| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 177/2022/0195/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/203 |
| Огноо | 2022-11-28 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Н.Б
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Д.Н,
Шүүгдэгч: С.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сын Пид холбогдох эрүүгийн 2235000000206 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 14-нд Увс аймгийн .............. суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хөдөө аж ахуйн био технологич мэргэжилтэй, .............. сумын ЗДТГ-ын ............................... ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Увс аймгийн .............. сумын ...... багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Сын П, /регистрийн дугаар:..................,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.П нь 2022 оны 9 дүгээр сарын 09-ний шөнийн 01 цагийн үед Увс аймгийн .............. сумын 4 дүгээр багийн нутагт 401 тоотод хохирогч О.Бийн нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.П нь хохирогч О.Бтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Н: “...С.Пийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугийн асуудлаар маргахгүй байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд татгалзах зүйл байхгүй. Шүүгдэгч С.П нь хохирогч О.Бид 7.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч О.Бийн зүгээс цаашид нэхэмжлэх хохирол төлбөргүй талаарх баримтаа гаргаж өгсөн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгдэгч С.Пид прокурортой тохиролцсон ялыг оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
3. Шүүгдэгч С.П нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн 2235000000206 дугаартай хэргээс талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал);
2. Хохирогч О.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“... Би шууд сумын эмнэлэг дээр очиход яаралтай аймаг яв гэж хэлээд аймагт ирсэн. ..С.П бид хоёрын дунд ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй, С.Пийг унтаж байхад нь бос бос гэж хэлээд дуудаж сэрээгээд босгосонд С.П уурлаад намайг цохисон байх. Поос өөр хүн миний биед халдаж цохиогүй, П л цохисон...Миний биед учирсан гэмтлийг П хромон гутлаа барьж байгаад намайг цохих үедээ учруулсан гэмтэл...П хромон гутлаа аль гартаа барьж байгаад цохисныг мэдэхгүй, ямар ч байсан баруун хөлийн гутлаа барьж байгаад намайг цохисон...С.П нь миний багын найз бөгөөд надаас уучлалт гуйсан учир миний зүгээс гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй...", "...П намайг газар унагаад толгой руу 2, 3 удаа өшиглөх шиг болсон. Мөн гутлаа тайлаад миний бөөр хэсэг рүү 1 удаа цохисон. Намайг Поос өөр хүн зодож цохиогүй. Би ямар нэгэн хүнтэй нийлж бусдыг зодож цохиогүй...найз С.П нь миний ах миний төрсөн ах Лхамсүрэнгийн Хаан банкны 5818137099 тоот данс руу 7.000.000 сая төгрөг шилжүүлсэн байсан...надад Поос нэхэмжпэх зүйл байхгүй байна. Би гомдолгүй болсон " гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13, 16-17 дахь тал);
3. Гэрч Л.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б, Пийг чи ус хийгээд өг гэж хэлэхэд П нь чи надаар ус хийлгэдэг хэн бэ, өөрөө хийгээд ав гэж хэлээд маргалдаад П босож ирээд хувцсаа өмсөж Бийн нүүр рүү ганц хоёр удаа цохиод авсан... тэр үед би салгаж чи ямар овоо юм бэ, хоёулаа нэг нэгэндээ новшрохгүйгээр гараад үзчихье гэхэд П гарья гэж хэлээд хоёулаа гадаа гараад ноцолдсон ба та гурав муу пизда намайг зодох гэж ирсэн юм уу, алнаа гэж надтай 2-3 удаа зодолдоход Б салгаж авсан. Дахиад намайг цохих гээд дайраад байхаар нь энэ бүтэхгүй нөхөр байна гэж бодоод тэдний хашаанаас гарч зугтсан. Тухайн үед 01 цаг 45 минут болж байсан ба би цагдаагийн хэсэг дээр хүрээд ирсэн. Тэр үед араас Б, П хоёр мотоциклиор ирж уулзаад учраа ольё гэж ярилцаад намайг гэрт хүргэж өгчихөөд манай гэрт жоохон юм ярьж байгаад яваад өгсөн. Тэр хоёр манай гэрээс 03 цаг болж байхад явцгаасан байх...Би Пийн гадна Птой маргалдаж байхад Бийг хэн нэгэн цохиогүй ба би зугтаад явсны дараа хэн цохисныг мэдэхгүй, намайг байхад Бийг П байшин дотор 2-3 удаа нүүр рүү нь цохисон ба тухайн үед Бийн нүүр аманд янз бүрийн гэмтэл юм үүсээгүй, цус ч гараагүй. Би тэдний хашаанаас зугтаж гарахад П орилж хашгираад үлдсэн. Намайг явсны дараа юу болсныг нь мэдэхгүй...", "...Пийн гэрт очиж сууж байхад Б Пид хандан ус хийж өг гэснээс болж Бийг ганц хоёр удаа алгадаад авахаар нь би Птой маргалдаж чи яахаараа дандаа согтуу хүмүүст гар хүрч байдаг юм бэ, алив хоёулаа шүүх цагдаа гэж нэг нэгэндээ новшрохгүйгээр үзчихье гэж хоёулаа гар бариад зэрэг нэг нэгнийгээ цохисон..” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-21 дэх тал);
4. Гэрч М.Лийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б тэдний гэрт орсноо Пийг ус хийж өг гэж хэлэхэд П чадахгүй, чи өөрөө хийж ав гэж хэлээд маргалдаж хоорондоо бие биенээ цохиж салцгаасан. Тэр үед О, Пид чи ямар даварсан юм бэ, хоёулаа нэг нэгэндээ новшрохгүйгээр үзчихье гэхэд П, О хоёр гадаа гарч ноцолдож байхад Б салгаж авсан. Тэр үед О би явлаа гэж яваад өгсөн ба Ог явсны дараа П над дээр ирж та гурав пизда намайг зодох гэж ирсэн юм уу гэж намайг сууж байхад миний цээж рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед Б босож ирээд чи зүгээр байсан хүнийг яасан их зодож, дээрэлхдэг юм бэ гэж Птой маргалдаж барьцалдаж авсан ба тэр үед П Бийн нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиход Б доошоо унаж нүүрээ дарсан, тэр үед П, Бийн нүүр рүү нь хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөж зодсон. Тэр үед Б хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй гүйж ирээд салгаж авсан. Тэгээд П тэнд амжихгүй шүү муу пизданууд гэж хэлээд гутлаа тайлаад ороолтоо ороож аваад Б тэр хоёр гараад явсан. Тэгээд тэр хоёр явсны дараа Б тэдний хашаанаас гарч явсан ба сумын төв чиглээд явж байсан. Би тэгээд тэнд хэвтэж байгаад унтаад өгсөн байна лээ. Өглөө босоход Пийн гэрт унтаж байсан юм...", "...Б, О бид гурав нийлж Пийн биед халдсан зүйл байхгүй...П усаа өөрөө хийж авахгүй юу, хэн бэ чи пизда минь гээд босож ирээд алгадаад авсан. Тэгтэл Б дуугүй болоод Пийн хэвтэж байсан орон дээр суусан. Тэр үед П өмд гутал, цамцаа өмсөн боссон. Тэгэхэд О Пид хандан чи яасан их согтуу хүмүүсийг далимдуулж зоддог юм бэ, хоёулаа цагдаа шүүх гэж новшрохгүйгээр үзчихье гэж шууд нэг нэгнээ цохиод авсан...Б намайг өмөөрч Птой маргалдаж байгаад цохиулж зодуулсан. П Бийг унасан байхад нь нүүр толгой руу нь хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-26 дахь тал);
5. Гэрч Л.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие өчигдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 12 цагт .............. сумын 1 дүгээр багийн нутаг Үзүүрийн булаг нэртэй газар Засаг даргын тамгын газрын ажилчдын хамт Хяргас нуур орчмын хог түүх ажлаар явсан. Тэгээд орой 21 цаг өнгөрч байхад сумын төвд ирсэн ба сумын төвд байх Г.Пүрэв-Очирын гэрт хөдөөнөөс найзууд болох Л, Б нар ирсэн байна гэхээр нь найз Пийн хамт мотоциклиор Пүрэв-Очирын гэрт очсон. Тэгээд тэнд бид нар 2 ширхэг 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво уусан. ..Тэгээд сумын төвд байдаг Пийн гэрт ирж унтаж амарсан. Шөнө нэг мэдэхэд тэдний гэрт 3 хүн орж ирсэн ба би босоод ирэхэд О, П хоёр барьцалдаад авсан байсан ба тэр хоёр үзчихье гээд гадаа гарсан. Нөгөө хоёр нь Л, Б хоёр байсан ба тэр хоёр нэлээн согтуу байсан, тэр үед О, П хоёрын хажууд Л босож ирээд Пийн үснээс барьчихсан байсан. Тэгэхээр нь больцгоо гэж салгаж авсан ба тэр хооронд О, П хоёр нэг нэгнийгээ цохиод авсан. Тэгээд би тэр хоёрыг хоёр тийш нь салгасан. Тэгээд гадаа гараад зогсож байхад О, П хоёр дахиад хоорондоо нэг нэгнийгээ цохиод авсан, тэр үед Б дунд нь орох үед П та гурав намайг нийлж зодох гэж байгаа юм уу гэж орилоод Бийг 2 удаа цохиод авах шиг болсон. Тэр үед О зугтаагаад яваад өгсөн. Тэгээд П бид хоёр араас нь зүгээр учир зүйгээ ольё гэсэн байр суурьнаас Огийн гэрт очсон. Тэгээд Отай уулзаад учир зүйгээ олоод явсан, бид нар шөнийн 02 цаг болж байхад тийм асуудал болсон юм. Тэгээд Пийн гэрт буцаж иртэл Л гадаа унтаж байхаар нь гэртээ оруулж унтуулсан, Б байхгүй байхаар нь утас руу залгахад Б эмч утсыг нь авч эмнэлэг дээр хүрээд ир, энэ хүний биеийн байдал муу байна гэж хэлэхээр нь П бид шөнө 03 цаг өнгөрч байхад сумын эмнэлэг дээр ирэхэд Бийн амнаас нь цус гарсан байдалтай, газарт хэвтэж байсан. Тэгээд эмчилгээ хийгээд өглөө Бийг аймаг руу авч явсан. Бийг яг хэн цохисныг сайн анзаараагүй. О П хоёр маргалдаж байхад дунд салгах гэж ороод Поор хоёр удаа цохиулсан. Тийм сүртэй цохиж харагдаагүй юм. Би аль болох тэд нарыг хооронд нь зодолдуулахгүй гэж бодоод салгаад гүйгээд байсан юм. ..П бид Огийн араас явах үед Л, Б хоёр хашаан дотор байшингийн гадна хэвтсэн байдалтай үлдсэн ба Бийг яг нүүр тулж хараагүй, тухайн үед нэлээн харанхуй байсан юм. Харин бид хоёр эргэж Пийн гэрт ирэхэд Б байхгүй байсан ба Л хэвтсэн газартаа байж л байсан. Бид хоёр 1 цаг болоод ирсэн ба тэгэхэд Б алга болсон байсан. Тэгээд утас руу залгаж эмнэлэг дээр ирсэн гэдгийн мэдсэн...", "...Б тэр хоёрын дунд орж салгах гэж байгаад Поор алгадуулсан. Дараа О явсны дараа П Бийг хавирч унагааж нүүр рүү нь 2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-30 дахь тал);
6. Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эмнэлэг дээр ирэхэд .............. сумын ...... багийн иргэн Оын Б гэх залуу байсан ба согтуу, амнаас нь цус гараад тогтохгүй байсан, яасныг нь асуухад мотоциклиос уналаа гэж хэлсэн. Биенд нь үзлэг хийхэд биеийн байдал нь хүндэвтэр, орчны харьцаа дунд, байрлал хэвтрийн, арьс цайвар цонхигор, артерийн даралт 90-60, 100-70, фульс 93-тай, сатураци 95-тай, зүрхний авиа тод хэмжээтэй, уушиг хоёр талд цулцангийн амьсгалтай, хэвлий зөөлөн, хэвлийн баруун доод хэсгээр бага зарэг эмзэглэлтэй, хэсэг газрын үзлэгээр нүүрний баруун тал битүү хавдартай, баруун нүдний доод хэсгээр хөхөрсөн, аман доторх жавьж нь 3 газраа язарч цус гарсан байдалтай байсан. Бид өвдөлт намдаах, цус тогтоох, тархины хаван хөөх, шээс хөөх бусад шинж тэмдгийн эмчилгээнүүд хийгдэж гэмтлийн зэрэг тогтоолгох, гэмтлийн эмчид үзүүлэхээр аймгийн төв рүү 2 дугаар шатлалын эмнэлэг рүү тээвэрлэсэн. Биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд амных дотор талын жавьжинд оёдол тавих, онош тодруулах шаардлагатай байсан...Бийн биеийн бусад газар ил харагдах шарх сорви зулгаралт гэмтэл байгаагүй, ихэнх гэмтлүүд нь нүүрэн талд нь байсан. Бийн биед үүссэн гэмтлүүд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал);
7. Гэрч А.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цагаас 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 08 цагийн хооронд тус сумын эрүүл мэндийн төв ээлжийн сувилагчаар хонож ажилласан. Шөнө 02 цаг 20 минут болж байхад 20-22 насны орчим настай, биеэрхүү өндөр залуу нүүрэн тус газар болон хувцас хунар гар нь нил цус болчихсон байдалтай согтуу орж ирсэн, царай нь танигдахгүй байсан. Юу болсон талаар асуухад нуугаад хэлэхгүй байсан ба уруул нь сэтэрч амнаас нь бүхэл бүхлээрээ цус гарч, тэрэндээ хахах гэж юм ярьж чадахгүй байхаар нь хажуу тийш нь хэвтүүлж, жижүүр эмч Мд утсаар мэдэгдэж, 02 цаг 30 минут болж байхад М эмч ирж, дараа нь Б эмч ирж эмчилгээ бичиж, би зааврынх нь дагуу эмчилгээг нь хийсэн. Тухайн иргэнийг Оын Б гэж хэлж байсан ба өглөө болж байхад ар гэрээс нь хүмүүс ирж хамт байцгаасан. Шөнө Б эмч ирсний дараа 2 залуу ирж тариа хийх хооронд хамт байж тусалсан. Тэр хоёр залуу шөнө хамт байсан гэж ярьж байсан ба бид хоёр хүнтэй уулзчихаад ирэх хооронд Б гэх залууг гараад явсан байна гэж хэлж байсан...Тухайн Б гэх залуугийн биеийн байдал муу байсан ба, ярьж чадахгүй байсан. Яг юу болсон талаар хэлэхгүй байсан. Биед нь байгаа гэмтэл гэвэл баруун талын шанаа хавдсан, нүд хөхөрч хавдсан, хэлээ хазсан, уруул нь сэтэрсэн гэмтлүүд харагдаж байсан, мөн амаараа цусаар бөөлжөөд цус их алдсан байдалтай байсан. Тухайн иргэн өнөөдөр 11 цагийн аймгийн төв рүү 2 шатлалын эмнэлэг рүү тээвэрлэгдэж явсан. Янз бүрийн зулгаралт гэмтэл байгаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35-36 дахь тал);
8. Гэрч Р.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Манайх .............. сумын 4 дүгээр багт буюу сумын төв дээр байдаг бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө 03 цагийн үед манай байшингийн цонх тогшсон ба босоод харахад Хулж багийн засаг дарга Б, Т гэх манай ар талын хөрш айлын залуу байсан. Б "Багар мотоцикльтой явж байгаад унасан юм шиг байна, эмнэлэг дээр ирсэн байна, та эмнэлэг дээр хүрээд ирээч" гэж хэлсэн ба бид хоёр хамт эмнэлэг ороход эмнэлгийн хүлээн авах байранд миний зээ Б амнаас нь цус алдсан байдалтай баруун талын нүд нь хөхөрсөн, хамарнаас нь бас цус гарсан байдалтай шалан дээр хэвтэж байсан. Тухайн үед эмч нар ирчихсэн тариа хийж байсан. Мотоциклиос унасан гэхээр нүүр аманд болон биенд нь шалбарсан шарх, сорви байхгүй байсан ба би хүнээр цохиулсан юм шиг байна гэж бодсон. Б өөрөө юу ч дуугарч чадахгүй байсан,би хэд хэдэн удаа асуусан боловч хариулт өгөөгүй бөгөөд тэгэхээр би өглөө үүр цайгаад Бийн аав, ээжид нь хэл хүргэхээр тэдний гэрт очиж хэлсэн. Тэгээд хүргэн О, дүү Лхамсүрэн нар намайг дагаж эмнэлэг дээр ирсэн. өглөө 11 цаг болж байхад Бийг эмнэлгийн машинаар аймаг руу авч явсан. Надад бол өөр мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал);
9. Гэрч Р.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайх .............. сумын 3 дугаар багийн нутаг Арцадын доогуур гэх газар намаржиж байгаа бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө 06 цагийн үед миний төрсөн ах М манай гэрт ирж Б эмнэлэг дээр ирсэн хэвтэж байна, хүнээр зодуулсан юм уу, мотоциклиос унасан юм уу мэдэгдэхгүй байна гэж хэл хүргэсэн. Тэгээд нөхөр О бид хоёр ах Мтай хамт сумын төв орж ирсэн. Эмнэлэг дээр ирэхэд миний хүү Б нь хүлээн авах өрөөний шалан дээр амнаас цус гараад тогтохгүй хэвтэж байсан ба эмч нар эмчилгээ хийж байсан. Яг юу болсон талаар бид нарт хэлээгүй бөгөөд өөрөө ярьж чадахгүй шоконд орсон байдалтай байсан. Тэгээд 11 цаг болж байхад аймгийн төв рүү тээвэрлээд авч явсан. Уг нь өчигдөр 20 цагийн үед сүлжээнд гарчихаад ирье гэж гэрээс гарч яваад ирээгүй юм. Тэгсэн шууд сумын төв орсон байна лээ. Бид нарт мэдэх ямар нэгэн зүйл байхгүй тул энэ асуудлыг олж тогтоож шийдэж өгнө үү...Миний хүү Б нь найз нөхдүүдтэй нийлэхээрээ согтууруулах ундаа хэрэглэдэг юм. Би энэ талаар хүүдээ зөндөө хэлж байсан боловч миний үгийг авч хэлэлцдэггүй юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дахь тал);
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 13067 дугаартай “...О.Бийн биед баруун чамархайн ясны шугаман хугарал, гайморийн урд хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, баруун хацарт зулгаралт, амны баруун салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацарт сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч хэргээс:
1. Шүүгдэгч С.П нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 85 дахь тал);
2. “С.П нь ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт .............. сумын ...... багт оршин суудаг нь үнэн болно” гэх Увс аймгийн .............. сумын ...... багийн Засаг даргын тодорхойлолт (хавтаст хэргийн 93 дахь тал);
3. Хохирогчийн эмчилгээний зардалд мөнгө шилжүүлсэн ХААН банкны дансны хуулга (хавтаст хэргийн 94-95 дахь тал);
4. Шүүгдэгч С.Пийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт,
5. Хохирогч О.Бид эмчилгээний зардалд 500.000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны дансны хуулга зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд С.Пид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:
1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:
- 2022 оны 09 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнийн 1 цагийн үед Увс аймгийн .............. сумын 4 дүгээр багийн нутагт шүүгдэгч С.Пийн гэрт хохирогч О.Б нь шүүгдэгч С.Пийг унтаж байхад нь сэрээж, босоод ус хийгээд ир гэхэд шүүгдэгч уурлан “өөрөө ус хийгээд уу” гэж маргалдан, улмаар шүүгдэгч С.П нь хохирогч О.Бийг зодож, эрүүл мэндэд нь баруун чамархайн ясны шугаман хугарал, гайморийн урд хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, баруун хацарт зулгаралт, амын баруун салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацарт сорви бүхий гэмтлүүд учруулсан гэх үйл баримт хэрэгт тогтоогджээ.
Шүүгдэгч С.Пийн үйлдлийн улмаас хохирогч О.Бийн эрүүл мэндэд баруун чамархайн ясны шугаман хугарал, гайморийн урд хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, баруун хацарт зулгаралт, амны баруун салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацарт сорви бүхий гэмтлүүд учирсан байх бөгөөд тухайн гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах, шинэ гэмтэл болохыг шүүх эмнэлгийн тусгай мэдлэгтэй, эрх бүхий шинжээч тогтоосон байна.
Шүүх хуралдаанаар сэргээн тогтоосон дээрх хэргийн үйл баримт улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч О.Бийн мөрдөн байцаалтанд хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13, 16-17 дахь тал), гэрч Л.О, М.Л, Л.Б, Д.Б, А.А, Р.М, Р.Лхамсүрэн нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 18-37 дахь тал), эрх бүхий шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 45-46 дахь тал), шүүгдэгч С.Пийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Б, гэрч Л.О, М.Л, Л.Б, Д.Б, А.А, Р.М, Р.Лхамсүрэн нараас гэрчээр мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, тэдгээрийн мэдүүлэг өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, хохирогч О.Бийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Гэмтлийн зэрэг тогтоох журамд үндэслэсэн, шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хохирогч О.Б, гэрч Л.О, М.Л, Л.Б, Д.Б, А.А, Р.М, Р.Лхамсүрэн нарын мэдүүлэг, 13067 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
Хууль зүйн дүгнэлт:
1. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
3. Шүүгдэгч С.П нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогчийг зодож, хүнд хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4. Шүүгдэгч С.Пийн үйлдлийн улмаас хохирогч О.Бийн биед баруун чамархайн ясны шугаман хугарал, гайморийн урд хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, баруун хацарт зулгаралт, амын баруун салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацарт сорви бүхий хүнд гэмтэл учирсан нь хэргийн 45-46 дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д зааснаар хүнд гэмтэлд хамааруулж үзсэн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч С.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
6. Шүүгдэгч С.П нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1. Шүүгдэгч С.Дүрэвдоржийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Бийн биед баруун чамархайн ясны шугаман хугарал, гайморийн урд хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, баруун хацарт зулгаралт, амын баруун салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун хацарт сорви бүхий хүнд хохирол учирсан нь тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.П нь хохирогч О.Бийн эмчилгээний зардалд 7.500.000 төгрөг төлж барагдуулснаар (хавтаст хэргийн 17, 114 дэх тал) хохирогч О.Б нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлж, гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсан гэх үндэслэлээр прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Поос гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч С.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
3. Шүүгдэгч С.П нь урьд эрүүгийн харижуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогджээ. (хавтаст хэргийн 85 дахь тал),
4. Шүүгдэгч С.Пид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 7.500.000 төгрөг төлж, хор уршгийг арилгасан байна.
5. Иймд шүүгдэгч С.Пид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.
6. Шүүгдэгч С.П нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүйг түүний хувийн байдалд хамааруулж үзэх үндэслэлтэй.
7. Түүнчлэн шүүгдэгч С.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
8. Прокуророос шүүгдэгч С.Пийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
9. Шүүгдэгч С.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул С.Пид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
10. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пид 10500 (арван мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.500.000 (арван сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч С.П, түүний өмгөөлөгч Д.Н нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ. Түүнчлэн С.Пийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
11. Иймд шүүгдэгч С.Пийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10500 (арван мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.500.000 (арван сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч С.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Сын Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Пид 10500 (арван мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.500.000 (арван сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогттоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.П нь гэмт хэргийн хор уршигт хохирогчид 7.500.000 (долоон сая таван зуун мянган) төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.П нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА