Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 17

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсан татгалзлыг батлах

 

 

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг би А.Д ХК-ийн Тариалан сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/32 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй, Увс аймгийн Тариалан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Д ХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал Г.Жамьян шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тариалан сумын Засаг даргын А/32 тоот захирамжийг 2021 оны 03 дугаар сарын 25- ны өдөр цахимаар хүлээн авсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.3-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг шууд шүүхэд хандан гаргаж байна.

 

А.Д ХК нь Увс аймгийн Өмч хувьчлалын комиссын 1992 оны 17 тоот тогтоолоор Хархираа сумын Тэжээлийн аж ахуйгаас өрх тусгаарлаж 46489160 мянган төгрөгийн дүрмийн сантайгаар Хархираа ХК нэртэйгээр анх байгуулагдсан ба 1996 онд батлагдсан Нөхөрлөл, компанийн тухай хуулийн дагуу Аптан дуулга ХК болон нэрээ өөрчлөн зохион байгуулагдаж, өнөөдрийг хүртэл үр тариа, тэжээлийн ургамал тариалах чиглэлээр эрчимжсэн газар тариалангийн үйлдвэрлэлийг хэвийн явуулж байна......

 

1.Тариалан сумын Засаг дарга З.Тэгшжаргал нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн захирамжаар газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэдэг үндэслэлээр "А.Д" ХК-ийн үр тарианы зориулалттай 800 га газрын эзэмших эрхийн /000302144/тоот гэрчилгээ, сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/67 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, хүчингүй болсон газруудыг дахин хувиарлалтанд оруулж ажиллахыг газрын даамал Д.Түмэндэмбэрэлд үүрэг болгожээ.

 

Энэхүү шийдвэр нь манай компаний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд зогсоогүй бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг давхар хөндөж байна.

 

Сумын Засаг дарга нь шийдвэр гаргахаасаа өмнө дээрх нөхцөл байдлуудыг судалж үзээгүй байгаа ба энэ тухай компанийн эрх бүхий албан тушаалтнаас асууж тодруулаагүй. Мөн эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдүүдийг олж тогтоон шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулахгүйгээр мөн сонсгох ажиллагааг явуулахгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн 15, 24, 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчиж, шийдвэрээ гаргажээ.

 

Тариалан сумын Засаг дарга Захиргаааны ерөнхий хуулинд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчиж, мөн Газрын тухай хуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсгийг буруу хэрэглэж манай компанийн болон гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг гаргалаа.

 

Засаг даргын энэхүү шийдвэр нь бас илтэд хууль бус захиргааны актын шинжийг давхар агуулж байна. Учир нь: Манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонихолд халдах ямар ч хууль, эрх зүйн үндэслэл байхгүй байсан байна.

 

Иймээс Тариалан сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн "Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай" А/32 тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Увс аймгийн Тариалан сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/32 тоот захирамжийг хүчингүй болгосон Увс аймгийн Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрч биелүүлэн ажиллаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч А.Д ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Билэгт шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: "А.Д" ХК нь Тариалан сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн "Газар эзэмших эрхийг хүчингүй болгох" тухай А/32 дугаар захирамжийг хучингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Шүүхэд нэхэмжпэл гаргахын өмнө тухайн асуудлаар аймгийн Засаг даргад хандаж гомдол гаргасан байсан. Аймгийн Засаг дарга гомдлыг хянаад Тариалан сумын Засаг даргын маргаан бүхий А/32 дугаар захирамжийг 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/211 дугаар захирамжаараа хүчингүй болгожээ. Энэхүү шийдвэрийг Тариалан сумын Засаг дарга хүлээн зөвшөөрч биелүүлж байгаа тухай тайлбараа ирүүлсэн байх тул нэхэмжпэлээсээ татгалзаж байна гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Д ХХК нь шүүхэд Тариалан сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/32 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий Тариалан сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/32 тоот захирамжийг Увс аймгийн Засаг даргын 2021 оны 04 сарын 26-ны өдрийн А/211 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчээс 2021 оны 06 сарын 04-ний өдөр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг ирүүлжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актыг дээд шатны албан тушаалтан хүчингүй болгосныг хариуцагчаас хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувийг буцаан олгох нь зүйтэй.

 

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Д ХК нь Тариалан сумын Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/32 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталсугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төрийн санд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгөөс 35100 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч А.Д ХК-д олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.АЛТАНЦЭЦЭГ