Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2024/0785

 

 

 

 

 

 

 

 

                          “М” ХК-ийн гомдолтой

                                                    захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: хариуцагч улсын байцаагч Э.Э

Гомдол гаргагч: “М” ХК  

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт, улсын байцаагч Э.Э

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 747 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагч Э.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Дэлгэрмөрөн

Хэргийн индекс: 128/2024/0641/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “М” ХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт, улсын байцаагч Э.Эгийн 2024 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн 021525*, 021526* дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 747 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3, 8 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “М” ХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт, Улсын байцаагч Э.Э нарын хоорондын зөрчлийн хэрэг дэх 021525*, 021526* дугаар шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Э.Э нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

3.1. ...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШШ2023/0801 дугаар шийдвэрээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, 4.1.20, 20 дугаар зүйлийн 20.1, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3, 8 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “М” ХК-ийн гомдлын шаардлагад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, хариуцагч улсын байцаагчаас шинэ акт гаргах хүртэл, маргаан бүхий Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагчийн үйлдсэн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №021517*, №021517* дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хоёр сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Уг шийдвэрт “М” ХК-аас давж заалдах гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0004 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснийг Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчээс гаргасан хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0047 дугаар тогтоолыг гаргасан.

3.2. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш “М” ХК-д хууль, журмаар тогтоосон үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангуулахаар Хорооны 2024 оны 11 дүгээр 27-ны өдрийн 9/4504 тоот бичгээр 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн дотор холбогдох материалуудыг гаргаж ирүүлэхийг үүрэг болгосон ч холбогдох хэрэгжилтийг хангасан мэдээллийг ирүүлээгүй. Дээд шүүхийн тогтоол гарснаас хойш Хорооны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар улсын байцаагчийн албан шаардлагаар 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дотор “М” ХК-д хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, холбогдох нотлох баримтыг ирүүлэхийг мэдэгдсэн ч мөн л шаардлагын хариуг ирүүлээгүй бөгөөд “М” ХК-аас зөрчил шалган шийдвэрлэх шаардлагатай ажиллагааг хийж гүйцэтгэхэд удаа дараа саад учруулж байсан.

Тухайлбал, “М” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц нь Хороонд 2024.03.15-ны өдөр ирж мэдүүлэг өгөх үедээ өмгөөлөгчтэй хамт байлцах тул тайлбар өгөх боломжгүй талаар мэдэгдсэн,  2024.03.20-ны өдөр өмгөөлөгч боломжгүй болсон, өөрийн биеэр мэдүүлэг өгөхөөр шийдвэрлэсэн бөгөөд мэдүүлэгтээ “...Нийслэлийн анхан шатны шүүхийн шийдвэр 2023.11.01-ний өдөр гарч 60 хоногийн хугацаа дууссан тул дахин үйлдэх шийтгэврийн хуудсыг гардаж авахгүй, хүчин төгөлдөр биш үзэж байна...” гэсэн мэдүүлгийг өгсөн.

3.3. Иймд дээрх баримт материалыг албадан гаргуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2699 дүгээр захирамж, тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0106 дугаар гүйцэтгэх хуудсаар дээрх захиргааны үйл ажиллагааг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хугацаа 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн дотор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарсан боловч биелэгдээгүй.

3.4. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.1-т “...үнэт цаас гаргагч дараах нийтлэг үүрэгтэй байна” гээд 20.1.6-д “хагас жилийн болон Хороонд бүртгэлтэй аудитын байгууллагаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн ...заасан хугацаанд Хороо болон хөрөнгийн биржид хүргүүлэх” /тухайн үед мөрдөгдөж байсан/ гэж заасан буюу аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайлангаа тус хороонд ирүүлэх нь үнэт цаас гаргагч “М” ХК-ийн хуулиар хүлээсэн үүрэг юм. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 11.10 дугаар зүйлийн 3-т “Хууль тогтоомжид заасан үнэт цаас гаргагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй бол ...хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.

Эрх бүхий албан тушаалтны зүгээс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа этгээдэд хуульд заасан хариуцлагыг оногдуулсан. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0747 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, дараах байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Гомдол гаргагч “М” ХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт, улсын байцаагч Э.Эд холбогдуулан түүний гаргасан 2024 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн 021525*, 021526* дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2.1. Маргаан бүхий 021525* дугаар шийтгэлийн хуудсаар “М” ХК нь “Хороонд ирүүлбэл зохих 2019-2022 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт ирүүлээгүй” гэх үндэслэлээр “Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй” гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 20,000,000 (Хорин сая) төгрөгийн торгууль, мөн 021526* дугаар шийтгэлийн хуудсаар  “Хорооны даргад 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаар тушаалаар газар дээрх шалгалтыг  гүйцэтгэсэн,  шалгалтад шаардлагатай материал ирүүлээгүй” гэх үндэслэлээр “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомж хэрэгжүүлээгүй, эрх бүхий байгууллагын шийдвэр биелүүлээгүй...” гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 20,000,000 (Хорин сая) төгрөгөөр торгох шийтгэлийг тус тус оногдуулжээ.

3. Гомдол гаргагчаас “...2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 2021-нээс 2022 оны холбогдох баримт, материалуудыг хүргүүлсэн, ...хяналт шалгалтын удирдамжид “М” ХК-иас ямар нэг баримт материал ирүүлэхийг шаардсан, үүрэг болгосон талаар дурдаагүй, ...аливаа мэдээлэл, баримт бичиг гаргаж өгөхийг шаардсан албан бичиг ирүүлээгүй, манай байгууллагын зүгээс эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй ямарваа нэг үйлдэл, эс үйлдэл гаргаагүй, ...зөрчил үйлдсэн эсэх нь тогтоогдоогүй буюу зөрчлийн бүрэлдэхүүн хангагдаагүй байхад бодит байдлыг тодруулалгүйгээр шийтгэл оногдуулсан, ...өмнөх шүүхийн шийдвэрт заасан дахин акт гаргах 2 сарын хугацаа хэтэрсэн” гэж,

хариуцагчаас “...тус компани нь санхүүгийн үр дүнгийн тайлагнал, их хэмжээний өр төлбөр, авлага зээлтэй холбоотой анхан шатны баримтууд, удирдамжид заагдсан бусад шаардлагатай асуудлыг тодруулах зорилгоор холбогдох этгээдүүдээс мэдээлэл гаргуулан авах, тодруулгууд зэрэг баримт материал, ...мөн ирүүлбэл зохих 2019-2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг ирүүлээгүй зөрчил гаргасан тул шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан, ...өмнөх шүүхийн шийдвэрээр маргаан бүхий шийтгэлийн хуудсуудыг дахин үйлдэн 60 хоногийн хугацаанд гүйцэтгэхийг даалгасан, ... гэтэл тус компаниас зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөөгүй, ...мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь тус компаниас холбогдох баримтыг гаргаж өгөхийг шаардсан боловч гаргаж өгөөгүй тул дахин шийтгэлийн хуудсаа бичих үндэслэлтэй болсныг мэдэгдэж, энэ талаараа тэмдэглэл үйлдсэн” гэж тус тус тайлбарлан маргасан.

4. Маргааны үйл баримтын тухайд:

4.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 0801 дүгээр шийдвэрээр ...улсын байцаагч Э.Эгийн үйлдсэн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №021517* дугаар, мөн өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №021517* дугаар шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл тус тус хоёр /2/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр магадлалаар хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаар тогтоолоор хариуцагчаас гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

4.2. Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 9/4504 дугаар мэдэгдэл болон улсын байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар албан шаардлагаар ...холбогдох баримтуудыг тус хороонд ирүүлэхийг гомдол гаргагч “М” ХХК-иас шаардсан боловч аливаа баримтыг гаргаж өгөөгүй, мөн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...анхан шатны шүүхийн шийдвэр 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гарч 60 хоногийн хугацаа дууссан тул дахин үйлдэх шийтгэврийн хуудсыг гардаж авахгүй, хүчин төгөлдөр биш гэж үзэж байна” гэх тайлбарыг өгсөн тул улсын байцаагчаас холбогдох баримтуудыг албадан гаргуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүсэлт гаргасны дагуу анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 2699 дүгээр захирамж,  “...эрх бүхий албан тушаалтнаас захиргааны шинэ акт гаргахад шаардагдах холбогдох баримт бичгийг гомдол гаргагч хуулийн этгээдээс гаргуулах” тухай мөн өдрийн 0106 дугаар гүйцэтгэх хуудсыг бичиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

4.3. Дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагчаас хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, холбогдох нотлох баримтыг ирүүлэхийг гомдол гаргагч “М” ХК-иас удаа дараа шаардсан боловч аливаа баримтыг гаргаж өгөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нэгэнт тогтоогдож буй энэ тохиолдолд маргаан бүхий 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 021525* дугаар шийтгэлийн хуудсаар “М” ХК нь “Хороонд ирүүлбэл зохих 2019-2022 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт ирүүлээгүй” гэх, мөн өдрийн 021526* дугаар шийтгэлийн хуудсаар  “Хорооны даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 48 дугаар тушаалаар газар дээрх шалгалтыг гүйцэтгэсэн, шалгалтад шаардлагатай материал ирүүлээгүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгох шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй.

4.4. Гэтэл анхан шатны шүүхээс “...Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй... буюу улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор шаардсан шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулсан тохиолдолд албадлагын арга хэмжээг авч, өөрт хуулиар хүлээсэн үүргээ гүйцэлдүүлэх боломжтой байхад энэ үйл ажиллагааг хийж гүйцэтгээгүй” гэж маргааны үйл баримтад холбогдуулан буруу дүгнэлт хийсэн байна.

5. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-д “үнэт цаасны зах зээлд оролцогч гэж үнэт цаас гаргагч, зохицуулалттай этгээд болон хөрөнгө оруулагчийг” гэж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Үнэт цаасны зах зээл дэх төрийн зохицуулалт, хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага нь Хороо байна”, 62.2-т “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Хорооноос гаргасан шийдвэрийг үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус зааснаас үзэхэд гомдол гаргагч “М” ХК нь үнэт цаасны зах зээлд оролцогч хуулийн этгээд болохын хувьд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг дагаж мөрдөх, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шаардлагыг биелүүлэх, санхүүгийн тайланг хугацаанд нь гаргах үүрэгтэй.

5.1. Түүнчлэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн” үндэслэл тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гээд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ гэж тус тус заасан.

5.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шийдвэрлэсэн даруйд прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр зохицуулсан, хариуцагчаас давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...тухайн үед бүртгүүлж байсан, энэ нь санхүүгийн зохицуулах хорооны хялбаршуулсан дугаартай. Учир нь Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын газар хялбаршуулсан болон зөрчлийн хэрэг нээхдээ заавал прокурорын бүртгэлд бүртгүүлж хянадаг” гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

5.3. Гэвч гомдол гаргагч компани нь эрх бүхий байгууллагын даалгаврыг тогтоосон хугацаанд заавал биелүүлж, гүйцэтгэлийг зохих журмын дагуу тайлагнах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нэгэнт тогтоогдсон, мөн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...хорооны шаардсан баримтуудын заримыг нь өгсөн, заримыг нь өгөхөөр ажиллаж байна, ...2019, 2020 онуудын санхүүгийн тайлангууд нь аудит ажлаа хийхгүйгээс болоод дүгнэлт гаргах ажиллагаа саатчихсан” гэх тайлбар зэргээс үзэхэд “...хуулиар хүлээсэн нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэн маргаан бүхий шийтгэлийн хуудсуудыг үйлдсэн хариуцагчийг буруутгах боломжгүй.

6. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино” гэж тус тус зааснаас үзэхэд энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол түүнд тохирох шийтгэл ногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн бодит нөхцөл байдалд бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцээгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0747 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2, Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 3, 8 дахь хэсэгт заасныг тус тус баримтланГомдол гаргагч “М” ХК-иас гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референт, улсын байцаагч Э.Эгийн 2024 оны 04 дугаар сарын 18-ны өдрийн 021525*, 021526* дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

      ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

        ШҮҮГЧ                                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

        ШҮҮГЧ                                                                         Н.ДОЛГОРСҮРЭН