Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/13

 


         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэнгээр хөтлүүлж,
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П, М.А
Шүүгдэгч: Ц.А, Г.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Амарсанаагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цын А, Ө овогт Гийн Э нарт холбогдох  Эрүүгийн 2212.......... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Ө суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Ө сумын ** баг Х гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Цын А /РД:*****/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Ө суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Ө овогт Гийн Э /РД:*****/,

         Холбогдсон хэргийн талаар:
    Шүүгдэгч Ц.А нь А аймгийн Ө сумын ** багийн нутаг Х гэх газар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Г.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Г. Э нь А аймгийн Ө сумын ** багийн нутаг Х гэх газар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Ц.Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Хохирогч Ц.Аийн өгсөн: Бид 2 маргалдаж барилцалдаж авсан. Төв яваад гэртээ ирээд бид 2 хоорондоо маргалдсан. Тэгээд Э намайг нэг удаа цохисон. Миний нэг нүд хохирсон. Одоо гомдол санал алга гэв.

Хохирогч Г.Эын өгсөн: Би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хонио хариулаад явж байсан чинь А хониныхоо захад машинтайгаа явж байхаар нь яваад очсон чинь эхнэртэйгээ хамт байсан Аийнх зун хүүхдийнхээ үсний найр хийгээд би нэг хонь бэлгэнд өгсөн юм тэрэнд А баярлалаа гээд машинаасаа 2,5 литрийн пиво гаргаж задалсан түүнийг бид хоёр хувааж уусан. Ингээд ууж байгаад гурвуулаа Энхээ ахынд очъё гээд очтол хүн байхгүй байхаар нь өөр айлд очтол 2,5 литрийн пиво задалсан Тэгээд пиво ууж дуусаад явах гээд мотоцикль дээрээ суугаад байж байсан чинь А араас гарч ирээд чи архи уучихаад явах гэж байгаа юм уу гэхээр нь би хонь мал эзэнгүй байгаа найз нь явлаа гэж хэлсэн чинь миний зүүн нүд рүү гараараа цохисон мөн толгойн ард хэсэг рүү гараараа цохисон, одоо гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэв.

Эрүүгийн 2212........  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
*Хохирогч Ц.Аийн өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хонио хариулаад эхнэртэйгээ хамт явж байсан чинь манай саахалт айлын залуу болох Э эхнэр бид хоёр дээр ирсэн юм. тэгээд би машинд байсан 2,5 литрийн пиво гаргаж задалсан түүнийг бид хоёр хувааж уусан би ямаа худалдаж авч байгаа талаараа Эт хэлсэн тэгээд би Ө сумын төв орж банкнаас мөнгө авах ажилтай хамт явах уу гэсэн чинь Э зөвшөөрөөд хамт явахаар болсон. Э манай гэрийн гадна мотоциклио орхиод сумын төв явсан замдаа Н гэх эмэгтэй сумын төв орно гээд дайгдаад явсан. Бид нар сумын төвд орж ирээд явж байтал цагдаа таараад шалгасан жолооны үнэмлэх байхгүй байна эрхийн үнэмлэхтэй хүнээр машинаа бариул гэж хэлэхээр нь би аавын төрсөн дүү болох Э ахыг дуудаад машинаа бариулсан банкнаас мөнгө авах гэсэн чинь хаачихсан байсан болохоор мөнгөө авч чадаагүй буцахаар болсон чинь тэгээд би дэлгүүрээс 2 ширхэг 2,5 литрийн “Нийслэл” нэртэй пиво аваад Эгаар ахаар машинаа бариулаад Э, Н, манай эхнэр бид нар гэрт ирээд авсан 2 пиво задлаад , Э Э ах бид гурав хувааж уусан манай эхнэр М болон Н нар уугаагүй. Би пиво, ууж дуусаад Э явах гээд гэрээс гараад явахаар нь би хоноод яв гэж хэлсэн явах гээд байсан би архи уучихаад явах гэлээ гэж хэлээд зүүн нүд хэсэг рүү нь мөн толгойн ар хэсэг рүү нь гараараа цохисон тэгсэн чинь Э миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон тэгээд Э ах гарч ирээд салгасан Э мотоциклио асаагаад явсан тэгээд бид гурав амарсан намайг унтаж байхад сумын цагдаа ирээд аваад явсан. Бид хоёрын тийм зүйл байхгүй. Согтуу явах гээд байхаар нь би цохисон чинь намайг буцаагаад цохисон ийм л зүйл болсон. Бид хоёрыг Э салгасан зодолдсоны дараа манай эхнэр харсан, Н нар харсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/,

*Хохирогч Г.Эын өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хонио хариулаад явж байсан чинь манай саахалт айлын залуу болох А хониныхоо захад машинтайгаа явж байхаар нь яваад очсон чинь эхнэртэйгээ хамт байсан Аийнх зун хүүхдийнхээ үсний найр хийгээд би нэг хонь бэлгэнд өгсөн юм тэрэнд А баярлалаа гээд машинаасаа 2,5 литрийн пиво гаргаж задалсан түүнийг бид хоёр хувааж уусан А ямаа худалдаж авч байгаа Ө сумын төв орж банкнаас мөнгө авах ажилтай хамт явах уу гэхээр нь би зөвшөөрөөд хамт явахаар болсон. Би мотоциклоо Аийн гэрийн гадна орхиод сумын төв явсан замдаа Н гэх эмэгтэй сумын төв орно гээд дайгдаад явсан. Бид нар сумын төвд орж ирээд явж байтал замдаа таараад Аийг шалгасан жолооны үнэмлэх байхгүй байна эрхийн үнэмлэхтэй хүнээр машинаа бариул гэж хэлхээр нь А аавынхаа дүү болох Э ахыг дуудаад машинаа бариулсан банкнаас мөнгө авах гэсэн чинь хаачихсан байсан болохоор мөнгөө авч чадаагүй буцахаар болсон чинь А дэлгүүрээс 2 ширхэг 2,5 литрийн пиво аваад Эгаар машинаа бариулаад хөдөөнөөс ирсэн бид хэд бөөндөө буцаад Аийн гэрт ирээд авсан 2 пиво задлаад Э ах бид тав хувааж уусан Аийн эхнэр М болон Н нар уугаагүй. Би пиво ууж дуусаад явах гээд мотоцикль дээрээ суугаад байж байсан чинь А араас гарч ирээд чи архи уучихаад явах гэж байгаа юм уу гэхээр нь би хонь мал эзэнгүй байгаа найз нь явлаа гэж хэлсэн чинь миний зүүн нүд рүү гараараа цохисон мөн толгойн ард хэсэг рүү гараараа цохихоор нь би миний уур хүрээд Аийн зүүн нүд хэсэг рүү бөгжтэй гараараа нэг удаа цохисон тэр үед Э гэрийн гадан гараад ирчихсэн хараад зогсож байсан А бид хоёр ноцолдож байхад ирж салгасан тэгээд би мотоциклио унаад сүлжээ барьдаг газар очоод цагдаад дуудлага өгсөн чинь Ө сумын цагдаагийн дугаарыг өгөхөөр нь зодуулсан гэж дуудлага өгсөн юм. Бид хоёрын дунд өр, авлага өс хонзонгийн зүйл байхгүй. А намайг архи уучихаад явах гэлээ гэж хэлээд цохисон тэгээд би уурандаа өөрийг нь цохисон. Бид хоёрыг Э салгасан зодолдсоны дараа сумын засаг даргын жолооч харсан өөр хүн хараагүй. Аийг энхэр нь, Норжханд нар харсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/,

*Гэрч Л.М өгсөн: “...Би Архангай аймгийн Ө сумын ** багийн нутаг дэвсгэрт байрлах Таван толгой гэх газар оршин суудаг юм. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн үед миний нөхөр болох А бид 2 хонио хариулаад хонины бэлчээр буюу Сайлын мухар гэх газарт байж байтал манай саахалт айлын залуу болох Э нь хүрээд ирсэн юм. Эаас 2 тооны хонь авах ёстой байсан учир машинд байсан пиво өгч, найр засаж байгаад 2 тооны хонио авъя гэж бодоод манай нөхөр А, Э хоёр 2,5 литрийн Нийслэл пиво хувааж уусан. Ууж дуусаад Энхээ ахын очсон. Энхээ ахын эхнэр болох Н нь сумын төв орох ажилтай, та хэд намайг машинтайгаа төв хүргээд өг гэж хэлсэн. Би машин бариад төв орж, Н эгчийн ажил төрлийг амжуулаад буцаад харих гээд гараад явсан. Сумаас гараад явж байх үед гэнэт А, Э нар зодолдож, эхэлсэн. Машин дотор байсан болохоор 20 орчим минут зодолдсон. Тэгээд зодолдохоо болиод хоорондоо хэрэлдэж эхэлсэн. 20 цагийн үед гэртээ ирээд тэр 2 маргалдаад л байсан. Гэнэт А, Э нар барьцалдаж аваад гэрээс гараад явсан. Гэнэт мотоциклийн дуу чимээ гараад Э мотоциклоо бариад гэр лүүгээ яваад өгсөн. Уулын хяр дээр гараад манай нөхөр Ад хандаж, намхан банди минь, чи намайг үгээр ч барахгүй, үйлдлээр барахгүй гэж хэлсэн. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр сум орохдоо тээврийн хэрэгсэл бариад цагдаад баригдчихсан юм. Тэрнээс болоод миний нөхөр болох А, Этай хэрэлдсэн юм. Э нь торгуулийн мөнгө төгрөг төлөөд өгнө. Наад муу сайн цагдаа нар чинь асуудал байхгүй. Надад 2 сайхан ах байгаа, Саранбаатар, Саруул гээд цагдаа ах нар байгаа, би аргална гээд орилоод байсан.Манай нөхөр А нь Эт хандаж тэгээд наад торгуулиа аргалаад өгөөч гэж хэрэлдэж байсан. Э манай нөхөр лүү би чамд 3.200.000 төгрөгийн самрын ажил хийж өгсөн. Чи надад юу ч хийж өгөөгүй, Би чиний төлөө олон зүйл хийсэн гэх маягаар хоорондоо хэрэлдэж байсан. Сумын төв рүү орохдоо дөрвүүлээ орсон юм гарахдаа тавуулаа гарсан юм. Сумын төвөөс О 2,5 литрийн Сэнгүр пиво аваад манай машинд суугаад, би Э, А, Н, О нийлээд тавуулаа явж байсан. Хоорондоо зодолдоод байсан. Би хэн нь хаашаа хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Төрөл садангийн холбоо байхгүй. Саахалт айл байгаа юм. Аийн зүүн нүд хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/,

*Гэрч У.Аын өгсөн: “…2022 оны 11 дүгээр сарын 03-нд 17 цаг 05 минутад би 5441 АРХ улсын дугаартай приүс 10 маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад уг тээврийн хэрэгслийг М гэх эмэгтэй жолоодчихсон. А, Э, О гэх зорчигч нар явж байсан. Жолооч М гэх эмэгтэй тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан учир тээврийн хэрэгслийг түр саатуулах гэсэн боловч уг тээврийн хэрэгслээс өөр тээврийн хэрэгсэл байхгүй, 2 хүүхэд нь нярай байсан мөн би томилогдоод 7 хоноогүй байсан учир шийтгэврийн хуудас байхгүй, торгуулийн төхөөрөмж байхгүй учир арга хэмжээ авч чадаагүй. Эрүүл жолооч О гэх хүнээр нь тээврийн хэрэгслийг жолоодуулаад хөдөө гэр рүү нь явуулсан юм. Зорчигч Э, А нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Шөнө 23 цагийн үед миний гар утас дугартал Э гэх хүн согтуу байгаа бололтой над руу залгаад би дуудлага өгөх гэсэн юм. Архангай аймгийн Ө сумын ** багийн Хөх хошуу гэх газарт Аийн гэрт архи уугаад сууж байтал намайг заамдаж аваад цохихоор нь би өөрийнх нь нүд рүү цохисон тэр нь хөхөрсөн байх шиг байна лээ гэхдээ намайг хутга бариад араас хөөсөн. Өнөөдөр шөнө хутгалуулаад үхэх юм бол та нар миний амь насыг даагаарай гэж хэлээд би төрийн цагдаад итгэж байгаа шүү та нар хурдан ир гэж хэлэхээр нь би Ө сумын Засаг даргын тамгын газрын жолооч Билэгээтэй уг дуудлага өгсөн газарт нь 30 гаран км газарт яваад очтол өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан Э гэх залуу гэрийнхээ гэрлийг унтраачихсан гэртээ галаа түлээд сууж байсан. Тиймээс болсон хэргийн талаар асуутал А гэх залуугийн гэр энэ уулыг даваад байгаа би зааж өгнөө намайг яг хутгалж алах гэж байна, би бол өөрөө яг бөгжтэй гараараа дохисон гэж хэлээд Аийн гэрт очсон тэдний гэрт ороход нь архи үнэртсэн байдалтай гэрийн баруун талын орон дээр А хувцастайгаа хөнжил нөмрөөгүй байдалтай хэвтчихсэн түүний хажууд эхнэр М нь бага хүүхдээ унтуулах гээд сууж байсан. Орны урд талаар О гэх залуу унтаж байсан. А нь би чамайг яагаач үгүй шүү хутга барьж хөөгөөгүй шүү гэж хэлтэл Э нь би мотоциклоо асаагаад хурдан зугтаагүй бол яг алуулах байлаа шүү гэж хэлээд хоорондоо маргаад байсан. Эын зүүн талын зовхи нь хөхөрч хавдсан байдалтай харагдсан өдөр бол хөхрөөгүй зүгээр байсан. Мөн Аийн зүүн талын нүдний гадна хэсгээр хөхөрсөн байдалтай харагдсан. Тиймээс би А, Э нарыг Архангай аймгийн Цагдаагийн газарт авч ирж эрүүлжүүлэх саатуулах байранд хийсэн. Архангай аймгийн цагдаагийн газарт ирээд эрүүлжүүлэх саатуулах байр руу хийхэд А нь би Эын хойшоо гэр рүүгээ явах замдаа том, том юм яриад байхаар нь байшин дотроо 2 удаа цохисон. Наадах чинь дандаа ингэж дуудлага өгдөг хүн байгаа юм гэж хэлж байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/, 


*Гэрч Д.Оын өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн үед Архангай аймгийн Ө сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт явж байгаад А, Э, М, Нгийн хамт явж байхад таарсан юм. Цагдаад машинаа хураалгачихсан гээд явж байсан. Тэр хэд машинаа цагдаагаас авчаад намайг машин бариад өг гэсэн юм. Би машин бариад Аийн гэр лүү явсан юм. Тэгээд гэрт нь очоод пиво хувааж уугаад байж байтал Э, А нар хоорондоо маргалдаад би тэр хоёрыг салгаад тэгээд Э мотоциклоо унаад яваад өгсөн. Э, Ад агсан согтуу тавиад хоорондоо маргалдаад байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн болохоор сайн санахгүй байна.  А, Э, М, Н, надтай нийлээд тавуулаа байсан. Би Аийн гэр лүү явахад тээврийн хэрэгсэл жолоодож байсан. Замдаа би архи согтууруулах ундаа хэрэглэсэн асуудал байхгүй. Надтай цуг байхдаа маргалдаад зодолдоод байх шиг байсан. Нутгийн хүн байгаа юм. Тэр 2 хоорондоо ноцолдож, байгаад Э, Аийн нүд рүү цохисон талаар надтай анх уулзахдаа ярьж байсан. Надтай уулзахаасаа өмнө хоорондоо зодолдсон юм шиг байсан. Надтай цуг явж байгаад хоорондоо маргалдаад зодолдоод байх шиг байсан. Бид нартай цуг тээврийн хэрэгсэлд зорчиж байсан Н гэх эмэгтэй тухайн үед унтаж байсан юу ч мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/,

*Ц.Аийн яллагдагчаар өгсөн:“...Би өөрийн эрхийн дагуу мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 57 хуу/,

*Г.Эын яллагдагчаар өгсөн: “...Бид нар Ө сумын төвөөс хөдөө гэр лүүгээ явсан замдаа явж байтал А ямар нэгэн шалтгаангүй миний толгойны ард хэсэг рүү гараараа 2 удаа цохисон тэгэхээр нь юм ярилгүй явсаар Аийн гэрт ирээд 2.5 литрийн зо 2 ширхгийг гаргаж ирээд машин барьж ирсэн О ах А бид тав хувааж уугаад дуусах дөхөж байхад Ад хандаж чи ямааны мөнгө, тарааж байгаа мөнгөтэй байж надад хоёрхон пиво авч өглөө гэж хэлсэн чинь Аийн эхнэр намайг гарч зайл гээд гэрээсээ хөөсөн тэгтэл А тогооны шүүгээ рүүгээ яваад хар иштэй хутга гаргаад ирэхээр нь би гэрээс нь гарч зугтаагаад мотоцикль дээрээ ирээд суусан чинь А араас ирээд намайг татахаар нь би нүүр хэсэг рүү нь гараараа цохисон чинь зүүн нүд нь хавдсан байсан. Тэгээд О ах гарч ирээд бид хоёрыг салгаад би мотоциклоо асаагаад явсан. Аийн гэрт зодолдсон мөн гэрээс нь гараад явах үедээ нүд рүү цохичхоод мотоциклтойгоо яваад өгсөн юм. Байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 хуу/,

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 04-ний 426 дугаартай дүгнэлт:
1.    Г.Эын биед зүүн зовхины гадна буланд цус хуралт, зүүн шанаа, чамархай, дагз орчим хуйханд зөөлөн эдийн няцрал, дагзны зүүн хэсэгт жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ
3.    Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 
4.    Зүүн зовхины гадна буланд цус хуралт, зүүн шанаа, чамархай, дагз орчим 
хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. дагзны зүүн хэсэгт жижиг зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
6.    Г.Э нь баруун цавины ивэрхий өвчтэй ба мэс заслаар эмчлэгдэж байсан байна... гэх дүгнэлт /хх-ийн 32-33 хуу/,

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 04-ний 425 дугаартай дүгнэлт:
1.    Ц.Аийн биед зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, духны зүүн дээд хэсэгт жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.    Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.
3.    Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.    Зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. духны зүүн дээд хэсэгт жижиг зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх дүгнэлт /хх-ийн 40-41 хуу/,

           *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 81, 82 хуу/         
           *Архангай аймгийн Ө сумын ** багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 70, 71 хуу/,
           *Мал, тэжээвэр амьтад, худгийн тооллого хуулбар /хх-ийн 72-75, 76-78 хуу/,
           *Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 64 хуу/,
           *Мал, тэжээвэр амьтад, худгийн тооллого хуулбар /хх-ийн 65 хуу/,
           *Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79, 80 хуу/,
           *Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 89-90 хуу/ зэрэг болно. 

    Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.А нь Архангай аймгийн Ө сумын ** багийн нутаг Хөх хошуу гэх газар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Г.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Г. Э нь Архангай аймгийн Ө сумын ** багийн нутаг Хөх хошуу гэх газар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Ц.Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай  учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Э, шүүгдэгч Ц.А нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2212.......... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 
Шүүгдэгч Ц.А нь А аймгийн Ө сумын ** багийн нутаг Хөх хошуу гэх газар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Г.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Г. Э нь Архангай аймгийн Ө сумын ** багийн нутаг Хөх хошуу гэх газар 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Ц.Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Ц.Аийн:.. Би пиво, ууж дуусаад Э явах гээд гэрээс гараад явахаар нь би хоноод яв гэж хэлсэн явах гээд байсан би архи уучихаад явах гэлээ гэж хэлээд зүүн нүд хэсэг рүү нь мөн толгойн ар хэсэг рүү нь гараараа цохисон тэгсэн чинь Э миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон тэгээд Э ах гарч ирээд салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 хуу/, хохирогч Г.Эын:... Би пиво ууж дуусаад явах гээд мотоцикль дээрээ суугаад байж байсан чинь А араас гарч ирээд чи архи уучихаад явах гэж байгаа юм уу гэхээр нь би хонь мал эзэнгүй байгаа найз нь явлаа гэж хэлсэн чинь миний зүүн нүд рүү гараараа цохисон мөн толгойн ард хэсэг рүү гараараа цохихоор нь би миний уур хүрээд Аийн зүүн нүд хэсэг рүү бөгжтэй гараараа нэг удаа цохисон тэр үед Э гэрийн гадан гараад ирчихсэн хараад зогсож байсан А бид хоёр ноцолдож байхад ирж салгасан тэгээд би мотоциклио унаад сүлжээ барьдаг газар очоод цагдаад дуудлага өгсөн чинь Ө сумын цагдаагийн дугаарыг өгөхөөр нь зодуулсан гэж дуудлага өгсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/, гэрч Л.М:...Гэнэт мотоциклийн дуу чимээ гараад Э мотоциклоо бариад гэр лүүгээ яваад өгсөн. Уулын хяр дээр гараад манай нөхөр Ад хандаж, намхан банди минь, чи намайг үгээр ч барахгүй, үйлдлээр барахгүй гэж хэлсэн. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр сум орохдоо тээврийн хэрэгсэл бариад цагдаад баригдчихсан юм. Тэрнээс болоод миний нөхөр болох А, Этай хэрэлдсэн юм. Э нь торгуулийн мөнгө төгрөг төлөөд өгнө. Наад муу сайн цагдаа нар чинь асуудал байхгүй. Надад 2 сайхан ах байгаа, Саранбаатар, Саруул гээд цагдаа ах нар байгаа, би аргална гээд орилоод байсан.Манай нөхөр А нь Эт хандаж тэгээд наад торгуулиа аргалаад өгөөч гэж хэрэлдэж байсан. Э манай нөхөр лүү би чамд 3.200.000 төгрөгийн самрын ажил хийж өгсөн. Чи надад юу ч хийж өгөөгүй, Би чиний төлөө олон зүйл хийсэн гэх маягаар хоорондоо хэрэлдэж байсан. Сумын төв рүү орохдоо дөрвүүлээ орсон юм гарахдаа тавуулаа гарсан юм. Сумын төвөөс О 2,5 литрийн Сэнгүр пиво аваад манай машинд суугаад, би Э, А, Н, О нийлээд тавуулаа явж байсан. Хоорондоо зодолдоод байсан. Би хэн нь хаашаа хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/, гэрч У.Аын: ...Зорчигч Э, А нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Шөнө 23 цагийн үед миний гар утас дугартал Э гэх хүн согтуу байгаа бололтой над руу залгаад би дуудлага өгөх гэсэн юм. Архангай аймгийн Ө сумын ** багийн Хөх хошуу гэх газарт Аийн гэрт архи уугаад сууж байтал намайг заамдаж аваад цохихоор нь би өөрийнх нь нүд рүү цохисон тэр нь хөхөрсөн байх шиг байна лээ гэхдээ намайг хутга бариад араас хөөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуу/, гэрч Д.Оын: ...Би машин бариад Аийн гэр лүү явсан юм. Тэгээд гэрт нь очоод пиво хувааж уугаад байж байтал Э, А нар хоорондоо маргалдаад би тэр хоёрыг салгаад тэгээд Э мотоциклоо унаад яваад өгсөн. Э, Ад агсан согтуу тавиад хоорондоо маргалдаад байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн болохоор сайн санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний 425 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-41 хуу/, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний 426 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А шүүгдэгч Г.Э, шүүгдэгч Ц.А нарын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  
  
    Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд шүүгдэгч Г.Э нь хохирогч Ц.Аийн биед зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, духны зүүн дээд хэсэгт жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо энэ нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаар Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 425 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ц.А нь хохирогч Г.Эын биед зүүн зовхины гадна буланд цус хуралт, зүүн шанаа, чамархай, дагз орчим хуйханд зөөлөн эдийн няцрал, дагзны зүүн хэсэгт жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 426 дугаартай дүгнэлтэд  дурдсан бөгөөд шүүгдэгч нарын энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.  
  
Иймд шүүгдэгч Г.Э, шүүгдэгч Ц.А нарын үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
Шүүгдэгч Г.Э, шүүгдэгч Ц.А нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Г.Э, шүүгдэгч Ц.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх  хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүдэгч Ц.Аийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 
Хохирогч Г.Э нь 216.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд  шүүгдэгч Ц.А  нь хохиролд 200.000 төгрөгийг нөхөн төлсөн хохирогч Г.Э нь хүлээн авсан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч Ц.Аийг бусдад төлөх төлбөргүй мөн хохирогч У.А нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Г.Эыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.


     Шүүгдэгч Г.Э, Ц.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э, шүүгдэгч Ц.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон          

                                                                                               ТОГТООХ нь:
1.    Шүүгдэгч Б овогт Цын А, шүүгдэгч Ө овогт Гийн Э нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, шүүгдэгч  Г.Эыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Аийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, шүүгдэгч Ц.А нарт оногдуулсан 500/ таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, шүүгдэгч Ц.А нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, шүүгдэгч Ц.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6.     Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.    Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э, шүүгдэгч Ц.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ОТГОНЦЭЦЭГ