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдал” гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч А.Г нь гэмт хэргийн хохирол, хор уршгийг сайн дураараа төлж барагдуулаагүй, шүүхээс төлүүлэхээр тогтоосон хохирол болох 3.362.500 төгрөгийг төлөхөө илэрхийлж, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулсан боловч тэрээр гэмт хэргийн хор уршгийг арилгаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж тодорхойлжээ.
Шүүгдэгч А.Гийн холбогдсон гэмт хэрэг нь хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд тэрээр урьд удаа дараа хулгайлах гэмт хэрэг үйлдэж, шүүхээс хорих ял шийтгүүлж, биечлэн эдэлж байсан боловч засрал хүмүүжил олж, нийгэмшээгүйгээс дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь хорихоос өөр төрлийн ялын сонголтгүй бөгөөд хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн тохиолдолд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заажээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Гийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ба шүүгдэгч А.Гт энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаас дөрвөн жилийн хорих ял оногдуулах улсын яллагчийн дүгнэлтийг шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.
7. Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг тус тус баримтлан, А.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгаагүй, урьд удаа дараа хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Гт 4 (дөрвөн) жил хорих ял шийтгэж, шүүгдэгч А.Гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хор уршгийг арилгахаа илэрхийлсэн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Гт оногдуулсан 4 (дөрвөн) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар:
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.
-Шүүгдэгч А.Г нь хохирогч Н.Тгийн гэрээс хулгайлж авсан 2 ширхэг мөнгөн аяганы мөнгийг нь хуулж, 60.000 төгрөгөөр, 2.5 кг ноолуурыг 185.000 төгрөгөөр, эрэгтэй хүний хурганы арьсан дотортой 1 ширхэг дээлийг 500.000 төгрөгөөр тус тус бусдад худалдан борлуулж, хууль бусаар нийт 745.000 төгрөгийн ашиг орлого олсон нь тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-д зааснаар шүүгдэгч А.Гийн гэмт хэрэг үйлдэж, хууль бусаар олсон хөрөнгө орлого болох 745.000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
1. Шүүгдэгч А.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь дурдаж, мөрдөн байцаалтын шатанд А.Гт холбогдсон 2235000000174 дугаартай эрүүгийн хэрэгт 2235000000175 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэж ирүүлснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Гт хорих ял шийтгэж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х А ургийн овогт Агийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгай хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Гт 4 (дөрвөн) жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Гт оногдуулсан дөрвөн жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч А.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч А.Гийн эдлэх хорих ялыг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч А.Гөөс гэмт хэргийн хор уршигт 3.362.500 (гурван сая гурван зуун жаран хоёр мянга таван зуун) төгрөг гаргуулж, хохирогч Н.Тд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-д зааснаар шүүгдэгч А.Гийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 745.000 (долоон зуун дөчин таван мянган) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, А.Гт холбогдох эрүүгийн 2235000000174 дугаартай хэрэгт түүнд холбогдох 2235000000175 дугаартай хэргийг нэгтгэж ирүүлснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА