Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 57

 

Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга Н.Дэлгэрцэцэг, улсын яллагч Д.Шинэбал, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бямбабаяр, шүүгдэгч У.Намхайнямба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж Завхан аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Намхайнямбад холбогдох 201613000150 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1967 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн  Цэцэн-Уул  сумд төрсөн, эрэгтэй, 49 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой,  жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн  хамт Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн Үйлдвэрийн хэсэг 2-4 тоот хаягт  оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай  Мягмар овогт  Уханаагийн  Намхайнямба регистрийн дугаар  /ИТ 67120414/
Шүүгдэгч  У.Намхайнямба нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан буюу хөдөлгөөний аюулгүй байдлын  ашиглалтын журам зөрчиж бусдын амь насыг хохироосон  гэмт хэрэгт  холбогджээ. 
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч У.Намхайнямба нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13 цагийн орчимд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Сангийн далай багийн Уу жалга гэх газар өөрийн эзэмшлийн 98-98 ЗАА улсын дугаартай Ландкруйзер-80 маркийн автомашиныг  жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3Б мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгүүдийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Ц.Жүгдэрийн амь насыг хохироосон болох нь 
Хохирогч Ж.Ломбоогийн  мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэр өдөр манай аав 13 цагийн орчимд Намхайнямба доошоо явна гэж байна, би хамт явлаа гэсэн, тэгээд манай гэрийн гадаа Намхайнямба ирээд манай аав машинд нь суугаад явсан. Тэгээд 13 цаг 40 минутын орчимд манай сумын их эмч Одонзаяа миний утас руу залгаад “Уу” жалга гэх газарт Ланд-80 маркийн онхолдоод аав чинь муу байна гэсэн. Тэгээд их эмч, сувилагч бид нар осол гарсан гэх газар очсон чинь манай аав талийгаач болчихсон байсан. ...Талийгаачийнх хөдөө байсан юм. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хөдөөнөөс орж ирсэн. Тэр өдөр хөдөө гэр лүүгээ явж байсан юм. ...Намайг очих үед талийгаачийг Намхайнямба ах тэврээд сууж байсан. Автомашинаас гарчихсан, машиныхаа баруун урд хэсэгт сууж байсан. ...Тэр үед талийгаачийн толгойн оройн хэсэгт нь шалбарсан, хамар ам чихнээс нь цус гарчихсан байсан. ...Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Одонзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 13 цаг 40 минутын орчимд Намхайнямба гэдэг хүн машинтай явж байгаад “Уу” жалганы аманд онхолдоод Жүгдэр гэдэг хүний биеийн байдал муу байна гэсэн дуудлага ирсэн байсан. Тэгээд би сувилагч Цэрэнсодном, жолооч Лхагвасүрэн, Жүгдэр гуайн хүүхэд Ломбоо нарын хамт осол, хэргийн газар руу явсан. Тэгээд осол, хэргийн газар дээр яваад очсон чинь Жүгдэр гуайг Намхай ах тэвэрчихсэн сууж байсан. Тэгээд Жүгдэр гуайн биеийг үзсэн чинь Жүгдэр гуай нас барчихсан байсан. Тэгээд яах уу гэсэн чинь Ломбоо би аавыгаа аваад гэр рүүгээ аваад явна гэхээр нь машиндаа суулгаад гэр рүү нь авч ирж өгсөн. Тухайн үед талийгаачийг моорогт хийнэ гэсэн чинь хүүхдүүд нь моорогт хийхгүй, гэрт нь оруулна гэсэн. ...Намайг осол, хэргийн газарт очих үед талийгаач нас барчихсан байсан. Тусламж үзүүлэх боломж байгаагүй. ...Тэр үед талийгаачийн нэг нүд нь хөхөрчихсөн, толгойн орой, шанаа нь зулгарчихсан байсан. Мөн баруун чих болон, хамар амнаас цус гарчихсан, дээлний энгэр хэсэг нь цус болсон байсан. ...Намайг очих үед талийгаач машины баруун талын урд дугуйны хажууд газар дээр суучихсан, араас нь Намхай ах түшээд сууж байсан. ...тэр үед машин ертөнцийн зүгээр зүүн тийш харчихсан, урд салхины шил нь хагарчихсан, дугуй нь хагарсан харагдаж байсан, сайн анзаараагүй. ...Багийн дарга Чулуунбат гэдэг хүн дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг,
Гэрч  Ц.Цэрэнсодномын  мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 13 цаг 40 минутын орчимд манай их эмч Одонзаяа “Уу” жалганы аманд Ланд-80 маркийн 98-98 ЗАА улсын дугаартай автомашин онхолдоод Жүгдэр гэх хүн нас барчихсан юм шиг байна гэсэн. Тэгээд Одонзаяа эмч бид хоёр жолоочийн хамт тухайн дуудлаганд яваад очсон чинь “Уу” жалганы зам дээр хөх өнгөтэй Ланд-80 маркын 98-98 ЗАА улсын дугаартай автомашин уначихсан, машины урд хэсэгт Жүгдэр гуай суучихсан, Намхай ах Жүгдэр гуайг түшээд сууж байсан. Тэгээд Одонзаяа эмч Жүгдэр гуайг үзээд зүрх нь зогсчихсон, нас барчихсан байна гэсэн. Тэгээд нааш нь зөөвөрлөөд сумын төвд гэрт нь авч ирсэн. ...Бид нарыг очих үед Жүгдэр гуайн баруун чихнээс нь цус гарчихсан, хамарнаас нь цус гарчихсан байсан” гэсэн мэдүүлэг, 
Гэрч  Р.Чулуунбатын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би уг өдөр тухайн осол гарсан газрын ойролцоох газар үхэр малаа харчихаад явж байсан. Тэгээд уг осол болсон газар руу дөхөж очин, тухайн осол хэргийн талаар мэдэх болсон. ...Намайг гэр рүүгээ явж байтал манай сумаас Сантмаргаз сум руу явдаг чиглэлтэй шороон зам буюу ертөнцийн зүгээр шороон замын урд талд нэгэн машин харагдсан ба түүний ойролцоо газраас нэг хүн орилж хашгираад, нэг хар өнгийн куртик мэт зүйлээр даллаад намайг дуудаад байх шиг байсан юм. Тэгээд би уг хүний байгаа газар руу дөхөж явтал нөгөө хүн намайг дуудаад байсан хүний цаад талд нь нэг хар өнгийн машин онхолдож осол гаргасан бололтой харагдсан ба намайг дуудаад байсан хүн рүү морьтой дөхөж очиход манай нутгийн Намхайнямба гэдэг хүн байсан. ...Намхайнямба надад хандан хэлэхдээ миний машины дугуй хагараад машин онхолдчихлоо, надтай хамт явсан хүний бие нь их муу байна гэж хэлсэн юм. Тэгээд түргэн тусламж дуудаарай гэхээр нь би хойд зүг рүү морьтойгоо давхин явж өөрийнхөө гэрийн хажуу талын Хүнхэр гэх нэртэй жижиг толгой дээр гарч гар утасны сүлжээ оруулан, сумын хүн эмнэлгийн утас руу залгаж, осол гарсан талаар буюу хүний бие муу байгаа гэж хэл дуулгасан. ...Миний харснаар осол гаргасан машины баруун гар тал буюу жолооч талын урд талын хагархай дугуйг талийгаачийн нуруун талаар нь түшүүлж газарт суулгасан байдалтай, Намхайнямба өөрөө талийгаачийн толгойг түшээд сууж харагдсан юм. ...Намайг хэргийн газар очих үед талийгаач амьд амьсгаатай байсан. ...Намайг анх осол, хэргийн газар очиход машины жолооч Намхайнямба, талийгаач 2-с өөр хүн байгаагүй, тэгээд Намхайнямба бид 2 учраа олохгүй байж байгаад би түргэн туламж дуудахаар явж, буцаж мотоциклтой хүрч ирэхэд манай нутгийн Цанжид түүний эхнэр Батжаргал нар ослын газар хүрч ирсэн байсан. Тэгээд тэр 2 удалгүй бид 2 дахиад түргэн тусламж дуудаад ирье гэж хэлээд явсан. Тэгээд 40-50 минут орчмын хугацаа өнгөрч байхад эмнэлгийн машин ирээд зогсоод машинаас сумын их эмч Одонзаяа бууж ирэн талийгаачийн биеийн байдлыг үзсэн ба энэ хүн нас барсан байна...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ш.Цанжидын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн микро машинаа жолоодоод эхнэрийн хамт хөдөө мал малладаг малчин айлынх руугаа явж байтал бидний замд нэг автомашин онхолдож осол гаргасан байсан. Уг осол гаргасан автомашин нь Намхайнямба гэгч хүний тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд уг ослын ойролцоо очиж зогссон. ...Уг автомашин нь нүүрэн тал нь ертөнцийн зүгээр зүүн зүг рүү буюу манай сумын зүг рүү хараад зогссон байсан ба машины баруун гар тал буюу буруу талын урд, хойд 2 дугуйн нь хагарсан байдалтай хий гарчихсан, урд салхины шил нь хагараад онгорхой харагдаж байсан. ...Осол гаргасан автомашин нь замын зүүн гар тийш шороон замын зорчих хэсгээс гарсан бололтой. ...Миний харснаар талийгаач автомашины урд талын хагарсан дугуйг түшүүлсэн байдалтай машины жолооч талийгаачийг нэг гараараа тэвэрсэн байдалтай 2-уулаа суугаа байдалтай, талийгаач хөл нь жийсэн, машины гадаа харагдаж байсан. ...Намайг эхнэрийн хамт ослын газарт дөхөж очиход талийгаач нь амьд бололтой амьсгаа нь мэдэгдэж байсан. ...Талийгаач болон Намхайнямба 2-с өөр хүн байгаагүй юм. Бид 2-г ослын газарт очоод байж байх үед манай сумын Сангийн далай багийн дарга Чулуунбат гэгч хүн мотоциклтой түргэн тусламж дуудчихаад ирлээ гэж хэлсээр ирсэн юм” гэсэн мэдүүлэг
Гэрч Д.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байтал өдрийн 14 цагийн орчимд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын нутаг “Уу” жалга гэх нэртэй газар автомашин онхолдож зам тээврийн осол гарч, хүний бие нь муу байгаа юм байна гэж манай сумын хүн эмнэлгийн их эмч Одонзаяа миний гар утас руу залгаад дуудлаганд явъя гэж хэлэхээр нь би эмнэлэг рүү явж автомашинаа бэлэн болгоод, тухайн дуулаганд их эмч, сувилагч, талийгаач Жүгдэрийн хүү Ломбоо нарыг хамт явж, уг осол хэрэг гарсан газарт хүрч очсон юм. Ингэж уг ослын талаар мэдэх болсон. ... талийгаач нь автомашины гадаа нь буюу машины урд талын хагарсан дугуйг түшүүлсэн байдалтай, машины жолооч талийгаачийг нэг гараараа тэвэрсэн байдалтай, 2-лаа суугаа байрлалтай, талийгаачийн хөл жийсэн байдалтай харагдаж байсан. ...Тухайн үед талийгаачийн ам, хамраас цус гарсан байдалтай л харагдсан” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ж.Гэлэгийн “...Талийгаач маань хөдөө гэрээсээ 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн оройхон сумын төв рүү орж ирсэн юм. Сумын төв рүү орж ирэх болсон учир нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгино сумын төвд тус сумаас зохион явуулж буй сумдын хоорондын шатрын тэмцээнтэй гэж хүн хэл дуулгасны дагуу Цэцэн-Уул сумын төв рүү орж ирсэн юм. ...Талийгаач маань манай ах Ломбоогийнд хоноод маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгино суманд болох шатрын тэмцээнд оролцох гэтэл тухайн сум руу явах унаа байхгүй болчихлоо, хамт явах хүмүүс бараг байхгүй гэнээ, одоо унаа олдвол хөдөө гэр рүүгээ буцах минь гэж байсан. ...Талийгаач маань хөдөө гэртээ харьлаа гээд нутгийн танил жолооч Намхайнямба жолоочийн машинд суучихсан манай хашааны гадаа хүрч ирсэн юм. Тэгээд талийгаач маань машинаас буугаагүй, би амбаараасаа гүзээтэй шар тос гаргаж машинд нь тавьж өгөөд хөдөө гэр рүү нь явуулсан юм” гэсэн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр  тогтоогджээ. 
Түүнчлэн Шүүх Шинжилгээний албаны шинжээчийн ?201630026 дугаартай” талийгаач Ц.Жүгдэрийн цогцосонд суурь яс болон баруун чамархай, ухархай ясны хугарал, их тархины баруун ховдлын цус хуралт, их тархины баруун чамархайн хэсэгт хатуу хальсан дээр доор цус хуралт, бага тархины гадаргуу болон дөрвөн толгодод цус хуралт, баруун нүдний дээд зовхинд цус хурж хавдсан байдалтай, толгойн оройн хэсэгт 5см, 6см-н хэмжээтэй 2 ширхэг өнгөц шарх, зүүн долоовор хурууны дунд үений ар хэсэгт, зүүн өвдөгний үений хэсэгт, зүүн шилбэний урд дээд хэсэгт зулгаралт, зүүн суганы ар хэсэгт, зүүн сарвууны ар хэсэгт, зүүн дунд хурууны арын үенд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр автомашин онхолдох үед үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь бүгд шинэ гэмтлүүд. Дээрхи гэмтлүүд нь амьд байхад үүссэн гэмтлүүд, талийгаачийн цогцосонд шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач Ц.Жүгдэр нь суурь яс болон баруун чамархай, ухархай ясны хугарал, их тархины баруун ховдолын цус хуралт, их тархины баруун чамархайн хэсэгт хатуу хальсан дээр доор цус хуралт, бага тархины гадаргуу болон дөрвөн толгодод цус хуралт гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмаар авагдсан байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэллээ.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг яллах  нотлох баримтаар үнэлсэн болно.

Иймд шүүгдэгч У.Намхайнямбыг тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй. 
Шүүгдэгч У.Намхайнямба нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ.
Шүүгдэгч У.Намхайнямбад ял шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид учирсан хохиролыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэж түүнд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч У.Намхайнямбыг хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, анх удаа  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ  чин санаанаасаа гэмшиж байгаа, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч У.Намхайнямбын эзэмшлийн Ландкруйзер-80 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, 2016 оны 11 дүгээр дугаар сарын 02-ны өдөр авсан батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 
Шүүгдэгч У.Намхайнямба нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь  зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286 дугаар зүйлийн 286.1,  295 дугаар зүйл, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлийн 298.1, 299 дүгээр зүйлийн 299.3 дахь  хэсгүүдэд  заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Мягмар овогт Уханаагийн Намхайнямбыг  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Намхайнямбын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасч, 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Намхайнямбад оногдуулсан 3 жил 2 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн  хорих ангид эдлүүлсүгэй.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Намхайнямбад оногдуулсан 3 жил 2 сарын  хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсугай. 
5. Монгол Улсын Эрүүгийн  хуулийн 61 дугаар зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар У.Намхайнямбад хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад үүрэг болгосугай. 
6. Шүүгдэгч У.Намхайнямба нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй  болохыг тус тус  дурдсугай.
7.  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Намхайнямбын өмчлөлийн ЗАА 98-98 улсын дугаартай Ландкруйзер-80 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 
8. Шүүгдэгч У.Намхайнямбыг  2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр батлан даалтад өгөх, таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсмогц хүчинтэй болно. 
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч тэдний  өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА