| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2019/00130/И |
| Дугаар | 130 |
| Огноо | 2019-05-02 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 130
| 2019 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 104/ШШ2019/00130 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,******* байрлах, ******* ХХ,МТГ /РД:*******/
Хариуцагч: *******,*******,*******,*******од байрлах, “” ХХК /РД:/-д холбогдуулан
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгө 2.600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХ,МТГ шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг Харилцаа холбооны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шуудангийн тухай хууль болон Засгийн газраас 2009 онд баталсан 151 дугаартай “Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах журам батлах тухай” тогтоолд зааснаар хоёр төрлөөр төвлөрүүлдэг.
1.Харилцаа холбоо, радио телевиз, мэдээллийн технологийн бүх төрлийн үйлчилгээний чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшдэг хуулийн этгээдээс төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.-т зааснаар тухайн этгээдийн албан татвар ногдуулах орлогын 2 хувьтай тэнцүү байх
2.Шуудангийн тусгай үйлчилгээний чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдээс төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Шуудангийн тухай хуульд зааснаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр баталсан хөрөнгийн хэмжээгээр байхаар заасан. Энэ үүргийг хуулиар зохицуулсан учир тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулдаггүй. Хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл эзэмших хугацаанд жил бүр Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийг төлөх ёстой.
Хариуцагч “” ХХК нь 2004 оны 7 дугаар сард Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Улаанбаатар хот, *******-Сөүл, хотуудын хооронд улс хоорондын шуудангийн илгээмжийн илгээлтийн үйлчилгээ эрхлэх” чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авсан. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүсэлт ирүүлсэний дагуу сунгаж, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 34 дугаартай тогтоолоор тусгай зөвшөөрлийг цуцалсан. “” ХХК нь сунгахтай холбоотой болон үйл ажиллагаатай холбоотой хураамжийг төлж байсан баримт байгаа.
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төлөх мөнгөн хөрөнгийг төлөх шаардлагыг 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 9/347 тоот албан бичиг, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 7/849 тоот албан бичгээр хүргүүлж байсан.
Хариуцагч “” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулж, жил бүр төлбөр төлж байсан нь үйл ажиллагаагаа явуулж байсанг нотолж байна.
Иймд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 66 тоот тогтоолоор 2008 онд санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 800.000 төгрөг, 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 38 тоот тогтоолоор 2009 онд санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 800.000 төгрөг, 2009 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 57 тоот тогтоолоор 2010 онд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг Улаанбаатар хотод 1.000.000 төгрөг байхаар тус тус тогтоосон тул хариуцагч “” ХХК-иас 2.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа Иргэний хуулийн 71 дүгээр зүйлд зааснаар 10 жил байна. Ер нь татвар төлөлтийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч “” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа: 2004 онд Харилцаа холбооны зохицуулах хорооноос Шуудангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгохдоо гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулахдаа төлбөр авсан. Харин Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төлөх мөнгөн хураамжийн талаар мэдэгдээгүй ба шаардаж байгаагүй.
Мөн манай компани , хотуудын хооронд улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээг 2006 оноос хойш явуулаагүй. Энэ нь Гаалийн Ерөнхий газраас авсан баримтаар нотлогдоно.
Харин Харилцаа холбооны зохицуулах хороо үйл ажиллагаагаа явуулаагүй нэг жил болсон компанийн тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д зааснаар хүчингүй болгох ёстой байсан. Мөн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлт гаргаагүй учир 2007 онд тусгай зөвшөөрөл дуусгавар болсон.
Гэтэл шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримтанд “” ХХК 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргаж, үйлчилгээний хөлс төлсөн гэсэн байна. Энэ талаар эцэг С.Баасанжаваас асуухад “...би хүсэлт гаргаагүй...миний гарын үсэг биш” гэсэн. Иймд үйлчилгээний хөлс төлсөн гэх хүн хуурамч бичиг баримт бүрдүүлэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулсан гэж үзэж байгаа. Мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эвлэрэх боломжгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХ,МТГ нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу , хотуудын хооронд улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан хариуцагч “” ХХК-иас Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх мөнгөн хөрөнгө нийт 5.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ 2.600.000 төгрөг болгон багасгаж, 2.800.000 төгрөгөөс татгалзсан.
Хариуцагч “” ХХК “...2004 онд Харилцаа холбооны зохицуулах хорооноос , хотуудын хооронд улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл авсан боловч үйл ажиллагаагаа 2006 оноос хойш явуулаагүй учир тусгай зөвшөөрөл цуцлагдах ёстой. Мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эвлэрэх боломжгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх хариуцагч “” ХХК-иас 2.600.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХ,МТГт олгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.
Засгийн газрын тусгай сангийн ангилалд хамаарах Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг тул хөрөнгийн эх үүсвэр нь хууль, олон улсын гэрээнд заасны дагуу улсын төсвөөс олгох хөрөнгө, гадаадын тусламжийн мөнгөн хөрөнгө, тоног төхөөрөмж, бараа материал, бусад эд зүйл болон харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлсэн хөрөнгөөс бүрдэхээр Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1., 22.1.2. дахь хэсэгт заажээ.
Харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ нь тусгай зөвшөөрлийн төрөл ангилалаас хамаарч өөр өөр байна.
Тухайлбал, мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлийн төрөл, ангилалаар тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2.-т зааснаар албан татвар ногдуулах орлогын 2 хувьтай тэнцүү байхаар бол Шуудангийн бүх нийтийн үйлчилгээний чиглэлийн төрөл, ангилалаар тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ нь Шуудангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр тогтоосон мөнгөн хөрөнгийн хэмжээгээр байх юм.
Хариуцагч “” ХХК-нд , хотуудын хооронд улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээний төрлийн “Б” ангилалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2004 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаартай тогтоолоор 3 жилийн хугацаатай олгосон, тус компани 2007 оны 7 дугаар сарын 05-ны өдөр тусгай зөвшөөрөл сунгах хүсэлт гаргаж, зохицуулалтын үйлчилгээний хөлс 300.000 төгрөгийг 2007 оны 6 дугаар сарын 14-ний өдөр, 2008 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тус тус төлсөн. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 34 дугаартай тогтоолоор тусгай зөвшөөрлийг цуцалсан. Нэхэмжлэгч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 7/225 дугаартай, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 6/802 дугаартай албан бичгээр санд төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийг шаардаж байсан байна.
Иймд “” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2008, 2009 онд 800.000 төгрөг, 2010 онд 1.000.000 төгрөг /хх-9,53/-өөр тогтоосон мөнгөн хөрөнгийг Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төлөх үүрэгтэй.
Хариуцагч “” ХХК Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санд төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийг төлөх үүргийг гэрээний дагуу хүлээсэн гэж маргаж байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу бичгийн баримтаар нотлоогүй.
Хариуцагч “” ХХК нь 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, 2005 онд тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулах чиглэлээс хассан гэсэн үндэслэлээр Гаалийн Ерөнхий газрын 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 03-2/3220 дугаартай “... регистрийн дугаартай ХХК-ийн нэрээр 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хугацаанд гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэл гаалийн мэдүүлгийн санд бүртгэгдээгүй байна” гэсэн албан бичиг, Гаалийн Ерөнхий газрын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 03-2/3736 дугаартай “...Танай компанийн // нэр, регистрээр гаалийн бүрдүүлэлт хийсэн мэдээлэл мэдүүлгийн 2008-2018 оны санд бүртгэгдээгүй байна” гэсэн албан бичиг, Хуулийн этгээдийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн лавлагаанд “...Ачаа илгээх, хүлээн авах үйл ажиллагаа үгүй, бүртгэсэн огноо 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдөр” гэсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн ч 2010 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тусгай зөвшөөрөл эзэмшсэн нь дээрх үйл баримтаар үгүйсгэгдэнэ тогтоогдов.
Иймээс нэхэмжлэгч ХХ,МТГ нь гэрээгээр хүлээгээгүй үүргийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа буюу арван жилийн дотор хариуцагч “” ХХК-иас шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл болсон болно.
Харин шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирсэн баримт нь компанийн үүсгэн байгуулагч гишүүний бүртгэл, дүрэм, татвар, шилжилт хөдөлгөөн, лиценз, нэхэмжлэлийн шаардлагаас бусад тусгай зөвшөөрөлтэй холбоотой байгаа тул хэрэгт хамааралгүй гэж үнэлэв. /хх-153-217/
Нэхэмжлэгч ХХ,МТГ нь улсын төсвөөс санхүүждэг байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.
Харин нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч “” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 56.550 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-т заасныг баримтлан хариуцагч “” ХХК-иас 2.600.000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХ,МТГт олгосугай.
2.Нэхэмжлэгч ХХ,МТГ нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч “” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 56.550 /тавин зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаарзүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИӨГС