Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Улсын яллагч: А.Амарсанаа  
Шүүгдэгч: Л.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Амарсанаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Лгийн Бд холбогдох 2212000000308 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 8, 7 хүүхдийн хамт Архангай аймгийн Х сум Баян баг Их нөмөр гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Лгийн Бд /РД:****/

Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Л.Б нь Архангай аймгийн Х сумын Баян баг Их нөхрийн өвөр гэх газар 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэн С.Бтой хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож биед зүүн хөмсөгний гадна булан, духанд язарсан шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000308 дугаартай эрүүгийн хэргээс:  

*Хохирогч С.Бын өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр Архангай аймгийн Х сумын Баян баг Их нөмрийн өвөлжөө гэх газар өөрийн бэр Б дээр машинтайгаа явж очоод манай хоёрын хонь нийлсэн байсан учир Бд хонио харахгүй яасан юм бэ? Хонь нийлүүлчихлээ гэж хэлээд машин дотроо машиныхаа цонхыг онгойлгоод сууж байтал манай бэр Б миний зүүн нүдний дээд талд юугаар цохисныг бол хараагүй ямар ч байсан гараараа цохих шиг болоод Б шууд миний машины түлхүүрийг сугалж аваад яваад өгсөн. Тийм учраас Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тухайн үед би морио хайгаад олохгүй болохоор хонио хаана байгаа бол гэж бодоод хайж явж байгаад манай хонь манай бэр охин Бгийн хоньтой Их нөмрийн өвөр гэх газар нийлсэн байсан учир хонь малаа харж байхгүй яасан бэ? Гэж хэлтэл намайг шууд цохиод авсан. Харин өөр ямар нэгэн зүйл болоогүй маш түргэн хугацаанд болсон асуудал. Урьд өмнө бэр Бтай тааралдахаар дандаа чамайг ална. Чамайг алчихад чамайг харах ахан дүүс байхгүй шүү чи ганцаараа хүн шүү гээд дарамтлаад байдаг юм. Яг хоёулаа өөр хүн байхгүй үед тааралдахаараа дандаа тэгж хэлдэг юм. Би тухайн үед морио хайж явсан учир давхар хонь мал нийлчих болов уу гээд яараад явж байсан учир ганц нэг айлд орж ганц хоёр аяга айраг, монгол архи уусан байсан. Гэхдээ нээх   Тухайн үед Б намайг цохих үед Б бид хоёр л байсан. Өөр ойр хүн байхгүй байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/, 

*Хохирогч С.Бын дахин өгсөн: “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл огт байхгүй...”  гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/, 

*Л.Б яллагдагчаар өгсөн: “...Тогтоолтой уншиж танилцлаа, ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/, 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 365 дугаартай 
1.    С.Бын биед  зүүн хөмсөгний гадна булан, духанд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой.
3.    Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.    Дээрх  гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 19-20 хуу/,
    Д.Оюуны иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 хуу/,
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 73 хуу/,
    Хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 82-83 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

    Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  шүүгдэгч Л.Б нь Архангай аймгийн Х сумын Баян баг Их нөмрийн өвөр гэх газар 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэн С.Бтой хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож биед зүүн хөмсөгний гадна булан, духанд язарсан шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   
  
Эрүүгийн 2212000000308 дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 
 
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь Архангай аймгийн Х сумын Баян баг Их нөмрийн өвөр гэх газар 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэн С.Бтой хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож биед зүүн хөмсөгний гадна булан, духанд язарсан шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч С.Бын: ...машин дотроо машиныхаа цонхыг онгойлгоод сууж байтал манай бэр Б миний зүүн нүдний дээд талд юугаар цохисныг бол хараагүй ямар ч байсан гараараа цохих шиг болоод Б шууд миний машины түлхүүрийг сугалж аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/ Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 365 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Л.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Амарсанаагаас шүүгдэгч Л.Бгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.   

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч С.Бын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Л.Б нь Архангай аймгийн Х сумын Баян баг Их нөмрийн өвөр гэх газар 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэн С.Бтой хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож биед зүүн хөмсөгний гадна булан, духанд язарсан шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж шүүх дүгнэв.  
 
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Л.Б нь иргэн С.Бын биед  зүүн хөмсөгний гадна булан, духанд язарсан шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 365 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
  
Иймд шүүгдэгч Л.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
 
  Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Л.Бгийн үйлдлийн улмаас хохирогч С.Б нь хохирол нэхэмжлээгүй бөгөөд “...надад гомдол санал хохирол төлбөр нэхэмжлэх зүйл огт байхгүй...” /хх-ийн 35-36хуу/ гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Л.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
     Шүүгдэгч Л.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.


Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Бгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 


Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.      Шүүгдэгч Б овогт Лгийн Бг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан 450  /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.  

4.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

      
   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ОТГОНЦЭЦЭГ